Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00843

 

 

 

 

 

 

 

 

 

“УТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/00632 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “УТТС” ХХК-ийн /цаашид УБТТС гэх/ хариуцагч И.Бад холбогдуулан гаргасан зээлийн үлдэгдэл төлбөр 6,393,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: И.Бтай 2018 оны 11 сарын 28-ны өдөр такси үйлчилгээ эрхлэх гэрээ, зээлийн болон фидуцын гэрээг байгуулж, 05-75 УБЗ улсын дугаартай Киа-К5 маркийн автомашиныг шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээгээр И.Бад 15,000,000 төгрөгийг 39 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, сард 660,000 төгрөг буюу өдрийн 30,000 төгрөгөөр ажлын 22 хоногт төлөхөөр зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгчийн хүсэлтээр өөрчлөлт орсон. Фидуцын гэрээний дагуу зээлийн төлбөрт автомашиныг хураан авч үнэлгээ хийлгэхэд 4,760,280 төгрөг болсон. 2018 оны 11 сарын 28-ны өдөр 12,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн хүү 3 хувь буюу 1 сарын 360,000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс 2019 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл буюу 5 сарын 1,800,000 төгрөгөөс 3,390,000 төгрөг төлж, үлдэгдэл 10,770,000 төгрөг үлдсэн. 2019 оны 05 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийн нэмэлт зээл олгосноос 353,100 төгрөгийн зээлийн хүү тооцогдсон. 2019 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл буюу 6 сарын байдлаар 2,118,600 төгрөгийн зээлийн хүүг тооцсон. Одоо зээлийн үлдэгдэл 6,393,323 төгрөг, засварын төлбөр 1,202,400 төгрөг, торгууль 122,100 төгрөг, татвар 136,520 төгрөг, нийт 7,854,343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь “УТТС” ХХК нь тухайн автомашиныг 12,000,000 төгрөгөөр өөр этгээдээс худалдаж аваад, түүнд мөнгийг нь өгсөн байтал хариуцагчийг авсан мэтээр шүүхэд худал баримт өгсөн. Нэхэмжлэгч нь хүнээс автомашин худалдаж аваад, түүнд төлбөрийг нь төлөөд, автомашиныг нэр дээрээ шилжүүлж авсан байтал хариуцагчтай зээлийн гэрээ хийсэн мэтээр тайлбарласан. Зээлийн гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаж бичгээр байгуулагдсан боловч мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлээгүй. Мөн автомашин нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа тул татвар, бусад төлбөрийг хуулийн дагуу өөрсдөө төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Баас 120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгож, үлдэх 7,734,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 4,550 төгрөгийг хариуцагч И.Баас гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д, шинжээчийн зардал 100,000 төгрөгийн 96,350 төгрөгийг нэхэмжлэгчээс, 3,650 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь буруу. Учир нь Банкны тухай хууль нь банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах хууль болохоос бусад өөр этгээдүүдийн хоорондын харилцааг зохицуулах хууль биш. Иймээс санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж байхгүй бөгөөд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу УБТТС ХХК нь санхүү түрээсийн гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан. Гэхдээ манай компани хариуцагч талтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулаагүй. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдах учиртай талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Манай компани нь хариуцагч И.Бтай зээлийн гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан гэрээ, И.Бын гаргаж байсан хүсэлтүүдээр нотлогдоно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд мөн тооцооллыг хуульд нийцүүлэн гаргаж өгсөн. Гэтэл шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Талууд гэрээ байгуулахаас өмнө хамтарч ажиллаж байсан. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас такси түрээсэлж байсан бөгөөд хугацаа нь дуусаад дахин түрээсийн гэрээ байгуулахаар хандахад нэхэмжлэг тал манай байгууллагад автомашин байхгүй учраас автомашин худалдаж аваад түрээслүүлж болно, чи автомашинаа сонгоод ир гэсэн байдаг. Автомашинаа сонгоод, худалдагчийг нэхэмжлэгч талтай уулзуулсан. Нэхэмжлэгч талаас автомашин худалдагч руу 12,500,000 төгрөгийг шилжүүлээд, автомашиныг компанийнхаа нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Автомашиныг худалдан борлуулсан этгээдэд мөнгийг нь шилжүүлж, автомашиныг компанийнхаа нэр дээр шилжүүлэн авсан атлаа хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэн мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “УТТС” ХХК нь хариуцагч И.Бад холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 6,393,323 төгрөг, засварын төлбөр 1,202,400 төгрөг, торгууль 122,100 төгрөг, татвар 136,520 төгрөг, нийт 7,854,343 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 39 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд мөн өдрөө Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж эд хөрөнгө /тээврийн хэрэгсэл/ шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон Фидуцийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх 6-17/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч дээрх эрх зүйн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон хэдий ч анхан шатны шүүх зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэхдээ хуулийг зөв хэрэглэжээ. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг маргаанд хамааруулан тайлбарлан хэрэглэснийг буруутгах боломжгүй байна. Учир нь үнийг бүрэн төлөхөөс өмнө худалдагч автомашиныг шилжүүлж авахаар, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацаа, хуваарийн дагуу төлөх үүрэг үүсгэсэн гэрээ байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс 05-75 УБЗ улсын дугаартай Киа-К5 маркийн автомашиныг зээлийн гэрээний төлбөрт тооцон хураан авах үед зээлдэгч үндсэн зээл 2,312,734.98 төгрөг, хүү 6,597,265.02 төгрөг, нийт 8,910,000 төгрөгийн үүргийг төлсөн байсан болох нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын баримт зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх 77/

5. Худалдагч буюу нэхэмжлэгч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан эд хөрөнгөө /тээврийн хэрэгсэл/ буцаан авсан бөгөөд учирсан хохирол, зардалд зээл 6,393,323 төгрөг, засварын төлбөр 1,202,400 төгрөг, нийт 7,734,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 120,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/00632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,700 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ