Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/239

 

2026           02            26                                                                        2026/ДШМ/239

 

                                                     Н.Б-д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Э.М-,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.С-,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Н-,

хохирогч Э.М-, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.С- нарын өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2865 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох эрүүгийн 2503008151002 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О- овгийн Н-гийн Б-, ......., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар УО-/;

Н.Б- нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 03 цаг 54 минутад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их тойруу, Баянбүрдийн тойргийн урд талын 64а байрны хойд талын замд “Тоуоtа Рrius” /Тоёота приус/ маркийн О- УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.8-т заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 4.1-т заасан “Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө: 4.1.в «Зүүн гар тийш явна», гэх заалтуудыг зөрчсөний улмаас “Ноwo” маркийн х УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн тус ослын улмаас зогсоол дээр байсан “Lexus RX-450” маркийн х УЕУ, “Toyota Land cruiser Prado-150” маркийн х УБП улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн улсын дугааргүй, “Тоуоtа Рrius” маркийн х ГАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, иргэний нэхэмжлэгч Д.С-д 59.390.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Б-од 7.010.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Н-д 13.855.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Н-д 6.020.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н.Н-д 923.000 төгрөгийн, Мэдээллийн аюулгүй байдлын газарт 16.182.285 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Н.Б-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-гээс 3.952.080 төгрөг гаргуулж хохирогч Э.М-од, 1.570.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, иргэний хариуцагч Т.Н-гаас 64.417.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.С-д, иргэний хариуцагч Д.С-, Т.Н- нараас тус бүр 3.505.000 төгрөг гаруулж иргэний нэхэмжлэгч Б.Б-од, 6.927.500 төгрөг гаруулж иргэний нэхэмжлэгч Т.Н-д, 3.010.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н-д, 461.500 төгрөг гаруулж иргэний нэхэмжлэгч Н.Н-д, 8.344.642 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч /Мэдээлэл аюулгүй байдлын газар/ Б.М-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.М- нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Н.Б-гээс, иргэний хариуцагч Д.С- нь өөрт учирсан хохирлоо хохирогч Э.М-оос, иргэний хариуцагч Т.Н- нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Н.Б-гээс тус тус баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо: “...Тухайн хэрэгт зам тээврийн осол гарахад аль тал буруутай вэ гэдгийг шинжээч томилж тогтоох ёстой байхад уг ажиллагааг хийлгэлгүйгээр зөвхөн мөрдөгчийн магадлагаанд тулгуурлан, шүүх дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл суурин газарт 60 км/ц-аас илүү хурдтай явахыг хориглосон байхад 84,52 км/ц-ийн хурдтай явж, бусдын тээврийн хэрэгслийг мөргөж, бусдад хохирол учруулсан этгээд хохирогч болж байгаа нь шударга ёсны зарчим нийцэхгүй. Түүнчлэн “Д.С-гийн эзэмшлийн х УНС улсын дугаартай автотээврийн хэрэгсэл мөргөлтийн улмаас явах эд ангиуд их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байх тул хэмжилт хийх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариулж болох асуултуудад хариулаагүй. Хэрэв Э.М- нь баруун гар тал руугаа хөдөлгөөний чиглэлийг өөрчлөөгүй бол уг зам тээврийн осол огт болохгүй байсан. Чигээрээ явж байсан тээврийн хэрэгслийн чиглэлийг баруун гар тал руу болгож чиглэлийг өөрчлөх замаар төв зам хөндлөн гараад, туслах зам руу орж байгаа тээврийн хэрэгслийн арын хэсгийг мөргөж, улмаар цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн, бусдын тээврийн хэрэгслийг мөргөсөн. Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж дээрх зөрчлийг арилгах боломжтой байсан. Шийтгэх тогтоолд “Н.Б-гийн унаж явсан тээврийн хэрэгсэл түүний ээж Т.Н-гийнх болох нь тогтоогдсон тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон” гэжээ. Юу ч нэхээгүй хүнийг нэхэмжлэгчээр тогтоож байгаа нь буруу. Түүнчлэн түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй байж, их хэмжээний төлбөр төлөхөөр тогтоож байгаа нь хууль хэрэглээний алдаа болно. Э.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, зогсоох арга хэмжээ аваагүй. Мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг шууд зөрчөөд байхад яагаад түүний үйлдэл хууль зөрчихгүй хэмээн үзэж байгаагаа шүүх тайлбарлахгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 114 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд “Э.М- нь 84,52 км/цагийн хурдтай явж, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн” гэж дурдсан байхад зам тээврийн осол хэнээс болж гарсан болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Хавтаст хэргийн 121-123 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд Э.М-од хэн, ямар гэмтэл учруулсан талаар дүгнэлт хийгээгүй. Бодит байдал дээр Э.М- машин жолоодож, юм мөргөж, өөртөө гэмтэл учруулсан. Тээврийн цагдаагийн албанаас техникийн үзлэгийн дүгнэлт гаргуулахаар явуулахад “явах эд ангиуд их хэмжээний гэмтэлтэй учраас хэмжилт хийх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн. /хх-104/ Гэтэл хэмжилтээс гадна “тоормос барих боломжтой юу, аль тал нь эвдрэлтэй байсан” гэх мэт олон асуултууд байсан. Энгийн нүдээр харахад зүүн тал нь бага, баруун талын дугуй нь илүү тоормос барьсан байсан. Баруун талын тоормос илүү барьсан учраас баруун талд байсан тээврийн хэрэгслийг очиж мөргөсөн. Анхан шатны шүүх энэ асуудал дээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, тодруулах боломжтой байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ... шударга шүүхээр шүүлгэх” гэж заасан. Т.Н-д холбогдуулан шүүхийн шийдвэр гарч байгаа бол шүүх хуралдаанд оролцож, өөрийн байр суурийг илэрхийлэх боломжоор хангагдах ёстой. Энэ хэргийн улмаас эрх, ашиг нь хөндөгдөж байгаа Т.Н- шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэтэл Т.Н-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, эрхийг нь хангаагүй байж шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх Н.Б-г “Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн” гэж дүгнэсэн. Н.Б- зүүн эргэх байсан газар баруун гар тийш эргэж, Замын Хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг дээр маргахгүй ба замын Хөдөлгөөний дүрэм зөрчсөн боловч Э.М- үүнийг нь далимдуулж, суурин газарт 60 км/ц-аас илүү хурдтай явахыг хориглосон байхад 84,52 км/ц-ийн хурдтай явсан, мөн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед хурдаа тохируулан явна, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, бусдын тээврийн хэрэгслийг мөргөсөн байхад яагаад Э.М- энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон болсон бэ, Э.М- мөргөөгүй байсан бол Н.Б-, Д.С- болон бусад хүмүүсийн машин эвдрэхгүй байсан, Э.М- хурд хэтрүүлээгүй бол өөрт нь гэмтэл учрахгүй байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 4 заалтыг зөрчсөн байхад яагаад гэм буруугүй гэж үзэж байгаа вэ. Анхан шатны шүүх хуралдаанд би үүн дээр “нотлох баримт цуглуулмаар байна” гэж маргасан. Анхан шатны шүүх мөрдөгчийн магадлагааг үнэлсэн. Яагаад мөрдөгчийн магадлагаа бусдын гэм бурууг тогтоож байгаа вэ, бусдын гэм бурууг гагцхүү шүүх тогтооно. Мөрдөгч “Н.Б- буруутай байна” гэж тогтоон үүнд тулгуурлан анхан шатны шүүх Н.Б-г гэм буруутай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зөвхөн мөрдөгчийн магадлагаанд тулгуурлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэхгүй тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Э.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг “машинаа зогсоох арга хэмжээ аваагүй” гэж хэлж байна.Би тоормосоо тултал гишгэсэн. Би гэнэт гарч ирсэн аюулыг тойрохын тулд баруун тийшээ дарсан.” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Э.М-, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.С- нарын өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал дээр сая хохирогч Э.М- “84,52 км/цагийн хурдтай явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэж хэллээ. Д.С-гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан уу гэдэг асуудал дээр хэмжилт хийх боломжгүй биш, “их хэмжээний эвдрэл, гэмтэлтэй учраас дүгнэлт гаргах боломжгүй” гэж мэдэгдсэн. Мөн Э.М-ыг баруун гар тийш дарсан гэдэг асуудал яригдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.М- төв замаар ногоон гэрлэн дохиогоор орсон бол шүүгдэгч туслах замаас орж ирсэн байдаг. 2 тээврийн хэрэгслийн чиглэл огтлолцож байгаа тохиолдолд хэн давуу эрхтэй вэ, хэн зам тавьж өгөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Шүүгдэгч хэд хэдэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, заах тэмдгийн заалт, тэмдэглэгээг зөрчиж эсрэг урсгалд орсон болох нь тогтоогдсон. Хэрвээ Э.М- баруун гар тийш даралгүй чигээрээ явсан бол шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл түүний амь насанд аюул учруулах байсан. Тээврийн хэрэгслийн урдуур орж, хөдөлгөөний чиглэл алдагдуулснаас тогтворжил алдагдаж, шүүгдэгчийн жолоодож байсан тээврийн хэрэгслийг мөргөж, цаана байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч Т.Н-гийн өмгөөлөгчөөр Г.Нацагдорж өмгөөлөгч ороогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоож, үүний дараа иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эсэх нь түүний эрхийн асуудал байдаг. Гэтэл “юуг ч нэхэмжлээгүй хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу байна” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм зөрчиж, төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд саад учруулж, тээврийн хэрэгслийн тэнцвэр алдагдуулснаас тухайн зам тээврийн осол гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүх ажлаа хийгээгүй, урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч өөрөө урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах эрхтэй. Мөрдөгчийн магадалгааг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үздэг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж зохицуулсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хяналтын камерын бичлэг зэрэгт үндэслэн магадлагаа гаргасан. Мөрдөгчийн магадлагаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай зөрүүгүй байсан учраас прокурор яллах дүгнэлтийнхээ нэг үндэслэл болгож, тус магадлагааг дурдсан. Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй, техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тухайн хэрэгт А, Б цэг дээр маргасан зүйлгүй, хяналтын камерын бичлэгээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргасан мэргэжлийн байгууллага “тухайн тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэл, гэмтэлтэй учраас осол болохоос өмнө ямар эд анги нь гэмтэлтэй байсан талаарх дүгнэлтийг гаргах боломжгүй” гэх хариуг ирүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “баруун талын тоормос ажилласнаар баруун гар тал руугаа дарсан, зүүн талын тоормос ажиллахгүй байснаас болж зүүн тал руугаа дараагүй. Яагаад баруун талаараа дарсан бэ, шүүгдэгчийн жолоодож байсан тээврийн хэрэгслийг араас нь гүйцэж, санаатайгаар мөргөсөн” гэх агуулгатай зүйлийг ярьсан. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой арга хэмжээг авч, баруун гар тийш дарсан байсан. Мөн “иргэний хариуцагч Т.Н-г шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэж байна. Анхан шатны шүүх иргэний хариуцагч Т.Н-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн. Шүүгдэгч Н.Б- нь иргэний хариуцагч Т.Н-гийн төрсөн хүү, мөн осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч учраас тус хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоож мэдүүлэг авсан. Шүүгдэгч, хохирогч нар аль аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Э.М-ын “...би 2025 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 2 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М-” ХХК-иас Howo Z125 маркийн х УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 м.кв бетон зуурмаг ачаад өглөө 4 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Тасганы овооноос Баянбүрд чиглэлтэй ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан. Тэр үед Баянбүрдийн уулзварын ногоон гэрэл дохио асаалттай байсан. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зөвшөөрсөн гэрэл дохиогоор ороод явж байхад ертөнцийн зүгээр хойд талаас нэг суудлын тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрөөд гэнэт гараад ирэхээр нь би тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч тоормос гишгээд тухайн суудлын авто машиныг мөргөхгүйн тулд өөрийн жолоодож явж байсан тээврийн хэрэгслийг баруун гар дараад суудлын авто машины бөгс хэсгийг мөргөөд замын хажууд байсан гэрлийн шон мөргөсөн. Тэрнээс цааш бол үйл явдлыг санахгүй байна...” /1хх 19/,

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүндэвтэр гэмтэл учирсан, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Одоо гарсан зардлаа би хувиасаа төлсөн байгаа. Тэрийг баримтгүй тул цаашид нэхэмжилнэ. Одоогоор сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.С-гийн “...Ноwo маркийн х УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Ноwo маркийн х УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-иар автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэж гарсан 52.225.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. ...“Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-иар 4.165.000 төгрөгийн үнэлгээ, зам тээврийн ослын газраас тээврийн хэрэгсэл ачих /кран ашиглаж ачуулсан/ 5.000.000 төгрөг, нийт 64,417,500 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...” /1хх 23, 177/,

 

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 6 дугаар сарын 30-ны шөнө осол болсноос  40 минутын дараа очиход түргэн дуудаад жолооч нь явсан байсан. Н.Б- урсгал сөрсөн байдалтай байсан. Үүний улмаас осол гарсан гэж цагдаагийн алба хаагч танилцуулсан. Машины хохирол 64.000.000 төгрөгийн хохирол гарсан, уг хохирлыг нэхэмжлэх хүсэлттэй байна. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 954 дугаартай“...Шинжилгээнд ирүүлсэн материал нь шинжилгээнд тэнцэнэ. Howo маркийн х УНС улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжтой. 84.52 км/цагийн хурдтай явсан байх үндэслэлтэй байна...” /1хх 109-116/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8782 дугаартай: “...Н.Б-гийн биед зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /1хх 117-120/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8759 дугаартай: “...Э.М-ын биед зүүн шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал, зүүн чих, гуянд язарсан шарх, зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх 121-123/ гэх дүгнэлт,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “...Д.С-гийн эзэмшлийн х УНС улсын дугаартай, LZМ-51 арлын дугаартай Howo маркын ZZМ-8W загварын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл дээр 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн. х УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн улмаас явах эд ангиуд их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байх тул хэмжилт хийх боломжгүй байна...” /1хх 102-105/ гэх шинжээчийн тодорхойлолт,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1249 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /1хх 148-149/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх 212-213/,

“Toyota Prius” маркийн х ГАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 853.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тайлан, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 70.000 төгрөг, нийт 923.000 төгрөг /1хх 51-53/,

-“Тоуota Harrier” маркийн улсын дугааргүй /8850/ тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 5.590.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тайлан, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 430.000 төгрөг, нийт 6.020.000 төгрөг /1хх 58-61/,

-“Lexus RX-450” маркийн х УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 6.505.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тайлан, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 505.000 төгрөг, нийт 7.010.000 төгрөг /1хх 66-69/,

-“Toyota Land Criuser Prado” маркийн х УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 12.885.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тайлан, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 970.000 төгрөг, нийт 13.855.000 төгрөг /1хх 73-76/,

-“Howo ZZМ-8W” маркийн х УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 55.225.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тайлан, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 4.165.000 төгрөг, нийт 59.390.000 төгрөг /1хх 79-84/,

-Мэдээллийн аюулгүй байдлын газрын эзэмшлийн HANWHA TECHWIN PNO-А9081R загварын камер байрлах шонгийн эвдрэл хохирлыг нийт 16.182.285 төгрөгөөр үнэлсэн “Виннэрвэй Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний хөлс 507.000 төгрөг, нийт 16.689.285 төгрөг /1хх 89-98/ гэх үнэлгээ,

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-7, 9-16/,

-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 8/,

-эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 199/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 200-202/,

-102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /1хх 4/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 03 цаг 54 минутад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их тойруу, Баянбүрдийн тойргийн урд талын 64а байрны хойд замд “Тоуоtа Рrius” ” /Тоёота приус/ маркийн О- УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.8-т заасан “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 4.1-т заасан “Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө: 4.1.в «Зүүн гар тийш явна», гэх заалтуудыг зөрчсөний улмаас “Ноwo” маркийн х УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн тус ослын улмаас зогсоол дээр байсан “Lexus RX-450” маркийн х УЕУ, “Toyota Land cruiser Prado-150 маркийн х УБП улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн улсын дугааргүй, “Тоуоtа Рrius” маркийн х ГАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, иргэний нэхэмжлэгч Д.С-д 59.390.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Б-од 7.010.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Н-д 13.855.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Н-д 6.020.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н.Н-д 923.000 төгрөгийн, Мэдээллийн аюулгүй байдлын газарт 16.182.285 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Г.Нацагдорж “...шинжээч томилж зам тээврийн осол гарахад хэн буруутай вэ гэдгийг тогтоох ёстой байхад уг ажиллагааг хийлгэлгүйгээр зөвхөн мөрдөгчийн магадлагаанд тулгуурлан шүүх дүгнэлт хийсэн нь буруу. Өөрөөр хэлбэл суурин газарт 60 км/ц-аас илүү хурдтай явахыг хориглосон байхад 84,52 км/ц-ийн хурдтай явж, бусдын тээврийн хэрэгслийг мөргөж, бусдад хохирол учруулсан этгээд хохирогч болж байгаа нь шударга ёсны зарчим нийцэхгүй. ...Э.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн. ...Түүнчлэн мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг шууд зөрчсөн байхад түүнийг хууль зөрчөөгүй хэмээн үзэж байгаагаа шүүх тайлбарлахгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа байдаг.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд тодорхойлон зохицуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шинжилгээ хийлгэн тогтооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай боловч шинжээч томилохгүйгээр мөрдөгч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжийг хуулиар олгосон бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд хуульчилсан ба мөрдөгч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтган үздэг.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуульд “Автомашины цахилгаан тоноглол”, “Замын хөдөлгөөний зохион байгуулалт”, “Автомашины шасси”, “Автомашины хөдөлгөөний онол”, “Автомашины хийцийн аюулгүй байдал”, “Дотоод шаталтын хөдөлгүүр” гэсэн 6 төрлийн 60 цагийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ /1хх 147/ авснаас гадна Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч ажилтай, тус албанд 8 жил, мөрдөгчөөр 5 жил ажиллаж байгаа Г.Баяраа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад жолооч Н.Б-, Э.М- нар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар магадлагаа гаргажээ /1хх 148-149/.

Мөрдөгч энэхүү хэргийн хувьд хувийн сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний зохих сургалтад хамрагдсанаас гадна түүний гаргасан магадлагаа нь хэргийн бусад баримттай харьцуулан үзэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсгээгүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байна гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1249 дүгээр мөрдөгчийн магадлагааг эс зөвшөөрч хэн аль нь маргасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тухайлбал, ослын газрын схем зураг, шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа зэргийг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судалсны эцэст хэргийг үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоож, эдгээр асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 км...”-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал байгаа боловч зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н.Б-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзсэн, харин хохирогч Э.М-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авхуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ талаар прокурор дурдсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Харин, хохирогч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 км...”-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин, хотын хөдөлгөөнд оролцохдоо тогтоосон хурдыг хэтрүүлж оролцсон буюу хохирогчийн хайхрамжгүй, буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар шийтгэх тогтоолд иргэний хариуцагч Т.Н-гаас 64.417.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.С-д олгохоор шийдвэрлэснийг хоёр дахин багасгах боломжтой гэж шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг ...зааснаар иргэний хариуцагч Т.Н-гаас 64.417.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.С-д...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг ...зааснаар иргэний хариуцагч Т.Н-гаас 32.208.750 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.С-д...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2865 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг ...зааснаар иргэний хариуцагч Т.Н-гаас 64.417.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.С-д...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг ...зааснаар иргэний хариуцагч Т.Н-гаас 32.208.750 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.С-д...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                Н.БААСАНБАТ

 

 ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ