| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0158/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 133
2018 оны 7 сарын 10 өдөр 2018/ШЦТ/133 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0158/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Д.Энхжаргал
Шүүгдэгч Т.М. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М.д холбогдох 1839002370161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 34-03 тоотод оршин суух хаягтай, Монгол улсын Зам тээврийн сайдын 2016 оны 25 дугаар тушаалаар “Монгол улсын онц тээвэрчин” тэмдгээр шагнагдсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Т.М. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.М. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг явах чиглэлийн хатуу хучилттай засмал замд 65-13 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.7б, 9.1, 1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ч.Урантогосын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Т.М. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг явах чиглэлийн хатуу хучилттай засмал замд 65-13 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.7б, 9.1, 1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ч.Урантогосын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Урантогосын мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.М. замын юм гээд нэг шил архи задлахад нь би аяганы талаар хоёр уусан... Тухайн тээврийн хэрэгсэлд Алтансүх, Т.М. бид гурав явж байсан ...осол болох үед Т.М. машин барьж явсан... Тухайн ослын улмаас миний нурууны гурван үе бяцралттай, хугаралтай, долоон хавирга хугарсан, баруун мөрний мах нь тасарсан. Энэ бүгдээс болж би эмнэлгийн бүрэн хяналтанд орж цаашдаа группт орохоор болсон....” гэх мэдүүлэг..../хх-ийн 16-18 тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 тал/
Гэрч Ж.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай хуурай ах Т.М. Дорнод аймаг руу эхнэр лүүгээ явна гээд 12 цагийн үед бид хоёр Т.М. ахын 65-13 УБС улсын дугаартай Приус-20 маркийн машинтай Баянзүрхийн авто вокзал дээр Т.М. ахын таньдаг эмэгтэйг авах гээд очсон юм. Тэгээд вокзал дээрээс нөгөө эмэгтэйг аваад гурвуулаа 13 цаг өнгөрч байхад би Т.М. ахын машиныг бариад Дорнод аймаг руу гарцгаасан ...Т.М. ах дэлгүүрээс “Алтан Чингис” гэдэг архи аваад хоолны газар Т.М. ах нөгөө эмэгтэй хоёр нөгөө авсан архиа хувааж уусан. ...Чандганы тал өнгөрөөд Мөрөн сум дөхөж байхад Т.М. ах миний хажуунаас чи бүр явж өгөхгүй юм аа би баръя гэхээр нь та согтуу яах юм бэ гэсэн чинь чиний барьдаг гэж хаашаа харсан юм байдаг юм бэ, би барина гэж уурлаад байхаар нь жолоогоо шилжүүлчихсэн юм... Тэгээд нэлээн хурдтай явж байгаад Хэнтий аймаг дөхөж ирж байхад бид хэдийн машины урд нэг машин явж байхад Т.М. ах нөгөө машиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд хажуугаар нь дарж байх шиг байсан. ...нэг мэдсэн машин замын хажуу руу гараад өнхөрч байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Т.М. гэж хаягласан цусанд 1.5 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт..../хх-ийн 28 тал/
Зам тээврийн ослын 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 тал/
2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7418 дугаартай шинжээчийн: “...Ч.Урантогосын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт...../хх-ийн 36-37 тал/
Яллагдагч Т.М.ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний машиныг барьж явсан Алтансүх 100 гаруй км/цагийн хурдтай явж байхаар нь чи зүйрмэглээд байна, алив би барья гээд өөрөө машинаа барьсан. Тэгээд би наашаа барьж яваад яаж яваад осолд орсноо санахгүй байна. Жолоодож явсан Приус-20 маркийн машин миний эзэмшлийн машин байгаа юм. Миний буруугаас болж ийм зүйл болсонд гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/
Жолоочийн эрхийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хассан тухай жолоочийн дэлгэрэнгүй мэдээллийн лавлагаа”:..../хх-ийн 117 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М.ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.7б, 9.1, 1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ч.Урантогосын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Урантогосын биед хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 5.700.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 103-104 тал/ гэсэн тул шүүгдэгч Т.М.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдлуудыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.М.ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М.ыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.М.д мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Т.М.ы тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ