Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00841

 

2020.05.06 №841

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01040 дугаар шийдвэртэй, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлттэй Н.Г-ийг захиргааны журмаар албадан эмчлэх газарт явуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Н.Г нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар түүнийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

 

2.    Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: 2020 оноос хойш архи ууж байна. Ээжтэйгээ хамт амьдардаг, гэхдээ одоо нэг эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлж байгаа бөгөөд 7 дугаар сард төрнө. Шунхлай ШТС-д түгээгчээр ажилд орсон. Иймд архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г-ийг архины албадан эмчилгээнд явуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.    Гуравдагч этгээдийн гомдлын агуулга: Эхнэр 6 сартай жирэмсэн бөгөөд түрээсийн байранд амьдардаг. Түрээсийн хугацаа 05 сарын 01-ний өдөр дуусна. Хүүхэд идэх хоол, орох оронгүй болох нөхцөл байдал үүслээ. 2022.04.12-ны өглөө ажилдаа явах гэж байтал шинжилгээ өг гэж хэлээд шүүх хуралд оруулж, эмчилгээнд явуулсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.    Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.    Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.    Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь гуравдагч этгээд Н.Г-ийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

3.    Гуравдагч этгээд Н.Г архидан согтуурсны улмаас олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргын хүсэлт, Хан-Уул дүүргийн 3, 4 дүгээр хороог хариуцсан хэсгийн ахлагчийн хүсэлт, эх Г.С-ийн хүсэлт, тайлбар мэдүүлэг, Н.Г-ийг удаа дараа саатуулагдаж, эрүүлжүүлэгдэж байсан талаарх лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон.

 

3.а. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын сарын 13-ны өдрийн Согтуурах мансуурах эмгэг донтойг тогтоосон эрүүл мэндийн дүгнэлтээр гуравдагч этгээд Н.Г-ийг архинд донтох эмгэгтэй гэж оношилсон байна. Иймд гуравдагч этгээд Н.Г-ийг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.б. Гуравдагч этгээд Н.Г нь ...эх Г.С-ийн хамт амьдардаг, эх албадан эмчилгээнд явуулна гэвэл явна гэх мэдүүлэг өгсөн байна. Давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал үүссэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ