| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2518005610700 |
| Дугаар | 2026/ДШМ/16 |
| Огноо | 2026-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/16
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч ******* өмгөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлоор өсвөр насны шүүгдэгч ******* холбогдох 2518005610700 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
-******* Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “******* *******” цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулах сүүн зайрмаг худалдаалдаг түргэн үйлчилгээний цэгийн гадна хохирогч “... төрсөн эгч - нь хэл үгээр доромжилж хэрүүл маргаан хийсэн, өөрийнх нь эмзэг эрхтний орчимд өшиглөсөн...” гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж газарт унагаан биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
-Өсвөр насны шүүгдэгч ******* овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд оршин суугаа газар. сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй болохыг дурдаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй. хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1,867,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 2,694,550 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
-Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж,
-Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг. эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч давж заалдах гомдолдоо:
...Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзсэн” мөн “хохирлыг бүрэн төлж барагдуулахаар холбогдоход хохирогч хүлээн зөвшөөрөөгүй", "хохирлыг хүлээлгэн өгөх боломжийг бүрдүүлээгүй байгааг учруулсан хохирлыг нөхөн төлсөнтэй адилтган өвч үзэх нь зөв” гэж шийтгэх тогтоолд тусгаж хохирогчийг хэт буруутгаж гэмт хэрэгтнийг хэт өөхшүүлсэн нэг талыг баримталж шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага болон хохирол төлбөрийг хөнгөрүүлсэнтэй санал нийлэхгүй байна.
Шүүгдэгчийн хууль бус үйлдлээс болж миний биед хамар ясны хугарал, тархи доргилт. хоёр нүдний дээд. доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдсон, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэл гэж үзсэн хэдий ч надад ирсэн бие махбодын болон сэтгэл зүйн зовуурь шаналгаа үнэхээрийн хэцүү, тархи доргилтоос толгой өвдөж хамраараа амьсгалж чадахгүй, хамар, нүүр, хоёр нүд тэр чигтээ хаван хавдартай, олон өдөр, олон шөнө уйлж шаналж байсныг хамрын хагалгааны дараа хоёрдох удаагаа дахин зовуурь шаналгааг туулсан, тэр бүхнийг шүүх авч үздэггүй юм байна. Би өөрт хүлээх хариуцлагыг зөрчлийн хуульд зааснаар хүлээсэн ч дахин гэмт хэрэгтнийг шүүхэд дахин хариуцлага хүлээсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Тэгээд ч би хэрэг гарсан орой зайрмагийн худалдагчийн өдөр үйлчилсэн үйлчилгээнээс нь болж маргасан болохоос хөндлөнгөөс өөртэй харьцаагүй ******* яах гэж намайг зодож намайг хохироож байгаа юм бэ? ******* тэр орой гэнэт гарч ирээд над руу дайраад зодсоныг шүүх яагаад түүнийг зөвтгөөд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Зайрмагийн эмэгтэй бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа байсныг үгүйсгэхгүй харин м.Бүтэнбаяр бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа үүсээгүй байхад хөндлөнгөөс орж ирээд хүн зодохыг яаж ч зөвтгөх боломжгүй шүү дээ. Шүүгдэгч тэр орой насандаа баймгүй авирлаж намайг цустай минь хутгаж нүүр ам, өмссөн хувцас дахин өмсөж хэрэглэх аргагүй бүгд цус шороо хайрганд нидрэгдэж урагдсан байдалтай болгочхоод өрөөсөн ээмгээ буцаж олсон ч юм уу, олоогүй ч юм уу гэх зэргээр үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй хохирол төлбөр дээр маргасан.
Би тархи доргилтын гэмтлээс авсан толгойн хүчтэй өвдөлтийг өвчин намдаагчид дарагдахгүй өвдөөд байсан учраас толгойн бариа заслаар дагнасан “” бариачдын нийгэмлэгийн бариачид толгой сайн барьдаг гэж бусдаас мэдэж өвчин зовууриасаа хурдан ангижрахын тулд тус газарт толгойгоо бариулж үйлчилгээ авахдаа танай нийгэмлэг надад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ёстой гэж хандаагүй ээ, тэгээд ч зах зээлийн өнөөгийн нийгэмд үнэ төлбөргүй үйлчилгээ гэж хаана ч байхгүй байна.
Би өөрт учирсан хохирлыг хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ өгч байсан бөгөөд зодуулах үед алга болсон өрөөсөн ээмгийг үнэлгээ хийлгүүлэхэд 296,550 төгрөг, бөгж сэргээн засварлуулахад 10,000 төгрөг, үнэлгээний төлбөр 20,000 төгрөг, тархи доргилтоос үүдэлтэй өвчнийг эмчлүүлэхээр “” бариа заслын нийгэмлэгт 1,867,000 төгрөг, хамрын хугарлыг засуулах мэс засал эмчилгээнд 150,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тархи доргилт хамрын ясны хугарал хавсарсан хөнгөн зэрэгт тооцогдох хоёр гэмтэл болон хамрын мэс засалд орсон зовуурь шаналгаа, хоёр нүдний хавдар, хөмсөгний шарх гээд олон тооны гэмтэл шархнаас үүдэлтэй стрессийн хариу урвалыг хуульд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалаар тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг х 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нийт 3,952,000 төгрөг, нийт 5,980,000 төгрөг нэхэмжилсэн.
Энэ хохиролд ороогүй эмнэлгээр явсан бензин түлш, мэс засалд орох хувийн бэлтгэл ахуй хэрэгсэл, хувийн бизнесийн ажлаа хийж чадаагүй зэрэг зөндөө олон асуудал цаана нь хохиролтой үлдсэн ч би цөөн төрлийн хохирлыг баримтаар нийт 5,980,000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч тал баримт бүрийг няцааж маргаж ганцхан хамрын хагалгааны 150,000 төгрөгийг өгвөл өгье гэж маргаж байсан бөгөөд миний бодит гарсан ихэнх хэсгийг хасуулж 1,734,000 төгрөг хүртэл бууруулсныг үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийхгүй байна гэж би үзэж байна.
Ингээд хохирол гэж 1,734,000 төгрөг гэж багасгасан хохирол төлбөрийг шүүх өсвөр насны шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаар холбогдоход хохирогч хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг хүлээлгэн өгөх боломжийг бүрдүүлээгүй байгааг учруулсан хохирлыг нөхөн төлсөнтэй адилтган авч үзлээ гэсэн нь бодит байдалтай нийцээгүй.
Би өөрт учирсан хохирол нийт 5,980,000 төгрөгөө бүрэн хохирол гэж үзэж байгаа бөгөөд 1,734,000 төгрөгийг бүрэн хохирол төлөхөөр холбогдсон гэж би үзэхгүй байна. Хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна, бүрэн хохирлоо аваагүй байхад авсанд тооцсон гэх зэргээр үнэн бодит байдлыг гуйвуулж шүүгдэгчид хэтэрхий энэрэнгүй хандаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд зүйлээрээ хохирч одоо болтол хамраараа өмнөх шигээ төвөггүй хэвийн амьсгалж чадахгүй, өдөр бүр зовуурь шаналгааг мэдэрч сэтгэл санаагаар хохирогч байгаа хохирогч надад хэтэрхий хатуурхаж хандсан шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авмаар байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатанд буцааж шийдэж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Маариагийн мэдүүлэгт, ээмэгтэй байсан гэж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ ээмэгний хохирлыг оруулж өгөөч гэж хүсэж байна. Мөн хохирогч хамар ясны таславчийн өвдөлт зовууриас толгой өвдсөн, мөн тархи доргилт авсан учраас “” гэж бариа заслын эмнэлгээс 1,867,000 төгрөгийн үйлчилгээ авсан. Шүүхэд гаргаж өгсөн “” эмнэлгийн бэлэн мөнгө тушаасан төлбөрийн баримт, сая шүүхэд шинээр гаргаж өгсөн “” эмнэлгийн баримт хоёрын тамга тэмдэг хоорондоо яг тохирч байгаа. “” гэж эмнэлэг нийтэд тустай үйлчилгээ үзүүлдэг байгууллага байна. Ингэснийхээ төлөө хариу төлбөр авах ёстой талаар шүүх өөрөө дүгнэлт хийсэн. Энэ байгууллагыг хариу төлбөр авах ёстой, ёсгүй талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. Энэ эмнэлгийн төлбөр авсан баримт дээр “...хүлээн авсан Батцэцэг гээд гарын үсэг зурж, тамга дарсан” байгаа. Ийм бүрэн нотолгоо бүхий баримтыг шүүх үнэлэх ёстой гэж үзэж байгаа. Тус эмнэлэг нь төлбөрт үйлчилгээ явуулдаг, өндөр настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байгууллага байгаа. Тийм учраас энэ хохирлуудыг мөн гаргаж өгнө үү гэж хүсэж байна. нийт 6,295,550 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Шүүхээс 1,867,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, үүнийгээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж, 2,694,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 4,561,550 төгрөг хангуулахаар шийдвэрлэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүх олгох нь зүйтэй гээд тодорхой хэмжээгээр олгодог. Бид шүүхийн шийдвэрийг хүндэтгээд олгох ёстой бол олгоё гэж байгаа. Шүүгдэгч *******ын хувьд анхан шатын шүүх хуралдаан дээр гэм буруугийн тал дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирогч гомдол дээрээ энэ хүүхдийн надад гэмтэл учруулсныг зөвтгөөд байна гэсэн байна. Тийм зүйл байхгүй, энэ хүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, шүүх гэм буруутайд тооцсон. Үүн дээр бид маргаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:
Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Тухайн бөгжний эвдрэлийн үнэ хэдэн төгрөг болохыг гаргуулсан. Тэгэхдээ шүүхээс үүнийг олгохгүй шийдвэрлэсэн нь бас прокурорын зүгээс үндэслэлтэй гэж харж байгаа. Учир нь нотлох баримтаар яг тухайн гэмт хэргийн улмаас энэ ээмэг алга болсон, тухайн эд зүйл эвдэрсэн гэж үзэх үндэслэл хэрэгт хангалттай нотлогдоогүй. Тийм учраас анхан шатын шүүхийн хохирол, хор уршигтай холбоотой шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй гэж харж байгаа. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хэвээр хүлээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хохирогч ******* давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр өсвөр насны шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дархан-Уул аймгийн Прокуророос өсвөр насны шүүгдэгч *******ыг 2025 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “******* *******” цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулах сүүн зайрмаг худалдаалдаг түргэн үйлчилгээний цэгийн гадна хохирогч “... төрсөн эгч - нь хэл үгээр доромжилж хэрүүл маргаан хийсэн, өөрийнх нь эмзэг эрхтний орчимд өшиглөсөн...” гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж газарт унагаан биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд оршин суугаа газар. сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй болохыг дурдаж, түүний хууль ёсны төлөөлөгч *******аас 1,734.000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгох, хохирогчийн нэхэмжлэлээс 1,867,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 2,694,550 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг судлахад өсвөр насны шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим гэгчийг “төрсөн эгч - нь дээрэлхэж, хэл амаар доромжиллоо, өөрийнх нь эмзэг эрхтний орчим өшиглөлөө” гэж түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж газарт унагаан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон болох нь хохирогч , гэрч , , -, *******, нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 сарын 22-ны өдрийн 672 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 1113 дугаар, мөн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 1223 дугаар дүгнэлтүүд, хохирхогчийн эд зүйлд үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээнүүд болон бусад баримтуудаар эргэлзээгүй, хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл: өсвөр насны шүүгдэгчийн хууль бус, цохих, зодох үйлдлийн улмаас гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж санаатайгаар хохирогчийг цохиж гэмтэл учруулсан нь түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүний үйлдлийг энэ зүйл хэсгээр зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид шийтгэл оногдуулахдаа өсвөр насны хүн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаа, үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс шалтгаалж үүссэн өвдөлт, зовуурь, шаналал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нийт 1.584.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Гэвч анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид хохирлыг бодит байдлаар төлөөгүй, барагдуулаагүй байхад түүнийг ...хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаар холбогдоход хохирогч хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг хүлээлгэн өгөх боломжийг бүрдүүлээгүйг учруулсан хохирлыг нөхөн төлсөнтэй адилтган үзэх нь зөв...гэсэн хийсвэр дүгнэлт хийж шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар бичсэн хохирогчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь гэмт хэрэгт өртөхдөө чихэндээ дунд зэргийн хэмжээтэй, цагаан металл өнгөтэй ээмэг зүүсэн байсныг гэрч мэдүүлсэн, мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 07 сарын 18., 2025 оны 08 сарын 11., 2025 оны 10 сарын 15-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэхдээ “...нүүрэндээ цохиулснаас болж зүүн чихний өрөөсөн ээмэг алга болсон, зүүж байсан бөгж тахийсан...” гэж удаа дараа мэдүүлсэн, хэрэгт авагдсан хохирогчийн фото зургаас харахад нэг чихэндээ ээмэгтэй байх тул өрөөсөн ээмэгний үнэ 296.500 төгрөг, бөгж сэргээн засварласан үнэ болох 10.000 төгрөг, үнэлгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 326.500 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангахаар шийдвэрлэв.
Харин хохирогч нь гэмтлийн улмаас “” бариачдын нийгэмлэг НҮТББ-д очиж бариа засал хийлгэсэн гэж 1.867.000 төгрөг нэхэмжилсэн бэлэн мөнгөний баримтыг хэрэгт хавсаргуулсан байх боловч баримт дээр хохирогчийн нэр бичигдээгүй байх тул хохирогч уг мөнгийг төлжээ гэж шууд үнэлж дүгнэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул хохирогч нь шийтгэх тогтоолд заасанчлан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг:
-“6-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******аас 1,734.000 (нэг сая долоон зуун гучин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж... гэсэн дээр нэмж, ....өрөөсөн ээмэгний үнэ 296.550 төгрөг, бөгж засварласан үнэ 10.000 төгрөг, үнэлгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 326.550 төгрөгийг нэмж нийт 2.060.550 төгрөг гаргуулж олгосугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ