Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2026/00141

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .................. дугаар багт хаягтай, “******* Банк” ХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,399,765 (арван сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран таван) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад.                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь ******* банкны Хэнтий салбараас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болох онлайн цалингийн 7,510,000 тегрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлогоо барьцаалсан. ******* нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 802,596.23 төгрөг, зээлийн хүүнд 257,303.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,502.12 төгрөг, нийт 1,061,401.70 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 923 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлж барагдуулна хэмээн хэлдэг боловч өдий хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул иргэний хэргийг тусгайлсан журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хандаж байна. Хариуцагч *******аас 10,399,765 (арван сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран таван) төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.  

 

2.Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хаан банкны нэхэмжлэлийг Д миний бие нэхэмжлэлийн шаардлагын дүн 10,399,765 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс цалингийн 50% сар болгон төлж дуусгахаар гэрээ байгуулж, шилжүүлж өгнө үү” гэжээ. 

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбар нь хариуцагч Д.Д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,399,765 (арван сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран таван) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбар, хариуцагч Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,399,765 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,399,765 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            6.Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,399,765 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,346 төгрөгийн тал хувь болох 90,673 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 90,673 төгрөгийг, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамж 90,673 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбарын нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,399,765 (арван сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун жаран таван) хариуцагч Д.Д нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,346 төгрөгийн тал хувь болох 90,673 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 90,673 төгрөгийг, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамж 90,673 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн Хэнтий салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ