Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2026/00273

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2026/00273

Архангай аймаг

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А  аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У  хот, С  дүүрэг, 00 дугаар хороо, С-ын талбай 02, С  тауэр 8 дугаар давхарт байх Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Э  сум, 00 дугаар баг, Ц 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух Н.М /РД:..1/-д  холбогдох

936,862.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 813,445.01 төгрөг, зээлийн хүү 108,421.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,996.06 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 936,862.31 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

            Хариуцагч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н  овогтой М  миний бие нь 2024 оны 08 дугаар сарын 18-нд Т ББСБ-аас гар утас лизингийн үйлчилгээгээр авсан бөгөөд лизингийн төлбөрийг хугацааг хэтрүүлсэнээс үүдсэн төлбөрийг төлөх явцад алдаа гарсан. 2026 оны 03 дугаар сарын 19-нд Т ББСБ-н данс руу 511,999.81 төгрөгийг шилжүүлсэн боловч лизинг үйлчилгээ рүү бус кредит үйлчилгээрүү орсон. Иймд зээлийн үлдэгдэл 511,999.81  төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барагдуулж дуусгах болно...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “Т ББСБ-н нэхэмжлэлтэй хариуцагч Н  овогтой М /РД:../ нь нэхэмжлэлийн шаардлага 936,862.31 төгрөгөөс 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 424,862.50 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 511,999.81 төгрөгийг 4 сардаа багтаагаад төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Н.М-д холбогдуулан 936,862.31 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 936,862.31 төгрөгөөс 424,862.50 төгрөгийг урьдчилж төлсөн бөгөөд үлдэгдэл 511,999.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 511,999.81 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхэд тайлбараа ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,034 төгрөгөөс 13,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,517 төгрөг, хариуцагч Н.М-аас 13,517 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 511,999.81 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Н.М-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,034 төгрөгөөс 13,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,517 төгрөг, хариуцагч Н.М-аас 13,517 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Н.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР