Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 29 өдөр                               2018/ШЦТ/168                              Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2018/0108/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         А.Уламбаяр

Улсын яллагч                                                       Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                               П.Г., Ш.Т. нарыг оролцуулан

    

Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г., Ш.Т. нарт холбогдох 1839002890168  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 5-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх П.Г. /РД: СД80030213/

 

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 11-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ш.Т. /РД: СЮ81102472/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Г., Ш.Т. нар нь хамтран 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 10-03 тоот хашаанд байсан иргэн Г.Чинбаярын эзэмшлийн барилгын 20 ширхэг сапут төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Г., Ш.Т. нар нь хамтран 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 10-03 тоот хашаанд байсан иргэн Г.Чинбаярын эзэмшлийн барилгын 20 ширхэг сапут төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай хашаанд буусан Алтанцэцэг гэж эмэгтэй 2018 оны 6 дугаар сарын 07, 08-ны үеэр над руу ярихдаа та хашаанд орж ирсэн үү, хашаанд хураалттай байсан сапут төмөрнөөс алдагдсан байна та авсан юм уу гэж асуусан тэр үед би хотод явж байсан, би аваагүй мэдэхгүй гэж хэлсэн. ...Манай хашаанд  50 ширхэг сапут төмөр байсан одоо 30 ширхэг байна. 1 ширхэг сапут төмөр 35000-45000 төгрөгийн үнэтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

Гэрч Т.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай дэлгүүрийн худалдагч Туяагийн таньдаг хүн болох Галаа гэж дууддаг О.Тогоонтөмөр гэх залуу надтай уулзаад 20 ширхэг сапут төмөр байна та худалдаж авах уу гэхээр би хулгайн юм биш бол авъя гэсэн. Тэгээд тэр 20 ширхэг төмрийг манай ажил дээр машинтай аваад ирэхээр нь би 100.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Галаа буюу Тогоонтөмөр гэх залуу нь надад зарсан хулгайн төмөр биш миний төмөр гэж хэлсэн тэгээд би итгээд худалдаж авсан. Онцгой байдлын хувцастай хүн хамт явж байхаар нь би итгэсэн хулгайн төмөр байсан бол би худалдаж авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

Гэрч Ө.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай захирал Болдбаатар гаднаас нэг залуу дагуулж орж ирээд энэ хүнд 100.000 төгрөг өгчих гээд өгүүлсэн. Би мөнгийг нь бэлэн тоолж өгсөн. ...тэр залуу манай хамаатан юм, нэрийг нь Осгоны Тогоонтөмөр гэдэг, хүмүүс Галаа гэж дууддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/

Гэрч Р.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Солонго худалдааны төвөөс бичиг хэргийн сейф авахаар очсон. Тэгсэн чинь 30 гаран насны залуу надтай уулзаад “Солонго” төв дээр барилгын сапут төмөр авч ирж өгөх гэсэн юм та машинаараа туслаад өгөөч гэсэн. Тэгээд би тэр залууд төмрийг нь ачиж авч ирж өгсөн. Би тэр төмрийг хулгайн төмөр байсан гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/

Гэрч Б.Отгонцэцэгийн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлын газрын жолооч Р.Болор-Эрдэнэтэй хамт 21-76 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн пронтер маркийн машинтай “Солонго” худалдааны төвөөс сейф аваад ачаад явах гэж байсан чинь нэг эрэгтэй хүн ирээд манай жолоочтой уулзаад урд ойрхон хашаанаас хэдэн ширхэг төмөр ачаад өгөөч гэж байсан тэгээд манай жолооч зөвшөөрөөд төмрийг нь ачиж өгсөн 20 минут хүрэхгүй хугацаанд яваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/

Ш.Т.ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг, Цацалын 10-03 тоотод эгч Хүрэлтогоогийн гэрт байж байсан чинь манай найз Ганаа гэрт ирсэн. Тэгээд бид хоёр хамт гарч зүүн захын хажууд байдаг дэлгүүрээс 1 шил архи аваад Ганаагийн гэрт очсон. Тэндээ нэг шил архи уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь манай гэрт хамт ирэхэд манайд хүн байхгүй байсан. Манай дүү Алтанцэцэг ажилдаа явсан байсан. тэгээд бид хоёр “Шинэ өглөө” дэлгүүрээс нэг шил архи аваад Баяржаргал ахын гэрт очиж архиа уусан. Тэгээд Ганаа, бид хоёр 14 цагийн үед Баяржаргал ахын гэрээс гараад явж байгаад Галаа гэдэг найзтайгаа Хэрлэн сумын 5 дугаар багт байдаг модны цехийн хажууд таарсан. Тэгээд бид гурав манай эгчийн хашаанд байсан сапут төмрийг хулгайлаад холбооны баруун урд байдаг “Солонго” төвд нэг эрэгтэй хүнд 100.000 төгрөгөөр зарсан. ...Яг хэн гэдэг айлын хашаа гэдгийг мэдэхгүй байна. Тэр сапут төмөр нь тэр айлын эзэмшлийн хөрөнгө байсан байх, би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

П.Г.ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ш.Т.ын гэрт  очсон. Тэгээд бид хоёр зүүн захын дэлгүүрээс нэг шил архи аваад манай гэрт очиж уугаад  тэндээ хоноод маргааш өглөө нь бид хоёр хамт Ш.Т.ын эгчийн гэрт нь очоод эргэж гараад “Шинэ өглөө” дэлгүүрээс 1 шил архи аваад Баяржаргалын гэрт очиж тэндээ архиа хувааж уугаад үдээс хойш гараад гэр лүүгээ явж байсан чинь  Галаа гэх залуутай таараад бид гурав архи ууя гэж яриад Ш.Т. Галаагаас манай хашаанд сапут төмөрнүүд байгаа тэрийг зараад өг гэж гуйсан. Тэгээд бид гурав Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 10-03 тоотод Ш.Т.ын эгчийн хашаанд ирсэн. Тэр хашаанд байсан сапут төмрийг аваад “Солонго” төвд аваачиж 100.000 төгрөгөөр өгсөн. ...төмөр авах санаачлагыг Ш.Т. гаргасан. Галаа бид хоёр төмрөөс нь зөөлцөж өгсөн. Тэгээд “Солонго” төвд авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/

О.Тогоонсүхийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрийнхээ гадаа байж байсан чинь Ш.Т., П.Г. нар манай гэрийн гадаа халамцуу явж байсан. Тэгээд бид гурав ярьж зогсож байгаад Ш.Т. найз нь жоохон уумаар байна гэхээр нь би, надад мөнгө байхгүй гэсэн чинь Ш.Т. манай хашаанд барилгын сапут төмөр байгаа тэрийг зарчихмаар байна тэгээд хэдэн төгрөг болгоё гэсэн. Тэгээд би Ш.Т.аас танай төмөр мөн юм уу гэж асуусан чинь би юу гэж хулгай хийх вэ гэж хэлсэн. Тэгээд Ш.Т., П.Г. нартай хамт яваад машин гуйгаад тэр төмөрнүүдийг хашаанаас нь очиж аваад “Солонго” худалдааны төвийн захирал Болдбаатар ахад 1 ширхэгийг нь 5000 төгрөгөөр зараад нийт 100.000 төгрөг болгосон. ...Хөх өнгийн пронтер маркийн машин байсан тэр машиныг гуйж ачуулсан би тэр машины жолоочийг нь танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39 тал/,

Шүүгдэгч П.Г., Ш.Т. нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Т., П.Г. нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар нь шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Ш.Т., П.Г. нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Чинбаяр нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 26 тал/ гэсэн тул шүүгдэгч П.Г., Ш.Т. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Г., Ш.Т. нар нь дээрх гэмт хэргийг ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарт 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь уг ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                                                                                                                                  

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 7 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч П.Г., Ш.Т. нарыг бүлэглэж бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 3.7, 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г., Ш.Т. нарт “Өндөрхаан хот тохижилт” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага дор шарилж зулгаах болон бусад нийтийн ашиг сонирхолд тустай ажилд 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Г., Ш.Т. нарын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 304 цагаар тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА