Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/241

 

2026           03           03                                                                              2026/ДШМ/241

 

 

Ж.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

шүүгдэгч Ж.Х-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Баатардорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Х-т холбогдох 2406 01225 0333 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Ж-ын Х-, ........, урьд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 409 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан (РД:Ж-).

Шүүгдэгч Ж.Х- нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зоориноос 566 шуудай төмс 17,000,000 төгрөгөөр худалдан авч, шууд мөнгийг нь төлөх санаа зорилгогүй байж, 566 шуудай төмснөөс тариалж түүнийг зарсан мөнгөөр төлбөрөө төлж барагдуулна гэх мэтээр хохирогч Н.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Ж-ын Х-ыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Х-аас хохиролд 17,880,000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.О-т олгож, хохирогч Н.О- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Х- болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гэм буруу дээр маргаж оролцсон. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хуульд заасны дагуу завсарлага авч, хохирол төлбөрийг төлөх боломж байсан боловч тухайн үед амжаагүй, Ж.Х-ын зүгээс тийм боломжгүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж, энэ талаарх баримтыг нотариатаар батлуулж, хуулийн шаардлага хангуулж өнөөдрийн шүүх хуралдаанд баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Ж.Х- урьд 2 удаа гэмт хэрэгт холбогдож байсан боловч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар давтан гэмт хэрэг үйлдэх, ялтай байдал гэдэг ойлголт байхгүй. Тиймээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй, түүний 7 настай хүүхэд нь саяхан зам тээврийн осолд орсны улмаас гар нь хугарч, хагалгаа хийлгүүлсэн. Мөн 10 настай хүү нь нарийн болон бүдүүн гэдэсний өвчтэй, ар гэрийн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч Н.О-т учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч Н.Баатардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч Н.О-тай шүүгдэгчийн ар гэрийн хүн болон миний бие уулзаж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирол төлбөрийг барагдуулахдаа хорь гаруй сая төгрөгийн үнэтэй тракторыг өгч, “хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэдэг бичиг хийж өгсөн. Нотариатч яг хэдэн төгрөг гэдгийг бич гэсэн учраас гараараа нөхөж бичсэн. Бид нар бэлэн мөнгө өгөөгүй, харилцан тохиролцож, хохирлыг барагдуулсан. Шүүгдэгчийн том хүүхэд төрөлхийн ходоодны битүүрэл, наалдацтай, байнгын асаргаанд байдаг. Бага хүүхэд нь зам тээврийн осолд орж, гараа хугалсан. Шүүгдэгч бага насны 2 хүүхэдтэй, хүүхдүүдээ асарч, хамгаалах шаардлагатай байгааг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчид гэм буруу дээр маргаж, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О- 2023-2026 он хүртэл 3 жилийн хугацаанд хохирсон гэдэг асуудлыг удаа дараа тавьж байсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, анхан шатны шүүх энэ саналын дагуу шийдвэрлэсэн. Шүүгдэгч хохирол төлбөрийг барагдуулаагүй, гэм буруу дээрээ маргаж оролцсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсээгүй, мөн урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан учраас шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хүүхдийнх нь эрүүл мэндэд хүндрэлтэй нөхцөл байдал тулгарсан гэдэг баримтуудыг ирүүлсэн байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахад нээлттэй болж байна. Тиймээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болгож өөрчлөх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”- зэрэг нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд шалгаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, мөн прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй зэрэг дараах нөхцөл байдал байна.

1. Прокуророос шүүгдэгч Ж.Х-ыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зоориноосоо 566 шуудай төмс 17,000,000 төгрөгөөр худалдан авч, шууд мөнгийг нь төлөх санаа зорилгогүй байж, 566 шуудай төмснөөс тариалж түүнийг зарсан мөнгөөр төлбөрөө төлж барагдуулна, тэтгэвэрт гарах гэж байгаа, тэтгэврийн мөнгөөрөө төлбөрийн төлж барагдуулна гэх мэтээр хохирогч Н.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх яллах дүгнэлтдээ Ж.Х-ын гэмт хэрэг үйлдсэн өдрийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэж тусгажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхдээ “...Ж.Х- нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ...566 шуудай төмс 17,000,000 төгрөгөөр тооцож авч явсан...” гэж дүгнэсэн атлаа хууль зүйн дүгнэлт хэсэгт “2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төмсийг авч явсан байна” гэж гэмт хэрэг гарсан хугацааг өөр, өөрөөр дүгнэжээ.

Харин хэрэгт хохирогч Н.О-ийн өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг зараар үл таних Х- ...надтай холбогдсон, ...зооринд ирж уулзаж ...төмсийг 17,000,000 төгрөгөөр худалдан авч цэргийн ангид борлуулах гэж байгаа гэж хэлээд төлбөрийг 3 хоногийн дараа төлөхөөр тохиролцож, маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ачааны машинтай ирж ачиж аваад явахдаа “ахаа та тээврийн хэрэгслийн 1,000,000 төгрөгийг зээлээч, төмсөө зараад үндсэн тооцоон дээрээ нэмээд 18,000,000 төгрөг өгье” гэсэн. Би зөвшөөрөн өөрийн Голомт банкны 1О- тоот данснаас түүний өгсөн Төрийн банкны 104О-3 тоот дансанд гүйлгээний утга дээр “О-аас” гэж бичиж шилжүүлсэн. ...” /1хх 26/,

- Ж.Х-ын сэжигтнээр өгсөн “...6 дугаар сарын 17-оос 22-ны өдрүүдэд зооринд очиж өөрийн авах төмсөө 5 өдрийн турш ялгаж бэлдсэн...” /1хх 37/, яллагдагчаар өгсөн “...Зарын дагуу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр очиж үзсэн, 6 дугаар сарын 16-ны өдөр ирж авахаар явсан. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17 хүний бүрэлдэхүүнтэй ирж төмсөө ялгаж байхад О- гэх төмсний залуу ирээд чи бүгдийг нь авах юм байгаа биз дээ, ...нэг шуудайг нь 30,000 төгрөгөөр худалдан авахаар тохироод, нийт 566 шуудай төмс авахаар болоод хэд хоногийн дараа О-той бичгээр 566 шуудай төмсийг 17,000,000 төгрөгөөр гэрээ хийн, О- хийж ирсэн гэрээн дээр гарын үсэг зураад нэг хувийг нь авсан. ...” /1хх 133-134/ гэх мэдүүлгүүд,

- 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр огноолсон Худалдах, худалдан авах гэрээ /1хх 49/,

- Ж.Х-ын Төрийн банканд эзэмшдэг 104О-3 тоот дансны “...Ж.О-ийн Голомт банкны данснаас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дэлгэрэнгүй хуулга /1хх 94 ар талд/ зэрэг баримтууд авагдсан байх ба эдгээр баримтад хугацааг мөн л өөр, өөрөөр тодорхойлсон, хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос “...гэмт хэрэг гарсан өдрийг  талуудын байгуулсан гэрээний хугацаагаар буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр  тодорхойлсон” гэх тайлбар гаргах боловч гэрээ нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр  огноологджээ.

Дээрхээс үзэхэд нотлох баримтууд зөрүүтэй байх тул хохирогчийн 566 шуудай төмсийг шүүгдэгч нэг өдрийн дотор, эсхүл хэд хэдэн өдөр үргэлжлүүлэн ачиж авч явсан эсэх, гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн, гарсан хугацааг эргэлзээгүй тогтоох нь зүйтэй байна.

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.О- төмсийг ачиж явахдаа ачааны хөлс гэж өөрөөс нь 1,000,000 төгрөг шилжүүлж авсан талаар удаа дараа мэдүүлсээр байхад уг мөнгийг хэрхсэн нь ойлгомжгүй, залилсан гэх үйлдэл, хохиролд хамаарах эсэхэд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд прокурор дүгнэлт хийгээгүй, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 566 шуудай төмс, түүний  үнийг тохиролцсон 17,000,000 төгрөг гэж тодорхойлжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэл болгон хохирлын хэмжээг 566 шуудай төмс, 16,980,000 төгрөгөөр тооцсон боловч үүн дээр нэмээд яллах дүгнэлтэд байхгүй тээвэрлэлтийн хөлс гэх 1,000,000 төгрөгийг нэмж бодит хохирлыг 17,980,000 төгрөгөөр тооцож шүүгдэгчийг буруутгасан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтээр буруутгаагүй үйлдэл, хохирлоор нэмж гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж хуульчилсан тул хэргийн бодит байдал, шүүгдэгч нь хохирогчид хэдэн төгрөгийн бодит хохирол учруулсан болохыг үндэслэлтэй тогтоох, улмаар яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана:”, 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж тус тус хуульчилсан шаардлагад нийцүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцвол зохих оролцогчдыг бүрэн оролцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээний явцад прокуророос ирүүлсэн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хохирогчийн эрх ашиг, сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал бий болохоор бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг 60 хүртэл хоногийн хугацаагаар завсарлуулж хийгдвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэв.

3. Бусад зөрчлийн талаар:

3.1 Прокуророос 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2406 01225 0333 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж /1хх 124-126/, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 338 дугаартай яллах дүгнэлт үйлдэн /1хх 160-163/ хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд хэргийн дугаарыг “2406 01125 0333” гэж /2хх 15, 33/ буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй.

3.2 Шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд сэтгэцэд учирсан хохирлыг гаргахаар заагдсан цаг хугацаанд хамаарахгүй байх тул хохирогч Н.О-ийн сэтгэцэд учирсан хохирол 3,980,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэхүү шийдвэрлэлтийг дурдаагүй, мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчсөн, тогтоолын “бусад асуудлаар” хэсэгт “эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргах”-аар, “тогтоох хэсэг”-т 3 ширхэг сиди-г хэрэгт хавсарган хадгалахаар” бичсэн байх тул нийт хэдэн ширхэг сиди байгааг тодорхой болгож, зөрүүг арилгах шаардлагатай.

3.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1 дэх заалтад “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”, 1.2 дахь заалтад “хэргийг прокурорт буцаах”, 1.3 дахь заалтад “хэргийг түдгэлзүүлэх”, 1.4 дэх заалтад “хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж тус тус хуульчилсан байхад анхан шатны шүүх Ж.Х-т холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч /1хх 196/, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацааг сунгасан шийдвэргүй атлаа хэрэг хүлээн авсан өдрөөс 20 хоногийн дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2025/ШЗ/7547 дугаартай захирамжаар /1хх 208-211/ яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлаж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлэн шийдвэрлэсэн алдаа гаргасан байгааг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилсан бөгөөд шүүх хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хатуу удирдлага болгох үүрэгтэй юм.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алдах бөгөөд тавигдах шаардлагыг зохих ёсоор хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх, залруулах боломжгүй бөгөөд зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ж.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

ШҮҮГЧ                                           Т.АЛТАНТУЯА