| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/00008/И |
| Дугаар | 192/ШШ2026/04120 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/04120
2026 04 16 192/ШШ2026/04120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 24 дүгээр хороо, Шинэ өргөө хотхоны 17 тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 1989 онд худалдааны техникум төгсөж Увс аймгийн Цагаанхайрхан сумын худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Гэтэл 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж хоршоо болон өөрчлөгдсөн. Иймээс миний бие “Ундрал” нэртэй хоршоонд үргэлжлүүлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан 1991 оны 06 дугаар сард охин Г.Баярмааг, 1992 оны 12 дугаар сард хүү Г.Бадралыг тус тус төрүүлж гэрээр хүүхдүүдээ асарч байгаад 1995 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Миний бие 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох болж ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүсэлтээ өгсөн боловч 1990 оноос 1995 оны дээрх хугацаа хасагдсан. Иймд шүүхээс ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон ба хамт ажиллаж байсан Я.Самбуу, Д.Батбаатар нараар гэрчийн тодорхойлолт гаргуулж холбогдох баримтаа бүрдүүлж өгсөн. Иймд намайг 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Худалдаа бэлтгэлийн анги/нэр хэлбэрээ өөрчилсөн “Ундрал”, “Бадрал” хоршоонд/ нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Худалдаа бэлтгэлийн анги/нэр хэлбэрээ өөрчилсөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон “Ундрал”, “Бадрал” хоршоо/-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/ХХ 4 тал/-аар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч Т.******* нь 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Худалдаа бэлтгэлийн анги/нэр хэлбэрээ өөрчилсөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон “Ундрал”, “Бадрал” хоршоонд нягтлан бодогчоор Увс аймгийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 275 дугаартай тодорхойлолт/ХХ 5 тал/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 6-7 тал/, Д.Батбаатарын гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 7-10 тал/, Я.Самбуугийн гаргасан тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2022/00131 дугаартай шийдвэрийн хуулбар/ХХ 11-15 тал/, Шүүхийн журмаар бүрдүүлсэн Увс аймгийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт/ХХ 24-25 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/245 дугаартай албан бичиг/ХХ 26 тал/, Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/18 дугаартай албан бичиг/ХХ 27-28 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4/1584 дугаартай албан бичиг, хавсралтууд болох Т.*******, Х.Ганболд, Г.Баярмаа, Г.Бадрал нарын ХААТР-11/А/, ХААТР-21/А/, ХААТР-1/А/, ХААТР-15/А/ маягтуудын хуулбар/ХХ 32-44 тал/, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Д.Батбаатар, Я.Самбуу нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 53-60 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Т.*******гийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж гэрч Д.Батбаатар, Я.Самбуу нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Т.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******/РД:*******/-г 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Худалдаа бэлтгэлийн анги/нэр хэлбэрээ өөрчилсөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон “Ундрал”, “Бадрал” хоршоо/-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***