Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01113

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/00300 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.С ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 16,665,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэглэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: 2018 оны 12 сарын 18-ны өдөр ... цогцолборт амрахаар очсон. Тухайн өдрийнхөө орой 21 цагийн үед дэлгүүрээс хүнсний зүйл авах хэрэгтэй болоод тус амралтын газрын менежер ажилтай Ч.Б тай уулзаж, энэ байдлаа хэлэхэд би дэлгүүр яваад ирье, харин та надад нэмж төлбөр төлөөрэй гэхэд нь зөвшөөрч, жолооны үнэмлэхтэй эсэхийг асуухад байгаа гэж хэлсэн тул Тоёота Ланд Круйзер-200 маркийн ... улсын дугаартай автомашиныхаа түлхүүр, өөрийн виза картыг өгч явуулсан. Гэтэл Ч.Б нь автомашиныг унаж яваад ирэх замдаа өөрөө дур мэдэн нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр зөөгч ажилтай Э.Сү ад, Э.Сү нь зөөгч ажилтай Д.А д дур мэдэн шилжүүлэн жолоодуулсны улмаас автомашиныг онхолдуулж нийт 20,922,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэг, хэмжилтийн бүдүүвч зураг, Х ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр бүрэн тогтоогдсон. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 20,825,500 төгрөг, үнэлгээний зардал 840,000 төгрөг нийт 21,665,000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү 21,665,000 төгрөгийн хохирлоос Д.А нь 5,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 16,665,000 төгрөг төлөгдөөгүй. Иргэн Ч.Б , Д.А , Э.Сү нараас учирсан хохирлоо шаардсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 03313 дугаартай шийдвэрээр хариуцагчийг иргэд биш хөдөлмөрийн гэрээгээр ажлын байрандаа ажиллаж байхдаа хохирол учруулсан тул тухайн байгууллага хариуцлага хүлээхээр тогтоон шийдвэрлэсэн.

Иймд Ч ХХК-аас гэм хорын хохиролд 16,665,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт, иргэн Э.С , Ч.Б нарын хооронд хэлцэл үүссэн бөгөөд үүний үр дүнд Ч.Б ыг дэлгүүр явуулсан. Хэрэгт авагдсан баримтаар иргэд хооронд хэлцэл үүссэн учир байгууллага хариуцлага хүлээх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл албан тушаалын дагуу хүлээсэн чиг үүрэгтэй холбоотой байна. Хоёрдугаарт, хохирогчийн илтэд болгоомжгүй хандсан асуудал байгаа. Өөрийн өмчлөлийн автомашиныг өөрөө жолоодож явах боломжтой байсан боловч болгоомжгүй хандаж автомашинаа өгч явуулж хохирсон асуудал байгаа. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Тухайн байгууллагад амрагч, амралтын ажилтан нарын хоорондын харилцааг зохицуулсан журамд тусгаагүй үйлдэл гаргаж, хүний өмчийг дур мэдэн бусдад шилжүүлсэн байна. Тиймээс Ч.Б нь тодорхой хэмжээнд буруутай буюу Ч.Б нь ажлын байрны тодорхойлолтын 12, 23, 25-д заасан үүргүүдийг зөрчсөн байна.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч ХХК-аас гэм хорын хохиролд 8,332,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,332,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 148,270 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С т олгосон.

 

5.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн бодит нөхцөл байдлыг буруу, дутуу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайларлан хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Э.С нь Ч.Б аас жолооны үнэмлэхтэй эсэх, дэлгүүр явах боломжтой эсэхийг асууж, Ч.Б ыг зөвшөөрсний дагуу түүнд автомашиныхаа түлхүүр, өөрийн банкны картыг өгч явуулсан. Гэтэл Ч.Б нь автомашиныг унаж яваад ирэх замдаа өөрөө дур мэдэн нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр зөөгч ажилтай Э.Сү д, Э.Сү нь зөөгч ажилтай Д.А д дамжуулан жолоодуулсны улмаас автомашиныг онхолдуулж хохирол учруулсан. Ч.Б нь үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, өөрөө автомашиныг жолоодон яваад, буцаж ирж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжтой байсан. Гэтэл тохиролцооныхоо үүргийг биелүүлэхгүй, хариуцлагагүй хандсаны улмаас гэм хор учирсан, автомашин онхолдсоны улмаас хүний амь нас эрсдэх нөхцөл байдал бий болсон байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Үүнийг автомашины тухайн үеийн эвдрэл гэмтлийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаас харах боломжтой байсан.

5.б. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан. Ч.Б нь нэхэмжлэгчийн тавьсан хүсэлтийг хүлээн авахгүй байх, татгалзах боломжтой байсан. Нэхэмжлэгч нь албадаагүй, тулган шаардаагүй, ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Тухайн автомашиныг унаж яваад, өөр этгээдүүдэд жолоодуулж, улмаар онхолдуулж, хохирол учруулахыг нэхэмжлэгч Э.С мэдэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч өөрийн автомашиныг онхолдуулж, гэм хор учруулахад ямар нөлөө үзүүлсэн, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй ямар үйлдэл байсан, хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

5.в. Иргэний хуульд 50% гэдэг нэр томьёо, түүнийг хуульчилсан зүйл, заалт байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хамгаалах хэрэгслийг биедээ авч яваагүй байгаа нь гэм хорын хохирлыг 50%-иар хариуцахаар хуульчилсан мэтээр зааж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй төдийгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасныг баримтлан шаардлага гаргадаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 16,665,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан Замын цагдаагийн албаны 2018 оны 12 сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал /хх 6/, Х ХХК-ийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн ХУД 0 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 8/, 2018 оны 12 сарын 19-ний өдрийн Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ /хх 9/, 2018 оны 12 сарын 19-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 10/, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 361 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх 11/, 0000 улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл:

3.а. Нэхэмжлэгч Э.С нь 0000 улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины өмчлөгч мөн болох нь;

3.б. Нэхэмжлэгч Э.С нь ... байршилтай Ч ХХК-ийн эрхлэн ажиллуулдаг амралтын газар амарч байх үедээ менежер Ч.Б т түүний өмнөөс дэлгүүр яваад ирэх хүсэлтийг тавьсан, менежер Ч.Б нь хүсэлтийг хүлээн авч Э.С аас дээрх автомашиныг виза картын хамт хүлээн авсан;

3.в. Үүний дараа менежер Ч.Б нь автомашины жолоог зөөгч Э.Сү ад, харин Э.Сү нь зөөгч Д.А д тус тус шилжүүлж, Д.А нь автомашиныг жолоодон явах үедээ буюу 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 00:00 цагийн орчим Чингисийн хүрээ амралтын газар явах замд онхолдуулсан;

З.г. Үүний улмаас 0000 улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашинд нийт 20,825,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлоос Д.А нь 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан;

3.д. Нэхэмжлэгч Э.С ын зүгээс хохирлын үнэлгээ тогтоолгох ажлын хөлсөнд Х ХХК-д 840,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх эдгээр үйл баримтуудыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв тогтоожээ.

 

4.   Нэхэмжлэгч Э.С нь дээрх хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллага хариуцах ёстой гэж тайлбарладаг бол хариуцагч Ч ХХК нь нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, хохирол учирахад нэхэмжлэгчийн илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн, иргэд хооронд үүссэн хэлцэл учир байгууллага хариуцахгүй гэж тайлбарлан маргасан байна.

 

5.   Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

5.а. Нэхэмжлэгч Э.С өмнө нь хариуцагч Д.А , Э.Сү , Ч.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 16,655,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 001/ХТ2020/00322 дугаар тогтоолоор ...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалт хамаарах эсэх талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино... гэж дүгнэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 126-129/

5.б. Нэхэмжлэгч Э.С аас автомашиныг шилжүүлэн авсан Ч.Б , Ч.У аас автомашины жолоог шилжүүлсэн авсан Э.Сү , Э.Сү аас автомашины жолоог шилжүүлэн авч, зам тээврийн осол гаргасан Д.А нар нь Ч ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ-гээр тус тус нотлогдсон. /хх 67-81/

5.в. Менежер Ч.Б тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-нд ажилтан нь ...ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргээ үнэнчээр, осол эндэгдэлгүй, мэргэжлийн түвшинд чанартай, бүрэн гүйцэтгэх үүрэгтэй гэж, Ажлын байрны тодорхойлолт-д менежер нь Аялал жуулчлалын цогцолборт мөрдөгдөж байгаа дүрэм журмыг танилцуулах, хэрэгжиж буй эсэхэд нь хяналт тавих, ...өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, зохион байгуулж хянах, ...Үйлчлүүлэгч нараас ирсэн санал гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөх, асуудлыг холбогдох хүмүүст танилцуулж түргэн шуурхай шийдвэрлүүлэх, арга хэмжээ авах үүрэгтэй гэж тус тус заажээ. /хх 94-97, 147-149/

Үүнээс үзэхэд тус амралтын газраар үйлчлүүлж буй иргэн Э.С нь Ч.Б т менежерийнх нь хувьд хүсэлт тавьсан, менежер Ч.Б нь үйлчлүүлэгчээс тавьсан хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухайгаа хэлэх боломжтой байсан ч хүсэлтийг хүлээн авч түүний өмнөөс дэлгүүр орохоор автомашиныг нь виза картын хамт авч, улмаар автомашины жолоог бусдад дур мэдэн шилжүүлсний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байна гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хийсэн ...өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж удирдан чиглүүлж байсных нь хувьд үйлчлүүлэгчийн зүгээс санал тавьсан, менежер Ч.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан үйлчлүүлэгчээс ирсэн санал, гомдлыг хүлээн авч арга хэмжээ авах үүргийн хувьд хүсэлтийг хүлээн авсан... ба менежер Ч.Б нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зөөгч ажилтай Д.А , Э.Сү нарт тээврийн хэрэгслийг шилжүүлж, зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. ...Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ... гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн дүгнэлт нь хэргийн үйл баримт, нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

6.   Иймд нэхэмжлэгч Э.С нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийн өмчлөлийн зүйл болох автомашинд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Ч ХХК-аас шаардах эрхтэй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч шүүх гэм хорын хохирол гарахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тээврийн хэрэгсэлд гэм хорын хохирол учирахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу тээврийн хэрэгслийг менежер Ч.Б дур мэдэн бусдад шилжүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шууд хамааралгүй байна.

 

7.   Дээрх үндэслэлээр хариуцагч Ч ХХК-аас 16,665,000 /20,825,000+840,000-5,000,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

8.   Хариуцагч Ч ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/00300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч ХХК-аас 16,665,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С т олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2, гэснийг ...56.1, гэж, ...148,270 төгрөгийг... гэснийг ...241,275 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 148,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

 

Д.НЯМБАЗАР