| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2503000001344 |
| Дугаар | 2025/ДШМ/262 |
| Огноо | 2026-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/262
2026 03 06 2025/ДШМ/262
О.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
яллагдагч О.М-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503000001344 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн О-ын М-, ……, /РД:УХО-/;
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
Шүүгдэгч О.М- нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 04 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний уулзвар замд “Toyota aqua” маркийн О- УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: О.М-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 5 (таван) сарын хугацаагаар хасаж 02 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, О.М-ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, О.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялаас эдлээгүй үлдсэн 18 сар 06 хоног буюу 01 жил 06 сар 06 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар эрх хасах ял дээр нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 02 жил 11 сар 06 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар О.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 11 сар 06 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 11 сар 06 хоногийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Гэвч уг шийтгэл нь миний хөдөлмөр эрхлэлт, амьжиргаанд хэт хүндээр нөлөөлж байна. Миний хувьд Монголын Сагсан бөмбөгийн холбоонд Олон улсын шүүгчээр ажилладаг бөгөөд 2025 оны 09 дүгээр сард Олон улсын шүүгчийн эрхээ авсан, мэргэжлийн карьер маань энэ оноос эхлэн эрчимтэй хөгжих шатандаа орсон байна. Энэ ажил нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан сум, дүүрэг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг олон тэмцээн, уралдаанд тогтмол зорчих шаардлагатай. Сагсан бөмбөгийн шүүгчийн ажил нь миний орлогын цорын ганц эх үүсвэр бөгөөд зорчих эрх хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар хассан нь миний мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрэн хязгаарлаж, карьерын минь уналт, цаашдын хөгжилд асар хүндээр нөлөөлж байна. Би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж цаашид хууль тогтоомжийг чандлан сахиж, давтан зөрчил гаргахгүй байх хариуцлагыг өөр дээрээ бүрэн хүлээж байгаагаа илэрхийлж байна. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг багасгах, хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын хэмжээнд хязгаарлах, эсхүл ажлын шаардлагаар хуульд заасан журмаар зорчих боломжийг нээлттэй үлдээж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлчлүүлэгч нь хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байгаа. Тэрээр сагсан бөмбөгийн шүүгч ажилладаг. Тодруулбал, тэмцээн, уралдаан хаана зохион байгуулагдаж байна тухайн газар байх шаардлагатай болдог. Гэтэл анхан шатны шүүх түүнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т “...Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй…” гэж заасан байдаг. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа хувийн байдлыг нь харгалзан үзэж оногдуулах ёстой. Манай үйлчлүүлэгч О.М- нь ганцаараа амьдардаг, гэр бүлийн байдлын тухайд ам бүл ганцаараа хүн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ял эсхүл зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг 3 дүүргийн хэмжээгээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна. О.М- нь өмнө нь үйлдсэн гэмт хэргийнхээ торгуулийн ялыг биелүүлж дууссан болохыг хэлэх нь зүйтэй байна. Тэрээр өөрийнхөө гаргасан үйлдэлд маш их гэмшиж, дахин тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхаар шийдэж, машинаа зарах гэж байгаа” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.М-ын өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ гэмшихгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд анхан шатны шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /хх 2/,
эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх 3/,
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...О.М- нь...драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалтаар 1.34 хувийн сонголттой...” гэсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4/,
жолоочийн лавлагаа, мэдээлэлд “2024.09.30-2025.09.30 өдөр хүртэл 1 жилийн хугацаанд, 2025.07.22-2027.07.22 өдөр хүртэл 2 жилийн хугацаанд эрх хасагдсан төлөвтэй” /хх 14/,
шүүгдэгч О.М-ын яллагдагчаар өгсөн: “найзаасаа салаад утас байхгүй байгааг мэдээд буцаад найз дээрээ ирээд утас байхгүй байна гэж хэлээд өөрийн утас руу залгуулахад дуудаад авахгүй байсан тул найзаасаа салаад гэртээ ороод өөрийн “ipad”-с гар утасны байршлыг хараад эх нялхсын 30 дугаар байранд зааж байсан тул гэрийн гадна зогсоолд байсан өөрийн “Toyota aqua” маркийн О- УЕХ улсын дугаартай авто машиныг жолоодон утсаа авахаар явж байгаад замдаа Ахуйн үйлчилгээний уулзвар замд цагдаа зогсоож согтуурал шалгах драгер багажаар шалгаж 1.34 хувийн согтолттой гарсан. Намайг зогсоосон цагдаа миний унаж явсан авто машиныг ачилтын машинд ачуулаад намайг авч яваад тээврийн цагдаагийн албан дээр хүрч ирээд мөрдөгчид хүлээлгэж өгсөн. ...” /хх 12/ мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
О.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 04 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,34 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний уулзвар замд “Toyota aqua” маркийн О- УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.М-ын үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 11 сар 06 хоногийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. Шүүгдэгч О.М- “...ялыг багасгах, хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын хэмжээнд хязгаарлах, эсхүл ажлын шаардлагаар хуульд заасан журмаар зорчих боломжийг нээлттэй үлдээж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд О.М-ын эрүүл мэндийн байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.
Шүүгдэгч О.М- нь хэрэв зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үйлчилгээ авах тохиолдолд энэ талаарх хүсэлтээ Шийдвэр гүйцэтгэх байгууллагад гарган шийдвэрлүүлж, зөвшөөрлийн дагуу бусад бүсчлэлд тогтоосон маршрутын дагуу зорчих нь нээлттэй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА