Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 27 өдөр                               2018/ШЦТ/166                           Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0110/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Уламбаяр,

Улсын яллагч                                                  Ц.Цэен-Ойдов,

Хохирогч                                                           Ж.Энхбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 П.Амаржаргал

Шүүгдэгч                                                          Ц.А нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.А-д холбогдох 1839000920068 дугаартай  эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар баг Баянмөнхийн 08-31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал “Алдарт эх”-ийн II одонтой, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Ц.А /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 08-31 тоотод Ж.Энхбаатартай маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 08-31 тоотод Ж.Энхбаатартай маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

Хохирогч Ж.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр Ц.А надаас түрүүлж босоод, том хүү Өсөх-Ирээдүйг талханд явуулаад хүү маань дэлгүүрээс талх авчраад байсан юм. Ингээд Ц.А ширээн дээр талх зүсээд байж байгаад хүүхдийн мөнгөний асуудлаас болж маргасан. Тэр үед манай эхнэр ширээн дээр талх зүсээд байж байхаар нь би уурандаа цохих гэсэн чинь эхнэр хутгаа бариад дальдчихад би өөрөө барьж байсан хутганд хатгагдсан. Манай эхнэр намайг санаатай хутгалаагүй, би өөрөө гартаа барьж байсан хутган дээр нь биеэрээ орчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Хохирогч Ж.Энхбаатарын дахин мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр бид хоёрын харьцаа хэвийн зүгээр байдаг. Манай эхнэр одоо жирэмсэн гэр бүлийн уур амьсгал халуун дулаан л байна. Манай эхнэр надад гэмтэл учруулж байгаагүй. Би урьд өмнө эхнэртээ гар хүрч, гэр бүлийн хүмүүсийн хооронд маргах юм байдаг байсан. Гэхдээ хэрүүл зодоондоо хүрч хурцдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127-128 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Өсөх-Ирээдүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны орой гэртээ ээж Ц.А, аав Энхбаатар, дүү Бат-Ирээдүй, Гэрэлт-Ирээдүй, өвөө Сэнгэпүрэв нартай гэртээ байж байтал манай аав ээж хоёр хоорондоо Бат-Ирээдүйн цагаан сараар айл хэсэж олсон 20000 төгрөгийн асуудлаас болж муудсан. Тэгээд ээж ширээний баруун талд суугаад талх зүсэж байхад нь аав ээжийн урд талд зогсож байснаа ээжийг цохих гэсэн чинь ээж эргээд хартал аав ээжийн барьж байсан хутганд өөрийн биеэрээ ойртоод барьж байсан хутганд гэдсээрээ хатгуулсан. Би зүүн орны толгой хэсэгт нь сууж байхад аав ээж хоёр миний баруун талд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны орой гэртээ ээж Ц.А, аав Энхбаатар, ах Өсөх-Ирээдүй, дүү Гэрэлт-Ирээдүй, өвөө Сэнгэпүрэв нартайгаа гэртээ байсан чинь миний цагаан сараар айл хэсэж хүмүүсийн өгсөн 20000 төгрөгийг аав маань найздаа өгчихсөн юм. Тэгээд би мөнгө байхгүй болсон гэсэн чинь аав миний мөнгийг найздаа өгсөн гэсэн чинь аав ээжийг ширээний баруун талд сууж байхад нь зодох гээд дайраад ээжийн барьж байсан хутганд өөрөө гэдсэн тус газраа хатгагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/

Гэрч Ж.Сэнгэпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүү өөрөө эхнэртэйгээ маргаж байгаад гараараа цохих гэж байгаад Ц.Аийн талх зүсэж сууж байгаад гартаа барьж байсан хутган дээр нь өөрөө биеэрээ шахаж орж ирээд гэдсэндээ хутгалуулсан. Манай хүү Энхбаатарын өөрийн буруутай үйлдэл байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/

Яллагдагч Ц.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү цагаан сараар айлаар хэсэж бэлгэнд авсан 20000 төгрөг байсан юм. Тэгээд би мөнгөн дээрээс болж нөхөртэйгээ маргалдсан хүүхдийнхээ мөнгийг яахаараа хүнд өгдөг юм. Наад хүүхэд чинь хөөрхий цагаан сараар нилээн олон айлаар хэсэж байж цуглуулсан мөнгийг хүнд өгөөд байхдаа яахав дээ гээд бага зэрэг уурласан чинь нөхөр маань за яахав дээ Мөнх-Эрдэнэ буцаагаад өгнө биз дээ гэж хэлсэн. Тэрнээс болж уурлаад хэрэлдсэн. Тэгтэл манай нөхөр пизда минь гэж намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би орон дээрээс босоод гэрийн зүүн хойно байсан ширээний баруун талын сандал дээр суугаад хүүхдүүдээ талх зүсэж өгөөд сууж байсан юм. Ингээд маргаж байтал манай нөхөр намайг цохих гээд гараараа далайсан. Тэгэхээр нь талх зүсээд гартаа бариад байж байсан хутгатай гараараа хаах гэтэл хутгатай гар маань нөхрийн гэдсэнд хатгачихсан чинь нөхөр маань доошоо суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/

Гэрч Н.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны орой хагалгааны явцыг гүйцэд санахгүй байна. ...хагалгааны явцад Ж.Энхбаатарын ходоодны ёроол хэсэг сэмж болон чацархайн судас гэмтээж цус алдаж байсныг оёж тогтоосон. Бусад эрхтнийг шалгаж үзэхэд гэмтэлгүй байсан тул хэвлийд гуурс байрлуулж хагалгааг дуусгасан. Хутганы чиглэл дээшээ чиглэлтэй байсан. Хутганы гэмтлээс дээшээ чиглэж байж ходоодны ёроол хэсгийн сэмж болон чацархай гэмтээж байгаа юм. Ходоод гэмтээгүй ёроол хэсэгт сэмж болон чацархайны судас гэмтсэн байсныг оёж тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Өсөх-Ирээдүйн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...Манай аав дүүгийн мөнгийг найздаа өгчихсөн байсан. Дүү маань мөнгийг маань хүнд өгсөн байна гэж ээждээ хэлсэн. Тэгээд аав ээж хоёр муудсан. Ээж чи хүүхдийн мөнгийг хүнд өглөө гэж уурласан. Аав ээжийг гараа далайгаад цохих гэсэн чинь ээж дальдчаад гараараа хаасан чинь аав ээжийн гартаа барьж байсан хутганд өөрөө очоод хатгуулсан. Ээж аавыг хутгалаагүй, аав л ээжийг цохих гэж байгаад барьж байсан хутганд гэдсээ хатгасан. Аав маань ээжийн урд талд ойрхон зогсоод хэрүүл хийгээд байсан. Би зүүн орны толгойг түшээд сууж байсан. Аав ээж хоёр миний баруун талд ширээний хажууд байсан. Ээж маань дүү бид нарт талх зүсээд сууж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...Би аав, ээж, ах, дүү, өвөөгийн хамт 2018 оны 02 дугаар сард цагаан сарын дараа гэртээ байж байтал манай аав ээж хоёр маргалдсан. ...манай аав ээж миний цагаан сарын мөнгөнөөс болж маргалдсан. Би цагаан сараар айл хэсэж мөнгө олсон чинь аав тэр мөнгийг найздаа өгсөн. Тэгээд ээжийг ширээний хажууд талх зүсээд сууж байсан чинь нь аав ээжийг цохих гэсэн чинь ээж гараараа хаасан чинь аав ээжийн барьж байсан хутганд гэдсээ хатгуулсан. Тэгээд аав доошоо суусан. Тэр үед манай гэрт өвөө маань гэрийн баруун хойд талд унтаж байсан. ...нийт 33.500 төгрөгтэй болсон. Тэр мөнгөнөөс 20.000 /хорин мянга/ төгрөгийг аав маань найздаа өгсөн. Ээж чи хүүхдийн мөнгө хүнд өглөө гэж уурласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуудас/

Гэрч Ж.Сэнгэпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би анх мэдүүлэг өгөхдөө харсан зүйлээ дутуу ярьсан байсан. Миний хоёр дахь удаагаа өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ямар ч байсан манай бэр Ц.А, нөхөр Энхбаатарыг хутгалсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 133 хуудас/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 120-124 тал/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 135-139 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн:

-Ж.Энхбаатарын биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх цус хуралдалт, сэмжний гэмтэл тогтоогдлоо;

-дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой

-дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийг зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна;

-цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-ийн 37 хуудас/ гэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Ц.Аид эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Энхбаатарын биед хүнд гэмтэл учирсан бөгөөд шүүх хуралдаан дээр хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.А нь нөхөр Ж.Энхбаатарыг хэвлийн тус газар нь болгоомжгүйгээр хутгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Э.Өсөх-Ирээдүй, Э.Бат-Ирээдүй, гэрч Ж.Сэнгэпүрэв, хохирогч Ж.Энхбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.А-д тогоочийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд түүний энэхүү хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүгдэгч Ц.Аийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн бөгөөд, тухайн гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн, түүний хувийн байдлын хувьд 1-11 насны 4 хүүхэдтэй, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлууд болон, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.А-н тогооч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д тогооч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А нь шүүхээс тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хучин төгөлдөр болмогц устгаж, туршилт хийх үеийн бичлэг хадгалсан флаш 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

 6.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                       Ц.МӨНХТУЛГА