| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1039/Э |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Ганбулган,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сэнгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806050991291 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Франц улсын иргэн Релев Клемент Яан Гүйлхэмийн 680,000 төгрөгийн үнэ бүхий Сони маркийн таблет компьютер, биет 1,584,000 төгрөг зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 2,264,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806050991291 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.С нь хохирогч Франц улсын иргэн Релев Клементийн эзэмшлийн сони маркийн таблет, 1.584.000 төгрөг зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Релев Клементийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... би жолоочид очих газрынхаа зургийг таблет дээрээ үзүүлсэн. Жолооч нь тэр очих газрын зургийг харчхаад ойлгосон. Тэгээд би жолоочид 10.000 төгрөг өгнө гэдгээ Англиар хэлсэн. Жолооч толгой дохиод тэгээд л хөдөлсөн юм. Тэгээд явж байх замдаа тэд хоорондоо Монголоор юм яриад л байсан. Миний хувьд Монгол хэл ойлгохгүй, ярьж чадахгүй. Тэр машинд байсан хүмүүсээс надад яг халдаж зодсон асуудал бол байхгүй. Жолоо барьж байсан залуу л надруу чангаар орилж байсан. Гар далайж байсан. Машины ард миний дэргэд сууж байсан эмэгтэй бол мөн л надтай адилхан жолоо барьж байсан залуугаасаа айгаад эхэлж байсан. Ер нь бол намайг тэр машины жолооч л айлгаж орилж байсан. Жолоочийн дэргэд сууж байсан болон машины ард сууж байсан эмэгтэй бол миний эд зүйлсийг авахад оролцоогүй. Надад ямар нэгэн байдлаар халдаагүй. Харин тэр жолооч залуу л надруу орилж чарлаж айлган сүрдүүлж, миний таблетийг аваад явсан юм. Надад өөр нэмж хэлж ярих зүйл алга, би өөрийн алдсан эд зүйлсээ буцааж авсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч С.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... орон нутгын автобус ирхэд Б.С буугаад нэг гадаадын иргэн дагуулан ирсэн. Тэр гадаадын иргэн машины арын хаалгаар өөрөө орж ирээд суусан юм. Тэгээд Б.С та 2 хаачих гэж байгаа юм бэ гэтэл Батмагнай хоолонд орно гэсэн. Тэгтэл Б.С тэгвэл хүнээ буулгачихаад хамт хооллоё гэсэн. Би дуугүй л сууж байсан тэгээд тэр гадаадын иргэн Англи хэлээр яриад надад I Pad гаргаж ирээд Их Засаг их сургуулийн газрын зураг үзүүлхээр нь би Б.С, Батмагнай нарт Их Засаг орох гэж байгаа юм биш үү гэж хэлсэн. Б.С явж байхдаа 8 мянга шүү гээд л хуруугаа гозолзуулаад байсан ба би гар утсаараа тоглож эхэлсэн юм. Тэгээд л тоглоод юм анзааралгүй сууж байтал гэнэт л Б.С Монгол хүн Монголынхоо газар нутаг дээр дээрэлхүүлэхгүй шүү буцаагаад аваачаад өгнө гэж хэлээд машинаа асаагаад их хурдтайгаар буцаад явсан. Би тэгэхэд юу болоод байгааг ойлголгүй ажиглахад Батмагнай машины дээд талын бариулаас бариад чи яаж байна аа зөөлхөн яваач ээ наадахаа буулгаач ээ гэж хэлсэн. Тэр гадаадын иргэн халаасандаа байсан мөнгө I Pad зэргээ гаргаж ирээд л машины дунд хайрцаг руу тавиад байсан. Тэгээд би их хурдтай явж байсан учраас айгаад юу болоод байгааг асуухад хүн юм ярихгүй, Б.С юу гээд байгаа нь мэдэгдэхгүй амандаа үглээд байсан юм. Тэгээд би тоглоод байгаан байна гэж бодтол нөгөө гадаад бас нэг Англиар юм яриад л Б.Сэнгийн араас нь татаад байсан. Тэгтэл гэнэт нөгөө гадаад залуу стооп ATM гэж хэлээд байх шиг байхаар нь зогс ATM орно гээд байгаа юм биш үү гэхэд Б.С Да Хүрээ захын АТМ-ын дэргэд зогсоод зайл зайл пизда минь гэж хэлсэн. Тэгтэл тэр гадаад машинаас буунгуутаа ATM ороод 20.000 дэвсгэрт их олныг авсан. Тэр бүгдийг машины голд тавьсан. Тэгэхээр нь би юу болоод байгааг ойлгоод та нар болиочээ гээд л орилж машинаас буусан. Би үнэндээ тийм зүйл болно гэж бодоогүй байсан юм. Тэр гадаад ямар учиртай мөнгө тавьсныг би ойлгоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Гэрч О.Баттөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... манай эхнэр надруу утсаар яриад Б.С машинтай явж байгаад гадаадын иргэн дээрэмдчихсэн, мөнгө төгрөг авсан юм шиг байна. Өөрөө тэр талаараа сайн хэлээгүй уулзалгүй утсаар яриад гэртээ ирсэнгүй гэж хэлсэн. Би тэгээд арай ч дээ гэж бодоод шууд Улаанбаатар хотод ирээд уулзах гэтэл айгаад зугтаачихсан байсан. Надтай уулзаагүй утсаар ярихад машинтай явж байгаад хүнээс мөнгө авчихлаа гэж хэлсэн. Тэр хүнтэй 8 мянган төгрөгөөр тохироод таксинд явсан. Тэгэхэд мөнгөө өгөхгүй байхаар нь буцаагаад авч явж суусан газар нь буцаагаад буулгах гэж явж байгаад л ийм зүйл болчихлоо гээд тодорхой хэлэхгүй утсаа тасалсан. Би чи дуугуй ир гэж хэлсэн. Тэгээд маргааш нь над дээр ирсэн. Б.С их айж сандарсан байхаар нь би тагвшруулаад очиж хэргээ хүлээ гэж зөвлөөд явуулсан юм. Тэгэхэд Б.С нь би цагдаагийн газар очихоос айж байна гээд прокурорын газарт очсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 18/ЦХ-216 дугаартай:
Сони маркийн таблет нь 680.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-24/,
Шүүгдэгч Б.Сэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тэгээд би 22 цагийн орчим машин аваад Тэнгэр худалдааны төв рүү очсон. 00 цагийн орчим Замын-Үүдийн автобус ирсэн. Тэгээд би тэр автобус тосож нэг гадаадын иргэнийг авсан юм. Автобуснаас буухад нь би такси гэж хэлсэн тэгэхэд тэр гадаад над дээр ирэхээр нь би дагуулан машин дээрээ ирэн би машиндаа суухад нөгөө гадаад залуу машины арын суудал дээр орж суусан. Тэгэхэд Батмагнай, Аззаяа 2 явлаа гэхээр нь хаачих гэж байгаа юм бэ гэтэл бид хоолонд орно гэж хэлсэн. Тэгээд нөгөө гадаад тоохгүй машинд суучихсан учраас хамт яваад эхлээд гадаадыг буулгаад хамт хоолонд орохоор тохиролцсон. Тэгээд хаа хүрэх гэж байгааг нь Монголоор асуухад Англи хэлээр яриад байсан. Ард сууж байсан Аззаяа энэ хүн Их засаг их сургуулийг заагаад байна гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ хөдөлж Их Засаг их сургууль хүртэл явсан. Тэр гадаад 2.000 төгрөг өгсөн. Анх хөдлөхдөө машинд суухад үнэ хөлс тохироогүй боловч машинд суусны дараа би найман хуруугаа гозойлгож найман мянга төгрөгөөр явна гэдгээ ойлгуулсан байсан юм. Тэгээд тэр гадаадад НӨ гээд 8 хуруугаа гозойлгон үзүүлэхэд тэр уурлаж олон юм л яриад байсан. Тэгэхээр нь би ер нь Монгол эх орондоо байж энэ муу гадаадад ингэж дарлуулна гэж юу байхав гэж бодоод буцаагаад байсан газар чинь аваачиж хаяна гэж хэлээд буцаж хөдөлсөн. Буцахдаа замын хөдөлгөөн бага байсан учир ер нь бол жаахан хурдтай явсан. Тэр бас л юу гээд байгаа нь мэдэгдэхгүй олон зүйл ярьсан. Тэгээд халаасаа ухаж янз бүрийн зүйл миний машины голд тавиад байсан. Би нүднийхээ булангаар хархад мөнгө л тавиад байх шиг байсан. Би Монгол хүн эх орондоо байна гэтэл Батмагнай чи жаахан аажуухан яваач, зогс би буумаар байна чи яагаад байгаа юм бэ гээд байсан. Тэгтэл мөн ард сууж байсан Аззаяа гэнэт хүүе юу болоод байгаа юм бэ гэж их чанга хэлсэн. Мөн их айсан байдалтай байсан. Тэгэхэд л би бас юу хийчвээ гэж бодоод машинаа зогсоотол нөгөө гадаад буугаад ATM орсон. Яах гэж байгаан бол гэтэл АТМ-ээс мөнгө авч ирээд дахин надад өгөөд дахин миний машинд орж ирээд суучихсан тэгээд би яахаа мэдэхгүй баиж байтал нөгөө гадаад өөрөө буугаад явчихсан. Аззаяа, Батмагнай нар энэ талаар мэдсэн зүйл байхгүй. Мэдээгүй байсан учир тэд ч их айсан. Дараа нь намайг цагдаагийн газарт өөрөө оч гэж маш олон удаа ятгасан. Тэгээд л би гэрийнхэндээ хэлхэд мөн л цагдаагийн газар өөрөө оч гэж их уурласан. Цагдаад ирхээр цагдан хорих байх гэж бодоод айсандаа прокурорын газарт очсон юм. Тэгээд л цагдаагийн газарт ирсэн. Аззаяа машины ард сууж явсан юу хийж явсныг мэдэхгүй чимээгүй байж байгаад л гэнэт л их айгаад сандраад явчихсан. Батмагнай эхэндээ намайг гайхаж харж байснаа гадаадын иргэнийг мөнгө миний дэргэд тавихад л юу болоод байгааг ухаараад зогс би буумаар байна чи юугаа хийгээд байгаа юм бэ гээд намайг цохьсон. Машин их хурдтай явж байсан учираас мөн айсандаа чимээгүй болчих шиг болсон. Бидэнд анхнаасаа ярьж тохирсон зүйл байгаагүй гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Гэмт хэрэг үйлдэхэд хэн нэгэн нөлөөлсөн хүч хэрэгэлэсэн зүйл байхгүй. Би бараг л 10 жил нэг газраасаа таксинд явж байгаа. Тэр хавийн хүмүүс бүгд намайг таньж мэднэ. Хэн ямар хүн авч явсныг ч тэр хавийн хүмүүс мэддэг. Машины хаалга ямар нэгэн түгжээгүй байсан. Би гадаадын иргэнээс ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг эд зүйл нэхээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-4/
-хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 17/
-АТМ-с бэлэн мөнгө авсан баримт /хх-ийн 25-26/
-Прокурорын тэмдэглэл /хх-ийн 49/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-шүүгдэгч Б.Сэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягын тодорхойлолт, бусад хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 58-63/, хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /хх-ийн82/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Сэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Сэнгийн Франц улсын иргэн Релев Клементын эзэмшлийн сони маркийн таблет, 1.584.000 төгрөг зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хохирогчид учирсан хохиролыг шүүгдэгч Б.С бүрэн төлж барагдуулсан байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулаж, уг оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэв.
Тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Сийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Сд оногдуулсан хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Сд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ