| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0191/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 169
2018 оны 8 сарын 29 өдөр 2018/ШЦТ/169 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0191/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Д.З. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З.д холбогдох 1839000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 05 жил 02 сарын хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, Д.З. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.З. нь 2018 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Уугийн ам” гэх газраас иргэн Н.Баатарын 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.З. нь 2018 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Уугийн ам” гэх газраас иргэн Н.Баатарын 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Уугын амны эх” гэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө аргамжаатай байсан саран дэвсгэртэй Б үсгэн тамгатай цавьдар халзан зүсмийн морь хулгайд алдсан. Зоригоо гэх хүнийг сэжиглэж байна манай хоньчин байсан хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/
Гэрч М.Цогбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багт “Наран зоог” гэх цайны газарт бэлтгэгч ажил хийдэг юм. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн орчимд урьд нь харж байгаагүй танихгүй нэг хүн хашаа руу хазааргүй ногттой зайдан морь унаад орж ирсэн. Тэгээд хашаан дотор орж ирээд түлээн дээр байсан сүх өөрөө аваад нөгөө унаж ирсэн адуугаа өөрөө ажилласан, намайг ногтны үзүүрээс барьж бай гээд өөрөө сүхээр адуугаа 2 цохиж унагаасан... хүрэн зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
Гэрч Т.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө ажлаа хийгээд байж байтал манай тогооч намайг дуудаад адуу зарна гэж байна гэсэн тэгээд би тэр хүнтэй уулзахад урьд нь харж байгаагүй танихгүй нэг залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
Гэрч Б.Идэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг залуу ирээд адуу зарна гээд гуйгаад байсан би ямар учиртай юм бэ хулгайн адуу биш биз гэтэл хулгайн бишээ миний өөрийн унаган адуу, би өөрөө сумын төв дээр хүнд өгөх гэж ирсэн чинь нөгөө хүн маань авахаа больчихлоо гэж байсан. Тэгээд нөгөө залуу гуйгаад байхаар нь 250000 төгрөгөөр худалдаж авахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
Шүүгдэгч Д.З.ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би бусдын 1 тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Би Баатар гэдэг айлд туслах малчнаар ажиллахаар ирээд, 3 сар ажиллахад цалин мөнгө гэж огт аваагүй, тэгээд мөнгөний хэрэг гараад Баатараас мөнгө асуухад чамд мөнгө өгөхгүй гэж уурласан, тэгээд би нэг морийг нь очоод авсан юм... Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... Хохирлоо нөхөн төлье гэсэн боловч боломж байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.З.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын мал хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансараас шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.З.т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Баатар нь 1 тооны бүдүүн морио алдсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн үнэлгээгээр 900.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч Д.З. нь төлж барагдуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогчийг дуудсан мэдэгдэх хуудас, Д.З.ын шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.З.аас 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Баатарт олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.З. нь дээрх гэмт хэргийг ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд түүний хувийн байдлын хувьд урьд мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, тус аймгийн шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 43-45 дугаар талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.З.т 02 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Д.З.ын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, үйлдсэн хэргийн шинж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлж байсан байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.З. нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 5 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.З.г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З.г 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З.д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.З-с хохиролд 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Задгайд оршин суух хохирогч Н.Баатарт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА