Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 399

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.А-д холбогдох эрүүгийн 1810016150461 дугаартай, 187/2018/0386/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Ж.А

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо ..... компанийн барилгын хашаанд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа хамт ажилладаг Н.Н-г ажилдаа хоцорч ирлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороонд байрлах ..... компанийн барилгын хашаанд харуулын үүрэг гүйцэтгээд ээлжээ хүлээлцэх гэж байхдаа нөгөө ээлжийн харуул Н.Н-г “намайг ажилдаа хоцорч ирсэн талаар операторт хэлсэн юм уу” гэж хэлэхэд нь “би хэлээгүй” хэмээн маргалдаж Н.Н-н нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ж.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Н.Н ажилдаа хоцорч ирсэн. Би оператор руу рапортын дэвтэр дуусаж байна явуулаарай гэсэн юм. Тэгэхэд надад ээлж чинь ирсэн үү гэхэд би ирээгүй байна, ирэх арай болоогүй байх гэсэн. Тэгээд 21 цаг 20 минутын үед Н.Н орж ирээд оператор ярьсан уу гэхэд чиний талаар яриагүй, дэвтэр дуусаж байна гэж хэлсэн гэхэд муусайн барилгын манаач нар гээд үглээд байхаар нь би гэнэт босоод нэг удаа цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би хохирогчид 160.000 төгрөг төлсөн...Бид хоёрын харилцаа одоо хэвийн байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо .... компанийн хашаанд харуулын ажил хийдэг. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед ажлаасаа хоцроод очсон чинь жижүүрээс залгаад ирэх болж байна уу гэж залгасан, залгах үед нь би барилгын хаалгаар орж байна одоо орлоо гэж хэлсэн...манай нөгөө ээлжийн харуул Ж.А-с чи жижүүрээс залгуулсан юм уу гэсэн чинь үгүй гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн тэгсэн чинь Ж.А миний нүүр рүү цохьсон тэгсэн чинь миний хоёр шүд унасан байсан...Ж.А миний нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон өөр цохиж зодсон асуудал байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.А миний шүдийг 160.000 төгрөгөөр янзлуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/

            3. Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ..... компанийн барилгын хашаанд харуулаар ажилладаг. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байсан байхаа ажил дээрээ нөгөө гарах ээлжээ хүлээгээд байж байсан чинь манай нөгөө постны хоёр харуул Н.Н, Ж.А хоёр маргалдаад байсан тэр хоёр яагаад маргалдаад байсан гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд Ж.А газар сууж байсан тэгээд босох шиг болсон чинь Н.Н газар унаад өгсөн тэгээд би Ж.А-с чи цохьсон юм уу гэж асуусан чинь нэг цохьсон чинь шүд нь унасан байна гэж хэлсэн...Өглөө ээлжээ авахдаа оператор руу мэдэгдэх ёстой юм аа тэгээд Н.Н жаахан хоцорч ирээд операторт хоцорсон гэж мэдэгдэж гээд Ж.А-тай хэрэлдээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8343/-ний дүгнэлт:

                        -Н.Н-н биед 2 шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.

                        -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 14/

            5. Шүүгдэгч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа буух гэсэн чинь манай нөгөө ээлжийн харуул Н.Н цагтаа ирээгүй хоцорч ирсэн хоцорч ирэхээр нь би юм яриагүй сууж байсан чинь намайг ирээгүй гээд операторт хэлчихсэн юм уу гээд асуухаар нь би хэлээгүй гэж хэлсэн чинь янз бүрийн юм ярьж байсан тэгэхээр нь миний дургүй хүрээд зүүн гараа атгаж байгаад нүүр хэсэгрүү нь цохьсон тэгсэн амнаас нь цус гарч байсан ба Н.Н тэгээд яваад өгсөн...Би өөрийн буруутай үйлдэлдээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8343/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ж.А нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороонд байрлах ..... компанийн барилгын хашаанд харуулын үүрэг гүйцэтгээд ээлжээ хүлээлцэх гэж байхдаа нөгөө ээлжийн харуул Н.Н-г “намайг ажилдаа хоцорч ирсэн талаар операторт хэлсэн юм уу” гэж хэлэхэд нь “би хэлээгүй” хэмээн маргалдаж Н.Н-н нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь 2 шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.А-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.А миний шүдийг 160.000 төгрөгөөр янзлуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/, түүний хувийн байдал /....../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.А-д улсын яллагчаас санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Ж.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.А-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Ж.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.А-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР