Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2026/00225

 

 

 

 

                                                                        

 

 

 

 

 

                                 301/ШШ2026/00225

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                            

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: А аймгийн Х сумын ....... дугаар баг, Т гэх газар оршин суух С овгийн Дын Б /ИБД:........../-ы хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдааны оролцогчид: 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгээс шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:
 

1.  Хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн Х сумын А нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, АрХ аймгийн Х сумын А ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

- Д.Б нь бага ангиасаа сургуулиас гарсан ба 1981 оноос эхлэн АрХ аймгийн Х сумын А нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1984 оны 06 дугаар сард цэргийн албанд явсан ба цэргийн албанд явтал хугацаанд А нэгдлийн Т багт малчнаар ажилласан. Цэргээс ирсний дараа үргэлжлүүлэн 1987 оны  07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн А нэгдэл хувьчлагдтал буюу 1992 он хүртэл малчнаар ажилласан юм. А нэгдэл хувьчлагдаж А ХК болоход 1995 оны 01 дүгээр сар хүртэл тус ХК-д малчнаар ажилласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, Х сумын А нэгдлийн баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй, А ХК-ийн баримт архивт шилжиж ирээгүйгээс үүдэн АрХ аймгийн Х сумын А нэгдэлд 1981 оны 01 дүгээр сараас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-наас 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, АрХ аймгийн Х сумын А ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой. Иймд С овгийн Д Быг  АрХ аймгийн Х сумын А нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, АрХ аймгийн Х сумын А ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Д.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа,

- А аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 тоот тодорхойлолт,  

- Дын Бы Х сумын Т багт малчнаар ажиллаж байсан үеийн буюу 1981-1984, 1987-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн АрХ аймгийн Төрийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 тоот цалингийн тодорхойлолт,

- Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,  

- Цэргийн албанаас халагдаж ирээд Тэрх бригадад малчнаар ажилласан Д овогтой Бы ажилласан хугацааг 1987 оны 7-р сарын 15-наас ажиллаж эхэлснээр тооцсугай гэсэн “Нөхөн тушаал гаргах тухай” АрХ аймгийн Х сумын А нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тушаал,

- А аймгийн Х сумын ХАА-н А нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” тогтоол /Хавсралтын 6 дугаарт: Д.Б, Тэрх, олгох мал хязаалан байдас 1 гэжээ/,

 - Х сумын А нэгдлийн өмч хувьчлалын материал /хавсралтанд: Дын Б гэжээ/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

2.1.  Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:   

- Гэрч Ж.Бы “Би АрХ аймгийн Х сумын 8 жилийн сургуулийг 1978 онд төгсөөд АрХ аймгийн Х сумын А нэгдэлд илгээлтээр мал дээр гарсан. 1980-1983 онд цэргийн алба хаасан. Тэгээд цэргээс халагдаж ирээд сумандаа одоо хүртэл мал маллаж байна. Би 2017 онд тэтгэвэртээ гарсан. Б бид хоёр бага наснаасаа нэг сургуульд, нэг сургуулийн байранд байсан. Б нь надаас 4 насаар дүү байгаа юм. Б нь 4 дүгээр анги төгссөн үү үгүй юу 1976 онд сургуулиас гараад аав ээжтэйгээ хамт хөдөө гарч мал малласан. 1980 оны үед буюу 15 настайгаасаа аавын хамт А аймгийн Х сумын А нэгдэлд мал маллаж, 1984 онд цэргийн алба хаасан. Быг хаана цэргийн алба хаасан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан намайг цэргээс халагдаж ирсний нэг жилийн дараа сумаасаа цэргийн албанд татагдаж байсан. Б нь 3 жил цэргийн албыг хаасан санагдаж байна. Тэгээд цэргийн албанаас халагдаж ирээд дахин А аймгийн Х сумын А нэгдэлд 1987 оноос хойш аав Дын хамт фермийн үхэр малласан. Хувьчлал 1992 онд болоод нэгдэл тарж компани болсон. АрХ аймгийн Х сумын А нэгдэл хувьчлагдаж А компани болоход Д.Б бид хоёр хоёулаа тус компанид шилжин компанийн гишүүн болж мал маллаж, мах, сүү, түүхий эд, ноос малын гаралтай бүхий л зүйлийг нийлүүлдэг байсан. Түүнээс хойш би Д.Бтай хамт АрХ аймгийн Х сумын А ХК-ийг хоршоо болтол ажилласан. Х сумын А нэгдэл 1993 онд хувьчлагдаж байсан. Тухайн үед зарим ажилтан нь ардын аж ахуйтан болж, зарим нь АрХ аймгийн Х сумын А ХК-д шилжин ажиллаж байсан. Д.Б бид хоёр А ХК-д шилжин ажилласан” гэх мэдүүлэг,

 

           - Гэрч Ж.Бийн “Би АрХ аймгийн Х сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1981 онд төгсөөд, илгээлтээр гарч АрХ аймгийн Х сумын А нэгдэлд адуучин, үхэрчин, хоньчноор 1995 он хүртэл ажилласан. Бы аав Д нь АрХ аймгийн Х сумын А нэгдэлд фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. Б нь АрХ аймгийн Х сумын 8 жилийн сургуульд сурч байгаад бага наснаасаа сургуулиасаа гарч, аавыгаа дагаад Архангай аймгийн Х сумын А нэгдэлд фермийн үхэрчин хийж байсан. Б бид хоёр сумаасаа 1984 онд хамт цэрэгт татагдаад, Б нь Зүүн баянд, би Өмнөговь аймгийн Овоотын 0166 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан. 1987 онд бид хоёр цэргээс зэрэг халагдаж ирээд сумандаа буюу АрХ аймгийн Х сумын А нэгдэлдээ малчнаар ажилласан. Б нь нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй. Архангай аймгийн Х сумын А нэгдэлд ямар л малыг хар гэсэн тушаал шийдвэр гарна тухайн малыг малладаг байсан, мөн туслах малчин ч хийлгэдэг байсан. Биднийг ажиллаж байхад нэгдлийн даргаар Цэрэндондог, дараа нь Гомбосүрэн дарга нар байсан бөгөөд манай нэгдэлд Б гэдэг нэртэй олон хүн байсан. Б нь цэрэгт татагдахаасаа өмнө ч нэгдэлд ажиллаж байсан гэхээр 1981 оноос хойш ажиллаж байсан хүн байгаа юм. Тэгээд 1981 оноос 1993 онд нэгдэл тарах хүртэл Б нь Архангай аймгийн Х сумын А нэгдэлд ажилласан. Нэгдэлд орж ажиллаж байгаад цэрэгт татагдсан хүн байгаа юм. Архангай аймгийн Х сумын нэгдэл тарсны дараа би А ХК-д шилжиж ажлаагүй, ардын аж ахуйтан болж нэгдлийн малыг авч 1995 он хүртэл малаа малласан. Харин Д.Б нь Х сумын А нэгдэл хувьчлагдсны дараа ажлаасаа гараагүй, А ХК-д шилжин ажилласан. Д.Б нь А ХК-ийг татан буугдах хүртэл ажилласан санагдаж байна. Д.Б Х сумаас өөр тийшээ шилжиж ажиллагаагүй, тус сумандаа л мал маллаж байсан” гэх мэдүүлэг,

 

3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

 

- А аймгийн Нийгмийн даатгалын газраас 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/25 тоот “Тус газрын архивт Дын Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна” гэсэн албан бичиг,

- Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/59 тоот албан бичгээр ирүүлсэн:

  Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/386 дугаар лавлагаанд: Он: 1989, аймаг: А, сум: Х, байршил: хөдөө, Дын Б, тэргүүлэгч өөрөө, 23 настай, эрэгтэй” гэсэн лавлагаа,

- Д Б, эрхэлдэг ажил-үхэрчин гэсэн Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт,

- Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны 23 тоот албан бичиг,

- Батлан хамгаалах төв архивын 2026 оны 01 дүгээ сарын 15-ны өдрийн 08/228 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

- Дын Бы цэргийн албанд тэнцэгчдийн анкетанд: Хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан-А 1982 оноос малчин, аав Д малчин, ээж Л саальчин, 3 дүү сургуульд гэжээ,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 16-ны өдрийн 9/41 тоот албан бичиг,

- Дын Б, А аймгийн Х суманд 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, А нэгдэлд үхэрчин, ажилд орсон он-1987 гэсэн 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХААТР-1 маягт,

Д ын Б, 1965 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, АрХ аймгийн Х сумын төрөх тасаг, Тэрх бригадад үхэрчин” гэсэн 1988 оны 05 сарын 10-ны өдөр бичигдсэн хаягийн хуудас 7 маягт,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,   

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/87 тоот  “... А ХК нь 1993-1994 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болно” гэх албан бичиг,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 9/141 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч Д.Бы А аймгийн Х сумын А нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Х сумын А ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Төрийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 тоот цалингийн тодорхойлолт, “Нөхөн тушаал гаргах тухай” А аймгийн Х сумын А нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тушаал, А аймгийн Х сумын .....  А нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” тогтоол, Х сумын А нэгдлийн өмч хувьчлалын материал, Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/386 дугаар лавлагаа, Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт, Дын Бы цэргийн албанд тэнцэгчдийн анкет, ХААТР-1 маягт, 1988 оны 05 сарын 10-ны өдөр бичигдсэн хаягийн хуудас 7 маягт,

худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Ж.Бы “ ... Б нь 4 дүгээр анги төгссөн үү үгүй юу 1976 онд сургуулиас гараад аав ээжтэйгээ хамт хөдөө гарч мал малласан. 1980 оны үед буюу 15 настайгаасаа аавын хамт АрХ аймгийн Х сумын А нэгдэлд мал маллаж, 1984 онд цэргийн алба хаасан. ... Цэргийн албанаас халагдаж ирээд дахин АрХ аймгийн Х сумын А нэгдэлд 1987 оноос хойш аав Дын хамт фермийн үхэр малласан. Хувьчлал 1992 онд болоод нэгдэл тарж компани болсон. АрХ аймгийн Х сумын А нэгдэл хувьчлагдаж А компани болоход Д.Б бид хоёр хоёулаа тус компанид шилжин компанийн гишүүн болж мал маллаж, мах, сүү, түүхий эд, ноос малын гаралтай бүхий л зүйлийг нийлүүлдэг байсан. Түүнээс хойш би Д.Бтай хамт АрХ аймгийн Х сумын А ХК-ийг хоршоо болтол ажилласан. Х сумын А нэгдэл 1993 онд хувьчлагдаж байсан. ... ” гэх мэдүүлэг, 

           - гэрч Ж.Бн “... Б нь АрХ аймгийн Х сумын 8 жилийн сургуульд сурч байгаад бага наснаасаа сургуулиасаа гарч, аавыгаа дагаад АрХ аймгийн Х сумын А нэгдэлд фермийн үхэрчин хийж байсан. Б бид хоёр сумаасаа 1984 онд хамт цэрэгт татагдаад, Б нь Зүүн баянд, би Өмнөговь аймгийн Овоотын 0166 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан. 1987 онд бид хоёр цэргээс зэрэг халагдаж ирээд сумандаа буюу АрХ аймгийн Х сумын А нэгдэлдээ малчнаар ажилласан. Б нь нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй. ... Харин Д.Б нь Х сумын А нэгдэл хувьчлагдсны дараа ажлаасаа гараагүй, А ХК-д шилжин ажилласан. Д.Б нь А ХК-ийг татан буугдах хүртэл ажилласан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Б нь АрХ аймгийн Х сумын А нэгдэл болон А ХК-д малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

 

Иймд С овгийн Дын Бы хүсэлтийн шаардлагыг хангаж, А аймгийн Х сумын А нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Х сумын А ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

 

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хүсэлт гаргагч Д.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон         

                                                                       

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овгийн Дын Б А аймгийн Х сумын А нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Х сумын А ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.БЯМБААХҮҮ