Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0528

 

Д.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0451 дүгээр шийдвэртэй, Д.Ч-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0451 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/93 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Чийг урьд эрхэлж байсан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Татвар бүрдүүлэлтийн албаны бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн  албан  тушаалд  томилохыг  Гаалийн ерөнхий газрын даргад  даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ч-ийн ажилгүй байсан хугацааны 4.437.798 цалин, тэнцэх олговрыг тооцож олгох болон эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0451 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хууль буруу хэрэглэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийн шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт “...төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан. Харин Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газраас Гаалийн ерөнхий газрын харъяа Завхан аймгийн Арцсуурь дахь Гаалийн хороонд томилож байгаа нь Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасны дагуу байгууллага дотроо сэлгэн ажиллуулсан бөгөөд байгууллага дотроо сэлгэн ажиллуулахдаа санал солилцохтой холбоотой тусгайлсан зохицуулалт Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хууль болон “Сэлгэн ажиллуулах журам”-д байхгүй. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхээс Гаалийн байгууллагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Ч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 839 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0077 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 116 дугаар тогтоолтой холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн нэхэмжлэлдээ энэ тухай дурдаагүй. Харин Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/92 дугаар тушаалтай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй шаардлага, тайлбар, нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу бус өмнө хэлэлцэгдээд шүүхээс шийдсэн, шийдвэр биелэгдсэн асуудлыг хэлэлцэж, нотлох баримтыг үнэлэн судалж, дүгнэлт гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ч нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/93 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Завхан аймгийн Арцсуурь дахь гаалийн хороонд гаалийн улсын ахлах байцаагчаар  томилохдоо хуулийн дагуу мэдэгдээгүй, надтай санал солилцож тохиролцолгүй шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, сэлгэн ажиллуулах гэрээг Гаалийн ерөнхий газрын дарга бичгээр байгуулна гэсэн журмын заалтыг зөрчсөн” гэж маргажээ.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “Д.Ч-ийг Улаанбаатар хот дахь гаалийн газраас Завхан аймгийн Арцсуурь дахь гаалийн хороонд томилсноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөөгүй, албан тушаал, зэрэг дэв буураагүй, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т “гаалийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах” гэж зааснаар шилжүүлсэн, сөрөг үр дагавар бүхий захиргааны акт биш тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэж тайлбарласан байна.  

Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.3, 28.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Чийг Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын бичиг, баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Гаалийн ерөнхий газрын харъяа Завхан аймгийн Арцсуурь дахь гаалийн хороонд Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах  байцаагчаар томилжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Ч-ийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно…” гэж заасныг төрийн албан хаагч албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсний үндсэн дээр түүнийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд, түр хугацаанд шилжүүлэн ажиллуулах харилцааг зохицуулсан зохицуулалт гэж ойлгох боловч маргаан бүхий энэ тохиолдолд хуулийн энэ зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй.

Учир нь гаалийн байгууллага бол Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд энэхүү гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх зүйн байдлыг зохицуулсан Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн       2711.1-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2711.1.10-т “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах…” гэж гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхийг тодорхойлж өгсөн бол  274 дүгээр зүйлийн 274.3-т “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж гаалийн улсын байцаагчийн төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна тусгайлан хүлээх үүргийг тодорхойлсон гэж ойлгохоор байна.

Иймд гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахтай холбогдсон харилцаанд илүү нарийвчлан зохицуулсан Гаалийн тухай хууль хэрэглэгдэх ёстой.

Харин гаалийн байгууллагын удирдлага хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/106 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлах үүрэгтэй гэж үзнэ.

Дээрх журмын 1.2-т “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахдаа шударга, ил тод, нээлттэй, тэгш байх зарчмыг баримтална”, 2.1-д “Гаалийн байгууллагын газар зүйн байршил, дэд бүтэц зэргийг харгалзан гаалийн улсын байцаагчийг хамгийн багадаа 5 жилд зайлшгүй нэг удаа дор дурдсан байдлаар сэлгэн ажиллуулна”, 2.1.1 “Гашуунсухайт дахь гаалийн газар, ... Завхан аймгийн Арцсуурь гаалийн хороодод ажлын 252 хоног буюу 1 жил” гэж /нэмэлт өөрчлөлт орсон/ заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Ч-ийг сэлгэн ажиллуулахдаа журамд заасан зарчмыг зөрчсөн, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Ч нь Баян-Өлгий аймаг дахь гаалийн хороонд ажиллаж байгаад 2012 онд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт шилжин ирж ажилласан /талууд шүүх хуралдаан дээр тайлбарласан/, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлснийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэснээр дээрх захиргааны актыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 116 дугаар тогтоол гарсны дараа Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/370 дугаар тушаал гарч нэхэмжлэгчийг Улаанбаатар хот дахь гаалийн газарт Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон зэрэг үйл баримтад дүгнэлт хийвэл журмын нийтлэг үндэслэлд заасан гаалийн улсын байцаагчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажлын байран дахь суралцах тогтолцоог хэвшүүлэх, ажлын дадлага туршлага эзэмшүүлэх зорилго болон шударга ёсны зарчим хэрэгжсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Энэхүү нөхцөл байдал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх урьд гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн дүгнэлт хийсэн нь маргаан бүхий захиргааны акт хууль, тогтоомжид заасан зарчмаа зөрчсөн эсэхийг шалгахад ач холбогдолтой гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгчөөс гаргасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу бус өмнө хэлэлцэгдээд шүүхээс шийдсэн, шийдвэр биелэгдсэн асуудлыг хэлэлцэж, нотлох баримтыг үнэлэн судалж, дүгнэлт гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

Харин “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” талаар гомдол үндэстэй ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан атал ажилд томилохыг хариуцагчид даалгасан, зарим үг зүйн алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0451 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/93 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Чийг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “4.347.798 цалин, тэнцэх олговрыг” гэснийг “4.347.798 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг” гэж тус тус өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.           

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэ рлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                   

 

             ШҮҮГЧ                                                      Ц.САЙХАНТУЯА    

             ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН  

             ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН