| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2428002520242 |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
2026 оны 02 сарын 25 өдөр Дугаар 2026/ДШМ/10 ******* сум
Л.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Арсланбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг, өмгөөлөгч Х.Отгончимэг /цахим/
Шүүгдэгч Л.******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолтой, Л.*******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байх ******* зочид буудлын тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.тэй маргалдаж, биед нь зүүн дээд 1-р шүдэнд хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн шуу, эгэм цус хуралт, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулж, улмаар түүний өмсөж явсан гэх хөхний даруулгаар боомилсноос шалтгаалж, талийгаач нь механик амьсгал бүтэлт буюу боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 /арван гурав/ жил 05 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 24 /хорин дөрөв/ жил 05 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 24 /хорин дөрөв/ жил 05 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508 дугаар зүйлийн 5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөг, оршуулгын зардалд 17,063,439 /арван долоон сая жаран гурван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөг, нийт 116,063,439 /нэг зуун арван зургаан сая жаран гурван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэгт олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шүд 1 ширхэг, 40x60 хэмжээтэй алчуур 1 ширхэг, ягаан өнгийн лэвчик 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий СD 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн үед шинжээч бэхжүүлж авсан 1 ширхэг дугтуй, 6 ширхэг гарын мөрний хээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хийсэн хэрэгтэй маш их гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ямар нэг маргаан байхгүй. Би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хагалгаанд орж, эдийн шинжилгээ хийлгэж, судасны хавдаж өвчтэй гэж оношлогдсон байнгын эмчийн хяналтад байдаг. Хохирол төлбөрөө төлж барагдуулж хохирогчийн ар гэр болон хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэгийг хохиролгүй болгох чин хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж эдлэх 24 жил 5 сар 26 хоногийн ялаас минь хасаж, багасгаж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, гэрч Т.Отгонтуяа, н.*******, Ц.******* нарын мэдүүлэг, сэжигтэн Л.*******ын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаартай дүрэм, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4235 дугаартай дүрэм, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар, тэдгээрийг шүүх хуралдаанаар ярилцаж, шинжлэн судалснаар дээрх үйл баримтыг хөтөлбөргүй нотолсон. Шүүхээс шүүгдэгч Л.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон. Гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь 8-аас 18 жилийн хорих ялтай. Тийм учраас давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд миний үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Яагаад гэвэл үхсэн хүн үг хэлэхгүй, үхчихсэн хүн босоод ирэхгүй нэг төгрөгийн ч хохирол барагдуулаагүй. Оршуулгын зардлыг өгчихсөн бол би ингээд маргахад нь чимээгүй сууж байх байсан. Ямар ч хохирол барагдуулаагүй байж ялаа багасгуулъя гэнэ. Хэрвээ энэ хүн цусны хавдартай нь үнэн байгаад үхчих юм бол дахиад би хохироод үлдэнэ. Миний хүн босож ирэхгүй. Би сэтгэл санаагаараа хохирсон. Мөнгө, төгрөгөөрөө хохирсон. Би хохиролтой байна. Хэрвээ энэ хүн шорондоо байж байгаад цусны хавдартай болоод үхчих юм бол би ар гэрээс нь хохирлоо барагдуулж авна гэсэн хүсэлтэй байна. Би анхан шатны шүүх хурал дээр хүн чанар зулгаагаад юу ч хэлээгүй гарсан. Гэтэл ялаа багасгуулъя гэх юм. 11 жил бага. Бүхэл бүтэн хүнийг тамлаж алчихаад, 11 жил авчихаад, тэрийгээ багасгая гээд сууж байгаа энэ хүнд ичих булчирхай байдаггүй юм уу, ар гэрийнхэн нь ч гэсэн боддоггүй юм уу. Яагаад ийм хүн чанаргүй юм бэ. Би гомдолтой байна. Цусны хавдраар шорондоо үхэх юм бол би ар гэрээс нь нөхөн төлбөрөө гаргуулж авна гэсэн хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байсан. 11 жилийн хорих ял гэдэг бага гэж байсан. Гэвч шүүгдэгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа учраас гээд бид нар тухайн үед анхан шатны шүүхээс оногдуулсан 11 жилийн ялыг хүлээн зөвшөөрөөд гарсан. Гэхдээ үхсэн хүн юм хэлэх биш гэдэг шиг ялаа багасгая гээд гомдол гаргаад байгаа нь үнэхээр хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол хүчинтэй шийдвэр гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.*******ын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Л.*******ыг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байх ******* зочид буудлын тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.тэй маргалдаж, биед нь зүүн дээд 1-р шүдэнд хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйхан доорх цус хуралт, зүүн шуу, эгэм цус хуралт, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулж, улмаар түүний өмсөж явсан гэх хөхний даруулгаар боомилсноос шалтгаалж, талийгаач нь механик амьсгал бүтэлт буюу боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн ба шүүгдэгч Л.******* нь “Ялыг хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар” давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байх ******* зочид буудлын тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.тэй маргалдаж, хөхний даруулгаар боомилж амь насыг нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Л.******* мэдүүлэгтээ: “...Би ******* ахын байрлаж байгаа ******* буудал руу ороод чигээрээ яваад 2 дугаарын өрөө рүү очсон ба намайг очих үед өрөөнийх нь хаалга онгорхой байхаар нь өрөөнийх нь хаалгаар ороход тухайн өрөөний баруун талын орон дээр ******* ахын найз бүсгүй болох Мөөгий гэх эмэгтэй доошоо харсан байдалтай унтаж байгаа юм шиг байхаар нь Мөөгийг босооч ээ ******* ах хаашаа явсан юм бэ? Та хоёр хоол идсэн юм уу? гэх мэтээр асуухад Мөөгий хөдлөхгүй байсан. Тэгээд Мөөгийг хөдлөхгүй байхаар нь би нуруун дээр нь хүрээд хүүшээ яачихсан юм бэ? гэж асуухад хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь би тухайн буудлаас гараад ресейпшнийг дуудсан ба ресейпшн гарч ирэхгүй байхаар нь би ******* буудлын өрөөнд хүн хөдлөхгүй хэвтээд байна гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 79-81 дэх тал/
Гэрч Ц.******* мэдүүлэгтээ: “...Өглөө 09 цаг 06 минутад ******* над руу залгаад би ахыг сэрээх гээд очиход хаалга нь онгорхой байхаар нь ороход ахын эхнэр доошоо харчихсан хөөе сэрээч ээ гэхэд сэрэхгүй байна үхчихсэн юм шиг байна гээд би цагдаа дуудчихаад байж байна гэж хэлсэн юм...” /хавтаст хэргийн 84-86 дахь тал/
Гэрч Н.******* мэдүүлэгтээ: “...09 сарын 08-ны өдөр Л.*******тай нэг удаа л холбогдож ярьсан бөгөөд тухайн үед надад хэлэхдээ буудалд байх үедээ өнгөрчихлөө аймар юм боллоо гэсэн. Юу болсон талаар нь асуухад өглөө сэргэхэд би ийг тэврээд хэвтэж байсан нас барчихсан байсан би юу болсон талаар сайн санахгүй байна...” /2 хавтаст хэргийн 09 дэх тал/
Шинжээч Б.*******гийн: “Дүүжлэлт гэдэг нь тухайн талийгаач өөрөө өөрийгөө амиа хорлох зорилгоор дүүжилж байгаа хэрэг бөгөөд амьсгал дутагдлын шинжүүд болон түргэн үхлийн үед гардаг ерөнхий шинжүүд илэрдэг харин боолт буюу хэн нэгэн санаатайгаар амьсгалыг боох үед дээрх нийтлэг шинжүүдээс гадна тухайн хохирогчид тэмцэлдсэн мөр буюу амьсгалын дутагдалд хүргэсэн гэмтлээс өөр гэмтлүүд үүсэх мөн боох үед хохирогч болон довтлогчийн байрлал, биеийн хэмжээ, гогцооны чиглэлээс хамаарч хөндлөн болон доош ташуу байрлалтай байх нь элбэг байдаг үүнээс гадна дарагдлын ором дээш доош шилжиж олон давхар мөр үүссэн байх зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг. Талийгаач Б.ийн биед хүзүү хоолойнд үүссэн гэмтэл нь боолтын үед илэрдэг дээрх шинжүүдийг агуулж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95-98 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 сарын 20-ны өдрийн ЕГ0825/2435 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 118 дахь тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 22-28 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 30-34 дэх тал/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1хавтаст хэргийн 41 дэх тал/, ******* төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 46-48 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-56 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.*******ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Л.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг биеэр эдэлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоор тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.******* нь “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилсан бөгөөд тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” тогтоожээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 /арван гурав/ жил 05 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 24 /хорин дөрөв/ жил 05 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба хуульд заасан 25 жилийн хугацаагаар хорих ялаас хэтрээгүй төдийгүй анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.*******ын “ хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Л.*******ын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.*******ын “Хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР