Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01076

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00951 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Т , Ц.С , Т.Б , Т.Б , Т.В нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 48,352,401 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т , хариуцагч Ц.С , хариуцагч нарын өмгөөлөгч Б.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Н.Т , Ц.С нар Х ХХК-ийн Нарантуул Их зах тооцооны төвөөс 2007 оны 04 сарын 18-ны өдөр №0 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г тус тус байгуулж 13,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.5%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, амины орон сууц гүйцээх, гарааш барих зориулалтаар авсан. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Т , Ц.С , Т.Б , Т.Б , Т.В нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 0 дугаартай ... талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 126 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 3,425,791.29 төгрөг, хүүгийн төлбөрт 5,170,129.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 137,259.40 төгрөг, нийт 8,733,180.00 төгрөгийг төлсөн байна. Харин гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2021 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 8,706,870.84 төгрөг, хүүгийн төлбөр 33,795,335.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,850,195.93 төгрөг, нийт 48,352,401.99 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Хариуцагч нарын хувьд 2007 онд банкнаас 13,000,000 төгрөг зээлж авсантай маргахгүй. Гэхдээ тэдгээрийн амьдралын боломжийг харгалзаж, үндсэн зээлээс үлдсэн мөнгөний хүүгийн төлбөрийг хасч өгөхийг хүсч байна. Бид 8,799,180 төгрөгийг буцаан төлсан. Х ХХК-ийн эдийн засагч нартай удаа дараа уулзсан боловч зээлийн хүүгийн төлбөрийг зогсоох боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед мөнгө төгрөгийн боломжгүй болж, зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн. Хүүгийн төлбөрийг эртхэн зогсоосон бол зээлээ төлөх боломж байсан гэж бодож байна. Үндсэн зээлийнхээ төлбөрийг төлөх боломжтой. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Х ХХК болон Н.Т , Ц.С нарын хооронд 2019 оны 04 сарын 16-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Мөн төлбөр барагдуулах гэрээний хувьд илт хохиролтой гэрээ хэлцэл байгуулагдсан, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн. Төлбөр барагдуулах гэрээг насанд хүрсэн 3 иргэнээс зөвшөөрөл авахгүйгээр зөвхөн Ц.С , Н.Т нартай байгуулсан.

 

4.   Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын агуулга: Бид 2018-2021 онуудад зээлдэгчтэй уулзаж төлбөрөө төлөхийг шаардаж байсан. Зээлээ төлж барагдуулснаар үүрэг дуусгавар болохыг хариуцагч нар мэдэж байсан. Хуульд заасан төлбөр барагдуулах гэрээний холбогдох заалтыг судалсны үндсэн дээр зээлдэгч Ц.С , Н.Т нартай гэрээ байгуулсан.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Т , Ц.С , Т.Б , Т.Б , Т.В нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 48,352,401 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 04 сарын 16-ны өдөр Х ХХК, Н.Т , Ц.С нарын хооронд байгуулагдсан 34/02 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Х ХХК-аас 600,000 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Т т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469,912 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагч Н.Т т олгосон.

 

6.   Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.Т , Ц.С нар 2019 оны 04 сарын 16-ны өдөр 34/02 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулж 2019 оны 05 сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөг зээлийн төлбөрт төлж байсан учир хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа сайн дураар гүйцэтгэсэн үүргийн биелэлтийг хууль зүйн үндэслэлгүй үйлдэл гэж үзэж болохгүй ба энэ нь гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэл юм.

4.б. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Н.Т , Ц.С нар бөгөөд төлбөр барагдуулах гэрээг Н.Т , Ц.С нартай байгуулсан. Уг гэрээгээр Х ХХК, Н.Т , Ц.С нарын хооронд байгуулагдсан 2007 оны 04 сарын 18-ны өдрийн 0тоот зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн этгээд нь Н.Т , Ц.С нар юм. Гэтэл анхан шатны шүүх Т.Б , Т.Б , Т.В нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж тэдгээрийн зөвшөөрлийг аваагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Х ХХК-тай 2007 оны 04 сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл 15 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн. Өнөөдөр буюу 15 жилийн дараа хариуцагчийн хувьд тэтгэвэрт гарсан, ажил төрөлгүй, орлогын чадвар багатай байна. Төлбөр барагдуулах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн. Зээлийн гэрээ, барьцааны гэрээний хувьд харилцан уялдаатай гэрээ байхад, дангаар нь тусад нь авч үзэх үндэслэлгүй. Хүүхдүүдийнх нь хувьд насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай болсон байхад зөвшөөрөл авалгүй, эрхэд нь халдаж байгаа нь үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.Т , Ц.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,706,870.84 төгрөг, зээлийн хүү 33,795,335.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,850,195.93 төгрөг, нийт 48,352,401.99 төгрөгийг гаргуулах тухай шаардлага, хариуцагч Н.Т , Ц.С , Т.Б , Т.Б , Т.В нарт холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч Н.Т , Ц.С нар дээрх шаардлагаас үндсэн зээл 8,706,870.84 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч, Х ХХК-тай байгуулсан 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 0 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага-ыг бичилгүй орхигдуулсан байна.

 

3.   Х ХХК нь 2007 оны 04 сарын 18-ны өдөр Н.Т , Ц.С нартай №0 тоот Зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийг сарын 2.5%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөн өдөр Н.Т , Ц.С , Т.Б , Т.Б , Т.В нартай №0 тоот Барьцааны гэрээ байгуулж, тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй ...  байршилтай 700 м.кв талбайтай газар, 126 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээлдүүлэгчийн зүгээс 2007 оны 04 сарын 19-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 13,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Т ын өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримтууд тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 11-13, 14-17, 24/

Зээлийн гэрээний хугацаанд буюу 2007 оны 04 сарын 19-ний өдрөөс 2012 оны 05 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдүүлэгч нарын зүгээс нийт 8,733,180.00 төгрөгийг төлжээ. /хх 26-27/

 

4.   Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан талаар тус тус үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй буюу Х ХХК болон Н.Т , Ц.С нарын хооронд 2019 оны 04 сарын 16-ны өдөр байгуулсан гэх 0 тоот Төлбөр барагдуулах гэрээ-гээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. /хх 25/

Учир нь талуудын байгуулсан №0 тоот Зээлийн гэрээ-ний 60 сарын хугацаа 2012 оны 05 сарын 18-ны өдөр, уг гэрээний дагуу үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 05 сарын 18-ны өдөр тус тус дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон хөөн хэлэлцэх хугацаа тасалдах боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 3 жил 11 сарын дараа байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ гэх хэлцэл нь эрх, үүрэг үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ойлголт нь тоологдож байгаа хөөн хэлэлцэх хугацаа-нд хамаарах ойлголт юм.

 

6. Гэсэн хэдий ч хариуцагч Н.Т нь үндсэн зээл 8,706,870.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах агуулгатай тайлбарыг шүүх хуралдааны явцад өгсөн болох нь холбогдох шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнээс уг дүнг Н.Т аас гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчимд нийцнэ.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан №0 тоот Барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна үндсэн үүрэг буюу дээр дурдсан дүн бүхий үүргийг гүйцэтгэснээр барьцаалагчийн эрх дуусгавар болох тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй.

 

8. Өмнө дурдсанчлан Х ХХК болон Н.Т , Ц.С нарын байгуулсан гэх 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 0 тоот Төлбөр барагдуулах гэрээ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй, ач холбогдолгүй байхаас гадна уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00951 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Т аас 8,706,870.84 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 39,645,531.15 төгрөг болон хариуцагч Ц.С д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.Т , Ц.С , Т.Б , Т.Б , Т.В нарын өмчлөлд бүртгэлтэй ... тоот хаягт байршилтай нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй 126 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй гэсэн агуулга бүхий 2 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан ...нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагч Н.Т т олгосугай гэснийг ...хариуцагч Н.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 154,260 төгрөг болон 70,200 төгрөг, нийт 224,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч Х ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Т , Ц.С нарт буцаан олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж тус тус өөрчлөн дугаарлаж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 469,912 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР