| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1007/Э |
| Дугаар | 1078 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1078
2018 07 27 2018/ШЦТ/1078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Ч.Алтансүх,
нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Баасанжав,
өсвөр насны шүүгдэгч Л.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Лхагвадорж,
өсвөр насны шүүгдэгч С.Э, түүний хууль ёсны төлөөлөгч С.Батбилэг,
өсвөр насны шүүгдэгч Г.А, түүний хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Л.Т, Г.А, С.Э нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806000001018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Өсвөр насны яллагдагч Л.Т, Г.А, С.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 904 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд троссоор бэхэлж орхисон байсан хохирогч С.Батсуурийн эзэмшлийн унадаг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлж бусдад 672.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Л.Т, Г.А, С.Э нар нь бүлэглэн, хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 сарын 10-ны өдөр 15 цагийн үед би гэртээ дугуйгаа унаж ирээд унадаг дугуйгаа 904-р байрны 2-р орцны үүдний хашлаганаас дугуйгаа бэхлээд орхисон. Ингээд орой 18 цаг болж байхад манай хүү гараад дугуйгаа шалгатал байхгүй болсон байсан. Унадаг дугуйгаа бэхлэж үлдээхдээ түгждэг тросоор бэхлэж үлдээсэн байсан. tetra 650в загварын шар саарал өнгийн унадаг дугуй байсан. Тус дугуйг 2017 оны 05 сард Солонгосоос монгол мөнгөөр 1.400.000 төгрөгөөр авч байсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Тетра гэсэн унадаг дугуй авах уу гэхээр нь би наад дугуй чинь хулгайн дугуй биш биз гэсэн чинь хулгайн дугуй биш ээ гэж хэлсэн. Намхан нь плэйстэйшн авах гэсэн мөнгө дутаад байна гэсэн. Би 80.000 төгрөг өгөөд авсан. Дугуйг Нарантуул зах дээр танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн БЗ1-18-486 дугаартай:
2018 оны 05 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Солонгос улсад үйлдвэрлэсэн Тетра 650 загварын унадаг дугуй 672.000 төгрөгний үнэлгээтэй байна гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24/
- гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, /хх-ийн 3/
- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5/,
- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/,
-хохироргч С.Батсуурийн “хохирол барагдуулж авсан” гэх шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт
Өсвөр насны шүүгдэгч Л.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 сарын 10-ны өдөр хичээл тараад гараад ирсэн чинь миний дугуй хагарчихсан байхаар нь А-тай хамт Нарантуул зах орж нөхүүлсэн. Ингээд дугуйгаа нөхүүлчихээд дугуй нөхүүлсэн мөнгө байхгүй байсан учраас цүнхээ дугуй нөхсөн хүнд үлдээгээд Э дээр очсон. Тэгсэн Эгийн эмээгээс мөнгө гуйх гээд Эд танай эмээд мөнгө байна уу? дугуй xarapaсан. Дугуйгаа нөхүүлчихлээ гэсэн чинь наймаа дөнгөж эхлэж байгаа учираас эмээд мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд Э-д дугуй хулгайлая гэсэн чинь Э эмээдээ очиж хэлээд алхаад араас ирсэн. Ингээд бид 3 эхлээд Гёте сургуулийн байрны доод талын граш руу орж үзсэн боловч дугуй байгаагүй. Ингээд цааш Их монгол хороолол ороод дугуй хайгаад явж байсан чинь 904-р байрны 2-р орцны үүдэнд тросоор бэхэлсэн саарал өнгийн унадаг дугуй байсан. Ингээд тэр дугуйн дээр би түрүүлж очоод өөрийнхөө унаж явсан дугуйг Эд өгөөд хармаанд байсан овтерикаа гаргаж ирээд тросны цоожруу нь хийж эргүүлсэн. … хулгайлсан дугуйгаа би унаад А, Э 2 араас дагаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Өсвөр насны шүүгдэгч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 сарын 10-ны өдөр би хичээлээ тараад хувцасаа сольчихоод Нарантуул зах дээр эмээ дээр очсон. А, Т 2 Нарантуул зах дээр ирээд намайг хамт цэцэрлэгт хүрээлэн явчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд би эмээдээ хэлчихээд хамт явсан. Ингээд Нарантуул захаас гараад цэцэрлэгт хүрээлэн явах юм байх гэсэн чинь Ногоон төгөл хороололд байрлах Гёте сургуулийн арын байрны доод граш руу Т ганцаараа ороод буцаж гарч ирээд дугуй байхгүй байна гэж хэлсэн. Ингээд Их монгол хороолол орчихоод ирье гэж Т хэлхээр нь А бид 2 дагаад явсан. Их монгол руу явж байх замдаа хулгай хийх гэж байгааг гадралсан. Замдаа би Тгээс дугуйгаар яах гэж байгаа юм бэ гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна. Миний дугуй хагарчихсан. Цүнхээ мөнгөний оронд барьцаанд үлдээчихсэн гэж хэлхээр нь би тоглож байна гэж бодоод Их монгол хороолол руу явсан. Ингээд Их монгол хороололын голоор явж байсан чинь 1 орцны үүдэнд саарал өнгийн дугуй бэхэлчихсэн байсан. Ингээд Т надад унаж явсан дугуйгаа өгөөд А бид хоёрыг жоохон цаанаа байж бай гэж хэлсэн. Ингээд холоос харж байсан чинь Т цүнхнээсээ нэг зүйл гаргаж ирээд цоожийг нь эвдэж, хулгайлсан дугуйгаа унаад хөдөлхөөр нь А бид 2 араас нь хөдөлсөн. Ингээд тэндээс холдоод Нарантуул зах орсон бөгөөд А бид хоёрыг Т хулгайлсан дугуйгаа зарчих гэж хэлсэн. Тэгхээр нь А бид 2 наад хэрэгт чинь оролцохгүй. Өөрөө зар гэсэн чинь наад ченжүүд чинь намайг мэдэж байгаа. Тэгхээр наад дугуйг чинь би зархаар хулгайн дугуй байна гэдгийг нь мэдчихнэ. Тийм болхоор та 2 зар. Би арыг нь даая гэж хэлсэн. Ингээд дугуй зардаг хэсэгт 1 ченжид нөгөө дугуйг 80.000 төгрөгөөр зараад Т дээр очоод Т тэр мөнгөнөөс надад 10.000 төгрөг өгөөд би эмээрүүгээ салаад явсан гэх мэдүүлэг /хх-н 57-58/
Өсвөр насны шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 сарын 10-ны өдөр 13 цаг 15 минут болж байхад хичээл тараад Т бид 2 ярилцаад үндэсний цэцэрлэгт хүрээлэн орхоор болоод Эг хамт авч явхаар болсон. Ингээд Эгийн гэрт нь очсон боловч Э гэртээ байхгүй байсан бөгөөд эмээгийнхээ ажил дээр байгаа гэж өвөө нь хэлсэн. Ингээд Т бид 2 Э дээр очих гэж явж байхад Тгийн дугуй нь хагараад Нарантуул захын дугуй засдаг хэсэг дээр Тгийн дугуйг нөхүүлсэн. Нөхүүлсэн төлбөр нь 5000 төгрөг болсон. Ингээд Тд мөнгө байхгүй гээд Т өөрийнхөө үүрч явсан хичээлийнхзэ цүнхийг дугуй зассан хүнд үлдээгээд бид 2 хамт Эгын эмээгийн лангуун дээр очсон. Ингээд Э дээр очоод Т Этой уулзаад байсан. Яг юу гэж ярьсаныг нь санахгүй байна. Ингээд бид 3 Их монгол хороолол орсон. Ингээд Их монгол хороолол дундуур явж байхад 1 унадаг дугуйг орцны үүдэнд бэхэлчихсэн байсан. Тэр дугуйг хараад Т Эд дугуйгаа өгөөд бид хоёрыг хүлээж бай гэж хэлсэн. Ингээд бид 2 хүлээгээд зогсож байхад Т тэр орцны үүдэнд байсан дугуйны цоожийг овтерикаар оролдоод удалгүй онгойлгочихсон. Ингээд бид 3 хамт Нарантуул орсон. Т та 2 наад дугуйгаа зарчихаад ир гэхээр нь бид 2 яахаараа бид 2 зардаг юм гэсэн чинь наад захын хүмүүс чинь намайг мэднэ. Тэгхээр та 2 яваад зарчих гээд явуулахаар нь Э бид 2 Нарантуул захын дугуй зардаг хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөнөөс Т өөрийнхөө дугуйны урд талын ацийг 25000 төгрөгөөр солиод дугуй нөхүүлсэн 5000 төгрөгөө өгөөд Эд 10.000 төгрөг өгсөн. Би дугуйныхаа дөрөөг 8000 төгрөгөөр сольсон. Мөн нүүрний маск авсан бөгөөд 6000 төгрөг болсон. Мөн миний дугуйнд данхараад 5000 төгрөгөөр авч өгсөн. Ингээд тэндээсээ салцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 29-46/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нар нь хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нарыг учрах саадыг арилгах зорилгоор овтерикийг тусгайлан бэлтгэж, зэвсгийн чанартайгаар хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогчид учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн бичгээр гарган шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбараар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа байдлыг бичсэн 1 ширхэг сидиг хэрэгт хэргийг хадгалах хугацааг дуустал хадгалаж, хураагдаж ирсэн овтерикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч Л.Т, С.Э, Г.А нарыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дургаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нарт хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 3, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалаж, хэрэгт хураагдаж ирсэн овтерик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Э, Л.Т, Г.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ