Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 446

 

Ц.Б, Б.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар магадлалтай, Ц.Б, Б.Б нарт холбогдох 1917000830051 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжилтэй, урьд нь

Дундговь аймгийн шүүхийн 1979 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “Б”, 63 дугаар зүйлийн “А”-д тус тус зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж байсан Х овогт Ц-ийн Б,

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, урьд нь

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 166 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, Х овогт Б-ийн Б,

Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн өмчлөлийн 83-83 *** улсын дугаартай “Тоуоtа Lаndсruisег 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Ц.Б-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн өмчлөлийн 83-83 *** улсын дугаартай “Тоуоtа Lаndсruisег 80” маркийн автомашиныг “Lugong” маркийн ковш ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “83-83 *** улсын дугаартай “Тоуоtа Lаndсruisег 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан” гэх үйлдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарыг “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол болох 1.184.000 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 592.000 /таван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Б-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Б-гийн эзэмшлийн “НINO RANGER” маркийн 13-18 *** улсын дугаартай 13.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 8 дахь заалтуудыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг “шүүгдэгч Б.Бийг... 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ...” гэж,

4 дэх заалтыг “Б.Б-өд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Батсүх бичсэн эсэргүүцэлдээ “...Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Б гийн эзэмшлийн “НINO RANGER” маркийн 13-18 *** улсын дугаартай 13.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлж тус бүр 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч Ц.Б нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 08 дугаартай магадлалаар:

“...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох кран маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусад олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно" гэж зааснаас үзэхэд “Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан“ гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг шууд заасан, эсхүл техник хэрэгсэл ашигласныг тухайн зүйл заалтын хүндрүүлэх нөхцөл байдлаар зааж тусгагдсан байхаар ойлгогдож байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол . шийтгэнэ” гэж заасан ба уг заалтад тухайн гэмт хэргийг үйлдэхэд техник хэрэгсэл ашигласан талаар тусгагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэж ...эд хөрөнгө хураах, эд хөрөнгийн үнийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Шүүгдэгч нарын үйлдэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг “... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн ...бүлэг” гэж үзсэн нь үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “... гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэснийг хэрэгжүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Б ийн гэмт хэрэгт оролцсон үүрэг, оролцоог харгалзан түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв...” гэж дүгнэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын "... шүүгдэгч Б.Бийг.... 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр” гэснийг “... шүүгдэгч Б.Б ийг... 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ... гэж,

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын ... “Б.Б-өд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга/ төгрөгөөр ...” гэснийг “ Б.Б-өд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ... гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно" гэж зааснаас үзэхэд “Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан“ гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг шууд заасан, эсхүл техник хэрэгсэл ашигласныг тухайн зүйл заалтын хүндрүүлэх нөхцөл байдлаар зааж тусгагдсан байхаар ойлгогдож байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол . шийтгэнэ” гэж заасан ба уг заалтад тухайн гэмт хэргийг үйлдэхэд техник хэрэгсэл ашигласан талаар тусгагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэж ...эд хөрөнгө хураах, эд хөрөнгийн үнийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсгийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг шууд заасан, эсхүл техник хэрэгсэл ашигласныг тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлаар зааж тусгагдсан гэмт хэрэгт эд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авна гэж тусгайлан заагаагүй байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Бгийн эзэмшлийн “НINO RANGER” маркийн 13-18 *** улсын дугаартай 13.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцуүлж тус бур 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хууль үндэслэлтэй гэж үзэж байна.

Магадлалд шүүгдэгч нарын үйлдэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг “ ...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн ...бүлэг” гэж үзсэн нь үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан "... гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэснийг хэрэгжүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэгт оролцсон үүрэг, оролцоог харгалзан түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв...” гэж дүгнэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын "... шүүгдэгч Б.Б ийг.... 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр ... “ гэснийг “ ... шүүгдэгч Б.Б ийг... 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Б.Б нь Ц.Б тэй урьдчилан үгсэж тохиролцоогүй хэдий ч үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Эрдэнэчимэгийн “... Батсүрэнтэй цуг нэг залуу байсан тэр залуу манай машин дээр гараад ачих гээд оосорлоод байсан ... манай нөхөр Б, Б надад машин авах талаар юм хэлээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очих уу гэхэд манай нөхөр Б чамайг гараад очихоор цохиж зодож магадгүй, очоод яах юм бэ гэсэн. Тэгэхээр нь би өөрийн самсунг жи-7 маркийн утсаараа бичлэг хийж, зураг авсан. Батсүрэн крантай машинаараа манай машиныг ачих гээд нилээд оролдож байгаад дийлэхгүй болохоор нь манай машины урд тулгаж тавьсан байсан хар машинаа холдуулаад крантай машинаа оронд нь тулгаж тавиад хар машиндаа суугаад яваад өгсөн. Нэг залуу манай машины хажууд зогсоод байсан хэсэг хугацааны дараа шар өнгийн шороо ухдаг ковш машин авч ирээд дотор талаас Б бууж ирээд манай машины хажуу талд зогсож байсан залуутай нийлээд урд талаас нь манай машинтай тороос юм уу нэг юмаар холбоод машины урд талыг нь өргөөд хойд дугуй дээр нь чирээд явсан. ...” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх бөгөөд Б.Б нь уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцооны хувьд гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцсон гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг хөнгөрүүлж 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэн Говьсүмбэр аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай магадлалыг хянуулж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Отгонбат хэлсэн саналдаа “... Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсныг анхаарах ёстой. Давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тохируулж шийдвэрлэсэн. Тухайн тээврийн хэрэгслийн авч явж буй үйлдэлд гэм хэргийн сэдэлт, санаа зорилго үгүйсгэгдэх буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой. Миний бие хяналтын журмаар гомдол гаргах гэсэн боловч үйлчлүүлэгч Ц.Б-гийн хүсэлтээр гаргаагүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон учир анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Бгийн эзэмшлийн 13.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Ш.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн өмчлөлийн 83-83 *** улсын дугаартай “Тоуоtа Lаndсruisег 80” маркийн автомашиныг “Lugong” маркийн ковш ашиглан, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүхүүд дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Ц.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Lugong” нэртэй ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан /Lugong нэртэй ковш маркийн/ тээврийн хэрэгслийг буцаан олгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Ц.Б, Б.Б нар нь хохирогч С.Батцоожийн эзэмшлийн 83-83 *** улсын дугаартай “Тоуоtа Lаndсruisег 80” маркийн автомашиныг “Lugong” нэртэй ковш маркийн тээврийн хэрэгсэл ашиглан өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх огт няцаагаагүй байгааг тэмдэглэж байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн өмчлөлийн 83-83 *** улсын дугаартай “Тоуоtа Lаndсruisег 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тус үйлдэлд ашигласан Ц.Б гийн эзэмшлийн “Hino ranger” 13-18 *** улсын дугаартай 13.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 14.500.000 төгрөгийг гаргуулж ...” гэсэн үнийн дүнгийн хувьд тооцооллын шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  8 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “... гомдол гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй” гэж заасан мөртлөө гомдлоо хаана, хэнд гаргахыг зааж өгөлгүй орхигдуулсан байгааг тэмдэглэж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгож,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Lugong” /ковш/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Ш.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН