| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1008/Э |
| Дугаар | 1076 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 1806000001174 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Э.Э нь 2018 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Даваадуламын эзэмшлийн автомашиныг хууль бусаар гэмтээж 331.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806000001174 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Э.Э нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Даваадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед гэртээ байж байсан чинь Батгэрэл гэх манай нөхөр Нэргүйгийн найз залгаад "жоохон уучихсан байна ирээд аваадхаач гэж хэлсэн. Ингээд Нэргүй бид 2 Батгэрэлийг очиж авах гээд Гандангын ард талын каргоны хашаанд явж очсон бөгөөд Нэргүй хашаанд нь ороод машин дотроо сууж байхдаа Батгэрэл рүү залгаад ирчихлээ гараад ир гэсэн чинь цаанаас нь Нэргүйг машинаасаа буугаад ачааны портер тойроод хүрээд ир гэж хэлэх шиг болсон. Нэргүй ганцаараа буугаад би машиндаа үлдсэн. Ингээд удалгүй нөгөө портерийн хажууд Нэргүй 1 хүнтэй барьцалдсан байхаар нь хартал Э гээд найзтайгаа зууралдчихсан Нэргүйгийн амнаас нь цус гарчихсан, хамар руугаа цохиулчихсан байсан. Ингээд хажууд нь байсан хүмүүс салгасан. Би яваад очсон чинь тэр Э нь намайг гараараа далайгаад янхан гэж хэл амаар доромжилсон. Ингээд би Нэргүйг салгаад машин руугаа авч яваад хашаанаас нь хөдлөөд явж байсан чинь тэр Э араас чулуу шидээд урд талын салхины шил хагарсан. 2-3 удаа л чулуу шидэж маш хүчтэй чимээ гарсан. Маргааш өглөө нь үнэлгээний газраар машиныхаа эвдрэлийг үнэлүүлсэн чинь 651.000 төгрөгний хохирол учирсан байна гэж дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 16 /
Гэрч Ц.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 сарын 08-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад хуучин хамт ажиллаж байсан найз Батгэрэл надруу залгаад найз нь жоохон архи уучихсан байна. Машинаа барьж чадахгүй нь чи ирээд аваадхаач гэхээр нь би эхнэр Даваадуламын хамт Баянзүрх дүүргийн 14-р хороо гандангын ард талын каргоны хашаанд явж очсон. Ингээд хашаанд нь ороод Батгэрэл рүү залгасан чинь Батгэрэлийн утсыг Батмөнх аваад бид нар амбаартай портер дотор сууж байна, хүрээд ир гэхээр нь тэр амбаартай портерийг тойроод яваад очсон чинь Э зогсож байсан. Ямарч үгийн зөрүү байхгүй намайг цохиод авхаар нь би гэрийн хажууд Эыг дараад унагаасан. Тэгсэн гэрээс каргоны манаач айлын хүмүүс гарч ирээд салгасан. Ингээд надруу дайраад чи хөгийн найз гээд боохоор нь би зөрүүлээд боосон чинь хажуу талаас Батмөнх, Очгэрэл 2 орж ирээд Эыг аваад үлдсэн. Ингээд машиндаа суугаад хөдлөөд явж байсан чинь Э хажууд гүйгээд ирэхээр нь машиныхаа хаалгыг цоожилчихсон чинь 1 юмаар машин цохиод авсан. Тэр чигээрээ би цаашаа хөдлөөд хашаанаас гараад явж байсан чинь машин руу чулуу шидэх чимээ гарсан бөгөөд урд салхины шил хагараад хэд хэдэн газар хонхойсон. 2-3 чулуу шидсэн байх. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд цохиулсан асуудал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18 /
"Арвижих-Эстимэйт" компаний 2018 оны 06 сарын 09-ний өдрйн автомашины техниийн эвдрэл, хохирлын үнэлгээний:
3414 УБА улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн эвдэрлийн зардал 651.000 төгрөг гэх үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-ийн 20-22/
Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр захын зүүн талын гандангын ард талын хашаанд каргоны хашаанд Замын-Үүдээс ирсэн барааг эзэнд хүлээлгэж өгөх ажил хийдэг. 2018 оны 06 сарын ОӨ-ны өдөр ажил дээрээ байхдаа хэдэн шил пиво цувуулж Болдоо гэх залуутай ууж байгаад салаад 1 хүнтэй очиж архи уучихаад орой нь ажил дээр буцаж ирээд Батмөнх, Батгэрэл, Батболд нартай 1 шил архи аваад хуваагаад уусан. Ингээд ууж байх үед нэг мэдсэн Нэргүй гэх манай найз машинтайгаа хүрээд ирсэн байсан. Юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй юм. Нэг мэдсэн барьцалдаж авсан байсан бөгөөд Нэргүй намайг боогоод унагаачихаар нь би ухаан ороод босоод ирсэн чинь Нэргүй машиндаа суугаад эхнэртэйгээ хөдлөж байхаар нь би араас нь орилоод байхад тэр чигээрээ хөдлөөд явчихаар нь би гүйж очоод хаалгыг нь татсан чинь цоожтой байсан. Тэгхээр нь мөнгөний паскаараа машиныг нь ороолгож цохьсон. Тэгээд цаашаа хаазлаад яваад өгхөөр нь араас нь чулуу аваад шидсэн бөгөөд чулуу шидсэний дараа түк хийгээд дугарсан. Ингээд нэргүй цаашаа яваад өгсөн бөгөөд удалгүй цагдаа дагуулаад хүрээд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17, 30/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2/, Э.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24-25/, хохирогч Ж.Даваадуламын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохиролоо бүрэн авсан гэх хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Э.Эын иргэн Ж.Даваадуламын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Э нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Ж.Даваадуламд учирсан, түүний нэхэмжилсэн хохиролыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогдож байх тул Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ