| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0393/Э |
| Дугаар | 408 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 408
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 1810014510466 дугаартай, 187/2018/0393/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Л.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ........ тоотод архидан согтуурсан үедээ С.С-н хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ....... тоотод байрлах гэртээ С.С-н хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа буюу архидан согтуурсан үедээ С.С-н хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Л.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй…Би учруулсан...Миний болгоомжгүй байдлаас болж ийм үйлдэл гарсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед Л.Б Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ..... тоот манай гэрт хүрч ирсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад дэлгүүр орж нэг шил архи авахаар болсон. Бид хоёр 0,75 литрийн Хараа архи аваад манай гэрт очиж уусан...13 цаг 30 минутын үед Биод Л.Б-н Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ...... тоот гэрт ирсэн. Л.Б-н гэрт 0,5 литрийн Хараа архи уугаад Л.Б миний өөдөөс хараад суучихсан хоол хийх гээд мах гэстэл гадаа гарч сууя гээд босоход миний цээж хэсэг нороод цус болсон. Тэгээд би Л.Б-д чи санамсаргүй хатгачихлаа гэж хэлээд Л.Б надад өөрийнхөө улаан футболкыг солж өмсүүлсэн. Цус гараад байсан болохоор би харьлаа гээд гараад явсан...Би Л.Б-той маргалдаагүй. Миний бодлоор бид хоёр дунд зэргийн согтолттой байсан. Болсон асуудлыг бага зэрэг санаж байгаа...Л.Б миний цээжний зүүн доор 1 удаа хутгалсан. Шар иштэй шовх үзүүртэй хутга байсан харуул би танина...Бид хоёр 20 гаруй жил хамт ажиллаж байгаа. Сайн найзууд хоорондоо маргалдаж байгаагүй...Би Л.Б-д гар хүрээгүй...Гомдол санал байхгүй. Сүүлийн 10 хоног эмнэлэгт хэвтээд цалин ороогүй болохоор цалингийн мөнгөө нэхэмжилмээр байна...Л.Б миний эмнэлгийн зардал болон бусад урсгал зардал, цалингийн нөхөн олговор зэргийг бүрэн барагдуулж намайг хохиролгүй болгож өгсөн. Одоо миний бие зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15/
3. Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр...намайг Хархорин зах дээр явж байхад манай нөхөр 14 цаг 30 минутын үед өөрийнхөө...утаснаас миний...утас руу залгаад “Хөгшин нь хутгалуулчихлаа...” гэж хэлэхээр нь би Хархорин зах дээр явж байна гээд худлаа тоглож байгаа юм байна гэж бодоод уурлаад хэнтэй хамт хаана байгаа юм гэж асуусан чинь Б-н /Л.Б/ гэрт байна Б.Г, Б /Л.Б/ бид гурав байна гэхээр нь...Ингээд би Биод очоод нөхөр рүүгээ дахиад залгасан чинь намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм бэ гэж асуусан чинь Б-н /Л.Б/ гэрт байна гэхээр нь би Б-н /Л.Б/ гэрийн үүдэнд очоод дахиад утас руу нь залгасан чинь ......-н автобусны буудал дээр байна гэхээр нь яваад очсон чинь манай нөхөр доошоо бөхийчихсөн сууж...гэдэсний орчим дарж байхаар нь гарыг нь холдуулсан чинь цус гарч байсан. Тэгээд би хутгалуулсан юм байна гэдгийг нь мэдсэн юм...103 дуудаж машинд нь хэвтүүлээд явуулсан юм...Манай нөхрийн биеийн урд хэсэгт буюу зүүн талын хөхнийх нь доод хэсгээс цус гарч байсан юм. Тэгээд би хэн юм бэ гэж асуусан чинь манай нөхөр надад Л.Б гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
4. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...14 цаг өнгөрч байхад надтай хамт ажиллаж байсан С.С-н...утасруу...залгаад хаана байгаа талаар асуухад....Дэнжийн тэнд байдаг Б-н /Л.Б/ гэрт байна хүрээд ир гэхээр нь би очиход Су /С.С/ зүүн талын хавирган дээрээ нэг юмаар дарчихсан тэр 2 архи ууж байсан тэгээд би...архи авах гээд архинд яваад дэлгүүрээс 1 шил архи аваад эргээд ирээд хамт архи уух гэхэд Б /Л.Б/, С /С.С/ маргалдсан байдалтай байхаар нь би...маргалдсан юм шиг байна гэж бодоод авчирсан архиа өөр газар уух гээд гарч яваад...Намайг орох үед С /С.С/ Б-н /Л.Б/ гэрийн том өрөөний шалан дээр дээшээ харсан байдалтай зүүн талын хавирган дээрээ даавуу тавьчихсан байхаар нь би яасан талаар асуухад...дарсан байсан зүйлээ сөхөж харуулахад 2-4 см орчим зүсэгдэж ангайсан байдалтай байсан...Сүүлд намайг архи аваад орох үед С /С.С/ надад нэг юм ярих гэхээр Б /Л.Б/ яриулахгүй маргалдаад байх шиг санагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/
5. Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ........ тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юмаа...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим Б-д ирээд Б-н эцсийн буудал дээрээс ногоо авах гээд байж байхад С.С-н эхнэр...надруу залгаад “манай нөхөр...надруу залгаад Л.Б намайг хутгалчихлаа гэж хэллээ чи гэртээ байна уу наад хоёр чинь тоглоод байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгээд би эцсийн буудлын дэлгүүрээр орчихоод гэрлүүгээ явж байхад машинтай 2 цагдаа таараад машиндаа суулгасан. Машин дотор нь манай нөхөр байсан...цагдаа манай гэрлүү очиж надаас хутга чинь хаана байдаг вэ гэж асуухаар нь хутга хийдэг шургуулгаа нээж үзүүлэхэд хутганууд байхгүй байхаар нь би хутгануудыг гэртээ хайхад манай угаалгын машин дотор...хийсэн байсан...Манай нөхөр Л.Б найз нөхөдтэйгөө хааяа л архи хэрэглэдэг. Архи уусан үедээ гэр орондоо агсам согтуу тавьдаггүй, хүүхдүүдтэйгээ тоглож байгаад унтаад өгдөг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/
6. Гэрч С.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Хархорин зах дээр Б.С-тэй таарсан. Тэгээд бид нар ..... руу буцаад явахад Б.С С.С-тэй утсаар яриад...С /С.С/ Б-д /Л.Б/ байна гэж байна замаараа очоод авчих уу гэсэн. Тэгээд...Б-х /Л.Б/ руу очих гэтэл... ......-н автобусны буудал дээр байна гэж байна гээд бид нар .....-н автобусны буудал дээр очиход автобусны буудал дээр гараа урдаа аваад сандал дээр нь бөхийчихсэн сууж байсан ба цээжнийх нь зүүн хэсэгт цус болчихсон, согтуу байхаар нь...гэрт нь хүргэж өгөөд би буцаад явсан...Намайг очиход С /С.С/ “Б /Л.Б/ намайг хутгалчихлаа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7581/-ний дүгнэлт:
-С.С-н биед хэвлийн өмнөд хананы гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32/
8. Шинжээчийн дүгнэлт №4186:
-Саарал өнгийн майканд зүсэгдэлт нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Цооролт, урагдалт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Алчуур гэмтэлгүй байна. /хх-ийн 40-42/
9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хутга нь нийт 26 см урттай, 2,5 см өргөнтэй шар алаг өнгийн бариултай хурц үзүүртэй хутга байсан бөгөөд ажлын хэсэг 14 см хэмжээтэй “ортиця” гэсэн бичигтэй, бариулны хэсэг 12 см хэмжээтэй шар алаг өнгөтэй, хутгыг эргүүлж үзэхэд ажлын хэсгийн урд үзүүрт 2,5*1 см хэмжээтэй бохирлогдсон толботой, бариулын урд хэсэгт 1*0,8 см хэмжээтэй арчиж цэвэрлэсэн мэт бүдэг толбо тогтсон байдалтай байв...Үзлэг хийсэн алчуур нь тод ягаан өнгийн дээрээ цагаан өнгийн цэцгэн хээтэй алчуур байх бөгөөд уг алчуурны доод хэсэгт 9 см*2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, алчуурыг эргүүлж үзэхэд доод хэсэгт 2,5 см*2 см, 1 см*0,5 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толботой байлаа....Үзлэг хийсэн майк нь саарал өнгийн 58 см урттай, 54 см өргөнтэй, хуучирч муудсан байсан бөгөөд энгэр хэсэгтээ 30*15 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон мөн 2см*0,2 мм харьцаатай цоорсон. Майкыг эргүүлэхэд ард талын хэсгийн доод талаар урагдсан байв...” /хх-ийн 53-54, 55, 56, 57-62/
10. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...Таньж олуулах ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн уулзалт мэдүүлгийн 203 тоот өрөөнд 08 цаг 25 минутанд эхлүүлэв. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Л.Б намайг Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо Сонгины ..... тоотод цээжний зүүн хэсэгт хутгаар зүссэн. Намайг зүссэн хутга нь шар иштэй шовх үзүүртэй хутга байсан. Би тухайн хутгыг хараад танина гэв...Таньж олуулах ажиллагааг явуулахын өмнө хэргийн газраас хураагдсан хутгануудыг 1-6 гэж дугаарлан байрлуулав. Танигч хохирогч С.С-д хутгануудыг үзүүлэхэд 1 гэж дугаарласан хутга мөн байна гэж хэлэв...” /хх-ийн 63-64/
11. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “...Эрүүгийн 181001451 дугаартай хэрэгт №1 гэж дугаарласан “ортиця” гэсэн бичигтэй шар өнгийн иштэй хутгыг, саарал өнгийн майк, ягаан өнгийн цэцгэн хээтэй алчуур зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” /хх-ийн 65/
12. Өвчний түүх: “...12 цагийн орчимд айлд найзтайгаа архи ууж байгаад муудалцаад найз нь хутгалсан гэв...шархаар өвдөнө...хэвлийн зүүн дээд хэсэгт 1,5 см орчим урттай, 6-9 см гүнтэй доошоо хавж хатгагдсан гүн шархтай...” /хх-ийн 89-95/
13. Шүүгдэгч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өглөө 08 цагийн үед С.С-н гэрт 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уучихаад өдөр нь 15 цагийн үед манай Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ...... тоот гэрт очиж найз С.С-тэй хамт 0,75 литрийн Хараа архи хуважж ууж байгаад өлсөөд байсан болохоор хоол хийх гээд хөргөгчнөөс хөлдүү мах гаргаад гамбанзан дээр тавьчихаад өөд өөдөөсөө хараад сууцгаасан. Тэгээд би мах хэрчих гээд хутга гартаа барьчихсан байхад С /С.С/ архи хундаглаж өгөхөөр нь би хутгатай гараараа авах гэж байгаад цээжинд зүсчих шиг болсон. Тухайн үедээ би мэдээгүй. С /С.С/ “чи жаахан болгоомжтой байлдаа, намайг зүсчихлээ” гэж хэлэхэд С-н /С.С/ өмсөж байсан майк нь цус болчихсон байсан. Тэгээд бид хоёр манайд байсан даавуугаар цусыг арчаад...Тэгээд би тасраад унтчихсан байсан ба цагдаа нар ирээд намайг сэрээгээд цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...Бид хоёр маргалдаж муудалцсан асуудал байхгүй...Би мах хэрчих гэж байсан хутгатай гараараа архи авах гэж байгаад зүсчихсэн...С.С намайг цохиж зодсон асуудал байхгүй...гэмтлүүдийг С.С-н хэвлийн тус газар нь хутгаар 1 удаа зүсэж учруулсан. Архи ууснаас л болсон. Би хутгаар зүсье гэж бодоогүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б нь урьд 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ...... дүүргийн шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг /хх-ийн 82, 85-86/-ээр тогтоогдлоо.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Л.Б-н тэнсэж хянан харгалзсан хугацаа 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7581/-ний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт №4186 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Л.Б нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ....... тоотод байрлах гэртээ С.С-н хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа буюу архидан согтуурсан үедээ С.С-н хэвлийн тус газарт нь хутгалж биед нь хэвлийн өмнөд хананы гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар 1.547.000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /....../, хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гомдол санал байхгүй...Л.Б миний эмнэлгийн зардал болон бусад урсгал зардал, цалингийн нөхөн олговор зэргийг бүрэн барагдуулж намайг хохиролгүй болгож өгсөн. Одоо миний бие зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Л.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн цэцгэн хээтэй алчуур 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, “ортиця” гэсэн бичигтэй шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Л.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Л.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн цэцгэн хээтэй алчуур 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, “ортиця” гэсэн бичигтэй шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Б-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР