Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 159/2017/0020/з |
Дугаар | 221/МА2018/0540 |
Огноо | 2018-10-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0540
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 303 нэгж талбарын дугаартай, 5 дугаар заалтын 140 тоот шийдвэрээр олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээ буюу Б овогтой Э надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэн Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлсэн тухай захирамжаар тус сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон. Улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа “ У х” ХХК-ийн захирал Ж.А-д 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний эзэмшлийн газар бүхэлдээ “У х” ХХК-д шилжсэн байгааг мэдсэн. Надад энэ талаар огт мэдэгдээгүй ба өөрийн эзэмшлийн газраа ашиглуулах тухай гэрээг 10 жилээр хийсэн учраас хугацаа дуусахаар нь гэрээг цуцлах гээд очтол ийм асуудал болсныг мэдсэн.
Тухайн үед 2007 онд намайг Улаанбаатар хотод намайг өвчтэй эмнэлэгт байх үед Ж.А нь ирж уулзаад надад ашиглуулж байгаа газраа шилжүүлчих боломж байгаа эсэх талаар асуухад миний бие нь хоорондоо тохиролцож чадвал болно гэж хэлсэн. Тэгтэл надаас шилжүүлж болно гэсэн хүсэлтийг бичээд өгчих гэж хэлсэн.
Таны хүсэлтийг Засаг даргад танилцуулаад зөвшөөрөх юм бол та бид 2-ыг дуудаж өмнөх газар ашиглуулсан гэрээгээ цуцалж өөрчлөн газраа шилжүүлэх гэрээ хийнэ гэсэн учраас тухайн бичгийг хийж өгсөн. Гэтэл намайг хуурч авсан бичгээ өөрийн хамаатан Тамгын газрын дарга А-оор намайг байхгүй үед нотариатын тамгаар гэрчлүүлэн Засаг даргад өгсөн байсныг сүүлд мэдсэн.
Уул нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...газрыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно гэж заасан ба тус хуулийн 38.2 ...эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэсэн байна. Гэтэл шүүх хуралдаан дээр миний гаргасан хүсэлтийг нотлох баримтын хүрээнд авч үзсэн хэрнээ Ж.А өөрөө газар эзэмших талаар гаргасан хүсэлтгүй байхад Засаг дарга нэг талын хүсэлтээр шийдвэрлэсэн нь буруу юм. Энэ талаар шүүх хуралдаан дээр хариуцагч талаас асуухад хүсэлт гаргаагүй гэж хэлсэн.
Мөн Газрын тухай хуульд зааснаар бусдын эзэмшлийн газрыг шилжүүлж авахад.... 38.2.1 дэх хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлсэн гэрээг заавал шаардаж байгаа ба Ж.А бид хоёрын хооронд ямар нэгэн гэрээ огт хийгдээгүй юм. Гэтэл шүүх яагаад намайг хуурч авсан хүсэлт гэх бичгийг гэрээний адил үзэж байгаа нь ойлгогдохгүй байна. Уул нь би ойлгохдоо хүсэлт ч биш саналыг нөгөө талдаа тавьсан ба миний тавьсан саналыг Засаг даргад уламжилж талуудаар гэрээ хийлгэх байсан гэж ойлгож байна.
Учир нь Газрын тухай хуулийн 38.3 эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн аваад мөн хуулийн 38.3.1 заасан энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх 38.3.3 эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг шалгасны эцэст эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж өгөх ёстой гэж үзэж байна.
Хариуцагч талаас шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хангалттай баримтуудыг гаргаж өгөөгүй ба нотариатаар батлуулсан хүсэлттэй холбоотой баримт хүртэл архивд байхгүй гэж хэлсэн.
Миний газрыг тухайн үеийн эрх хэмжээтэй албан тушаалтнууд өвчин зовлонтой байдлыг далимдуулан зохион байгуулалттайгаар хуйвалдан өөрсдөө шилжүүлж ашиг хонжоо олж намайг хохироосонд гомдолтой байна.
Тухайн үед буюу 2006 онд хийгдсэн газар ашиглуулах тухай гурвалсан гэрээг хүчинтэй байхад буюу ямар нэгэн хууль эрх зүйн актаар гэрээ хүчингүйд тооцогдоогүй байхад гэрчилгээг бусдад шилжүүлж болохгүй гэж миний бие хар ухаандаа бодож байна. Дан ганц хүсэлтээр газрыг бусдад шилжүүлж өгч болдог юм бол яах гэж хуульд гэрээ хийнэ гэж зааж байгаа юм. Энэ хуулийн заалт хэзээ ямар байдлаар хэрэгжих ёстой юм бэ.
Анхан шатны шүүх хуралдаан дээр манай өмгөөлөгчийн зүгээс хариуцагчаас гэрээ хийгдсэн талаар асуухад “гэрээний загвар тухайн үед дууссан байсан” гэж хариулж байгаа нь төрийн ажилд ямар хариуцлагагүй байдлаар хандаж байсны илрэл мөн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн утга санаа нь миний хурал дээр дурдсан дээрх хуулийн заалтуудыг тайлбарласан байдал, яагаад хүсэлтийг гэрээ гэж үзсэн талаар тодорхой ойлголтыг авсангүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож миний гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “У х” ХХК, /захирал Ж.А/-д маргаан бүхий газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчид уг газрыг эзэмших эрх олгосон захирамж, гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Э дээрх захирамжийг эс зөвшөөрч, “газар эзэмших эрхийг шилжүүлэх хангалттай баримт байхгүй байхад газрыг бусдад шилжүүлсэн” гэх үндэслэлээр маргажээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахаар зохицуулсан, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Э нь маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд шилжүүлэх хүсэлт гаргасан болох нь түүний гаргасан өргөдөл, тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Тус өргөдлөөс үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь “...60 га газрыг цаашид үйлдвэрлэл, ашиглах боломжгүй тус сумын 3-р багийн иргэн Ж овогтой А-д Газрын тухай хуулийн заалтын дагуу шилжүүлэн өгөх саналтай байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж хариуцагч Цагааннуур сумын Засаг даргад хандан тухайн газрыг эзэмших эрхээ шилжүүлэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгчээс “газар шилжүүлэх өргөдлийг бичсэн нь үнэн боловч Ж.А-ийг шаардсаны дагуу бичсэн, би өөрөө нотариатаар гэрчлүүлээгүй, Ж.А-ийн хамаатан Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.А нь гэрчилсэн” гэж маргасныг хүлээн авах боломжгүй, учир нь Б.Э нь иргэний эрх зүйн чадамжтай этгээд болохын хувьд өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө хариуцах бөгөөд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байх тул энэ үндэслэлээр захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн үйлдсэн “Миний бие Ж.А-д шилжүүлсэн 60 га газраа ... 2 000 000 төгрөгөөр зарав. Эрх шилжсэн газарт маргаан байхгүй” гэх тодорхойлолт хэрэгт хавсаргагдсан байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Б.Э нь гуравдагч этгээд “У х” ХХК-д газрыг түрээслүүлж байсан гэж үзсэн юм бол тэдгээрийн хооронд байгуулсан “Эзэмшил газрыг ашиглуулах тухай гэрээ”-ний 4.1-д газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах, 4.2-т газар ашиглагчаас газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлсөн байхад хяналт тавина, 4.4-т газар ашиглуулах гэрээг жил бүр дүгнэх үүрэгтэй байсан хэдий ч энэ хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан эсэхэд хяналт тавьж байгаагүй, гэрээг жил бүр дүгнэж байгаагүй зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болж байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар гэрээ гэдэг нь талуудын эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл юм.
Дээрхээс үзвэл, талуудын хэн аль нь өөрсдийн хүсэл зоригийг нэгэнт бичгээр илэрхийлсэн байх тул “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаагүй гэж нэхэмжлэгчийн маргасныг хүлээн авч, маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН