Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/230

 

2026             02           25                                                                        2026/ДШМ/230

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2914 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Э-д холбогдох эрүүгийн 2509011210499 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Е- овгийн Э-ны Э-, ......, /РД:УУЭ-/, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 320  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Э.Э- нь Г.Г-д Солонгос улс руу “20 хүн сургалтын журмаар гаргаж байгаа гэж хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э.О-ы ХААН банкны О- тоот дансаар 1.500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А-ын ХААН банкны А- тоот дансаар 1.500.000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Голомт банкны 1А- тоот дансаар 500.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Н.Б-ийн ХААН банкны 50Б- тоот данснуудаар 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авснаар Г.Г-д нийт 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр “Скай Б-” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М- нэртэй салбар дэлгүүрээс 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Samsung Galaxy S24 загварын гар утсыг худалдан авч байна, мөнгийг нь шилжүүлсэн хэмээн гүйлгээ хийсэн талаар баримт үзүүлэн хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан уг гар утсыг авч 3.499.000 төгрөгийн, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах мөн М- нэртэй салбар дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа цахилгаан барааны тасгаас iphone16 pro max загварын гар утсыг авч улмаар дэлгүүрийн касс хариуцсан ажилтан А.А-д гүйлгээ амжилттай хийгдсэн гэх хуурамч баримтыг үзүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гар утсыг шилжүүлэн авснаар 5.879.000 төгрөгийн буюу “Скай Б- ХХК-д нийт 9.378.000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-”ХХК-ийн салбар дэлгүүрээс iphone 16 pro загварын гар утсыг авахдаа худалдан авах санхүүгийн боломжгүй атал тус мөнгийг шилжүүлсэн гэх баримтыг кассын ажилтанд үзүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар “Б-”ХХК-д 4.749.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 24.627.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Е- овогт Э-ны Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-өөс нийт 6.847.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Б-” /Б-/ ХХК-д 3.249.000 төгрөгийг, хохирогч “Скай Б-” /Sky Б- / ХХК-д 3.598.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Г-д төлөх төлбөргүй, иргэний хариуцагч Э.О- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйл, 11.6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Э.Э-өөс 60,600 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн асрамжид байх насанд хүрээгүй хүүхэд Э.Е-ийг түүний эх Э.О-ы асрамжид үлдээж, шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн ба энэ хэргийг үйлдсэндээ туйлын ихээр гэмшиж байгаа бөгөөд хэрэгт нэхэмжилсэн хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг, миний өрх толгойлсон эцэг бөгөөд өөрийн охидууд болох Н- болон Е- хоёртойгоо гурвуулаа амьдардаг нөхцөл байдал, миний сахарын шижин, даралт ихсэх ба зүрх өвдөх суурь өвчтэй гэх зүйлүүдийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Б.Буянхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Э-ийн хувьд гомдол мэдээллийн шат, мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Г.Г-д 10.500.000 төгрөгийн хохирол учирснаас 9.000.000 төгрөгийг иргэний хариуцагч Э.О- төлсөн, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг Э.Э- төлж хохирогч Г.Г-гийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогч Скай Б- ХХК-д 9,378,000 төгрөгийн хохирол учруулж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 5,780,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үлдэх 3,598,000 төгрөгийг төлсөн, хохирогч Б- ХХК-д 4,749,000 төгрөгийн хохирол учирснаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 3,249,000 төгрөг, төрийн санд 60,600 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Үүнтэй холбоотой баримтууд 2 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр талд авагдсан. Э.Э- нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Н- байрны 12 тоотод 6 настай охины хамт оршин суудаг, ганц бие, өрх толгойлсон эцэг. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч Г.Г-, “Скай Б- ХХК, “Б-”ХХК нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, бага насны буюу 6 настай охинтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял шийтгэлээс өөрийн эрх хэмжээний хүрээнд оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э-ийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Э.Э-д хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах нь хувийн байдалд ач холбогдолтой талаар хэлж байсан. Хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаан товлогдох хүртэл шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд төлсөн хохирол төлбөрөөс дорвитой нэмж төлсөн зүйл байдаггүй. Хохирол төлбөр төлөхөөр завсарлага авч, иргэний хариуцагч хохирогч Г.Г-д учруулсан хохирлоо төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа үлдэх хохирол төлбөр болох 6.847.000 төгрөгийг төлсөн байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч урьд 3 удаа залилах гэмт хэрэгт холбогдож, эхний удаа торгох ял оногдуулж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2 удаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байсан. Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд нэг удаагийн үйлдлээр нэг хүнийг залилсан хэрэг биш, 2022 оноос хойш Г.Г-д Солонгос улс руу явуулж өгнө гэж эхэлсэн үйлдэл. Шүүгдэгч энэ үйлдэлдээ гэмшиж байгаа бол үүнээс хойш хохирол төлбөрийг төлөх боломж байсан. Мөн шүүгдэгч Скай Б- ХХК-иас 2 удаа гар утас залилж авсан. Эхний удаа үнэхээр асуудал гарч авсан байж болох ч 2 дахь удаагаа “болохгүй шүү” гээд зогсох боломж байсан. “Б-” ХХК-д мөн хуурамч гүйлгээ хийсэн баримт үзүүлэхгүйгээр бусдын эд зүйлийг залилахгүй байх боломж байсан. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах хүртэл шүүгдэгч энэ үйлдлүүдээ зогсоогоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн боловч засарч, хүмүүжээгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Э.Э- нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.Г-д Солонгос улс руу “20 хүн сургалтын журмаар гаргаж байгаа гэж хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э.О-ы ХААН банкны О- тоот дансаар 1.500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А-ын ХААН банкны А- тоот дансаар 1.500.000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Голомт банкны 1А- тоот дансаар 500.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Н.Б-ийн ХААН банкны 50Б- тоот данснуудаар 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авснаар Г.Г-д нийт 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр “Скай Б-” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М- нэртэй салбар дэлгүүрээс 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Samsung Galaxy S24 загварын гар утсыг худалдан авч байна, мөнгийг нь шилжүүлсэн хэмээн гүйлгээ хийсэн талаар баримт үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан уг гар утсыг авч 3.499.000 төгрөгийн, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах мөн М- нэртэй салбар дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа цахилгаан барааны тасгаас iphone16 pro max загварын гар утсыг авч улмаар дэлгүүрийн касс хариуцсан ажилтан А.А-д гүйлгээ амжилттай хийгдсэн гэх хуурамч баримтыг үзүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гар утсыг шилжүүлэн авснаар 5.879.000 төгрөгийн буюу “Скай Б- ХХК-д нийт 9.378.000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-”ХХК-ийн салбар дэлгүүрээс iphone 16 pro загварын гар утсыг авахдаа худалдан авах санхүүгийн боломжгүй атал тус мөнгийг шилжүүлсэн гэх баримтыг кассын ажилтанд үзүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар “Б-”ХХК-д 4.749.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 24.627.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Г.Г-гаас гаргаж өгсөн Хаан банкны 5Н-, 57Н-5, Хас банкны 5Н- тоот данснуудын хуулга /1хх 239-241/,

Э.Э-ийн эзэмшлийн Голомт банкны 1А- тоот дансны хуулга /2хх 75-89/,

Голомт банкны 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14/ХХ/03-2198 тоот “...Э.Э- нь 1А- тоот дансны эзэмшигч байна” албан бичиг /2хх 122/,

хохирогч “Скай Н-” ХХК-иас гэмт хэргийн талаар гаргасан гомдол, түүнд хавсаргасан баримтууд /1хх 106-112, 189/,

Скай Б- ХХК-иас гаргаж өгсөн баримтууд /1хх 210/, гэрч А.А-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 125-130/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 142-143/,

Эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг /1хх 172-173/,

 “Б-” ХХК-иас гэмт хэргийн талаар гаргасан гомдол, түүнд хавсаргасан баримтууд /1хх 10-13/,

М банкны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/3117 дугаартай тоот албан бичигт “...Э-ийн эзэмшдэг 80А- тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6/3743 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.Э-ийн 4А- тоот дансны хуулга, Төрийн банкны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/В/1739 тоот албан бичгээр ирүүлсэн Э.Э-ийн эзэмшлийн 343А- тоот дансны хуулга /1хх 23-29/,

“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-25/55 дугаартай дүгнэлтээр “Iphone 16 рго гар утсыг 4.499.900 төгрөгөөр үнэлсэн” тайлан /1хх 45-48/,

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХУ1-25-02 дугаартай шинжээчийн “Samsung galaxy S24 plus загварын 256 gb багтаамжтай гар утсыг 3.499.900 төгрөгөөр үнэлсэн”  гэх /1хх 199-202/,

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн БЗД2-25-154 дугаартай шинжээчийн “Iphone 16 рго mах загварын лац хөндөгдөөгүй гар утсыг 5.879.000 төгрөгөөр үнэлсэн” /1хх 134-139/ гэх дүгнэлтүүд,

хохирогч Г.Г-гийн “...Миний бие 2022 оны 08 дугаар сард Солонгос улс руу явах зорилгоор Б- гэх хүнтэй уулзаж Э- гэх хүнийг танилцуулсан. Тухайн үед Э-ийн эхнэр нь Солонгос улс руу 20 хүн сургалтын журмаар сургаж байгаа гэсэн бөгөөд тухайн үедээ гадаад пасспорт лавлагаануудыг надаас гаргуулж авсан. О-аа гэх хүний Хаан банкны О- тоот данс руу 1.500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-нд Э- нь манай нягтлан бодогчийн данс гэж өгсөн А- тоот данс руу 1.500.000 төгрөг, Э-ийн Голомт банкны 1А- тоот данс руу 500.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөгийг Б- гэх хүний Хаан банкны 50Б- дугаартай данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш худлаа яриад “виз нь гарахааргүй боллоо, таны мөнгийг удалгүй буцааж өгнө” гэх нэрийдлээр өдийг хүрсэн”

“...Э- нь эхнэр О-ы солонгос хэлний сургалтад суулгаад гэрээний ажилчид бэлдэнэ гэж хэлсэн. ...Э- нь мөнгөө бэлнээр өгөхийг шаардаж байсан” /1хх 245-246, 2хх 60-61/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-ийн “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ц- салбарт үл таних 30-40 насны эрэгтэй хүн орж ирээд манай цахилгаан барааны тасгаас Iphone 16 рго maх загварын гар утас аваад касс дээр очиж бичүүлж хуурамч гүйлгээний зураг үзүүлж кассчинг хуурч явсан. Бид нар яаж мэдсэн гэхээр тухайн өдөр шинэ жил болох гээд ачаалалтай байсан. Тэгээд Qрау нь ачаалалтай үед гүйлгээ хийсэн мөнгөн дүн орж ирэхгүй уддаг болохоор анзаарахгүй явуулсан. Дараа нь Худалдаа хөгжлийн банк руу цахим шуудангаар хандаж уг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5,879,900 төгрөг орсон үгүйг асуутал манай дээр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна хуулийн байгууллагад хандах тухай цахим шуудангийн хариу ирсэн ...манай дэлгүүрээс хуурамч гүйлгээний баримт үзүүлэн гар утас авч явсан хүнийг Э.Э- гэх нэртэй гэдгийг мэдсэн”

“ ...М- худалдааны төвийн цахилгаан барааны хэсгээс нэг ширхэг Самсунг Галакси Эс-24+ загварын гар утас дутсан. Ингээд манай байгууллагын зүгээс шалгаж үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Э- гэж хүн манай М- худалдааны төвийн кассын ажилтанд хуурамч зарлагын баримт үзүүлээд “Миний данснаас мөнгө нь гарчихсан байна” гэж хэлээд тухайн гар утсыг авсан байдаг. ...одоо манай салбарт 3.499.900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа” /1хх 117-118, 195/,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ий “...Б- ХХК-ийн төв салбар болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах дэлгүүрээс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Э.Э- гэх үйлчлүүлэгч 4.749.000 төгрөгийн үнэ бүхий айфон 16 про загварын гар утсыг хуурамч дансны гүйлгээ харуулан тухайн үед ажиллаж байсан кассын ажилтнаас хууран мэхэлж авч явсан. ...манай байгууллагад нийт 4.790.000 төгрөгийн хохирол учирсан” /1хх 6-7/,  

гэрч Э.О-ы “...Г- нь Э-өөр дамжуулж над руу залгаад манай хаягийг заалгаад 2022 оны 10 дугаар сард Б-, Г-, Н- гэх Б-ийн охин нар Солонгос хэлний сургалтад суухаар ирээд сургалтад хамрагдсан. Төлбөрийн хувьд 1 хүний 1.500.000 төгрөгийг буюу 3 хүний 4.500.000 төгрөгийг О- дугаарын Хаан банкны данс руу Б-ийн данснаас шилжүүлж орж ирсэн. ...Тухайн үед Э- бид 2 эхнэр нөхөр байсан” /2хх 23-25/,

гэрч Н.Б-ийн “...Э- нь Солонгос улс руу хүмүүс явуулдаг гэх мэт зүйл яриад байхаар нь би өөрийнхөө төрсөн охин Н-ыг Солонгос улс руу явуулах гэж түүнтэй анх уулзаж холбогдож эхэлсэн. ...Өөрийгөө анх надад “Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст ажилладаг, эхнэр О-ыг Солонгос хэлний сургалт явуулдаг, мөн БНСУ руу явуулж өгдөг ХХК-д менежер хийдэг” гэж хэлэхээр нь би охиноо Солонгос явуулахаар шийдсэн юм тэгээд би мөнгө төгрөг өгөөгүй байж байтал Г- мөн “дүүгээ явуулъя, та Э- гэх хүндээ хэлээд өгөөч” гэхээр нь би Н-, Г-, Ж- нарыг дагуулаад Э-ийн гэрийнх нь гадаа очиж уулзаж байсан бөгөөд Э- надад “Болно, бүтнэ, мөнгөө хурдан өгөөрэй, одоо хүмүүс явах гэж байна” гэсэн бөгөөд эхний ээлжийн сургалтын мөнгө гэж Э- нь эхнэр О-ы данс руу 1.500.000 төгрөгийг хийлгэсэн. Тэгээд Э- “Даруйхан мөнгөө өгөөрэй” гээд байсан. Э- надад “Г-гийн мөнгийг нь аваад над руу зээл гэх утгатай хийгээд өгөөрэй, дараа нь зээл авахад хэрэгтэй байдаг юм” гэхээр нь Г-д хэлэхэд миний Хаан банкны 50Б- дугаарын данс руу 7.000.000 төгрөг шилжүүлснийг би Э-ийн Голомт банкны 1А- дугаарын данс руу “bodizeel’ гэх утгатайгаар 9.000.000 төгрөг шилжүүлсэн ...Н-ын БНСУ-руу явуулах мөнгийг Г- нь өгсөн юм” /2хх 65-66/,

гэрч А.А-ын “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баяр дөхсөн болохоор ачаалал их байсан. Тэр өдөр 2 давхарын гоо сайхны кассан дээр кассчин зарлага гарлаа гээд намайг бид нарын дотоод групп чатаар дуудсан. Тэгээд би интернэт банкны хуулгаа харуулах талаар асуухад “Минийх мост мони-н зээлийн данс байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд танайд мөнгө орж ирэхгүй бол ах руугаа вайбараар дугаар хамаагүй холбогдоорой гэж хэлсэн. ...дараа нь манай санхүүгээс мөнгө чинь орж ирэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би тус үйлчлүүлэгч рүү холбогдоод “Таны мөнгө манайх руу орж ирэхгүй байна” гэж хэлэхэд үйлчлүүлэгч “За би банк руу холбогдож асууя” гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь “Та банк руу холбогдсон уу” гэхэд “холбогдсон, салбар дээр ирж хүсэлт өг” гэж хэлсэн. Дараа нь ахиж холбогдоод “хүсэлтээ өгсөн үү” гэж асуухад “өгсөн, дундын данс гэдэг юманд байрласан байна гэж надад хэлсэн, танайхаас бас хүсэлт явуулах юм байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр талаар санхүүгийн албандаа хэлсэн” /1хх 120-121/,   

гэрч М.Ц-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хийж байтал 11 цаг 55 минутын орчим иргэн Э- гэх хүн 2 давхарт худалдааны зөвлөхтэй уулзаад бараагаа сонгоод төлбөрөө төлөхөөр над руу ирсэн. Тэгээд тухай иргэн ирээд Iphone 16 рго загварын 4.749.000 төгрөгийг “Мост мони” банкны данснаас манай байгууллагын Хаан банкны 5Ц- тоот данс руу 4.749.000 төгрөгийг шилжүүлсэн баримт дансны задаргааг харуулсан. Тэгээд тухайн үед санхүүгээс шалгуулаагүй, удаад хүлээгдээд байсан учир нөгөө иргэний гүйлгээний утгыг нь бичиж аваад баримтыг нь гаргаж өгсөн. Тэгсэн тухайн өдрөөс хойш иргэн Э- гэх хүний хийсэн мөнгө нь орж ирэхгүй, утсаар холбогдоход “Би одоогоор интернэт орох сүлжээтэй газар очоогүй байна тийм газар очихоороо явуулаад өгье” гэж хэлээд тухайн өдрөөс хойш холбогдоогүй” /1хх 43/,

яллагдагчаар Э.Э-ийн “...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б- худалдааны төвөөс Iphone 16 рго загварын гар утсыг авсан. Ингэхдээ захиалгат гүйлгээний баримт харуулж авсан. Би тухайн гар утсыг эхнэртээ өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна.”

“...Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сансарын Ц- худалдааны төвийн 2 давхарт байрлах Б- дэлгүүрээс Iphone 16 рго загварын гар утсыг Худалдаа хөгжлийн банкны мост мони ашиглан захиалгат гүйлгээ гэж хуурамч гүйлгээ үзүүлж уг гар утсыг авч яваад фэйсбүүк дээрээс “гар утас авна” гэсэн зарын дагуу Ц- дугаартай холбогдоод 3.900.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би утас зарсан мөнгөө өрөндөө өгсөн”  /1хх 59, 151/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Э-ийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин шүүгдэгч Э.Э-ийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасныг журамлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох хорих ялыг 7 сарын хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Э- “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг “...Э.Э- нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Н- байрны 12 тоотод 6 настай охины хамт оршин суудаг, ганц бие, өрх толгойлсон эцэг. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч Г.Г-, “Скай Б- ХХК, “Б-”ХХК нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Ялын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул Э.Э-д дээрх зорилгыг хангасан ял шийтгэлийг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Э.Э- нь урьд 3 удаа залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдож хорих, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч дахин үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял шүүхээс удаа дараа оногдуулж засарч, хүмүүжих боломж олгоход дахин давтан энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь эрүүгийн хариуцлагын урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилго хангагдаагүй гэж дүгнэн түүнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө “Шүүгдэгч Э.Э- нь хохиролд хохирогч “Б-” ХХК-нд 3.249.000 төгрөг, хохирогч "Скай Б-" (Sky Б-) ХХК-д 3.598.000 төгрөг, Төрийн сангийн 100200000904 дансанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 60.600 төгрөгийг тус тус төлсөн төлбөрийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалт “...Шүүгдэгч Е- овогт Э-ны Э-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаагүйг Шүүгдэгч Е- овогт Э-ны Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэж  алдааг зөвтгөх нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-ийн асрамжид байх насанд хүрээгүй хүүхэд Э.Е-ийг түүний эх Э.О-ы асрамжид үлдээхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад оруулсныг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь  Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Э-ийн хүүхэд Э.Е-ийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуулиар түүний эцэг, эх хүлээсэн байх тул Э.Е-ийг түүний төрсөн эх Э.О-ы асрамжид үлдээх талаар анхан шатны шүүх шийдвэрлэх шаардлагагүй, харин Э.О- нь эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, ... хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс асран хамгаалагч томилох шийдвэрийг шүүх гаргана. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хүүхдийн эцэг Э.Э- нь хорих газар ял эдэлж байгаа тул хүүхдийн эх Э.О- нь хүүхдээ асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг хуулиар нэгэн адил хүлээх учиртай.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн нэрийг шүүх хуралдааны тэмдэглэлд Н.Э- гэж, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт С.Ч- гэж зөрүүтэй бичсэнийг анхааруулав.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2914 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх өөрчлөлтүүдийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.Э-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2914 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “...Шүүгдэгч Е- овогт Э-ны Э-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаагүйг Шүүгдэгч Е- овогт Э-ны Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн өөрчлөлт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч “Б-” ХХК-нд 3.249.000 төгрөг, хохирогч "Скай Б-" (Sky Б-) ХХК-д 3.598.000 төгрөгийн хохирол төлсөн, Төрийн сангийн 100200000904 дансанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 60.600 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                         Н.БААСАНБАТ

 

            ШҮҮГЧ                                                           Л.ГАЛБАДАР