| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0174/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 174
2018 оны 9 сарын 03 өдөр 2018/ШЦТ/174 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0174/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Т.Б. нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б.д холбогдох 1839003390190 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Тээвэрчдийн 01-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Т.Б. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б. нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Тээвэрчдийн 01-09 тоотод согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Ө.Хадхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:Шүүгдэгч Т.Б. нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Тээвэрчдийн 01-09 тоотод согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Ө.Хадхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ө.Хадхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Б. согтуу ирээд үстэж унагаагаад баахан өшиглөж, балбаж байгаад үстэж чирээд хашаанд оруулж ирээд намайг зодсон. Би тухайн үед амьсгаа авч чадахгүй байсан. Тэгсэн Т.Б. шүүгээнээс хутга авсанаа хутганыхаа ирний нөгөө талаар хоолойн дээр хутга тулгаад уруул руу өшиглөөд шүд маань уначихсан. Тэгснээ хутганыхаа ишээр толгойруу минь цохиод толгойг маань хагалсан. Тэгээд цагдаа нар ирэхэд Т.Б. хутга хаясанаа зүв зүгээр болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,
Гэрч Г.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэртээ хүүхдийнхээ шархыг боогоод сууж байхад Т.Б.ы гэр манай хойно болохоор гэртээ чанга чанга дуугараад зодолдоод байх шиг байсан. Тэгээд би гэрээс гараад харсан чинь Т.Б. уурлачихсан гэрийнхээ гадаа эхнэрээ үстээд гэрлүүгээ чирээд орж байхаар нь би айсандаа Т.Б.ы жоохон охиныг аваад хашаанаас гараад цагдаа дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/
Гэрч Х.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:”...Би гэртээ хэвтэрт байгаа хүүхдээ эргүүлээд байх байхад Хадхүү, Т.Б. нар ирчихсэн хашаан дотор маргалдаж байхаар нь эхнэр салгах гээд гүйж байх шиг байсан. Тэгээд хүүхдээ эргүүлчихээд гэрээс гараад харахад Т.Б. эхнэрээ үсдчихсэн гэрийнхээ хаяанд байж байхаар нь та нар боль гээд салгах гэсэн миний үгэнд орохгүй байсан. Тэгээд гэртээ чанга чанга орилоод эхнэрээ зодоод байхаар нь би болио гээд салгаж чадахгүй гудманд гараад цагдаа дуудах хүн байна уу гэхэд нэг хүн удахгүй ирнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №328 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 тал/
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө эрт 08 цагийн үед би найз Бат-Эрдэнэтэй тэдний гэрт нэг шил 0,5 литрийн Монгол стандарт архи хувааж уусан..сүүлд эхнэрээсээ сонсож байхад би хутганы ард талын ишээр нь нүүр рүү нь цохисон юм билээ. Өөрийн эхнэрээ зодсоноо би хүлээн зөвшөөрч байна миний буруу, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Б.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б.г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б. нь түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 10 дугаар сарын 1-нд 200.000 /хоёр зуу/, 11 дүгээр сарын 1-нд 200.000 /хоёр зуу/, 12 дугаар сарын 1-нд 100.000 /нэг зуу/ мянган төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА