Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/228

 

2026             02             25                                                                      2026/ДШМ/228        

Ч.Г-, Ж.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

хохирогч “П-” ХХК-ийн өмгөөлөгч О.Батсүх,

шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “П-” ХХК-ийн захирал Д.Д-, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Г-, Ж.Г- нарт холбогдох эрүүгийн 2209000842147 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Ч-гийн Г-, ....., /РД:Ч-/, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 32.400.000 төгрөгийн торгох ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

2. Р- овгийн Ж-ын Ж.Г-, ......., ял шийтгэлгүй, /РД:ВЖ-/.

Шүүгдэгч Ч.Г- нь ганцаараа:

1. 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.А-д "10 хоногийн хугацаагаар зээл аваад өгөөч, би үл хөдлөх хөрөнгөнүүдээ чөлөөлөөд, төслийн зээл гарах юм бол хамгийн түрүүнд чиний зээлийг төлөөд, байрыг чинь аваад өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас түүний өмчлөлийн 113.075.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 31 дүгээр байрны А-, 54 м.кв, 3 өрөө, 178.252.600 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол А- 24 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг тус тус Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- Капитал" ББСБ ХХК-ны зээлийн барьцаанд тавьж бусдад 291.327.650 төгрөгийн, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 03-ны хооронд хохирогч Д.А-д учруулсан хохирлоо төлж барагдуулна хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулсны улмаас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр "А- Капитал" ББСБ-аас нэхэмжилсэн 492.272.000 төгрөгийн зээлээс 225.000.000 төгрөгийг төлөх тухай "Эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зуруулж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгснөөр тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаартай захирамжаар Д.А-аас 225.000.000 төгрөгийг гаргуулах тухай захирамж гаргуулснаар хохирогчийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 31 дүгээр байрны А- 54 м.кв 3 өрөө байрыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас худалдан борлуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан,

2. Үргэлжилсэн үйлдлээр иргэн О.Н-т "100,000,000 төгрөгийг хүүгүй 6 сарын хугацаатай хүүгүй зээлүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны Н- байрны 30 тоот 107 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Н-" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх итгэмжлэлийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 13 дугаартай нотариатаар батлуулан авч бусдад 212.930.000 төгрөгийн,

3. Үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Малайз улсын иргэн М- Б- Алийг хуурч “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б- хотхоны н загварын 32 д/10Н- байрны 2 дугаар орцны 56 тоот 107.31 м.кв байрыг зарна" хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан Л- хотхоны 3 дугаар байрны 08 тоотод гэртээ бэлнээр авч бусдад 35.000.000 төгрөгийн,

4. Үргэлжилсэн үйлдлээр “Н-” ХХК-ийн төлөөлж Л- ХХК-ийн захирал Г.Э-той 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Э- 01 тоотод байрлах ажил дээрээ байхад нь "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 20/02 дугаартай” гэрээг байгуулж, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд бүрэн авч ашиглах санаа, зорилгоор “түлшний мөнгийг 20 хоногийн дотор өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 151.370 литр түлшийг авч бусдад 320.904.000 төгрөгийн,

5. Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Г-тэй "Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамжны Г- хотхоны 45а байрны 1 давхрын 5 тоот 232,34 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 290,000,000 төгрөгөөр худалдан авна" хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Г-ээр итгэмжлэл хийлгэн авч бусдад худалдан борлуулж 290.000.000 төгрөгийн буюу ганцаараа 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 1.150.161.650 төгрөгийн,

Шүүгдэгч Ж.Г- ганцаараа:

1. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.М-д "7 хоногийн хугацаатай түлш зээлчих түлшээр нь эсхүл мөнгөөр нь төлөх нөхцөлтэйгөөр авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М- 1 агуулахаас 44.4 тонн дизель түлшийг буцаан өгөх зорилгогүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч бусдад 87.199.200 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч А.М-гаас түлшний мөнгөө авахаар нэхэхэд түүнд бусдын автомашиныг өөрийн эзэмшлийн авто машин мэтээр итгүүлж уг авто машиныг барьцаалж 6.000.000 төгрөгийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч бусдад нийт 93.199.200 төгрөгийн,

2. Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 0Н- сарын 23-ны өдөр “М-" ХХК-ийн захирал Г.Т-тэй “Түлш худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, улмаар тухайн аж ахуйн нэгжид 2022 оны 0Н- сарын 31-ний өдөр нийт 23,850 литр дизель түлш нийлүүлнэ хэмээн түүнийг хуурч, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Т- гудамж 60 тоотод байрлах оффисын байранд 22/05-19 дугаартай “Түлш худалдах худалдан авах" гэрээг байгуулж, уг гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000.000 төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser маркийн Т- УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 22.000.000 төгрөгийн үнэ бүхий Toyota Corolla Fielder маркийн Т- УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж, 2022 оны 0Н- сарын 26-ны өдөр 7.082.000 төгрөгийг Ч.О-ын эзэмшлийн дансаар тус тус шилжүүлэн авч бусдад 79.082.000 төгрөгийн,

3. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “П-” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг төлөөлж Ж.С-аатай Хан-Уул дүүргийн 1Н- хороо Ж- хотхоны Н- байрны 30 тоот болон Баянгол дүүргийн 1 хороо Ж- гудамж 15 байрны 58 тоот байрыг тус тус барьцаалж, улмаар нефтийн бүтээгдэхүүн зээлээр авах, нийлүүлэх гэрээг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ленин клубийн дотор 1 давхарт байрлах нотариатын салбарт байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 71.710 литр түлшийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хашаан дахь агуулахаас өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бусдад 154.893.600 төгрөгийн буюу 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 327. 174.800 төгрөгийн,

Шүүгдэгч Ч.Г-, Ж.Г- нар нь бүлэглэн иргэн Г.Б-д “Баянхонгор аймагт гүүр барьж байгаа 2.3 тэрбум төгрөг орж ирнэ компани ажилчдадаа машин авч өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "Н-" ХХК-ны нэр дээр шилжүүлж авсан Хан-Уул дүүргийн 1Н- хороо, Ж- хотхоны 4 дүгээр байр 30 тоот 107 м.кв 4 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Ж- гудамж 1Н- байр, 58 тоотод байрлах 41.55 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Да хүрээ” захын хажуу талын "Дизел хүрээ” захаас авсан, 67.200.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус 20 загварын авто машин 5 ширхэг, 29.800.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус 30 загварын авто машин 2 ширхэг, 18.600.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота вокси загварын авто машин 1 ширхэг нийт улсын дугааргүй 8 ширхэг тээврийн хэрэгслийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч бусдад 115.600.000 төгрөгийн,

- Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Н.Э-д "Ч.Г- эгч хувиараа хөөсөнцрийн үйлдвэртэй. Г- эгчид итгэмжлэл хийгээд өгчих, Г- эгч банк бусаас зээл авах үед нь би таны 55 сая төгрөгийг төлж тооцоо дуусгая" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Э- 818 байрны 1 тоот 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцыг буцаан өгөх зорилгогүйгээр Ч.Г-гийн нэр дээр итгэмжлэлээр шилжүүлэн авч бусдад 72.951.887 төгрөгийн буюу 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Ч.Г- нь бусдад 1.338.713.537 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, Ж.Г- нь 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 515.726.687 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Ч-гийн Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Р- овогт Ж-ын Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Г-, Ч.Г- нарыг тус бүр 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу тус бүр 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Ж.Г-, Ч.Г- нарт шийтгэсэн 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-, Ч.Г- нар шийтгэсэн торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 жилийн хугацаанд төлөхийг тэдэнд мэдэгдэж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Г-, Ч.Г- нар анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Г-гээс 539.257.650 төгрөгийг гаргуулан хохирогч Д.А-д 291.327.650 төгрөгийг, хохирогч О.Н-т 212.930.000 төгрөгийг, Малайз улсын иргэн хохирогч М- Б- Али-д 35.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Г-эс 305.174.800 төгрөгийг гаргуулж хохирогч А.М-д 76.199.200 төгрөг, "Б-" ХХК-д 154.893.600 төгрөг, "М-" ХХК-д 74.082.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Б-, Б.Г-, Г.Э-, Н.Э-, Г.Г-, М- Б- Али, “Г-” ХХК нарт төлөх төлбөргүй, М- Б- Али гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн 2209000842147 дугаартай хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 0Н- сарын 10-ны өдрийн 139 дугаартай зөвшөөрлөөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Г- гудамж 45а байрны 1 давхрын 05 тоот 232.34 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлэх, шилжих хөдөлгөөн хязгаарласныг хүчингүй болгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-, Ч.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч “П-” ХХК-ийн өмгөөлөгч О.Батсүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын агуулгын хувьд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага, ял шийтгэл тохироогүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг хоёр үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт, анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа торгох ял сонгосон үндэслэлээ дүгнэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзсэн. Энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.Н- зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн. Ингэхдээ хохирол төлөгдсөн гэсэн хуулийн заалт хэрэглэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч нарт хохирлыг гаргуулж олгохоор заасан байгаа. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр хохирол бүрэн төлөгдөөгүй атлаа “хохирол төлөгдсөн” гэх заалтыг хэрэглэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоор байхад анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй гэж бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Холбогдсон хэргийн талаар” хэсэгт Ч.Г- нь Ж.Г-тэй бүлэглэн иргэн Г.Б-г, иргэн Н.Э-г залилсан, Ж.Г- нь Ч.Г-тэй бүлэглэн иргэн Г.Б-г, үргэлжилсэн үйлдлээр иргэн Н.Э-г залилсан талаар дурдаж, тогтоолын “Тодорхойлох нь” хэсгийн шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт “...шүүгдэгч Ж.Г-, Ч.Г- нар бүлэглэн иргэн Г.Б-д...115.600.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Н.Э-д...72,951,887 төгрөгийн буюу 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 1.338.713.537 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...нотлогдон тогтоогдож байна” гэж хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн атлаа хууль зүйн дүгнэлтээ хийхдээ хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй гэсэн нь шүүхийн тогтоолдоо утга агуулгын зөрчилдөөнтэй дүгнэлтүүд хийсэн нь тодорхой байна. Үндсэн зүйл анги дээр бүлэглэсэн шинжийг хүндрүүлж зүйлчлээгүй тохиолдолд ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл энэ заалтыг хэрэглээгүй. Хоёрдугаарт, оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж үзэж байна. Хохирол төлөгдөөгүй байхад шүүх 40.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Гэтэл 7 удаагийн үйлдэлтэй, 1.3 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт 40.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь гэмт хэргийн шинж, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэгт тохирохгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 3 дугаар сард залилангийн үйлдэл гарсан. Энэ хугацаанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч, одоо 6 дахь жилдээ орж байна. Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд, мөн шийдвэр гартал хугацаанд хохирогч, тухайлбал “П-” ХХК-д нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнөх орой “Чанган” (Changan) маркийн автомашиныг 35.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж үзэн ажлын байрны гадаа үлдээсэн. Гэвч нэр шилжүүлээгүй, одоо хүртэл шилжүүлээгүй байна. Мөн Ж.Г-эс 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл нийт 15.000.000 төгрөг л бодитоор шилжүүлсэн байгаа. Автомашины нэрийг шилжүүлж өгөөгүй атлаа “өгсөн” гэж ярьдаг. Нэр шилжүүлж өгөөч гэхээр “нэг мөсөн шилжүүлнэ” гэх байдлаар асуудлыг хойшлуулдаг. Манай зүгээс автомашин авах сонирхол байхгүй. Зах зээлийн үнээс хэт өндөр үнэлж ярьдаг. Бүр өөр машин нэмж өгье, бүтнээр нь өгье гэж ярьсан тохиолдол ч байсан. Гэвч бодит байдал дээр 15.000.000 төгрөгөөс өөр хохирол төлөгдөөгүй. Ийм байдлаар 5-6 жилийн хугацаанд хохирлыг төлөөгүй байхад анхан шатны шүүх торгох ял оногдуулсан нь хохирлыг нөхөн төлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн зөвшөөрөөд, дурдагдсан хүмүүсийн төлбөрийг төлж барагдуулсан. “П-” компанийн хувьд 154.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тиймээс барьцаанд байгаа хоёр байрнаас нэгийг нь миний нэр дээр байгаа 2 өрөө, 41 м.кв байрыг үндсэн төлбөрт тооцож шилжүүлж өгье гэсэн саналыг илэрхийлсэн. Улсын бүртгэлд бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байгаа. Тэр байрыг үндсэн төлбөрт тооцуулаад шилжүүлж, хүлээлгэж өгье гэж хэлсэн. Төлөх нөхцөл, боломжоо илэрхийлж уулзалт ч хийсэн. “Чанган” (Changan) маркийн автомашины хувьд бол 50.000.000 төгрөгөөр, зах зээл дээр 55.000.000 төгрөгөөр бартер хэлбэрээр бодогдож манайд ирсэн. Бид нар энэ машиныг авчих гэж нэг ёсондоо гуйсан учраас 35.000.000 төгрөгөөр авбал авъя гэсэн байдлаар ярилцаад, ажлын байрны гадаа аваачиж тавьсан. Одоогоор миний нэр дээр байгаа. Шилжүүлж өгье гэхээр нэг мөсөн бусад төлбөрөө бэлдчихээд шилжүүлж авъя гэж захирал нь ярьсан. Батсүх өмгөөлөгч бид хоёрыг шилжүүлэхгүй яваад байгаа мэт яриад байгаа нь үндэслэлгүй. Шилжүүлж өгөхөд бэлэн байгаа. 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоогоор үлдэгдэл 101.000.000 орчим төгрөг байгаа. Тэр үлдэгдэл дээр байраа өгөх саналтай ярилцаж байгаа. Н-ийн байр, Б-гийн байр гээд Б-гийн нэр дээр барьцаалах хэлбэрээр шилжүүлж авсан байр байсан. Тэр байр “П-” ХХК-д зээлийн гэрээгээр тавигдсан. Б- төлбөрөө бүрэн авч дууссан учраас, одоо “П-” ХХК дээрх барьцаа чөлөөлөгдвөл Н-т шилжүүлж өгнө гэж бичгээр надад өгсөн байгаа. Бусад хүмүүстэй тооцоо дууссан. Баримт материалуудаа авчирсан. Миний хувьд төлбөрөө төлж, бүрэн дуусгана.” гэв.

Шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, манай үйлчлүүлэгчийн зүгээс нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тодруулбал, М-, Б-, “Г-” зэрэг хохирогчдын хохирлыг 100 хувь барагдуулсан. Зөвхөн “П-” ХХК-ийн хувьд үлдэгдэлтэй байгаа бөгөөд орон сууцыг шилжүүлэх байсан ч одоогоор хоёр үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц барьцаанд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн асуудлыг харилцан ойлголцож шийдвэрлэх явцад тодорхой хугацаа алдсан. Мөн Н-ийн байртай холбоотой маргаан тодорхой хэмжээнд үүссэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд 15.000.000 төгрөгийг захирлын данс руу шилжүүлсэн. Мөн 35.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож, “Changan” маркийн автомашиныг шилжүүлэхээр биет байдлаар хүлээлгэн өгсөн. Гомдлын агуулга нь манай үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой гэж ойлгож байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хохирлыг нөхөн төлөх чиглэлээр манай үйлчлүүлэгч идэвхтэй ажилласан. Өнгөрсөн хугацаанд тодорхой хугацаа өнгөрсөн нь үнэн. Гэвч энэ хугацаанд төлбөрийг барагдуулах, нотлох баримтаар баталгаажуулах чиглэлээр зохих арга хэмжээг авч ажилласан. Цаашид ч төлбөрийг төвлөрүүлэх, асуудлыг харилцан ойлголцож шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн өмнө нь харилцан ярилцаж байсан 130.000.000 төгрөгийн үнэлгээтэй, гадаад улсаас оруулж ирсэн автомашиныг шилжүүлж өгөх асуудал байсан. Гэвч уг автомашиныг шилжүүлэхтэй холбоотой бусад хүмүүсийн оролцоо, тухайн хүмүүсийн гадаад, дотоодод зорчих байдал зэргээс шалтгаалан шилжүүлэх ажиллагаа тодорхой хугацаагаар хойшлогдсон. Иймд “П-” ХХК-д огт төлбөр төлөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд миний үйлчлүүлэгч бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Ж.Г-, Ч.Г- нарт холбогдох 2014 оноос 2023 оны хооронд үйлдэгдсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгч Галбадарын дурдсан шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт нэр бүхий зарим хохирогчийн хохирлын талаар дурдсан. Эдгээр хохирогч нарын хохирлыг анхан шатны шүүх хуралдааны явцад бүрэн төлж барагдуулсан байсан. Тухайлбал, “М- Б- Али-д 35.000.000 төгрөгийг “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслээр төлж барагдуулсан бөгөөд уг баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд энэ хэсэгт шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн “П-” ХХК-ийн өмгөөлөгч Батсүхийн хувьд хэргийн үйл баримтын талаар маргаагүй. Зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр төлөгдөөгүй асуудалд гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Г-, Ж.Г- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хэр хэмжэ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарын хохирол төлөгдөх боломж, тэдний зөрчигдсөн эрхийг хохирол төлж сэргээх зорилго бүхий нөхцөл байдлыг харгалзан” гэж дүгнэн тус бүр 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ч.Г- нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон Ж.Г-тэй бүлэглэн нэр бүхий хохирогч нарт нийт 1.338.713.537 төгрөгийн хохирол, шүүгдэгч Ж.Г- нь ганцаараа болон Ч.Г-тэй бүлэглэн нэр бүхий хохирогч нарт нийт 515.726.687 төгрөгийн тус тус хохирол учруулсан, учруулсан хохирлоос заримыг төлж барагдуулсан, шүүгдэгч Ч.Г- нь урьд залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээс 2 удаа гэм буруутайд тооцогдож байсан хувийн байдал зэргийг үзэхэд шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Залилах гэмт хэргийн улмаас хохирол учирсан хохирогч нарын хохирол төлбөрийг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулаагүй нөхцөлд тэдгээрт торгох ял шийтгэж, төлөх хугацаа тогтоож, биелэгдээгүй тохиолдолд авах арга хэмжээг сануулан шийдвэрлэж байгаа нь гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн зөрчигдсөн эрхийг нэн тэргүүнд сэргээх, хохирлыг барагдуулах арга хэмжээг авах тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны Н- сарын 12-ны өдрийн 2109016060962 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Ч.Г-, Ж.Г- нарыг Ц.С-тай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55.000.000 төгрөгийн үнэ С- УБИ улсын дугаартай Foton Sauvana загварын тээврийн хэрэгслийг 15.000.000 төгрөгийг нь өгч үлдэгдэл 40.000.000 төгрөгийг нь өгөхгүй залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /6хх 19-21, 25-27/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Н- “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоол /12хх 65-66/-оор Ч.Г-, Ж.Г- нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрүүгийн 2010007311139 дугаартай хэргээс Ц.С-д холбогдох эрүүгийн 2109016060962 дугаартай хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ. Гэтэл энэ хэрэгт Ч.Г-, Ж.Г- нарт холбогдох дээрх үйлдлийг буюу эрүүгийн 2109016060962 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр авагдаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Г-, Ж.Г- нарт холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол энэхүү баримт нь хэрэгт заавал авагдах, хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй бол прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ энэ талаар дүгнэлт өгөх ёстой.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “шүүгдэгч Ч.Г-гээс 539.257.650 төгрөгийг гаргуулж ...Малайз улсын иргэн хохирогч М- Б- Али-д 35.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Г-эс 305.174.800 төгрөгийг гаргуулж ...Г- ХХК-д 74.082.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч ...М- Б- Али, Г- ХХК-д төлөх төлбөргүй...” гэж бичиж хохирол төлбөрийн алдаатай дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй байна. Тухайлбал Г- ХХК нь “...хохирлоо бүрэн төлж барагдуулсан ...Ж.Г-д цаашид гаргах гомдол саналгүй” /23хх 128/, М- Б- Али нь “...шүүгдэгч Ч.Г- нь шүүхээс шийдвэрлэсэн 35,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул энэхүү төлбөртэй холбоотой гаргах гомдол саналгүй болно” /23хх 122/ гэх хүсэлтүүд авагдсан байхад дээрх нэр бүхий хохирогч нар болох М- Б- Али, Г- ХХК-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөөр болон төлөгдсөн мэтээр хоёрдмол утгатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд дугаар бичигдээгүй /23хх 11/, мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 0Н- сарын 14-ний өдрийн 3710 дугаар захирамжаар Ч.Г-, Ж.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан /22хх 204-205/. Гэтэл 2025 оны Н- сарын 22-ны өдрийн 3867 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж гаргаж /22хх 209-211/, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулсан, ийнхүү хойшлуулсан атал 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хурал хийж 4083 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж гаргасан. Энэ дотор 2025 оны Н- сарын 14-ний өдрийн 3710 дугаар захирамжаар тогтоосон шүүх хуралдааны товыг өөрчлүүлэх талаар оролцогч нараас хүсэлт гаргасан, хууль зүйн бодит үндэслэлийг тогтоосон баримт авагдаагүй. Мөн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1877 дүгээр захирамж /22хх 128-129/, 2025 оны Н- сарын 22-ны өдрийн 3867 дүгээр захирамжтай шүүх хуралдаануудад улсын яллагч, хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар оролцож хуралдаан хийж захирамж гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэл хавсаргагдаагүй зэрэг алдааг гаргасныг анхааруулан тэмдэглэв.

 Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.Н- зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хохирогч “П-” ХХК-ийн захирал Д.Д-, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/218Н- шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ч.Г-, Ж.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.Н- зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/218Н- шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Г-, Ж.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА 

                 ШҮҮГЧ                                                         Л.ГАЛБАДАР