Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00174

 


  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай


 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
Хариуцагч ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,684,824,25 (арван сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр L100074811 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 7812009131 зээлийн дансны дугаартай, 1,273,000.00 /нэг сая хоёр зуун далан гурван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5952129163 банкны тоот дансанд;
2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7100476155 зээлийн дансны дугаартай, 7,370,000.00 /долоон сая гурван зуун далан мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5952129163 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 2 сарын 5-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 8 дугаар сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,273,000.00 /нэг сая хоёр зуун далан гурван мянган төгрөг/
- Шимтгэл: 25,460.00 /хорин таван мянга дөрвөн зуун жаран төгрөг/
- Үндсэн хүү: 339,001.64 /гурван зуун гучин есөн мянга нэг төгрөг жаран дөрвөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 56,500.28 /тавин зургаан мянга таван зуун төгрөг хорин найман мөнгө /
- Нийт: 1,693,961.92 /нзг сая зургаан зуун ерөн гурван мянга есөн зуун жаран нэгэн төгрөг ерөн хоёр мөнгө /
2. 2025 оны 6 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 7,209,483.18 /долоон сая хоёр зуун есөн мянга дөрвөн зуун наян гурван төгрөг арван найман мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 1,731,733.59 /нэг сая долоон зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин гурван төгрөг тавин есөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 41,145.56 /дөчин нэгэн мянга нэг зуун дөчин таван төгрөг тавин зургаан мөнгө /
- Нийт: 8,982,362.33 /найман сая есөн зуун наян хоёр мянга гурван зуун жаран хоёр төгрөг гучин гурван мөнгө /
Иймд зээлдэгч *******ээс үндсэн зээлийн төлбөрт 8,482,483.18 (найман сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян гурван төгрөг арван найман мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,070,735.23 (хоёр сая далан мянга долоон зуун гучин таван төгрөг хорин гурван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,645.84 (ерэн долоон мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөг, шимтгэл 25,460.00 (хорин таван мянга дөрвөн зуун жаран) төгрөг, нотариатын зардал 8,500.00 (найман мянга таван зуун) төгрөг, нийт 10,684,824.25 (арван сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 10,684,824.25 төгрөгийг 6 хувааж төлөх хүсэлтэй байна. Сар бүрийн 25-нд төлөх хүсэлтэй байна.” гэжээ. 


                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч М.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,684,824,25 (арван сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,684,824,25 (арван сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,684,824,25 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

    5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,684,824,25 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,907 төгрөгийн тавин хувь болох 92,953 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,953 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 92,953 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,684,824,25 (арван сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,907 төгрөгийн тавин хувь болох 92,953 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,953 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 92,953 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
 
 


                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 М.ЭНХМАНДАХ