Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01114

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00988 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ж ид холбогдох, барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүрэгт нийт 6,699,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Ч.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Ч.Ж нь 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 0 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу нэхэмжлэгч Х ХХК-аас 5012 маркийн пум нэг ширхгийг хоног тутам 230 төгрөгөөр тооцож 144 ширхгийг, 10x15 булан нэг ширхгийг хоног тутам 160 төгрөгөөр тооцож 24 ширхгийг түрээсэлсэн. Хариуцагч Ч.Ж нь барилга, угсралтын бараа материалыг 2021 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байсан боловч гэрээнд заасны дагуу хариуцагч бараа материалыг хүлээлгэн өгөхгүй байсан тул нэхэмжлэгч өөрсдийн зардлаар тээвэрлэж авсан. Нэхэмжлэгч нь Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр тооцсон. Хариуцагч Ч.Ж нь барилга, угсралтын бараа материалыг 2020 оны 06 сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл буюу 155 хоног, 5012 маркийн 144 ширхэг пум түрээсэлсэн төлбөрт 5,133,600 төгрөг, 10x15 булан 24 ширхэг түрээсэлсэн төлбөрт 595,000 төгрөг, нийт 5,728,800 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас 2020 оны 06 сарын 27-ны өдөр 1,108,800 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл түрээсийн төлбөр 4,620,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагч Ч.Ж нь 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 0 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулахдаа түрээсэлсэн эд зүйлд эвдрэл гэмтэл гарсан, үрэгдүүлсэн тохиолдолд төлж барагдуулах зорилгоор 2020 оны 06 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч компанид 400,000 төгрөгийг барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч нь 5012 хэмжээтэй пумны цөмөрч эвдэрсэн фанерийг солиход 152,000 төгрөг, гагнуурт 24,000 төгрөг, тээврийн зардал 70,000 төгрөг, нийт 246,000 төгрөгийг хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу суутгасан болно.

Иймд хариуцагч Ч.Ж оос 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 0 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэл 4,620,000 төгрөгөөс барьцаалсан төлбөрийн үлдэгдэл 154,000 төгрөгийг хасч тооцож 4,466,000 төгрөг, гэрээний 5.3-т заасны дагуу алданги 2,233,000 төгрөг, нийт 6,699,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.   Хариу тайлбарын агуулга: Ч.Ж миний бие Н ХХК-д талбайн инженер хийж байх хугацаандаа ... орон сууцны барилгад хэрэглэгдэх материалыг Х ХХК-аас авсан. Ингэхдээ Н ХХК-ийн нэр дээр авах боломжгүй байсан тул өөрийн нэр дээр гэрээ байгуулж авсан. Тиймээс нэхэмжлэлд дурдсан төлбөрийг Н ХХК-ийн захирал н.О , н.Т , н.Ж нар хариуцна. Миний бие тус компаниас 2021 оны 10 сард гарсан тул тухайн мөнгийг төлөх чадваргүй, Н ХХК хариуцах ёстой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ж ид холбогдуулан түрээсийн төлбөр 4,620,000 төгрөг, алданги 2,233,000 төгрөг, нийт 6,699,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэж чадаагүй. Хариуцагч Ч.Ж нь нэхэмжлэлд дурдсан бараа материалыг авсан болохоо хүлээн зөвшөөрч 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 0 тоот гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс ямар бараа, эд зүйл авсан талаар тодорхой тайлбарлаж, гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.б. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ байгуулахдаа түрээсэлсэн эд зүйлд эвдрэл гэмтэл гарсан, үрэгдүүлсэн тохиолдолд төлж барагдуулах зорилгоор 2020 оны 06 сарын 27-ны өдөр 400,000 төгрөгийг барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч нь 50х12 хэмжээтэй пумны цөмөрч эвдэрсэн фанерийг солиход 152,000 төгрөг, гагнуурт 24,000 төгрөг, тээврийн зардалд 70,000 төгрөг, нийт 246,000 төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу суутгасан.

4.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс бараа материалыг хүлээн авсан ч Н ХХК ашиглаж байсан гэх тайлбар гаргадаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Н ХХК-д ажиллаж байх үед тухайн бараа материал шаардлагатай байсан. Тус компанийн нэр дээр гэрээ байгуулаагүй. Урьдчилгаа болох 400,000 төгрөг болон 1,000,000 гаруй төгрөгийн төлөлтийг компанийн дансаар шилжүүлсэн. Тиймээс энэ асуудалд би хариуцлага хүлээхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ч.Ж ид холбогдуулан барилга угсралтын бараа материалын түрээсийн төлбөр 4,466,000 төгрөг, алданги 2,233,000 төгрөг, нийт 6,699,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч барилга угсралтын бараа материалыг Н ХХК-ийн барилгын ажилд ашигласан тул төлбөрийг хариуцахгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан 2020 оны 06 сарын 27-ны өдрийн №0 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээ /хх 6/-гээр Х ХХК нь барилга угсралтын бараа материалыг Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 88 айлын барилгын ажилд зориулж Ч.Ж ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Ч.Ж нь 30 хоногийн 1,108,800 төгрөгийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.

 

4.   ...Х ХХК, Ч.Ж нарын хооронд Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй... гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, энэ тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Учир нь:

4.а. Хэрэгт Н ХХК-аас бусадтай гэрээ, хэлцэл хийх бүрэн эрхийг Ч.Ж ид олгосон талаарх баримт авагдаагүй;

4.б. Хэргийн 7-р талд авагдсан Түрээсэнд гарсан бараа материал гэх баримтад Х ХХК нь 5012 маркийн 144 ширхэг пум, 10х15 хэмжээтэй булан 24 ширхгийг тус тус Ч.Ж ид хүлээлгэн өгсөн тухай дурдагдсан;

4.в. Хариуцагч Ч.Ж нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад ...компанийн нэрээр гэрээ хийх ёстой байсан боловч яаралтай байсан тул би захирлуудтайгаа холбогдоод өөрийн нэрээр гэрээ хийсэн..., ...Байгууллагыг төлөөлсөн гэж хэлэхэд бас хэцүү, байгууллагад ашиглах бараа материалыг авахын тулд би гэрээ хийсэн... гэх тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. /хх 23/

Иймд 2020 оны 06 сарын 27-ны өдрийн №0 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээ нь Х ХХК, Ч.Ж нарын хооронд байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.   ...Түрээслэгч нь барилга угсралтын материал буюу 144 ширхэг пум, 24 ширхэг буланг өөрийн эзэмшил, ашиглалтдаа 2020 оны 06 сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд байлгасан, дээрх хугацааны түрээсийн төлбөр 5,728,000 төгрөг болсноос 1,108,800 төгрөгийг төлсөн, барьцаа гэж төлсөн 400,000 төгрөгөөс 246,000 төгрөгийг пумын засварт суутгаж авсан, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,466,000 төгрөг байгаа... гэх нэхэмжлэгч талын тайлбартай хариуцагч тал маргаагүй.

Иймд хариуцагч Ч.Ж оос түрээсийн гэрээний үүрэгт 4,466,000 /5,728,800-1,108,800-154,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох үндэслэлтэй.

 

6.   Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь алданги 2,233,000 төгрөгөөс татгалзсан агуулгатай тайлбарыг гаргасан болно.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00988 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ж оос 4,466,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 2,233,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ж оос улсын тэмдэгтийн хураамжид 86,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 123,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

 

Д.НЯМБАЗАР