Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/249

 

2026             03         04                                                                         2026/ДШМ/249

 

Х.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Х.М-гийн өмгөөлөгч Г.Эсэн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2886 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгийн бичсэн давж заалдах гомдолд үндэслэн Х.М-д холбогдох эрүүгийн 2509 00000 1088 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж- овгийн Х-ын М-, ......., урьд ял шийтгэлгүй, /РД:УИХ-/.

Шүүгдэгч Х.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-” гэх нэртэй үйлчилгээний газарт хохирогч М.Ө-ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Ж- ургийн овогт Х-ын М- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 133.000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтын хугацаа 14 хоног” байхаар хуульчилсан бөгөөд манай үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн" гэмт хэрэгт хамаарч байна.

Мөрдөн байцаалтын явцад хуулийн дээрх зохицуулалтыг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэснийг зөрчсөн тул шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Уг хэрэгт хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь “бүхэлдээ нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл эсэх, эсвэл тус тусдаа цаг хугацаанд үүссэн гэмтэл эсэх, мөн гэмтлүүд нь бүгд нийлээд хөнгөн гэмтэл болж байгаа, эсхүл гэмтэл тус бүрдээ хөнгөн гэмтэл эсэх” манай үйлчлүүлэгч хохирогчийн биед учирсан аль гэмтлүүдийг учруулсан эсэхийг дүгнэлтээр тогтоогоогүй, дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байхад энэ талаар шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна.

Түүнчлэн, анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” байх ба анхан шатны шүүх мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” буюу 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хавтаст хэрэгт цугларсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон зөрчил гаргасан байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “шаардлага”-уудыг хангаагүй байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй”, 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” буюу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргаж буй зарим баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, хэргээс хасуулах тухай асуудлыг дурдсан байна. Гэвч анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эдгээр баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, хэргээс хасуулах тухай байр суурийг илэрхийлээгүй. Харин улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлт танилцуулсны дараа эдгээр баримтыг нотлох баримт гэж үзэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.

Гомдолд хэргийн оролцогчийн дахин шинжилгээ хийлгэх эрхийг хууль бусаар хязгаарласан гэж дурдсан байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч прокурор уг хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэн татгалзсан, улмаар дээд шатны прокурорт гаргасан гомдлыг мөн адил шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн өмгөөлөгч анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Гэвч уг хэлэлцүүлгийн үеэр өнөөдөр дурдсанчлан хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг ялган тогтоох, энэ талаар нэмэлт ажиллагаа явуулах тухай асуудлыг тодорхой тавиагүй бөгөөд гаргасан хүсэлтээсээ татгалзаж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх байр суурийг илэрхийлсэн байдаг. Энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Улмаар анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдыг оролцуулан гэм буруугийн шүүх хуралдааныг товлон хэлэлцсэн. Уг шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг цагаатгах байр суурийг илэрхийлсэн. Харин өнөөдөр давж заалдах шатны шүүхэд гаргаж буй гомдлын агуулга нь тухайн үйлдэл болсон талаар маргахгүй боловч дахин шинжилгээ хийлгэх боломжийг хязгаарласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс эрүүлжүүлэгдсэнтэй холбоотой баримтуудыг дурдсан. Хавтаст хэргийн 10, 11 дүгээр талд холбогдох баримтууд авагдсан байдаг. Гэхдээ шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд прокурорын зүгээс ч яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн өөрийн мэдүүлгийг нотлох баримт болгон ашиглаагүй. Шүүхийн шийдвэрт эрүүлжүүлэгдсэнээс хойш 8 цагийн дараа мэдүүлэг авсан талаар дурдсан нь өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотойгоор тайлбар хийсэн асуудал юм. Өмгөөлөгчийн зүгээс саатуулах тогтоолд 06 дугаар сарын 04-ний өдрийн 04:00 цагаас 6 дугаар сарын 5-ны 04:00 цаг хүртэл саатуулсан гэж бичсэн тул 6 дугаар сарын 4-ний өдөр 10:00 цагт мэдүүлэг авсан нь зөрчил гэж маргаж байсан. Гэвч хавтаст хэргийн 11 дүгээр талд байгаа саатуулах тогтоолын ар талд нэр бүхий Энхжин, М- нарыг 12 цаг 30 минутад сулласан талаар тэмдэглэгдсэн байдаг. Иймд уг нөхцөл байдалд үндэслэн анхан шатны шүүх холбогдох дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

Мөн гэрч Н-гийн мэдүүлэгтэй холбоотой асуудлыг өмгөөлөгч дурдсан. Н- нь тухайн бааранд ажиллаж байсан зөөгч бөгөөд шүүгдэгч, хохирогчийг цохисон талаар шууд мэдүүлээгүй боловч тухайн өдөр болсон үйл явдал, маргаан хэрхэн үүссэн талаар бодит нөхцөл байдлыг сэргээн тогтооход ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Иймд түүний мэдүүлгийг тухайн өдрийн үйл явдлын нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримт гэж үзэн яллах дүгнэлтэд эш татсан. Мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой асуудлыг мөн өмгөөлөгч хөндсөн. Хэрэгт авагдсан баримтуудын дийлэнхийг мөрдөн байцаалтын үндсэн хугацаа болох 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны хооронд цуглуулж бэхжүүлсэн байдаг. Харин мөрдөн байцаалтын хугацааг 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгасан нь үнэн. Энэ хугацааг сунгасан шалтгаан нь хэрэгт цагаатгах талын баримт байгаа эсэхийг шалгах шаардлагатай байсантай холбоотой. Тухайлбал, тухайн үед яллагдагчаар татагдсан Х.М- нь хохирогч өөр хүнд зодуулсан байж болзошгүй талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч ч анх өөр хүнтэй маргалдсан талаар мэдүүлсэн. Иймд уг нөхцөл байдлыг шалгах зорилгоор гэрч Анхбат гэх хүнийг тогтоож мэдүүлэг авах шаардлага үүссэн. Тухайн гэрч нь удаа дараа орон нутагт зорчиж байсан тул тус хугацаанд мэдүүлэг авах боломжгүй байсан. Улмаар мөрдөн байцаалтын хугацааг сунган уг гэрчээс мэдүүлэг авахад тэрээр хохирогчтой маргалдсан боловч нэг удаа алгадсанаас өөрөөр биед нь ноцтой гэмтэл учруулаагүй гэж мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч болон гэрчүүд шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч өөрийн биед учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг шүүгдэгч Х.М- учруулсан талаар мэдүүлсэн байдаг. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Х.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х- /Н-/ гэх нэртэй үйлчилгээний газарт хохирогч М.Ө-тай “ариун цэврийн өрөөний хаалга хүчтэй хаасан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт 2 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, уруулд язарсан шарх, дагз, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

               Хохирогч М.Ө-ын “...Би 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ...ажлынхан маань ажил дээрээ жаахан ууж байна гэхээр нь орой 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Н-” ресторанд очсон. Тухайн үед манай захиралтай хамааралтай М-, Э- нар ажил дээр ууж байсан ба их хэмжээний согтолттой байсан. Би ариун цэврийн өрөө ороод зааланд явж байх үед М- нь үгийн зөрүүгүй миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүр рүү нь цохисон чинь М- дахин миний нүүр рүү нэг удаа цохих үед миний хамраас цус гараад цусаа тогтоох гээд ариун цэврийн өрөө ороод цагдаагийн байгууллагад хандсан. М- нь миний нүүр рүү 2 удаа цохисон. М- маргааш нь надтай уулзаад эмчилгээний зардал гэж 3,5 сая төгрөгийг өгсөн. Надад М-гөөс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ...” /хх15-16, 24-25/,

               гэрч Б.Н-гийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 10 минутын үед Волт гэх нэртэй клубээс гарч ирсэн, Х- /Н-/  гэх газраас өөрийнхөө нөүтбүүкийг авах гээд орсон. Гэтэл Н- ресторанд 6-н хүн хоорондоо маргалдаж байсан. Манай менежер Э- маргааныг болиулах гэсэн боловч У- нь агсан тавиад шилтэй ус ийм тийш нь шидээд байсан. Манай Дарь гэх зөөгч рүү шидсэн. Би Э- эгчид санаа зовоод араас нь орсон, У- тэр газарт согтуу агсан тавиад ажилчдын байдаг текний арын хэсэгт орж зогсоод ...дотроос 10 гаран аяга, шил, савтай ус зэрэг зүйлийг хагалсан. Тэгээд текний араас гарах шаардлага тавихад гарахгүй байсан. Манай зөөгч охиныг түлхэхээр нь би “уучлаарай та энд ингэж болохгүй” гэхэд миний нүүр хэсэгт нэг удаа алгадсан. Намайг алгадсаны дараа миний чих шуугиантай, хацар дотор хэсэгтээ урагдсан байсан. ...Х-гийн М- ах болох Ука гэх хүн намайг нэг удаа алгадсан, өөр халдсан зүйл байхгүй. ...Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” /хх17/,

               гэрч Х.Э-гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 04-ний 04 цагийн үед дүү М-гийн хамтаар дүүгийн найз Итгэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х- /Н-/ нэртэй уушийн газарт очсон. Тухайн үед 6-7 ажилтан ажил дээрээ архи ууж байсан, гаднаас үйлчлүүлэгч байгаагүй, хаалгаа барьсан байсан, би ч мөн адил согтуу байсан. Тэгээд би дүүтэйгээ хамт 1 шил архи авч уусан. Намайг гадаа тамхилаад буцаад орох үед М- уурлачихсан байсан. Би ч тоогоогүй үргэлжлүүлэн архи уусан. Үүнээс хойших явдлыг санахгүй байна. Өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. ...” /хх19/,  

               гэрч Б.А-ын “...Би 2025 оны 06 дугаар сарын эхэн үеэр найз Ө-ын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замын цэргийн байрны гадаа Ө-ын машинд сууж байхдаа үл ялиг зүйлээс болж маргалдаад улмаар барьцалдан авч Ө-ын зүүн хацар руу нэг удаа цохиод салсан. Тухайн үедээ Ө- бид 2 муудалцсан учир холбоогүй байж байгаад 7-н сарын сүүлээр Ө-ыг цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг мэдсэн. ...Би зүүн хацар руу нь нэг цохисон. Би тухайн гэмтлийг учруулаагүй, надаас өөр хүнтэй маргалдсан байх. ...Ө- бид 2 хэдхэн хоногийн өмнө уулзахад “би өөр хүнд зодуулсан” гэж хэлсэн. ...”/хх28/ гэх мэдүүлгүүд,

               гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх6/,  согтуу, мансуурсан хүнийг саатуулах тогтоол /хх10-11/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/7696 дугаартай “М.Ө-ын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, уруулд язарсан шарх, дагз, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /хх33-34/ гэх шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх38-41/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтын хугацаа 14 хоног” байхаар хуульчилсан байхад хуулийн дээрх зохицуулалтыг ноцтой зөрчсөн, ...хохирогчийн биед учирсан аль гэмтлүүдийг учруулсан эсэхийг дүгнэлтээр тогтоогоогүй, дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан. ...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хавтаст хэрэгт цугларсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон зөрчил гаргасан байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “шаардлага”-уудыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. 

Учир нь, Х.М-г 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, прокурорын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаартай тогтоолоор нэмж ажиллагаа хийлгэхээр 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл 1 сараар мөрдөн байцаалтын хугацааг сунгасан нь /хх1-4тал/ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хуульд заасан хугацааг сунгаж болохгүй үндэслэлд хамаарахгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заалтыг зөрчөөгүй байна.

               Хохирогч М.Ө-ын биед учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Х.М- учруулсан талаар хохирогч М.Ө- мөрдөн байцаалтын шатанд “...М- үгийн зөрүүгүй миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүр рүү нь цохисон чинь дахин миний нүүр рүү нэг удаа цохих үед хамраас цус гараад цусаа тогтоох гээд ариун цэврийн өрөө ороод цагдаагийн байгууллагад хандсан. М- нь миний нүүр рүү 2 удаа цохисон. ...” /хх15-16/ гэж, анхан шатны шүүх хуралдаанд “...Ариун цэврийн өрөөнөөс гарч явахад хойноос цохисон, би зөрүүлээд нэг цохисон, намайг дахиад нэг цохисон, тухайн үед би цагдаа дуудсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Х.М- учруулсан...” /хх4/ гэж өөр хоорондоо агуулгын зөрүүгүй тогтвортой мэдүүлдэг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрч Б.А-ын “...Би зүүн хацар руу нь нэг цохисон. ...Надаас өөр хүнтэй маргалдсан байх. ...Ө- бид 2 хэдхэн хоногийн өмнө уулзахад “би өөр хүнд зодуулсан” гэж хэлсэн. ...”/хх28/ гэсэн мэдүүлэг,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх38-41/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/7696 дугаартай “...М.Ө-ын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, уруулд язарсан шарх, дагз, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх33-34/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хоёр шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.  

               Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй оролцогчийн эрхийг хязгаарласан, Х.Э-, Х.М- нарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах талаар гомдол гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн хүсэлтэд үндэслэл бүхий хариу өгч шийдвэрлэж байсан “Хариу мэдэгдэх хуудас”, “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоол зэрэг баримтууд хавтас хэргийн 73-74, 77-80 дугаар талд авагдсан байхаас гадна анхан шатны шүүхээс Х.Э-, Х.М- нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, үнэлж дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүх үүнийг нотлох баримтаас хасах, нотлох баримтаар тооцохгүй байх талаар дүгнэлт хийх шаардлагагүй.          

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон, хэргийн үйл баримтыг үгүйсгэх болон эргэлзээ төрүүлэх баримт хэрэгт авагдаагүй учир шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхаас гадна техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.   

Тодруулбал, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 497.1...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан  нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2886 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 133.000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчээс 133.000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

 

           ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА