Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 321/ШШ2026/00280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах, Хэнтий аймгийн прокурорын газар,

Хүсэлтийн үндэслэл: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Г*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Г*******гийн Г*******э нь 2023.12.30-ны өдөр Г.Ч*******ийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Г.Г*******эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2023.12.30-ны өдөр Г.Ч*******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 120,000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гаргажээ.

Дээрх хохирлыг Г.Г*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэж Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 120,000 төгрөгийг Г.Г*******ээс гаргуулахаар прокурорын байгууллага нэхэмжилсэн боловч Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 321/ШЗ2025/01030 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ******* тоот регистрийн дугаартай Боржигон ургийн овогт Г*******гийн Г*******э нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Наранмандах хороолол 1-4А тоотод оршин суух хаягтай боловч тухайн хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр чөлөөлж өгнө үү гэжээ.

2.Шүүхээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1030 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн прокурорын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г*******ийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Г.Г*******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн прокурорын газар нь Г.Г*******ээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

5.Хариуцагч Г.Г*******э нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Наранмандах хороолол, 1-4А тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 321/ШЗ2025/01030 дугаар захирамжаар нотлогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Г*******гийн Г*******э /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай хүсэлт гаргагчид мэдэгдэх нь зүйтэй.

6.Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн прокурорын газар нь Г.Г*******ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд хэмээн эрэн сурвалжлуулсан болно.

7.Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон ургийн овогт Г*******гийн Г*******э /РД: *******/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Г*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин сууж буй хаягийг тогтоон, хүсэлт гаргагч Хэнтий аймгийн прокурорын газарт мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Эрэн сурвалжлагдсан Г.Г*******этэй холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярсайханд үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газар нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              А.МӨНХСАЙХАН