| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2026/00061/И |
| Дугаар | 313/ШШ2026/00508 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 313/ШШ2026/00508
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: “Голомт банк” ХК /РД: 2075377/, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай, Голомт банкны төв байр
Хариуцагч: ******* овогт *******ы ******* /РД: ................./, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг, Дэнжийн....................тоот
Зээлийн гэрээний үүрэгт 37 003 888.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн Өмнөговь бизнес төвийн захирал Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Голомт банк ХК-тай ЗГ-R001023555 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 35 030 000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан болно.
Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан зээл төлөх үүргээ 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хэтрүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 32 143 826.91 төгрөг, хүү 4 718 045 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142 016.61 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 37 003 888.52 төгрөг болсон байна.
Хариуцагч Б.*******тай байгуулсан ЗГ-R001023555 тоот дижитал зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд хандаж байна.
Банкны зүгээс зээлдэгч Б.*******ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, утсаар холбогдож шаардсан боловч зөрчлөө арилгахгүй өдийг хүрсэн байна.
Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
3Г-R001023555 тоот дижитал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн өр-32 143 826.91 төгрөг,
Үндсэн хүү-4 718 045 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү-142 016.61 төгрөг
Нийт дүн: 37 003 888.52 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Голомт банкнаас нэхэмжилж байгаа 37 003 888.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 003 888.52 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн “... 37 003 888.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэх тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 342 969 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулж, хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 37 003 888.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.******* нь 37 003 888.52 төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 969 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 171 484.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 171 484.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН