Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/268

 

  2026            03            10                                         2026/ДШМ/268

 

Б.Ж-д холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай                                                   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлээр Б.Ж-д холбогдох 2402006660218 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/;

урьд; Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1444 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч Б.Ж нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн  тасгийн эргүүлийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.2 “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”

Албан тушаалын тодорхойлолтын 1.2 дахь хэсэг “гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах, ...хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, 2.8 дахь хэсэг “ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сахих...” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2024 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө иргэн Х.Мтэй “Анхилуун” нэртэй фейсбүүк хаягаар харилцаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудлын өрөөнд дуудан ирүүлж, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгөхийг шаардаж Х.М-гээс 600,000 төгрөгийг бэлнээр, Төрийн банкны 000000000 дугаарын данснаас өөрийн хамтран амьдрагч Л.М-ын Хаан банкин дахь 0000000000 дугаарын данс руу 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энгэрийн камерын бичлэгийг устгаж өгнө гэж хэлэн өөрийн Голомт банкны 000000000 дугаартай данс руу 150,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардан авч, өөртөө нийт 940,000 төгрөгийн давуу байдал бий болгосон,

мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Х.М болон түүний эх Б.М нарын иргэний үнэмлэхийн, гэмт хэрэг зөрчлийн, жолоочийн, иргэний тээврийн хэрэгслийн, захиргааны хяналтад байгаа эсэх, эрэн сурвалжлалт зарласан эсэх талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тус тус хайж олж аван, улмаар цагдаагийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглан өөрийн 00000000 дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Х.М-гийн 00000000 дугаарын утас руу залгаж, “100,000 төгрөгөө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь “биеэ үнэлэгч гэдгийг чинь хэлнэ шүү” гэж ярьсан, мөн “Б.М чинь чиний ээж байна, хэн рүү холбогдох вэ дүү”, мөн “Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот юм уу, өчигдөр л өгье гээд байсан яасан бэ чи” гэж мессеж бичиж, мөнгө шилжүүлэхийг шаардан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ж-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж-г 06 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1444 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 9,600 нэгжтэй тэнцэх хэмжээний 9,600,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жил 9 сар 05 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 (долоо) жил 9 (ес) сар 05 (тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. ...Миний бие эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласныг хүлээн зөвшөөрч байна. ...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Жгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар "албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ гэжээ.

Шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ “...тэрээр албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор бус шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд хохирогч Х.М-г зочид буудлын өрөөнд дуудан ирүүлсэн байна гэж дүгнээд шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж дүгнэж байгаа залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж байна гэж ойлгож байна.

Шүүгдэгч Б.Ж нь энгэрийн камерын бичлэг устгуулна гэсэн 300,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг авах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр цагдаагийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглан 2024 оны 08 дугаар сарын 23, 2024 оны 09 дүгээр сарын 07 өдрүүдэд хохирогч Х.М болон түүний эх Б.М нарын иргэний үнэмлэхийн , гэмт хэрэг зөрчлийн, жолоочийн, иргэний тээврийн хэрэгслийн, захиргааны хяналтад байгаа эсэх, эрэн сурвалжлалт зарласан эсэх талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тус тус хайж олж аван, өөрийн утаснаас Сонгинохайрхан дүүргийн 27 хорооны нутаг байхдаа 2024 оны 09, 10-ны өдрүүдэд Х.М-гийн 00000000 дугаарын утас руу залгаж, 100 000 төгрөгөө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь биеэ үнэлэгч гэдгийг чинь хэлнэ гэж ярьсан, мөн Б.М чинь чиний ээж байна, хэн рүү холбогдох вэ дүү, мөн СБД-ийн 00 хороо Бэлх 00 тоот юм уу өчигдөр л өгье гээд байсан яасан бэ чи гэж мессеж бичиж, мөнгө шилжүүлэхийг шаардан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлснээр түүний үйлдэл нь дуусгавар болсон байна гэжээ.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой хохирол учруулж болохуйц гэдгийг юу гэж ойлгох вэ. Өнөөдрийн байдлаар хохирогчид эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй бөгөөд цагдаагийн байгууллагад би хандаагүй, яагаад та нар мэдчихсэнийг би мэдэхгүй, цагдаагаас дуудахад очсон талаар мэдүүлдэг мөн шүүгдэгч утсаар ярьсан нь хохирогчид амьдралд нөлөөлсөн, хүнд байдалд орсон асуудал байхгүй, ажилгүй болсон зүйлгүй, орлогогүй болсон зүйлгүй, тухайн хүний амьдрал, эрх ашгийг үндсээр нь дордуулж, бодитоор хохироох түвшний үр дагаврын бий болоогүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ноцтой хохирол учруулах гэдгийг тодорхой тайлбарлаагүй, дурдаагүй болно.

Мэдээлэл тараахаар сүрдүүлсэн" гэж гэдгийг юу гэж ойлгох вэ."Тараана " гэдэг нь олон нийтэд, сошиалаар , хэвлэлээр, хамт олонд нь, олон хүнд хүрэх боломжтой хэрэгслээр түгээхийг гэж ойлгож байна, " Хэлнэ" гэдэг нэг хүнд буюу гэр бүлийн хүнд буюу ажлын газрын даргад зэрэгт тодорхой нэг хүнд хэлэхийг миний хувьд ойлгож байна. Хохирогчийн ээжид нь биеэ үнэлэгч гэж хэлээгүй, хэлэх ч санаа зорилго байгаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ж нь нийтийн албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлж ёс зүйн зөрчил гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж гэмт буруутай тооцох үндэслэлтэй, харин давхардуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ж-гийн үйлдлийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус тус явуулаагүй атлаа шалгалт явуулж байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, сүрдүүлж мөнгийг шилжүүлэн авсан байна. Үргэлжилсэн үйлдлээр камерын бичлэг устгуулна гэсэн 300,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг авах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглан хохирогч Х.М болон түүний эх Б.М-ын мэдээллийг олж аван утсаар ярьж, мессеж бичин мөнгө шилжүүлэхийг шаардан түүний хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байна гэж үйл баримтыг сэргээн тогтоосон.

Шүүгдэгч Б.Ж-гийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хэдийгээр албан үүргээ гүйцэтгэж байгаагүй ч албаны хувцас хэрэглэл, албан тушаалын байдлаа ашиглан шунахайн сэдэлтээр хохирогч Х.М-г буудалд дуудсан, улмаар “биеэ үнэлэх” зөрчлийн шинжтэй байж болзошгүй асуудлыг Цагдаагийн байгууллагын тоо бүртгэлд оруулан шалгуулалгүй, хувийн ашиг сонирхлыг албаны ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, зөрчлийн улмаас олсон орлогыг хураах нэрийдлээр Х.М-гийн биед байсан болон дансанд байсан мөнгийг өөрт шилжүүлэн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн байдаг.

Залилах гэмт хэргийн тухайд хохирогч төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ сайн дурын үндсэн дээр бусдад шилжүүлсэн байдаг онцлогтой. Гэтэл дээрх нөхцөлд Х.М өөрийн биед байсан бэлэн 600,000 төгрөг болон, дансанд байсан 190,000 төгрөгийг өөрийн санаачилгаараа өгөөгүй, цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн хүрээнд хураах ёстой гэж ойлгон өгсөн.

Мөн шүүгдэгч Б.Ж-гийн хувьд хохирогчоос дахин мөнгө авахаар зорилгоор түүний болон эхийнх нь мэдээллийг Цагдаагийн байгууллагын сангаас хайж олж аван, дээрх мэдээллийг үндэслэн мөнгө авахаар заналхийлж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг.

Шүүхээс тус тусдаа бие даасан хэргүүдийг “нийлмэл гэмт хэрэг” гэж тодорхойлон, гэмт хэргийн шинжүүдийг зөрүүтэй байдлаар тусган шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарч байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-гийн үйлдлийг тодорхойлохдоо шийтгэх тогтоолын 10 дугаар хуудаст “шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор. ...хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, ... сүрдүүлж ...мөнгийг шилжүүлэн авсан анхны үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжтэй гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт “сүрдүүлэх” шинж байхгүй атал залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт шүүгдэгч Б.Ж-гийн хохирогч Х.М-гээс 940,000 төгрөгийг авсан үйлдлийг “Залилах” гэмт хэрэг гэж тодорхойлон. улмаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн,

шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

Дээрх байдлаас дүгнэхэд Б.Ж-гийн хохирогч Х.М-гээс 940,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйлдлийг шүүх “залилах” гэмт хэрэг гэж үзэн. "заналхийлэх” гэмт хэргээр үргэлжилсэн гэж дүгнээд, “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тодотгон, шүүгдэгч Б.Ж-гийн үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлээр эхэлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээр дуусгавар болсон гэж дүгнэн, шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт “Батжаргалын Жг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр” үргэлжилсэн байхыг шаарддаг, гэтэл залилах гэмт хэргээр эхэлж, заналхийлэх гэмт хэргээр төгслөө гэж дүгнээд, 2 гэмт хэргийн шинжийг үргэлжилсэн үйлдэл гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Б.Ж болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдол, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Б.Ж-г Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн  тасгийн эргүүлийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.2 “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”

Албан тушаалын тодорхойлолтын 1.2 дахь хэсэг “гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах, ...хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, 2.8 дахь хэсэг “ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сахих...” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2024 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө иргэн Х.М-тэй “Анхилуун” нэртэй фейсбүүк хаягаар харилцаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудлын өрөөнд дуудан ирүүлж, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгөхийг шаардаж Х.М-гээс 600,000 төгрөгийг бэлнээр, Төрийн банкны 000000000 дугаарын данснаас өөрийн хамтран амьдрагч Л.М-ын Хаан банкин дахь 0000000000 дугаарын данс руу 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энгэрийн камерын бичлэгийг устгаж өгнө гэж хэлэн өөрийн Голомт банкны 000000000 дугаартай данс руу 150,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардан авч, өөртөө нийт 940,000 төгрөгийн давуу байдал бий болгосон,

мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Х.М болон түүний эх Б.М нарын иргэний үнэмлэхийн, гэмт хэрэг зөрчлийн, жолоочийн, иргэний тээврийн хэрэгслийн, захиргааны хяналтад байгаа эсэх, эрэн сурвалжлалт зарласан эсэх талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тус тус хайж олж аван, улмаар цагдаагийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглан өөрийн 00000000 дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Х.М-гийн 00000000 дугаарын утас руу залгаж, “100,000 төгрөгөө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь “биеэ үнэлэгч гэдгийг чинь хэлнэ шүү” гэж ярьсан, мөн “Б.М чинь чиний ээж байна, хэн рүү холбогдох вэ дүү”, мөн “Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот юм уу, өчигдөр л өгье гээд байсан яасан бэ чи” гэж мессеж бичиж, мөнгө шилжүүлэхийг шаардан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлсэн.” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Ж-г: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Жг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн 2026/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Шүүгдэгч Б.Ж-гийн үйлдсэн 3 гэмт үйлдэл нь өөр, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн /цаг хугацааны хувьд завсарлагатай/, сүүлийн үйлдэл нь эхний 2 үйлдлээс сэдэлт, санаа зорилго, үйлдлийн арга хэлбэрийн хувьд харилцан ялгаатай үйлдлүүд байхад анхан шатны шүүх “Залилах” гэмт хэргээр эхэлж, “Заналхийлэх” гэмт хэргээр дуусгавар болсон байх тул үргэлжилсэн “нэг” гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэмт хэрэг, гэмт үйлдлийн талаарх эрүүгийн эрх зүйн онолын ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь тус тусдаа үүсэж, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус бүртээ гэмт хэргийн бие даасан шинжийг агуулсан хэд хэдэн удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталсныг зөвтгөх үндэслэлгүй.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ж-гийн 2024 оны 05 дугаар сарын 04-нд хохирогч Х.М-г “...шалгалт явуулж байна, энэ буудлын 2 давхар ч гэсэн ажлынхан шалгалт явуулж байгаа” гэж түүнийг хуурч “...чи биеэ үнэлсэн байна, энэ чинь гэмт хэрэг, чиний бүх орлогыг хураана.” гэж хохирогчоос 790,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан,

мөн цаг хугацаанд “...зөрчлийн хэрэг нээхээ больё, харин энгэрийн камерын бичлэг устгуулна, өмнө нь нэг удаа устгуулсан, одоо үнэ нь нэмэгдсэн байх 300,000 төгрөг болно. ...” гэж хуурч 150,000 төгрөгийг шилжүүлсэн авсан үйлдэл,

2024 оны 09 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд хохирогч Х.Мгийн 00000000 дугаарын утас руу залгаж, “...100,000 төгрөгөө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь “биеэ үнэлэгч гэдгийг чинь хэлнэ шүү. ....” гэж ярьсан, мөн “...Б.М чинь чиний ээж байна, хэн рүү холбогдох вэ дүү. ...”, мөн “Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот юм уу, өчигдөр л өгье гээд байсан яасан бэ чи” гэж мессеж бичиж, мөнгө шилжүүлэхийг шаардан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлсэн.” гэмт хэргийн талаар дүгнэлт хийхдээ “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж гэмт хэрэг үйлдэх хэлбэрийн талаарх ойлголтыг гэмт хэргийн шинжийг тодорхойлох ойлголттой андууран ташаа дүгнэж, шүүгдэгч Б.Ж-гийн өөр өөр цаг хугацаанд үйлдсэн гэмт хэргийн шинжтэй хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”  гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.

Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.

Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь болно.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Тодруулбал, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд; шүүгдэгч Б.Ж нь ямар нэгэн шалгалтын ажиллагааг тухайн цаг хугацаанд явуулаагүй атлаа 2024 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Х.М-д “...шалгалт явуулж байна. ...энэ буудлын 2 давхарт ч гэсэн манай ажлынхан шалгалт явуулж байгаа. .. чамд байгаа бүх орлогыг хурааж авдаг юм. ...” гэж хуурч 790,000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан,

2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “... зөрчлийн хэрэг нээхээ больё, энгэрийн камерт болсон асуудал бичигдсэн /2024 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө буудалд болсон үйл явдал/, энэ бичлэгийг устгахын тулд цаана төвийн хүнд мөнгө өгч устгуулна, өмнө нь нэг удаа устгуулсан, одоо үнэ нь нэмэгдсэн байх 300,000 төгрөг болно. ...” гэж хуурч 150,000 төгрөгийг хохирогч Х.М-гээс шилжүүлэн авсан үйл баримт нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, дансны хуулга бусад нотлох баримтуудад тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх 2 үйлдэл /эхний 2 үйлдэл/ холбогдлыг хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга, шүүгдэгчээс хохирогч руу бичсэн зурвас бичвэр зэргийг ялган зааглаж харьцуулан шалгасны эцэст гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, бусад асуудлыг зөв шийдвэрлэх үндэслэл, үйл баримт бүрдэх буюу хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл байдал хангагдсанаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл журмын үйлчлэлийг хангах шаардлага үүсэх бөгөөд хэрэгт авагдсан бүхий л баримтын хүрээнд ялгаа заагтайгаар нарийвчлан, оновчтой, эрх зүйн зөв дүгнэлт хийсний эцэст хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлага үүснэ.

Энэ хүрээнд урьд энэхүү хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ДШМ/985 дугаар магадлалд “...шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ. ...” гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдал нийцээгүй” гэснийг зөрсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн эсэргүүцлийн хэсгийг шүүх хүлээн авч, харин шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гомдлуудад дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ