Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00554

 

Г.Буянжаргал, Б.Санжаа нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01080 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 391 дүгээр магадлалтай,

         Г.Буянжаргал, Б.Санжаа нарын нэхэмжлэлтэй,

         “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох    

         Дутуу олгогдсон тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

     Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч Г.Буянжаргалын нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: “Г.Буянжаргал нь Автобус-3 компанид 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 6 жил 1 сарын хугацаагаар мөнгө хураагчаар ажилласан ба “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/376 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, хамтын гэрээний 2.2.Д-д зааснаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 2 444 440 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

         Нэхэмжлэгч Б.Санжаагийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: “Б.Санжаа нь "Автобус-1” баазын 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар жолоочийн ажилд томилогдож, 2016 оны 04 дугээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тус байгууллагад тасралтгүй 24 жил ажилласан. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 18 сарын тэтгэмж авах эрхтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 18 сарын хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгуулна уу.” гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Г.Буянжаргалыг “Автобус-3" компанийн захирлын 83 дугаар тушаалаар 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөнгө хураагчаар түр томилон ажиллуулсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “Автобус-1" НӨҮГ, "Автобус-3” НӨҮГ, “Цахилгаан тээвэр" НӨҮГ татан буугдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хамтын гэрээг хариуцагч байгууллага мөрдөж ажилладаггүй. Нэхэмжлэгч Б.Санжаа нь 1982 онд А45 дугаар тушаалаар ахмад жолооч нарт дагалдан сургах зорилгоор ажилд орсон ба ажиллах хугацаандаа хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж 963 690 төгрөгийн тэтгэмж олгосон. Иймд 2014 онд үйлдвэрчний эвлэл болон хамтын гэрээнд заасны дагуу Б.Санжаа нь тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01080 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2 044 444 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Буянжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Б.Санжаагийн 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Буянжаргал, Б.Санжаа нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас улсын улсын тэмдэгтийн хураамжид 47 661 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 319 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Б.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул энэхүү хяналтын гомдлыг нэхэмжлэгч Б.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаж байна. Б.Санжаад холбогдох 18 сарын тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/184 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолгоход ажилласан хугацаанд тооцон сүүлд ажиллаж байсан байгууллагаас ажиллаж байх үеийн хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан тул тухайн байгууллагаас тэтгэмжээ авах эрхтэй болно. Мөн хөдөлмөрийн дотоод журамд олгохоор тусгасан байгаа болно. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсонтой холбогдон ажил олгогчид үүссэн үүрэгтэй холбогдох маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хамаарах зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

           Нэхэмжлэгч Г.Буянжаргал, Б.Санжаа нар нь хариуцагч "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгогдсон тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Буянжаргалын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон зааж буй хамтын гэрээг хариуцагч байгууллага мөрдөж ажилладаггүй ба нэхэмжлэгч Б.Санжаа нь хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул 2014 оны хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж авах нөхцөл бүрдээгүй гэж маргажээ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Г.Буянжаргал нь 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 83 тоот тушаалаар “Автобус-3" компанид мөнгө хураагчийн ажилд томилогдож, “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/376 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, түүнд 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон талаар талууд маргаагүй.  /хх- 6-7, 65/

          Хариуцагч “Зорчигч тээврийн нэгттэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдаж, тус газарт ' Автобус 1" ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ болон “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт нэгтгэжээ. /хх-ийн 52/

          “Автобус-3" ОНӨААТҮГ-ын 2010 оноос 2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг дахин шинэчлэн байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж, дээрх хамтын гэрээний 1.3, 1.4, 2.2.Д-Д “эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарсны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцалсан бол тус компанид ажилласан жилээс хамаарч үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно" гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Буянжаргал нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй байхад хариуцагч байгууллага 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон нь буруу юм. Иймд нэхэмжлэгч Г.Буянжаргал нь  ажил олгогчоос 6 сарын тэтгэмж шаардах эрхтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

          Нэхэмжлэгч Б.Санжаа нь “Автобус-1" ОНӨҮГ-ын захирлын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-184 дүгээр тушаалаар 6 сар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх.85/

Ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс бусад асуудлаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн Б.Санжаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Нэхэмжлэгч Б.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 391 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

             2. Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН