Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01078

 

 

 

 

 

 

 

2022 06 03

210/МА2022/01078

 

 

З.н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/00759 дугаар шийдвэртэй, З.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол З.Г нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 хороо, Бага тойруу, 45 дугаар байр, 2 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай 2 өрөө, 57 м.кв талбайтай 2 өрөө, 44.25 м.кв талбайтай 2 өрөө гурван ширхэг орон сууцыг нийлүүлэн үйлдвэр, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, тус газар 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ажиллуулдаг. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаа зарлахдаа гурван байрын үнийг тус бүрээр нь зарласан. Хоёр байрыг нь Голомт банк ХХК, нэг байрыг нь Б.Энх-Амар худалдан авсан. Б.Энх-Амар байрнууд дундаа ханагүй юм байна гэсэн асуудлыг хэлсэн. Дуудлага худалдааг анх явуулахдаа биет байдлын доголдлыг танилцуулаагүй. Биет байдлын доголдолтой хөрөнгийг худалдсан нь З.Гын эрх ашгийг ноцтой зөрчсөн. 2020 оны 6 сард төлбөрт тооцож өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг байдлаар үнийн санал гаргасан. Тэгтэл нөгөө үнийн саналыг 50 хувиар багасгасан. Мөн 2020 оны нөхцөл байдлаас хойш өнөөдрийн 2022 оны нөхцөл байдал өөрчлөгдсөн. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан асуудалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, 1 сарын хугацаа олгоогүй. Мөн дуудлага худалдааг явуулахдаа саналыг нь мэдэгдэж хүргэх үүрэгтэй, бүх оролцогчдод мэдээлэл хүргэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдааг зохион байгуулах талаар тухайн дуудлага худалдаанаас 14 хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Энэхүү хуулийн зөрчилтэй холбоотойгоор тухайн дуудлага худалдаанд оролцогчид тухайн дуудлага худалдаанд үнийг өөрчлөх, өсгөх ач холбогдолтой үр дагаврууд нь биелэгдээгүйгээс тухайн дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэхэд эргэлзээтэй байна. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 тоот шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 665 тоот магадлалаар З.Гаас 436,465,068 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Үүний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 сард эхлүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч З.Гаас тухайн 3 үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад үнийн саналыг Сүхбаатар дүүрэг, 6 хороо, Бага тойруу, 45 байрны 1 тоот 54 м.кв 2 өрөө орон сууцыг 205,200,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 2 тоот 57 м.кв 2 өрөө орон сууцыг 216,600,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 3 тоот 44.25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 168,158,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагч Голомт банк ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн. 2021 оны 07 сард анхны албадан дуудлага худалдаанд талуудын харилцан тохиролцсон үнээр оруулахад худалдан борлогдоогүй. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувиар оруулахад 1, 2 тоот үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Худалдан борлогдсон хөрөнгүүдийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч З.Г нь өөрийн биеэр гарын үсэг зураад хүлээж авсан. Баталгаат шуудангаар давхар хүргүүлсэн. Утсаар мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу түдгэлзүүлдэг. Гомдол гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Төлбөр төлөгч З.Гд дуудлага худалдааны талаар хуульд заасны дагуу мэдэгдсэн. Дуудлага худалдааны хурлын тэмдэглэлд төлбөр төлөгч З.Гын объектод 2 үнийн санал ирсэн. Голомт банк ХХК ялагчаар тодорсон. Энэ хэрэгт төлбөр төлөгч өөрөө үнийн саналаа өгсөн тул уг зүйлд заасан хугацааг олгох шаардлагагүй. Төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Мөн төлбөр төлөгч нь өөрөө дуудлага худалдааны зарыг мэдээд тогтоол, мэдэгдэлд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: З.Гын гаргасан үнэлгээг зөвшөөрсөн. Үнэлгээний 70 хувиар дуудлага худалдаа явагдахыг З.Г мэдэж байсан. Хоёр дахь дуудлага худалдаа болох өдөр хүртэл З.Гд манай зүгээс та буцааж авбал ав, манайхтай тохиролцооч гэсэн саналыг тавьан боловч тохиролцоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нэг удаа дуудлага худалдаанд оруулаад хоёр дахь дуудлага худалдаанд оруулах 8 сарын хугацаанд З.Г аваагүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүрээнд яваад дуудлага худалдаагаар орсон. Энэ дуудлага худалдаанд Голомт банк ХХК-аас өөр этгээдүүд орж үнэ хаялцаж байж тухайн өдөр шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч З.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 45 дугаар байрны 2 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012656 дугаарт бүртгэлтэй, 54 м.кв, 2 өрөө орон сууц, Ү-2203013705 дугаарт бүртгэлтэй, 57 м.кв, 2 өрөө орон сууц, Ү-2203012471 дугаарт бүртгэлтэй, 44.25 м.кв, 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдэд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч нь баталгаат шуудангаар хүлээж аваагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй. Дуудлага худалдааны тогтоол мэдэгдэлд зурсан гарын үсэг нь З.Гын гарын үсэг мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргаж байсан тайлбар, хүсэлт шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй утсаар ярьсан тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтаар албадан дуудлага худалдааг мэдэгдсэн болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс харвал нэхэмжлэгч өөрийн гарын үсэг мөн эсэхтэй маргаагүй, дуудлага худалдааг хэзээ, хаанаас олж мэдсэн талаараа тайлбарлаагүй байгаа нь дуудлага худалдааны мэдэгдэл тогтоолыг хүлээн авснаа зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг сар бүр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хаяг, олон нийтийн сүлжээ, Үндэсний шуудан, Монголын мэдээ, Өнөөдөр зэрэг өдөр тутмын сонин зарладаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа баримт болон нийтэд илэрхий ил тод мэдээллийг нотлохыг шаардсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг иргэний хэрэгт хүргүүлсэн хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой үнийн санал ирүүлэх болон дуудлага худалдааны мэдэгдлүүдийг хүргүүлсэн шуудангийн төлбөр авагчид хүргүүлсэн нь Монгол шуудан ХК-ийн дардас дарагдсан баримтаар нотлогддог. Мөн тухайн албан бичгүүд дээрх З.Гын гарын үсэг мөн эсэх талаар ямар нэг баримтыг гаргаж маргаагүй. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргасан байхад шүүх уг баримтууд дээрх он, сар, өдөр, гаргацгүй, тодорхойгүй байдлаар дарагдсан гэж үзсэн нь алдаатай болжээ. Шүүх хуралдаанд нотлох баримтын эх хувьтай тулгаж үзэхийг хүссэн боловч хангаагүй. Уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан болон баримт дээрх он сар, гарын үсэгтэй зохигчид маргаагүй. Хэрэв шүүгч эдгээр баримтуудыг тодруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эх хувиар гаргуулах, эсхүл нотолгооны үүргийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс хэрэгжүүлбэл, зохих үүрэг байгааг анхаараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээллэсэн нь дуудлага худалдааны тэмдэглэлээр нотлогдоно. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх мэдэгдлийг хэрхэн хүлээлгэж өгсөн, хэзээний огноотой вэ гэдэг нь тодорхойгүй, тамга тэмдэг нь тал гарсан зэргээс харахад нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад нээлттэй цахим хуудсаар мэдээлсэн талаар тайлбар өгч маргаагүй. 3 сонинд зарласан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Тухайн цахим хуудсанд байрлуулсан эсэх нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй. Тухайн цахим хуудсын мэдээллийг шинээр хийх боломжтой учир нэг талын баримт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчдын давж заалдах гомдлын хүрээнд хянаж, хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч З.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргажээ.

3.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэрээр З.Гаас 428.613.680 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоотод байрлах 131 мкв талбайтай 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012656 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо Бага тойруу 45 дугаар байрны 1 тоотод байрлах 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012471 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 3 тоотод байрлах 44.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 2 тоотод байрлах 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас, түүнчлэн, Л.Мөнхбаярын эзэмшлийн Ниссан Икс трэйл маркийн 79-79 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс тус тус хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалаар З.Гаас 434,136,435 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх28-30/

3.б. Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан.

3.в. Нэхэмжлэгч З.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелээгүй байх тул төлбөр авагч Голомт банк ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 867 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх27/

Дээрх гүйцэтгэх хуудсын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18281198 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх34/

4.а. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012656, Ү-2203013705, Ү-2203012471 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18281198/01, 18281198/02, 18281198/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус тус битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18281198, 05/18281198/03, 06/18281198/04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус хураажээ. /хх35-42/

4.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 135 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 493,455,500 төгрөгөөр үнэлжээ. /хх43-51/

Төлбөр төлөгч З.Г нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01065 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх52-55/

4.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/54 дугаар хүчингүй болгох тухай тогтоолоор 152 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн эд хөрөнгө хураах тухай 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07/18281198/04, 04/18281198, 05/18281198/03, 06/18281198/04 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсон байна. /хх57/

5. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч З.Г нь үл хөдлөх эд хөрөнгийг 168,150,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгоогүй, дуудлага худалдааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.а. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/5, 8/6, 8/7 дугаар тогтоол гарч хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явуулахаар товложээ. /хх62-67, 69, 71, 73/

6.б. Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр авагчид хүргүүлсэн мэдэгдлийг хэзээ, хэрхэн өгсөн, дээрх гарын үсэг нь нэхэмжлэгч З.Гын гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй, Монгол шуудан ХК-ийн дардас дарагдсан байх боловч он, сар, өдөр гаргацгүй, тодорхойгүй байдлаар дарагдсан байгаа учраас хэзээ мэдэгдсэн гэдгийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч З.Гд утсаар мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан гэх хариуцагч байгууллагын тайлбарыг нэхэмжлэгч тал няцаагаагүй тул төлбөр төлөгчид өөрт нь мэдэгдсэн гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй юм.

6.г. Харин хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасныг хариуцагч байгууллага баримтлаагүй байна. Тодруулбал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар нийтэд мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгч нь хэрэгт энэ талаарх баримтаа өгөөгүй боловч хуульд заасан хугацааны дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлээр нийтэд мэдээлсэн болох нь нотлогдоно гэж маргааны үйл баримтын талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.

Тодруулбал, нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар тодорхой мэдээлэлтэй хэн ч эргэлзэхгүй байх шинжийг тодорхойлно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдааг зарлаж, нийтэд мэдээлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/00759 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ