Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 120/2019/0013/З |
Дугаар | 283 |
Огноо | 2020-07-08 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 283
“Эт о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө аймгийн
Н сумын Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зорилгоор газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Ноён сумын Засаг даргад даалгах”
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 120/ШШ2019/0027 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-г оролцуулж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 120/ШШ2019/0027 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.7, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан ” Эт о” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дотор ашигт малтмалын зорилгоор 357.3 га газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан мөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11, 35 дугаар зүйлийн 35.3.7-д заасныг тус тус баримтлан ” Эт о” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зорилгоор газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №1-73 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч ” Эт о” ХХК-ийн захирал Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11, Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус иш татаад “Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид газар олгох боломжгүй гэж мэдэгдсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр байна” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11-д “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах эрхтэй” гэсэн нь газрыг ашиглахдаа холбогдох хууль буюу Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан хууль бөгөөд үүнийг хэрэглэсэн атлаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар ашиглахдаа Газрын тухай хуулийг хэрэглэхгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11-д зааснаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулах харилцаа нь Газрын тухай хуулийн дараах зохицуулалтаар дамжин хэрэгждэг. Тухайлбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 21.4.3-д заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Түүнчлэн магадлалд “Газрын хэвлийд оршдог эрдсийн хуримтлалыг олборлохын тулд зохих хэмжээний газар зайлшгүй ашиглах шаардлагатай, энэхүү нөхцөлийг бүрдүүлэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно” гэжээ. Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэсэн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны үндсэн дээр сумын Засаг дарга эрх олгосон шийдвэр гаргадаг байхад “дан ганц сумын Засаг даргын үүрэг болно” гэж мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
6. Сумын Засаг даргын хувьд нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн санал, хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, улмаар дэмжигдээгүй тухай баримт хэрэгт авагдсан. Сумын Засаг даргын зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэхэмжлэгч байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй нь холбогдох хууль, болж өнгөрсөн үйл баримтаар тогтоогдож байхад сумын Засаг дарга дангаараа шийдвэрлэх асуудал мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дээрх дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарна.
8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 120/ШШ2019/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
10. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Газрын хэвлий, ...-г ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна”... гэж тус тус зааснаас үзэхэд газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахгүй, өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар, харин баялаг ашиглахаас бусад зорилгоор газрын хэвлийг ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол олгохоор хуульчилсан, ...Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 36 дугаар зүйлийн 36.1...-ээс үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар ашиглах эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сумын иргэдийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д ...заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “ Эт о” ХХК нь газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх ёстой” гэж холбогдох хуулийг зөв тайлбарласан атлаа “...нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн байна, иймд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, газар ашиглах эрхийг зөрчсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.
11. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээрээ /талбайн гадна биш/ ашигт малтмал олборлохын тулд /жишээ нь уурхайн ам нээхийн тулд/ газар ашиглах тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар газар ашиглах гэрээ байгуулах, улмаар Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т зааснаар газрын төлбөрийг хоёр дахин өсгөж төлөх үүрэгтэй байна.
12. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн ашиглахыг хүсэж буй талбайг зориулалтаар нь ашиглуулах буюу “гэрээ байгуулах”-аар байх тул “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй тул ашиглуулах боломжгүй” гэх хариуцагчийн татгалзал хууль бус юм.
13. Харин давж заалдах шатны шүүх “...(анхан шатны шүүх) нэхэмжлэгчийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн талбайг ашигт малтмал олборлох зориулалтаар эзэмших эрхтэй болохоос бус уг харилцаанд Газрын тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулахтай холбоотой зохицуулалт хэрэглэгдэхгүй гэсэн нь үндэслэлгүй.., ...газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх нь дээр дурдсанчлан хуулийн шаардлага...” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
14. Гэхдээ “... Газрын хэвлийд оршдог эрдсийн хуримтлалыг олборлохын тулд зохих хэмжээний газар зайлшгүй ашиглах шаардлагатай, энэхүү нөхцөлийг бүрдүүлэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно..., гуравдагч этгээд С.Б-т хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 900 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн 357,3 гектар талбайтай бүхэлдээ давхацсан нь газар ашиглуулахаас татгалзах үндэслэл биш, өөрөөр хэлбэл тухайн газартай нь давхцуулалгүйгээр олгох нь (гэрээ байгуулах) хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах ч, үүнийг газар ашиглуулахаас татгалзах үндэслэлээ болгоогүй байна. Мөн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгээр уурхайн эдэлбэр, овоолго болон дэд бүтцийн зориулалтаар газар ашиглах эрх олгохгүй байх үндэслэлгүй...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
15. Иймд “шүүх Газрын тухай хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ