Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/237

 

2026          02           26                                                                          2026/ДШМ/237

Ц.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Э.Баасанбаяр,

шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2661 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Э-т холбогдох 2406080200154 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Ц-ийн Э-, ........, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ХЦ-/;

Ц.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас цахим сүлжээгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 7 нэр төрлийн эм, биобэлдмэлийг худалдан авч, бусдад зарж борлуулан эм, биобэлдмэлүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр эм, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 5.800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 8 төрлийн 134 ширхэг эм, эмийн нэмэлт бүтээгдэхүүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ц.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох нийт 42.279.050 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2661 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Шүүгдэгч Ц.Э-ыг эм, биобэлдмэл, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд;

1.1 Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгсэл” байхыг зайлшгүй шаардахаар байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зарж борлуулсан гэх зүйл нь “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгсэл”-ийн аль болохыг хөдөлгөөнгүйгээр нотлогдон тогтоогдоогүй. Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан баримтад “...Хавсралтаар ирүүлсэн 8 нэрийн бүтээгдэхүүнийг “Лайсмед” мэдээний сангаас шалгахад Цефотаксим эм нь улсын бүртгэлд бүртгэлтэй харин бусад 7 нэрийн бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэлгүй байна. Бусад 7 нэрийн бүтээгдэхүүн бүртгэлгүй, бүртгэлийн баримт бичиг байхгүй тул эм, биобэлдмэл аль болохыг тодорхойлох боломжгүй байна” гэж дурджээ. Энэхүү баримтаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан 8 төрлийн бүтээгдэхүүний 7 төрлийн бүтээгдэхүүн нь “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл”-ийн аль болох нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлгөөнгүйгээр нотлогдон тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хийсвэр байдлаар шүүгдэгчийг эм, биобэлдмэлийг худалдан борлуулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд;

2.1 .Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох нийт 42.279.050 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь БНХАУ-аас 8 төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдсон байх боловч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь аль гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь өөрийн өмчлөлийн шударгаар олж авсан хөрөнгөөрөө БНХАУ-аас бүтээгдэхүүн худалдаж авсан. Энэ тохиолдолд тухайн 8 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан шүүгдэгчийн өмчлөлийн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө гэж үзэх боломжгүй. Харин тухайн 8 төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж өөрийн гаргасан хөрөнгө дээр нэмж ашиг олсон бол түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө ашиг орлого гэж үзэх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт нийцэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэл гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж мэтгэлцсэн. Хавтаст хэрэгт эм, биобэлдмэл болохыг хөтөлбөргүйгээр тогтоосон баримтгүй байхад хийсвэрээр “эм, биобэлдмэл, эмийн түүхий эд” гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчээс 42.279.050 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “7-8 төрлийн эм, биобэлдмэл байна” гэж тусгагдсан боловч фото зургаас харахад Цефотаксим эм нь “Нахиа” фармын логотой байна. Энэ талаар Ц.Э- “Монгол Улсад байсан эмийг худалдан авч, өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж байсан” гэж мэдүүлсэн. Бусад мэдэгдэхгүй байгаа 7 төрлийн зүйлийн тухайд шүүгдэгч “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас би өөрийнхөө хөрөнгөөр худалдаж авсан” гэж мэдүүлдэг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тухайн зүйлийг худалдаж авсан хөрөнгө нь шударгаар олж авсан хөрөнгө бөгөөд зөвшөөрөгдөөгүй эм, биобэлдмэлийг зарж, ашиг олсон бол гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө, орлого гэж үзэх боломжтой. Дансны хуулганд үзлэг хийж, 3-4 жилийн хугацаанд “эм” гэдэг утгаар шилжүүлсэн гүйлгээг шууд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ц.Э-ын гэрээс хурааж авсан 7 төрлийн зүйлийг эм үү, биобэлдмэл үү, техник хэрэгсэл үү гэдгийг тогтоогоогүй байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж хийсвэр байдлаар дүгнэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Э.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “эм гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай, ... зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг, тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг хэлнэ” гэж, мөн хэсгийн 4.1.8 дахь заалтад "биобэлдмэл гэж ...амьд бие, эд, эсээс... гаргаж авсан бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон. Шүүгдэгч Ц.Э- нь бусдад тухайн бүтэгдэхүүнийг санал болгохдоо “зүрхний ваартай эм, цусны эсийн эм” гэх зэргээр эмчилгээний зориулалтаар сурталчлан борлуулсан нь гэрч н.Б-, н.С- нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан бичгээр Улсын бүртгэлд тухайн 7 төрлийн бүтээгдэхүүн бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон. 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичгээр шүүгдэгч тусгай зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгийг ойлгоно” гэж зохицуулсан. Хууль бусаар борлуулсан борлуулалтын нийт орлогыг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж үзсэн. Шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдэхийн тулд гаргасан зардал гэж үзэн үүнийг хасаж тооцоогүй. Шинжээч хувийн болон андуурагдсан гүйлгээг хасаж, борлуулалтын орлогыг 42.275.050 төгрөг гэж нарийвчлан тогтоосон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас цахим сүлжээгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 7 нэр төрлийн эм, биобэлдмэлийг худалдан авч, бусдад зарж борлуулан эм, биобэлдмэлүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

гэрч Д.Г-ийн “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д эмийн сав баглаа боодол дээрх эмийн мэдээлэл, хэрэглэх заавар нь Англи, Монгол, Орос хэл дээр бичигдсэн байх ёстой гэж заасан байдаг. Хэрэв тухайн 3 улсын хэлээр заавар зэрэг нь бичигдээгүй байвал хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж ойлгож болно. Эм худалдан борлуулах зөвшөөрлийн гэрчилгээг “Эм худалдан борлуулах лиценз зөвшөөрлийн зохицуулалтын газар”-аас олгодог бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллагын зөвшөөрөл гэж олгож өгдөг юм. Тухайн зөвшөөрлийн гэрчилгээг авахын тулд тодорхой эм, тодорхой бичиг баримт бүрдүүлж манайхаас зөвшөөрсөн тохиолдолд зөвшөөрлийн гэрчилгээ олгодог. Тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллага нь эм бүртгүүлэхдээ Эрүүл мэндийн сайдын А/295 гэх дугаартай тушаалд эм бүртгүүлэхэд тавигдах шаардлага гэж заагдсан байдаг бөгөөд тухайн шаардлагын хүрээнд материал бүрдүүлдэг. 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр батлагдаж мөрдөгдөж эхэлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухайн хууль”-д иргэн худалдан борлуулсан тохиолдолд зөрчлийн шинжтэй байсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар гэмт хэргийн шинжтэй байвал цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэж байгаа...” /1хх 29-30/ гэсэн,

гэрч Б.Б-ы “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүкээр “зүрхний ваартай эм” гэж хайж байгаад утас руу нь холбогдож тухайн эмийг авахаар болоод тухайн хүний данс руу 35.000 төгрөг шилжүүлсэн...” /2хх 51-52/ гэсэн,

гэрч Ц.С-ийн “...интернэтээр Ц.Э- гэх хүнийг олж холбогдон “цусны эсийн эм” гэх хятад бичиглэлтэй нэрийг нь мэдэхгүй эмийг анх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Ч.А-ын данснаас Ц.Э-ын данс руу 125.000 төгрөг шилжүүлэн худалдан авч байсан. Дахин 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн данснаас Ц.Э-ын данс руу 125.000 төгрөг шилжүүлэн эм авсан...” /2хх 55-56/ гэсэн,

шинжээч Ц.Э-гийн “...Ц.Э-ын дансаар орсон 50.259.631,81 төгрөгийн орлогын гүйлгээг дэлгэрэнгүй байдлаар харуулсан байгаа. Гүйлгээний утгаар шүүж үзэхэд зарим нь үсэг, тоо, утасны дугаар зэрэг тодорхойгүй байдлаар бичигдсэн гүйлгээ байсан тул уг гүйлгээ хийсэн дансны дугаараар дахин шалгаж өмнө нь эм болон эмийн нэртэй гүйлгээ хийж байсан учраас зарим тодорхойгүй утгатай гүйлгээг эмийн орлогод оруулсан. Магадлагаанаас У- Д-ын данснаас хийгдсэн 3 удаагийн 7.780.000 төгрөгийн гүйлгээ болон 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “gun emgenel ilerhiilie” /9ас4fеас GМТ-170003271-017/ гэсэн гүйлгээний утгатай 200.581,81 төгрөг, нийт 7.980.581,81 төгрөг эмийн орлогоос хасагдаж, Ц.Э-ын дансаар эм болон эмийн нэр, тариа, тос нэртэй орлого нь 42.279.050 төгрөг болохоор байна...” /2хх 58-61/ гэсэн мэдүүлгүүд,

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1244 дугаартай “Ц.Э-... нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан талаар лавлагаа мэдээлэл Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэл мэдээний сан болон архивын материалд байхгүй болно.” /1хх 214/ гэсэн,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/08 дугаартай “...Хавсралтаар ирүүлсэн 8 нэрийг бүтээгдэхүүнийг Лайсмед мэдээний сангаас шалгахад Цефотаксим эм нь улсын бүртгэлтэй харин бусад 7 нэрийн бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэлгүй байна...” /1хх 48/ гэсэн,

Гаалийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-2/4921 дугаартай “Ц.Э-... нь гаалийн мэдээллийн санд гадаад худалдаа эрхлэгчээр бүртгэгдээгүй байна.” /1хх 218/ гэсэн,

Эрүүл мэндийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1906 дугаартай “Ц.Э-... нь манай газраас тусгай зөвшөөрөлтэй эмийн сангуудад ажилладаг гэх бүртгэл байхгүй байна .” /1хх 216/ гэсэн албан бичгүүд,

2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07250002 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 54-112/, нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-36/, гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 37-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр эм, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Ц.Э-ын Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас интернэтээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 7 нэр төрлийн эм, биобэлдмэлүүдийг худалдан авч, бусдад зарж борлуулан эм, биобэлдмэлүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэл “...Ц.Э-ын зарж борлуулсан зүйл нь эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн аль болох нь нотлогдон тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг эм, биобэлдмэлийг худалдан борлуулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн ....8 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан шүүгдэгчийн өмчлөлийн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө гэж үзэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэргийн диспозицийг “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол…” хэмээн тодорхойлсон бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр эмийн худалдаа эрхлэх, эм импортлох, хугацаа нь дууссан, бүртгэлгүй эмийг гар дээрээс худалдах, түгээх явдал бий болсноор хуурамч эм хэрэглэсэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох үр дагавартай, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хувьд их гэмт хэрэг юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Д- байр, 89 тоотод байрлах Ц.Э-ын өмчлөлийн орон сууц, гарааш, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-13/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-16/, Ц.Э-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш фейсбүүк цахим орчинд зар байршуулан БНХАУ-аас оруулж ирсэн эмүүдээ худалдан борлуулдаг байсан...” /2хх 37-39/ гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ы “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүкээр “зүрхний ваартай эм” гэж хайж байгаад утас руу нь холбогдож тухайн эмийг авахаар болсон...” /2хх 50-53/ гэх, гэрч Ц.С-ийн “...анх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр интернэтээр Ц.Э-тай холбогдон “цусны эсийн эм” гэх эмийг хүргэлтээр худалдан авч байсан. Дахин 2024 оны 11 сарын 07-ны өдөр уг эмийг авсан...” /2хх 54-57/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э- нь эм, биобэлдмэл худалдах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас интернэтээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 7 нэр төрлийн эм, биобэлдмэлүүдийг худалдан авч, бусдад зарж борлуулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгсэл”-ийн аль болохыг тодруулах шаардлагатай гэж дурдсанчлан энэ талаар зайлшгүй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, Ц.Э-ын “эм худалдан борлуулсан мөнгөө дамжуулан авдаг байсан...” /2хх 37-39/ гэх ХААН банкны ... тоот дансны хуулганы мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн шинжээч Ц.Э-гийн /...Ц.Э-ын дансаар “эм” болон эмийн нэр, тариа, тос нэртэй орлого нь 42.279.050 төгрөг болохоор байна.” /2хх 60-61/ гэсэн мэдүүлэг, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07250002 дугаар “...Ц.Э-ын дансанд эм, тариа, тос гэсэн гүйлгээний утгатай 433 удаагийн гүйлгээгээр 50.282.081,81 төгрөг, эмийн орлого байж болзошгүй 493 удаагийн гүйлгээгээр 42.595.803 төгрөгийн орлого орсон байна... /1хх 57, 79-89/ мөрдөгчийн магадлагаа зэргээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг шүүгдэгч Ц.Э-т ашигтай нөхцөл байдал бий болгон хамгийн бага дүнгээр буюу 42.279.050 төгрөгөөр тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2661 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                           Н.БААСАНБАТ

                                    ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ