| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0195/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 165
2018 оны 08 сарын 24 өдөр 2018/ШЦТ/165 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0195/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Д.Отгонтуяа
Шүүгдэгч З.Б. нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Отгонтуяа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б.д холбогдох 1839003970200 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Эрчимийн 40-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа ял шийтгүүлж байсан, З.Б. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Б. нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байх “ Таван эрдэнэ” мал нядалгааны газрын хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ган-Эрдэнэтэй маргалдаж, Г.Ган-Эрдэний толгойн тус газарт тоосгоор цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч З.Б. нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байх “ Таван эрдэнэ” мал нядалгааны газрын хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ган-Эрдэнэтэй маргалдаж, Г.Ган-Эрдэний толгойн тус газарт тоосгоор цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1 цагийн үед ажил дээрээ буюу “Таван эрдэнэ” мал нядалгааны газар дээр ирсэн тэгээд мал нядлах гэсэн надад багаж байгаагүй тэгээд байж байтал манай хамт ажилладаг найзууд болох З.Б., Гаазбал хоёр өнөөдөр нээрээ аавуудын баярын өдөр шүү дээ гэж бид гурав юм ярьж байгаад тэгээд гурвуулаа ярилцаж байгаад ганц шил архи хувааж ууя гээд тэнд байсан нэг танихгүй мотоцикльтэй хүнийг гуйж байгаад мөнгийг нь өөрсдөө өгч архинд явуулсан. Тэгээд удалгүй мотоцикльтэй залуу бид гуравт 0.75 литрийн Монгол стандарт архи нэг шилийг авчирч өгсөн тэгээд бид гурав мал нядалгааны газрын хашаанд байдаг Гаазбалын гэрийн гадаа очиж нөгөө архиа хувааж уунгаа юм ярьж сууж байгаад 14 цаг өнгөрч байх үед нөгөө архиа ууж дуусгасан тэгээд З.Б. бид хоёр архи авч ууя гээд чи мөнгө гарга, би мөнгө гарга гэж хоорондоо маргалдаж байгаад заамдалцаад авсан тэгээд бид хоёр ноцолдоод би З.Б.ын доор уначихсан тэгсэн чинь л З.Б. газраас нэг хатуу юм аваад миний толгой руу цохих шиг болсон. Тэгээд би босоод хартал намайг цохисон зүйл нь нэг жижиг тоосгоны хэлтэрхий хэсэг байсан. Тэгээд би мал нядалгааны газарт ирсэн байсан нэг танихгүй хүний машинд суугаад эхнэрийнхээ ажил дээр буюу 5-р багийн Соёлын төв дээр очтол манай эхнэр юу болсон талаар асуухад нь би болсон зүйлээ хэлтэл манай эхнэр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 тал/,
Гэрч З.Б.ын өгсөн: “...0.75 литрийн Монгол стандарт нэртэй архи Гаазбал,Ган-Эрдэнэ бид гурав хувааж уусныхаа дараа Ган-Эрдэнэ бид хоёр маргалдаад ноцолдож байгаад Ган-Эрдэнэ хальтраад хураасан байсан тоосгоны булан мөргөж унасан. Тэгээд Ган-Эрдэнэ босч ирээд “ Чи намайг тоосгоор цохичихлоо” гэж хэлэнгүүт нь “би чамайг цохиогүй чи сая тоосгон дээр уначихлаа” гэж хэлэхэд Г.Ган-Эрдэнэ эхнэрлүүгээ залгаад эхнэр нь цагдаа дуудсан байсан удалгүй цагдаа нар ирээд Ган-Эрдэнэ бид хоёрыг авч яваад эмнэлэг дээр очиж Ган-Эрдэнийг эмнэлэгт үзүүлж толгойд нь оёдол тавиулж эхнэрт нь хүлээлгэж өгөөд намайг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/
Гэрч З.Б.ын өгсөн:”...Миний нөхөр болох Г.Ган-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг өнгөрөөд согтуу цустайгаа холилдсон толгой нь хагарч цус гарсан байдалтай миний ажлын газарт ирсэн тэгээд “намайг цуг ажилладаг хүмүүс маань зодчихлоо” гээд ирсэн юм. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод цагдаад дуудлага өгчихөөд ажил дээр нь очоод байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18тал/
Гэрч Ү.Гаазбал өгсөн:”...манай гэрийн гадаа 0.75 литрийн Монгол стандарт архи хувааж уусан тэгээд би архи ууж дуусч байх үед сэрсэн тэгээд би тухайн үед юу ч болсоныг мэдээгүй байж байтал бойн дээр байсан хүмүүс З.Б., Ган-Эрдэнэ хоёр маргалдаад З.Б.ыг Ган-Эрдэний толгойг юмаар цохиж хагалсан гэж яриа байсан би энэнээс өөр зүйл бол мэдэхгүй би согтоод тасраад унтаж сэрээд л ийм зүйл болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
Шүүхийн шинжилгээний албаны №376 тоот дүгнэлт
Г.Ган-Эрдэнийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-22 тал /
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Ган-Эрдэнэ бид хоёр маргалдаад ноцолдож байгаад Ган-Эрдэнэ хальтраад хураасан байсан тоосгоны булан мөргөж унасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ногдуулах ялыг хөнгөлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 17тал / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Ган-Эрдэнэ нь З.Б.тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй гэсэн тул шүүгдэгч З.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч З.Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б.г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б. нь түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 10 дугаар сарын 1-нд 200.000 /хоёр зуу/, 11 дүгээр сарын 1-нд 200.000 /хоёр зуу/, 12 дугаар сарын 1-нд 100.000 /нэг зуу/ мянган төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б. нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА