| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0184/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 164
2018 оны 8 сарын 22 өдөр 2018/ШЦТ/164 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0184/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Хохирогч Л. Дулмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-ойдовоос Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-д холбогдох 18390026500149 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгэр баг, Хийдийн 18-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Э.Ц /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг “Хашаат” гэх газар нутаглах иргэн Л.Дулмаагийн гэрт түр байхдаа түүний гэрийн баруун талд байрлах хүрэн өнгийн төмөр чингэлэгэнд хийсэн алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Л.Дулмаад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг “Хашаат” гэх газар нутаглах иргэн Л.Дулмаагийн гэрт түр байхдаа түүний гэрийн баруун талд байрлах хүрэн өнгийн төмөр чингэлэгэнд хийсэн алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Л.Дулмаад 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Дулмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хэрлэн сумын 3-р багт байрлах цэцэрлэгт хүрээлэнд юм үзэж байхад миний алтан гинж тасарчихаар нь би хүзүүнээсээ аваад өөрийнхөө түрийвчинд хийсэн. Тэгээд орой 16 цаг өнгөрч байхад хөдөө гэр рүүгээ явсан. Гэртээ очоод гэрийнхээ баруун талд байдаг хүрэн өнгийн төмөр чингэлэгэнд эрээн өнгийн дэрний уутан дотор хувцасанд хийж орхисон. Маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарахад манай чингэлэг цоожгүй, тагийг нь хагалаад орхисон байсан. Тэгээд би гайхаад очиж үзэхэд миний алтан гинж хийсэн эрээн дэрний уут хамгийн дээр нь гарчихсан байсан. Түрийвчээ үзэхэд миний алтан гинж байхгүй болсон байсан. Манай гэрт нөхөр, болон хүү Ганцогт хүүгийн найз гээд нэг охин байсан. Тэр охиныг манай хүү аймгаас дагуулж ирсэн юм. Би тэр охиныг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,
Хохирогч Л.Дулмаагийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...тийм ээ, миний хулгайд алдсан гинж дүрээрээ мөн байна. Түгжээ нь одоо хүртэл эвдэрсэн хэвээрээ байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “САЙН” ломбардны 40 дүгээр салбарт Базардарийн Бадамдорж нь Сингапур улсад үйлдвэрлэсэн 7.2 гр жинтэй, 916 сорьцтой, сүлжээлсэн хэлхээстэй, эдлэгдсэн, дэгээ хэлбэрийн түгжээтэй, алтан гинжийг 600.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. ...Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/57 дугаартай эд мөрийн баримт хураан авах зөвшөөрлөөр ...алтан гинжийг хураан авсан. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 600.000 төгрөг, зээлийн хүү 30.000 төгрөг, алданги 23.100 төгрөг буюу нийт 653.100 төгрөгийн хохирол хүлээгээд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 тал/,
Гэрч Д.Ганцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...аймагт ирээд Цээгий рүү утсаар залгаад хөдөө явах уу гэхэд орой 21 цаг гээд явъя гэсэн. Тэгэхээр нь 21 цаг өнгөрч байхад Цээгийг би Хэрлэн сумын “Золжигүүр” хүнсний дэлгүүрийн гаднаас авсан. 2018 оны 6 дугаар сарын 02-ны өглөө намайг малдаа яваад ирэхэд манай ээж Дулмаа миний алтан гинж байхгүй байна гэж хэлсэн. Би малдаа явахдаа манайд байсан Цээгий гэх охиныг зам руу хүргээд өгчихсөн байсан болохоор буцаад ээжийг аваад Цээгий дээр очсон. Тэгээд гинж алга болсон байна гэж хэлэхэд Цээгий уурлаад зүүн тийшээ зам дагаад яваад байсан. Тэгээд би ээжийг Цээгийтэй үлдээгээд хойшоо ахынд очиж цагдаад мэдэгдчихээд буцаад очиход Цээгий явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/
Гэрч Б.Бадамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хот орохоор явж байтал Баянхутаг сум руу салдаг замын тэндээс нэг эмэгтэй гар өргөж машинд суусан. Би уг нь аймгийн төвөөс хэдэн хүн аваад гарах санаатай байсан юм. Тэгтэл нэг эмэгтэй би яаралтай хот явах хэрэгтэй байна. Замын зардал 100.000 төгрөг танд төлье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд шууд хот руу хөдөлсөн. Орой 17 билүү 18 цагийн үед байх, САЙН санахгүй байна, хот руу ороод нөгөө эмэгтэйгээс хаана буух вэ гэж асуухад “Сансар” оръё гэж хэлсэн. Сансарын тунелээр дээшээ өгсөөд Баянцээлийн хойно очиж зогссон. Тэгтэл нөгөө эмэгтэй надад төлөх мөнгө байхгүй байна, би өөртөө байгаа алтан гинжийг ломбарданд тавиад танд зардлын мөнгийг чинь өгье гэж хэлсэн. ...Нөгөө эмэгтэй цүнхээ ухаж байснаа өө, би бичиг баримтаа мартчихсан байна, та өөрийнхөө бичиг баримтаар миний гинжийг ломбарданд тавиад өгөөч, тэгвэл танд зардал дээрээ ахиад 100.000 төгрөг өгье гэж хэлээд нэг мушгирсан хэлбэртэй хүзүүний гинж гаргаж ирээд алтан гинж байгаа юм гэж хэлээд надад өгсөн. Тэгэхээр нь би ойролцоо байсан “САЙН” ломбард руу ороод нөгөө алтан гинжийг хэдэн төгрөгөнд барьцаалагдах вэ гэж асуухад 600.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд би буцаж гарч ирээд нөгөө эмэгтэйд 600.000 төгрөг болох юм байна гэж хэлтэл тэр үнэд нь тавьчих, та утасны дугаар дээр миний дугаарыг бичүүлчихээрэй гээд 98992595 гэдэг дугаарыг надад хэлсэн. Тэгээд би буцаж нөгөө ломбард руу ороод өөрийнхөө бичиг баримтаар нөгөө гинжийг 600.000 төгрөгөнд тавиад мөнгийг нь нөгөө эмэгтэйд өгсөн. Тэр эмэгтэй надад хэлж байсан 200.000 төгрөгөө өгөөд, ахиад 20.000 төгрөг өгөөд “та энүүгээр хоолонд орчихоорой, баярлалаа” гэж хэлээд тэнд буугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/
Яллагдагч Э.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянхутаг сумын 1-р багт байдаг найз Ганцогтын хөдөө гэрт очсон. Тэднийд очоод 5-6 хоносон. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ганцогтын ээж нь хүзүүндээ зүүсэн алтан гинжээ сэнж нь тасарсан гээд жижиг цагаан өнгийн цүнхэнд хийгээд гадаа чингэлэгтээ хийж байхыг нь харсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ганцогтыг адуугаа услахаар явсан хойгуур ээж, аавыг нь гэртээ байхад нь гэрийнх нь гадаа байдаг чингэлэгнээс нь алтан гинжийг нь авсан. Тэгээд буцаагаад цүнхийг нь хийж орхисон. Ганцогтыг ирэхээр яаралтай ажил гарчихлаа гэж хэлээд Ганцогтоор зам руу хүргүүлж замын унаанд суусан. Миний суусан машин Хэнтий аймгийн дугаартай цагаан өнгийн суудлын автомашин байсан. Тэр жолооч ах өөр бас нэг эрэгтэй хүнтэй хамт Улаанбаатар хот руу явж байгаа гэхээр нь би хот руу явах гэж байгаа юм гэж хэлээд хот руу хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/
Яллагдагч Э.Ц-гийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Би тухайн үед хот руу машинд нь сууж явсан ахыг “та бичиг баримттай юм чинь ломбарданд тавиад өг” гэж гуйгаад нөгөө алтан гинжийг Сансарын Баянцээлийн хойно байх, “Шөлөндөө” хоолны газраас жаахан дээшээ яваад байдаг “САЙН” ломбарданд тавьсан юм билээ. Түрүүн мэдүүлэг өгөхдөө андуураад “Начин заан” гэдэг ломбарданд тавьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/
Яллагдагч Э.Ц-гийн мөрдөн байцаалтад 3 дугаар удаа өгсөн: “...600.000 төгрөгөнд тулгаж тавьсан. Тэгээд тэр 600.000 төгрөгнөөс 220.000 төгрөгийг нөгөө намайг хот руу хүргэж, ломбарданд алтан гинжийг тавьж өгсөн ахад замын зардлын хөлс гэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/
Шүүгдэгч Э.Ц-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулж чадаагүй, хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ц-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Т.Баярмаа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.Цд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дулмаад 900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан алтан гинжийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрийн, хавтаст хэргийн 25-28 дугаар талд байх, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд дуудахад өгсөн хариуд “...манай байгууллагад үндсэн зээл, зээлийн хүү, алданги гээд нийт 653.100 төгрөгийн хохирол хүлээгээд байна, үүнийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, анх гаргасан иргэний нэхэмжлэлээ дэмжиж байна...” гэсэн байх бөгөөд иргэний нэхэмжлэл нь хавтаст хэргийн 31 дүгээр талд байх барьцаат зээлийн гэрээ, эд мөрийн баримтыг хураан авах тухай санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13-16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгдэгч Э.Цгээс 653.100 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ц нь дээрх гэмт хэргийг ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд түүний хувийн байдлын хувьд урьд мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, дүүргийн шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 63-64 дүгээр талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Цд 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь уг ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Э.Цгийн хувьд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, үйлдсэн хэргийн шинж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлж байсан байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй бөгөөд шүүгдэгч Э.Цд хорих ял оногдуулж, үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Ц нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 48 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ц-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-г 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-гийн цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтан гинжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Дулмаад буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Ц-гээс 653.100 /зургаан зуун тавин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10-р хороолол, 10а-10 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА