Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 1

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:114/2016/0082/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх  хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн захирал Ч.*******, гүйцэтгэх захирал М.******* нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын12-ны өдрийн А/85 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, дахин гэрээ хийх, гэрчилгээ олгох, газар эзэмших эрхийг сунгахыг даалгах”   шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:            Б.Цэлмэг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                      Д.Тэрбиш

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:               Г.Энхсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэлмэгээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 225 айлын орон сууц барьж дуусах тухай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах 01 гэрээ байгуулж Төрийн албан хаагч, залуу гэр бүлд зориулан 225 айлын орон сууц барихаар аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 108 тоот захирамжаар 2 жилийн хугацаатай 2000 м.кв газар эзэмшихээр болсон ба 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа нь дууссан. Манай компанийн ерөнхий захирал ******* нь элэгний хүнд өвчтэй. Тухайн үед эмчилгээ хийлгэж хүндэтгэн  үзэх  шалтгаантай  байсан.  2014 оны 06 дугаар  сард  захирал  ******* газрынхаа гэрчилгээг  би сунгачихна ямар нэгэн асуудал байхгүй сунгана гэж бид нарт хэлсэн. Монголд анх удаагаа Францын технологоор Турк улсад үйлдвэрлэгдсэн тунелэн хэв ашиглан газар хөдлөлтөнд өндөр тэсвэртэй, заадасгүй, давхар болгон нь давтагдаагүй бүрэн цутгамал барилга угсралт түргэн шуурхай, чанарын хувьд сайн чанартай орон сууц гэдгээрээ бусад орон сууцаас давуу талтай барилга барьж ажилласан. Европ стандарт Францын дэвшилтэнд технологоор тунелэн хэвээр барилга барих төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж байгаа учраас төлөвлөж байснаас хугацаа алдаж ажил хойшлогдсон. Тухайн үед Монголын эдийн засаг хямарч Турк улсаас хөрөнгө оруулах тал дээр асуудал гарч ирсэн ба бид  анх 2012 онд эхний ээлжийн хэвээ захиалж мөнгөө шилжүүлж авч байсан. Тунелэн хэвээр цутгах нь Монголд анх удаа нэвтэрч байгаа учраас хамгийн том асуудал нь зургийн асуудал байсан. Монголын нөхцөлд зураг зурах асуудал дээр хугацаа их алдсан. Туркээс хэвийг нь авчруулах замын зардал  дээрээ ярилцаад Тэрсүү худаг компани манайд хөрөнгө оруулалт хийсэн. Газар шорооны ажлыг 2013, 2014 онд хийгээд 2014 онд зоорийн давхрыг цутгаж хажуу талд нь жижиг суурь хийсэн. 2015 онд бид нар анх ажилд ороод байж байхад доод талыг нь хэв хийгээд задгай хаячихсан байсан. Ажилд ороод хэв хуулах, дулаалах ажлыг хийж байсан. Тухайн үед хямрал гээд Туркээс орж ирэх хөрөнгө оруулалт маань цуцлагдаж валютын зөрүү их гарсан. Ийм байдалтай явсаар 2016 онд манай комапанид “Дөлгөөн моно” ХХК хөрөнгө оруулахаар болж үйл ажиллагаагаа явуулж байтал танай компанийн газрыг цуцалчихсан байна. Тийм учраас манай компаниас хөрөнгө оруулалт хийж болохгүй байна гэж хойшлуулсаар байгаад хөрөнгө оруулалт хийгээгүй өдий хүрлээ. 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр газар цуцалсныг мэдэж тухайн үед би газрын албанд хэд хэдэн удаа газар сунгуулах тухай хүсэлтээ тавьж Газрын албанд албан бичиг хүргүүлж байхад даргаар нь Мөнх-Эрдэнэ, Хэлтсийн дарга нь ******* гэж хүн байсан тэр хүмүүстэй хэд хэдэн удаа уулзахад аймгийн Засаг дарга хүчингүй болгосон та нар аймгийн Засаг даргатайгаа учраа ол гэж амаар хэлдэг бидний хүсэлтийг хүлээж аваагүй газрын албанд хамаагүй гэж хэлдэг байсан. Би Засаг даргатай уулзаж байгаагүй гүйцэтгэх захирал ******* уулздаг байсан.  Дараа нь 2016 оны 06 дугаар сард нэг уулзаж байсан. Мөнх-эрдэнэ даргын дараа бас нэг хүн дарга болсон тэр хүнтэй уулзахад тэр хүн бас ялгаа байхгүй Засаг даргатайгаа уулз Засаг дарга танай газрыг сэргээх юм бол танай газрыг сунгахад асуудал байхгүй. Мөн танай захиалагч нар чинь ч хэл ам хийж их ирж байна бид нарт ажил хийхэд хүндрэлтэй байна гэж хэлдэг байсан. 2016 онд “Дөлгөөн моно” ХХК хөрөнгө оруулна гээд “Ма Эйч” ХХК –ний бригад манай компани дээр ажилласан. Тэд нар тусдаа хоёр инженер, нэг хяналтын инженер, нэг талбайн инженер, хөдөлмөр хамгаалалын инженер нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй туслан гүйцэтгэхээр 3 сар ажилласан. Захиалагч нараас шүүхийн шийдвэрийн дагуу их ирж байгаа. Хамгийн гол нь газрын гэрчилгээг хүчингүй болгосноос болж хөрөнгө оруулалт орж ирээгүй. “Хэрсүү худаг” компани анх Туркын хэвийг оруулж ирэхэд манай компани хамтарч хэвний төлбөр, замын зардалыг тэр компани хөрөнгө оруулж бид нарыг явуулж байсан. Аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөрөнгө оруулалтаас болоод би л гэхэд хоёр жил цалингаа аваагүй. Дээр нь захиалагч гэж 30-аад хүн байна. Бид нар анх хэвэнд тааруулж зоорийн давхарыг босгосон. Газрыг цуцлаад дуудлага худалдаагаар зарна гэвэл тэрийг хэн ч авахгүй. Дээр нь карказ босгоно гэвэл арматур нь өөр, зоорийн давхарыг ашиглъя гэхэд хэлбэр дүрс нь өөр тийм болохоор асуудалтай гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тэрбишээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар ямар ч шалтгаангүйгээр газар дээрээ 2 жил ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. “*******” ХХК нь хоёр блок угсраад бүх ажиллагаа хийгдээд явж байгаа. 3 сараас үйл ажилалгаагаа эхэлж энэ жилдээ бариад дуусгана гэсэн нотлох баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Турк улсаас хэв зэрэг бусад зүйлээ авчруулаад бэлэн болгочихсон. “*******” ХХК-д аймгийн тамгын газраас 2015 оны 06 дугаар сарын 16-нд албан бичиг ирсэн байдаг. Тэрний дагуу 2015 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 9/16 гэсэн албан тоотыг Баясгалан даргад өгч явуулсан мөн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газрын албанд, 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн албан тоотыг дахин явуулсан боловч захиргаанаас ямар ч  хариу тайлбар өгөөгүй, Засаг дарга албан тоотон дээр цохолт хийж газрын албанд шилжүүлсэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа мөн 2 жил болоход газар дээр ажиллагаа хийгдсэн гэсэн нотлох баримт хавтас хэрэгт өгсөн учраас  “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь 2013 онд аймгийн Засаг дарга, газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандадж газар олгох тухай хүсэлтийн дагуу иргэд, төрийн албан хаагч болон залуу гэр бүлийг дэмжих, тухайн үед Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байсан 1000 айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд энэ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний зорилго маань залуу гэр бүл болон төрийн албан хаагч нарт хямд үнэ бүхий орон сууцаар хангахын тулд аймгийн Засаг даргын тамгын газар 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаар гэрээ байгуулж,  Аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 108 тоот захирамжаар 2000 мкв газрыг хоёр жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр газрыг үнэ төлбөргүй олгосноор  04 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээгээ авсан. 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 01 тоот  гэрээний 3.1-д 2013 оны 11 дүгээр сарын 30-ны дотор барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан. Энэ хугацаандаа хийж гүйцэтгээгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “*******” ХХК-аас 2214 гэсэн албан тоотыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргад  ирүүлсэн байсан ба хамтран ажиллах гэрээг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтээ тавьсан байсан. Энэ албан бичиг дээр аймгийн Засаг дарга нэг жилийн хугацаар сунгая гэсэн цохолт хийсэн байсан тул үүний дагуу хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нэг жилийн хугацаатай 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 06 тоот гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээ нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Гэрээ дууссанаас хойш 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/1059 тоот албан бичгээр барилгын ажлын үйл ажиллагааг төрөөс дэмжсэн боловч одоог хүртэл барилга угсралтын ажил хийж эхлээгүй байна. Эзэмшил газрын гэрчилгээ нь 2015 оны 04 дүгээр сарын 02-гтй өдрөөс, аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан хамтран ажиллах гэрээ 2015 оны 05 дугаар 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрх дуусгавар болсныг анхааруулаад 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор тус хэлтэст ирж гэрээгээ дүгнүүлнэ үү гэдэг албан бичгийг өгсөн. Тус компанийн газар эзэмших эрхийн хугацаа  2015 оны 04 дугаар сарын 2-ны өдөр дууссан боловч 2016 оны 04 дүгээр сарын 12-нд өөрөөр хэлбэл бүтэн жилийн дараа  аймгийн Засаг даргын  А/85 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. Монгол улсын Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дууссан, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр газрыг цуцалсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******”ХХК-ний захирал Ч.*******, гүйцэтгэх захирал М.******* нараас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, дахин гэрээ хийх, гэрчилгээ олгох, газар эзэмших эрхийг сунгахыг даалгах”   нэхэмжлэлийг шүүхэд  гаргасан байна.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, дахин гэрээ хийх, гэрчилгээ олгох, газар эзэмших эрхийг сунгахыг даалгах”  шаардлагын тухайд:

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 108 дугаар захирамжаар тус аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт 2000 м2  хэмжээтэй  080122692 нэгж талбарын дугаар бүхий газрыг “*******” ХХК-д  нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2013 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулагдан, 000301012 дугаарын гэрчилгээ олгогдсон болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж,  газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж  заасныг баримтлан “*******” ХХК-ний 2000 м2 бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

  1.“*******” ХХК нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчсөн” гэх тухайд:

  “*******” ХХК- ний газар эзэмших гэрээний хугацаа нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байна.

Хэрэгт тус компаний Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гэж хаяглагдсан 2015 оны 6 дугаар сарын 16- ний өдрийн  10/16 дугаар бүхий “газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах” албан тоот, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэлмэгээс “газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг би өөрөө газрын албаны бичиг хэргийн ажилтанд өгөхөд хүлээж аваагүй даргатай уулз гэснээр газрын дарга Мөнх-Эрдэнэ, хэлтсийн дарга ******* нартай удаа дараа уулзсан боловч аймгийн Засаг даргатайгаа учраа ол гэж амаар хэлээд хүсэлтийг хүлээж аваагүй, мөн шинээр томилогдсон газрын албаны даргатай өөрийн биеэр уулзахад Аймгийн Засаг даргатайгаа учраа ол, танай компанитай холбоотой иргэдийн гомдол хэл ам их байна гэсэн, Аймгийн Засаг даргатай манай захирал уулзсан гэсэн” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд  нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлтээ аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтанд гаргасан, хариуцагч Аймгийн Засаг дарга хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. 

Мөн шинээр Аймгийн Засаг дарга томилогдсоны дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “*******” ХХК нь 01/06 дугаар албан тоотоор “газар эзэмших эрхийн талаарх” хүсэлтээ  Аймгийн Засаг дарга С.Насанбатад гаргасан бөгөөд Аймгийн Засаг дарга Насанбат нь  “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт яаралтай газар сэргээж, барилга эхлэх зөвшөөрлийг олгох хяналтыг тавьж танилцуулах 2016.09.07” гэсэн цохолтыг компанийн албан тоот дээр хийж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016.12.02-ны өдрийн 644 дүгээр албан тоот зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэхүү аймгийн Засаг даргын шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтнуудыг буруутай үйл ажиллагаа байгаа ба энэ нь Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь  тухайн шатны Засаг даргын  шийдвэрийн төслийг ... боловсруулна” гэж заасантай нийцээгүй  байна.

2. ” Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэх тухайд:

“*******” ХХК нь газар эзэмшиж байх хугацаандаа Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлүүдийг зохих газруудаас авах, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан  цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны техникийн нөхцлүүд, барилгын эскиз зураг, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, төлбөрийн баримтууд, дансны хуулга,зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, цамхаг кран түрээслэх гэрээ, ажлын гүйцэтгэл, гүйцэтгэсэн барилгын ажлын фото зураг, газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл, Барилгын явцын байдал болон Тунел хэвийг байрлуулсан фото зураг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Түүнчлэн 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд хөнгөлттэй үнээр төрийн байгууллагын албан хаагчид болон залуу гэр бүлийг орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулан барилга угсралтын ажил болох суурь ухах, хэв цутгах зэрэг тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь тухайн газар дээр очиж үзлэг хийсэн тэмдэглэл, зураг энэхүү барилгын ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдсэн тунелэн металл хэв, цамхагт кран суурилуулсан байдлаар тодорхойлогдож байх тул *******” ХХК-ийг газраа зориулалтын дагуу 2 жил  ашиглаагүй гэж үзэх боломжгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.Түүнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүйгээс 2015 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртлэх хугацаанд тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, үйл ажиллагаа явуулаагүйгээс захиалагч нартай байгуулсан орон сууцны байшин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ биелэгдэхгүйд хүрч, гэрээний урьдчилгаа төлбөр, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгчээс гаргуулах тухай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

Дээрх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн хугацааг сунган гэрчилгээ олгон, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                             

                                                            ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах, гэрчилгээ олгон гэрээ байгуулах тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Аймгийн Засаг даргад даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Д.НАРАНТУЯА