Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00842

 

 

 

 

 

 

 

 

 

ЭСӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00385 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭСӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ХХХК, ГХХК нарт холбогдох гэм хорын хохиролд 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: ГХХК-ийн охин компани болох ХХХК Энхтайван хорооллын 23 давхар бүхий 2 блок орон сууцны барилгын автомашины 3 давхар гараашийн барилга угсралтыг гүйцэтгэх явцдаа гараашийн барилга доор орсон Эрэл хотхоны оршин суугчдын 80 автомашины гараашийн байнгын хэрэглээтэй бохирын усны шугамын хоолойн төгсгөлийн худгийг дарж бөглөсөн. Энэ талаар барилгыг ашиглалтад орохоос өмнө 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус албан бичгээр мэдэгдсэн боловч 2018 оны 1 дүгээр сард улсын комисс хүлээн авсан. Бохирын шугамын асуудлыг шийдээгүйн улмаас хотхоны гараашийн хамгаалалтын алба, оршин суугчид гараашийн араар буюу Сэлбэ голын хөвөөгөөр бие засаж хүн явахын аргагүй болсон. Энхтайван хорооллын A зөвшөөрлийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Улсын мэргэжлийн хяналтын газраар батлуулахдаа ГХХК-ийн нэрээр зөвшөөрлөө авсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/3147 тоот бичгээр, улсын комисст хүлээлгэж өгөхдөө ХХХК-аар хүлээлгэж өгсөн байдаг. 2020 оны байдлаар уг шугамыг засаж хэвийн болгоход 34,500,000 төгрөгийн зардал гарахыг тооцоолсон. Иймд Иргэний хууль, Барилгын тухай хуульд зааснаар ХХХК, ГХХК -аас 34,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч ХХХК-ийн тайлбарын агуулга: ГХХК нь ХХХК-ийн нэг хувийн хувьцааг ч эзэмшдэггүй. Тиймээс ХХХК-ийг ГХХК-ийн охин компани гэх үндэслэлгүй. ХХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж, 46г тоот хаягт 145 автомашины дулаан зогсоол, 10 ширхэг агуулах бүхий үйлчилгээний барилга, 46а, 465 тоот хаягт хоёр блок, нийт 41 ширхэг агуулахтай, 160 айлын орон сууцны барилгыг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн барьж, 2016 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. ХХХК-ийг барилга барих үед Ус сувгийн удирдах газар болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар инженерийн шугам сулжээний мэдээллийн сангаас Эрэл хотхоноос 80 айлын гараашийн барилгыг холбосон бохир усны шугам сүлжээний зураг огт гарч ирээгүй, эрх бүхий зургийн компаниар зураг төсөл боловсруулахад Эрэл хотхоны гараашийн бохир усны шугам нь огт тэмдэглэгдээгүй, барилгажих талбайд огт асуудал гарч ирээгүй тул барилгын ажлаа ямар ч саадгүй хийж дуусгасан. Барилгын ажил хийгдэж, ашиглалтад орсны дараа Эрэл-З СӨХ-оос бохирын шугамын худгийг дарж бөглөсөн, бохир ашиглах боломжгүй болгосон гэдэг асуудлыг тавьсан. Улмаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, дээрх нөхцөл байдлаа тайлбарлахад өөрсдөө мэдээллийн сангаас бохирын шугамын зургийг хайгаад олоогүй. ЭСӨХ-оос зааж өгсөн хоёр ч газарт бохир усны шугамын хайгуулын ажил хийж бохирын усны шугамыг хайсан боловч огт олдоогүй. Хэрэв бохир усны шугам олдсон тохиолдолд барьж ашиглалтад оруулсан барилгын бохир усны шугамтай холбож, Эрэл З СӨХ-ны бохирын шугам хэвийн ажиллагаатай болох байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч ГХХК-ийн тайлбарын агуулга: Барилга угсралтын ажлыг ХХХК хийж гүйцэтгэн, улсын комисст 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байдаг. Эрэл хотхоны оршин суугчдын 80 автомашины гараашийн бохир усны шугамыг ажиллагаагүй болгосон гэх асуудал нь барилгын ажлын гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Иймд тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ЭСӨХ-ны бохир усны шугам байсан гэдэг нь тодорхой байна. ГХХК нь анх тохирсон зүйлээ хийж өгөөгүй, шугамын малтлага хийгээгүй гэдгийг баталсан. Компани хоорондын зөрчилд иргэд хохирохыг зөвшөөрөхгүй. Хариуцагч тал гэм буруутай байна гэжээ.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХК-аас 17,250,000 төгрөг, ГХХК-аас 17,250,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЭСӨХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХК-аас 165,225 төгрөг, ГХХК-аас 165,225 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЭСӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч ХХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Барилгын ажлыг гүйцэтгэх явцад маргаан бүхий бохир усны шугам барилгажих талбайд гарч ирээгүй, холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулсан ажлын зураг, ажлын төлөвлөгөөнд маргаан бүхий бохирын шугамтай холбоотой нэг ч ажил, даалгавар тусгагдаагүй. Мөн хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий шугам нь байхгүй, Хот байгуулалт хөгжлийн газар буюу хуучнаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын инженерийн шугам сүлжээний мэдээллийн санд бүртгэгдээгүй байдаг. Нэхэмжлэгч нь маргаан бүхий бохирын шугамыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, зохих төлбөрийг төлж байгаагүй, эрх бүхий газартай бохир ус татан зайлуулах гэрээ байгуулаагүй болох нь хангалттай нотлогддог.

6.а. Бохир усны шугамын угсралтын ажлын төсвийг зохиохдоо нэг бүрчилсэн төсвийн тооцоог хийх бөгөөд тухайн төсөв нь барилгын ажлын зураг дээр үндэслэн зохиогдох дүрэмтэй байна. Барилгын ажлын зураг буюу бохир усны шугамыг угсрах ажлын зураггүйгээр төсөвт өртгийг тодорхойлох боломжгүй талаар дурдсан байна. Тухайн төсөвийн тооцоолол нь ажлын зураггүйгээр хийгдсэн тул түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад маргаан бүхий бохир усны шугам, үзлэгийн худаг байсан бол түүнийг холбогдох газрын мэдээллийн санд бүртгүүлэх үүрэг нь нэхэмжлэгчид байсан. Гэтэл энэхүү шугамыг өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч удаа бүртгүүлээгүй болох нь өөрийнх нь гаргасан тайлбар болон Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргаж өгсөн мэдээллийн сангийн зургаас тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч ГХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь маргаан бүхий бохирын шугам нь байсан эсэх, тухайн шугамыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, зохих журмын дагуу төлбөрөө төлж байсан эсэхээ холбогдох баримтаар хангалттай нотлоогүй. Хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий шугам нь хот байгуулалтын инженерийн шугам сүлжээний мэдээллийн санд зохих журмын дагуу бүртгэгдээгүй байхаас гадна, Ус сувгийн удирдах газар, ОСНААУГ-аас ирүүлсэн баримтаар бохир ус татан зайлуулах гэрээг байгуулаагүй, төлбөр төлж байгаагүй болох нь хангалттай нотлогдсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг анх шүүхэд хандсан цагаас эхлэн ГХХК нь тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй тул холбогдох этгээдээс нь хохирол төлбөрөө шаардах боломжтой талаар удаа дараа тайлбарласан бөгөөд барилгын ажлыг гүйцэтгээгүй талаар баримт гаргаж өгсөн. Хэрэв маргаан бүхий шугамд гэм хор учирсан бол түүнд учирсан гэм хорыг дээрх хуульд заасанчлан гэм хор учруулсан этгээд болох барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч болох ХХХК хариуцан арилгах үүрэгтэй. анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ГХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан Энхтайван хотхоны барилга доогуур манай байгууллагатай гэрээт хэрэглэгч болох Эрэл хотхоны оршин суугчдын авто гараашийн бохир шугам байсан нь үнэн болно. Ажлын зураг нь эхлээд санхүүжилтээ бэлдээд, хүсэлтээ өгч, техникийн нөхцөлийн дагуу гардаг. Жишиг үнэлгээг гаргахад ажлын зураг байх зайлшгүй шаардлага байхгүй. Тухайн барилгыг ГХХК барьсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан сидинд үзлэг хийгээд ГХХК тухайн барилгыг барьсан гэдгийг тогтоосон. Анх барилгын А зөвшөөрлийг ГХХК-ийн нэр дээр аваад, ХХХК-ийн нэрээр барилгыг ашиглалтад оруулсан байдаг. Ингэх явцдаа тухайн шугамыг гэмтээсэн гэдгийг зохих байгууллагууд тогтоосон учраас хариуцагч тал гэм буруугүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.а. Нэхэмжлэгч нь хариуцагч ХХХК, ГХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 34,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ ...хариуцагч нар нь барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцдаа Эрэл хотхоны оршин суугчдын 80 автомашины гараашийн байнгын хэрэглээтэй бохир усны шугамын хоолойг ямар ч зөвшөөрөлгүй бөглөсөн, хариуцагч нар уг шугамыг засаж янзлахгүй нь тодорхой болсон тул 34,500,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулна... гэж тайлбарлажээ.

 

2.б. Хариуцагч ХХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ ...Барилга барих үед Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар инженерийн шугам сүлжээний мэдээллийн сангаас Эрэл хотхоны 80 автомашины гараашийн барилгыг холбосон бохир усны шугам сүлжээний зураг огт гарч ирээгүй, уг бохир усны шугамын хайгуулын ажлыг хийсэн боловч олдоогүй, манайх гэм буруугүй гэж, харин хариуцагч ГХХК нь ...Эрэл хотхоны оршин суугчдын 80 автомашины гараашийн бохир усны шугам гэж байгаад, түүнийг ажиллагаагүй болгосон бол энэ нь барилгын ажлын гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой, үүнд манай компани хамааралгүй... гэж тус тус маргажээ.

 

2.в. ЭСӨХ нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ГХХК-тай гэрээ байгуулж, тус компани нь цэвэр усны шугамын шилжүүлэлт, холболт хийхээр харилцан тохиролцсон тухайн баримт хэрэгт авагджээ. /хх18/

 

Хариуцагч ХХХК уг барилгын ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэх явцдаа ЭСӨХ-ны авто гараашийн ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг ашиглах боломжгүй болгосон боловч засварлаж өгөөгүй талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЭСӨХ-нд хүргүүлсэн 7/3147 тоот албан бичиг /хх 7/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05/1073 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичиг / хх 8/, мөн газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/1798 тоот Ариутгах татуургын шугамын тухай албан бичиг /хх 9/, ГХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18/128 тоот Ажил эхлэх тухай /хх10/ албан бичгүүд хэрэгт баримтаар авагджээ.

 

2.г. Дээрх баримтуудаар хариуцагч компаниудын барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч ЭСӨХ-нд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байна.

 

3.а. Хариуцагч нар нь гараашийн барилгын гадна бохир усны шугам угсралтын ажлын төсвийг үнэлсэн мэргэшсэн төсөвчний үнэлгээг журмын дагуу хийгдээгүй гэх боловч дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 34,500,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.а. Хариуцагч ГХХК нь цэвэр усны шугамын шилжүүлэлт, холболт хийхээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулж, хариуцагч ХХХК уг барилгын ажлыг гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтар тогтоогдсон тул ...нэхэмжлэгч нь бохирын шугамыг эзэмшиж, ашиглаж байгаагүй, зураг төсөл нь мэдээллийн санд бүртгэгдээгүй... гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,200 төгрөг, хариуцагч ГХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСЙАХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ