| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2409026230147 |
| Дугаар | 2026/ДШМ/269 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/269
2026 03 10 2026/ДШМ/269
Н.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сарантуяа,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон,
нарийн бичгийн дарга Э.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Мд холбогдох 2409026230147 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.М, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 00 ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Н.М нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн урд байрлах хүлэмжид Р.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр эрүү хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.М-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ээс нийт 3,602,362 төгрөгийг гаргуулж, 3,202,362 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, 400,000 төгрөгийг хохирогч Р.Б-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьд өмнө нь энэхүү хэрэг шүүхээр орж анхан шатны шүүхээс намайг гэм буруугүй хэмээн үзэж, цагаатгах тогтоолыг гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосноор энэ хэрэг өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр шийдэгдэхгүй байгаад гэм зэмгүй байж, гэмт хэрэг хийсэн хэмээн гүтгэгдээд байгаа миний хувьд үнэхээр гомдолтой байна. Улсын Дээд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан учраас дээрх хэрэг нь буцаад анхан шатны шүүх дээр ирсэн.
Уг хэрэг нь анхан шатны шүүх дээр шүүгч С.А гэдэг хүн дээр хуваарилагдсан ба улмаар намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрегөөр торгох ялаар шийтгэсэнд гэм буруугүй миний хувьд гомдолтой байна.
Энэ хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа нь анхнаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, илтэд яллах талыг барьж, зөвхөн хохирогч гэх Р.Бын мэдүүлгийг л хүлээн аваад, хэрэг явдлын бүх хугацаанд надтай хамт байсан О.Цогжавхлан болон миний мэдүүлэг, тайлбарыг огт хүлээн авахгүй буюу уг хуульд заасан хэргийг цагаатгах талын нотлох баримтуудыг үл ойшоосоор байгаа. Тухайлбал:
Тухайн хэрэг гарсан гэх өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр миний ээж М нь О.Ц бид хоёрыг юм авчруулахаар өөрийн ажлын байр руугаа явуулсан ба харин энэ хэргийн хохирогч гэх Р.Б гэгч нь М-ийн хууль ёсны өмч болох 800,000 гаруй төгрөгийн үнэтэй, Канад улсад үйлдвэрлэгдсэн спорт зүлэгний үр гэсэн бараа бүтээгдэхүүнийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ надад баригдсан.
Би иргэний хувьд хуульд заасан үүргээ биелүүлж, Б гэгчийг барьж аваад, Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд тухайн гэмт хэргийн талаар дуудлага өгсөн. Тэгээд дуудлагын дагуу эргүүлийн цагдаа Г.А нь хэргийн газар ирсэн ба улмаар хулгай хийсэн Р.Б гэгчийг бариад, эргүүлийн машиндаа суулгаад авч явсан боловч удалгүй Р.Б нь бид 2 дээр буцаад хүрээд ирсэн. Анх хулгай хийж надад баригдахдаа л халамцуу байсан.
Тэгээд Р.Б нь эргэж ирчихээд “...чи муу намайг цагдаад барьж өглөө гээд юу хожсон бэ? Би тэр цагдааг чинь аргалаад гараад ирлээ. ...насаараа шоронгоор явсан. ...чи шоронгийн атаман Шош гэдэг хүн мэдэх үү? тэр атаман чинь шоронд байхдаа миний “банди” явлаа шүү дээ” гэх мэт зүйлсийг байнга хэлж, доромжилж бид хоёрын ажлыг хийлгэхгүй байсан.
Тэгээд би Р.Быг зөндөө гуйж, “...та одоо явчих тэгэх үү, ажлаа хиймээр байна” гэж олон удаа хэлсэн боловч, Р.Б гэгч нь бид хоёрыг ам хэлээрээ доромжилж, дарамталсаар байсан. Тиймээс би хамт юм зөөлцөж байсан Ц-нд “чи энэ хүнийг гэрт нь хүргээд өгчих. ...тэгэхгүй бол хоёулаа ажлаа дуусгаж чадахгүй, цаг их оройтох шинжтэй байна” гэж хэлээд, Ц Р.Б-ыг буулгаж өгчихөөд буцаж ирсэн..
Гэтэл үүнээс хэдэн сарын дараа над руу цагдаагаас “...чи хэдэн сарын өмнө Р.Б гэдэг хүнийг зодсон байна ирж, мэдүүлэг тайлбараа өг. ...” гэж ярьсан. Тэгэхэд нь би гайхаж, тухайн хүнд “...юу яриад байгаа юм бэ. ...би хүн зоддог хүн биш. ...наад хүн чинь тэр өдөр Мартмаагийн зарж борлуулдаг бараанаас хулгай хийж байгаад надад баригдсан, дээр нь халамцуу, намайг элдвээр хэлээд байхаар нь би 102 дугаарт дуудлага өгөхөд цагдаа ирээд, Р.Б-ыг аваад явсан мөртлөө тэр дор нь буцаагаад явуулчихсан байсан. ...” гээд болсон явдлыг үнэн зөвөөр хэлсэн боловч утасны цаана байгаа хүн миний ярихыг огт ойшоож үзэхгүй байсан.
Мөн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр шүүгч С.А нь илтэд нэг талыг буюу яллах талыг барьж, дээрх эрүүгийн хэргийг гэмт хэрэг биш гэдгийг нотолж чадах, хамгийн гол гэрч болох надтай хэрэг болсон газар, цаг хугацаанд хамт байсан О.Цг ярих үед нь загнаж, зандрах маягаар харьцаж байсан.Тэгсэн мөртлөө энэ хэргийн хохирогч гэх Р.Б-ын мэдүүлгийг л хүлээн авч, яаж шалгасан ч түүний үг хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй байхад түүний үгэнд итгэн, гэмгүй намайг ял шийтгэл хүлээлгэж байгаад гомдолтой байна.
Яг хэргийн болсон газар, цаг хугацаанд намайг оролцуулаад О.Цо, Р.Б гээд 3 хүн байгаад байхад, зөвхөн хохирогч гэх Р.Бын тайлбар мэдүүлэгт үндэслэн, намайг буруутгаж байгаа нь шударга бус байна. Шүүхийн байгууллага нь зөвхөн бид 3 этгээдийн хэлж, ярьж буй мэдүүлэг, тайлбарыг ижил тэнцүү түвшинд авч үзэж, 2 талаас гаргаж өгсөн нотлох баримтууд дээр үндэслэж, шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байна.
Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд манай өмгөөлөгч эмнэлэгт эмчлүүлж, би өмгөөлөгчгүй орж, гэм зэмгүй байтлаа буруудсан гашуун туршлага авсан.
Прокурор яллах дүгнэлтдээ тусгасан шиг зүйл болсон бол өөрөөр хэлбэл, би Р.Б гэх хүнийг цохиж, биед нь гэмтэл учруулсан байсан бол өөрөө цагдаад дуудлага өгөх байсан уу, дуудлагаар ирсэн цагдаад нь “би энэ хүнийг зодсон” гэж хэлэх үү. Би хүн цохичхоод хариуцлагаа хүлээж чадахааргүй, хариугүй эр хүн биш. Би цохиогүй болохоороо өнөөдрийг хүртэл хугацаанд гомдол гаргаж явж байгаа. Хэрвээ би цохисон байсан бол “лай л байна” гэж бодоод энэ асуудлыг хаячихна. Гэтэл цохиогүй, зүв зүгээр байсан байж нэг муу архичинд “зодсон” гэж гүтгүүлмээргүй байна. Р.Б нь өнөөдрийг хүртэл хугацаанд шүүх хуралдаануудад огт оролцоогүй. Анхан шатны шүүх надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснээс хойш Р.Б нь алга болчихсон. Р.Б одоог хүртэл өөрийнхөн хохирогчоор тогтоогдсон хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг мэдээгүй байгаа байх гэж бодож байна. Р.Б хаа нэгтээ тасарчихсан хэвтэж байгаа биз, тэр хүн ер л архи ууж, дэл сул юм хулгай хийж, хулгайлж олж авсан эд зүйлээ бусдад 5, 10 төгрөгөөр зараад архи авч ууж, амьдардаг хүн. Р.Быг байнга архи уучихсан явдаг болохыг хүмүүс мэднэ, би ч өөрийнхөө нүдээр харж байсан. Тухайн үед Р.Бод надаас хэдэн төгрөг салгах санаатай байсан байх гэж бодож байгаа. Тэр нь бүтээгүй учраас өнөөдрийг хүртэл явж байгаа байх.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьд өмнө нь дээрх эрүүгийн хэрэг нь тухайн шүүхээр нэг удаа орж байсан ба 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болсон шүүх хуралдаанаар анхан шатны шүүх нь цагаатгах тогтоол гаргаж байсан билээ. Гэвч тухайн тогтоолыг эс зөвшөөрч, хяналтын прокурор Ш.Цэрэнханд нь танай шүүхэд эсэргүүцэл бичиж, 2025/ДМШ/1000 дугаартай “Магадлал” гаргаж “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгосон байсан.
Тиймээс НЭХДЗШШүүхээс гаргасан, энэхүү “Магадлал”-ыг эс зөвшөөрч, өмгөөлөгч миний бие нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж байсан. Гэвч харамсалтай нь УДШ нь өмгөөлөгч миний зүгээс хяналтын журмаар гаргасан гомдлыг маань хүлээн авахаас татгалзсан учраас дээрх эрүүгийн хэрэг нь буцаад, анхан шатны шүүх дээр ирсэн билээ.
Уг хэрэг нь шүүгч С.Аюушжав гэдэг хүн дээр хуваарилагдсан ба улмаар 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан болж, шүүгдэгч Н.М-ийг тухайн эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэнд өмгөөлөгчийн хувьд туйлын гомдолтой байна.
Ер нь тухайн гэмт хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа нь анхнаасаа ЭХХШТХ-ийг ноцтой зөрчиж, сэжигтэн яллагдагч Н.М-ийг илтэд яллах талыг барьж, уг хуульд заасан хэргийг цагаатгах талын нотлох баримтуудыг үл ойшоож байсан билээ. Тухайлбал:
Энэ хэргийн хохирогч гэх Р.Б гэгч нь тухайн хэрэг гарсан гэх өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Мартмаагийн хууль ёсны өмч болох 800,000 гаруй төгрөгийн үнэтэй, Канад улсад үйлдвэрлэгдсэн спорт зүлэгний үр гэсэн бараа бүтээгдэхүүнийг хулгайлж байгаад, үйлдэл дээрээ, иргэн Н.Мд баригдсан билээ. Улмаар иргэн Н.М нь шударга иргэний хувьд хуульд заасан үүргээ биелүүлж, Б гэгч гэмт хэрэгтнийг барьж авсныхаа дараа Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд тухайн гэмт хэргийн талаар дуудлага өгсөн байдаг.
Гэтэл уг дуудлагын дагуу эргүүлийн цагдаа жолооч Г.А гэгч нь хэргийн газар ирсэн байх ба улмаар гэмт хэрэгтэн болох Р.Б гэгчийг бариад, эргүүлийн машиндаа суулгаад авч явсан боловч хэсэг хугацааны дараа тухайн гэмт хэрэгтэнд ямар ч хуулийн хариуцлага тооцолгүйгээр, суллаад явуулсан байдаг. Яг энэ завшааныг ашиглан, Р.Б гэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн газраа эргэн ирээд, өөрийг нь Цагдаагийн байгууллагад барьж өгсөн иргэн Н.Мд өширхөж, түүнийг “Чи муу намайг цагдаад барьж өглөө гээд юу хожсон бэ? Би тэр муу цагдааг чинь аргалаад гараад ирлээ. Би насаараа шоронгоор явсан, шоронгийн атаман хүн. Чи шоронгийн атаман Шош гэдэг хүн мэдэх үү? Тэр том атаман чинь шоронд байхдаа миний “банди” явлаа шүү дээ” гэх мэтээр айлган сүрдүүлж, доромжлон гутааж эхэлсэн байдаг.
Иргэн Н.М-ий хувьд тухайн гэмт хэрэгтэн болох Р.Б гэгчийг зөндөө гуйж, “Та одоо явчих тэгэх үү? Би одоо энэ ажлаа хиймээр байна” хэмээн олон удаа хэлсэн. боловч, Р.Б гэгч нь хэдэн цагийн турш түүнийг болон хамт юм зөөлцөж байсан иргэн Ц нарыг ам хэлээрээ айлган сүрдүүлж, дарамталсаар байсан байна. Тиймээс иргэн Н.М нь хамт юм зөөлцөж байсан иргэн Ц-г гуйж, “чи энэ хүнийг гэрт нь хүргээд өгчих. Тэгэхгүй бол хоёулаа ажлаа дуусгаж чадахгүй шинжтэй байна” хэмээн хэлсэн байдаг. Ингээд иргэн Ц нь гэмт хэрэгтэн болох Р.Б гэгчийг өөрийнх амьдардаг гэж зааж өгсөн гудамж болох 7 буудлын нэг гудамжинд буулгаж өгөөд, буцаж ирсэн байдаг. Болсон явдал гэвэл ердөө энэ юм.
Гэтэл үүнээс хэдэн сарын дараа гэнэт нэг өдөр иргэн Н.М-ний гар утас дуугарч, утасны цаана байгаа хүн түүнд “Чи хэдэн сарын өмнө Р.Б гэдэг хүнийг зодсон байна. Тиймээс манай цагдаагийн хэлтэс дээр ирж, мэдүүлэг тайлбараа өг” хэмээн дарамталсан байна. Тэгэхэд нь иргэн Н.М нь гайхаж, тухайн хүнд “Юу яриад байгаа юм бэ? Би тэгж хүн зоддог хүн бишээ. Наад хүн чинь тэр өдөр манай ээжийн зарж борлуулдаг бараанаас хулгай хийж байгаад баригдахаар нь би 102 дугаарт дуудлага өгсөн шүү дээ. Тэгээд нэг цагдаа жолооч ирээд, наад хулгайчийг чинь аваад явсан мөртлөө буцаагаад явуулчихсан байсан...” гэх мэтээр болсон явдлыг үнэн зөвөөр хэлсэн боловч утасны цаана байгаа хүн түүний хэлсэн үгнүүдийг огт ойшоож үзэхгүй байсан байна.
Мөн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр шүүгч С.А нь илтэд нэг талыг буюу яллах талыг барьж, дээрх эрүүгийн хэргийг гэмт хэрэг биш гэдгийг нотолж чадах, хамгийн гол гэрч болох О.Ц гэдэг залууг загнаж, зандрах маягаар харьцаж байсанд өмгөөлөгчийн хувьд маш их гомдолтой байсан.
Мөн энэ хэргийн хохирогч гэх Р.Б гэгч этгээдийн зүгээс Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагуудад удаа дараа өгч байсан, хэргийн бодит үнэнд огт нийцэхгүй, 100 хувь худал хуурмаг мэдүүлэгт үндэслэн, жирийн нэгэн гэм зэмгүй иргэнд шүүхийн байгууллага нь ял шийтгэл хүлээлгэж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд байж болохгүй үйлдэл, үйл ажиллагаа мөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь: Хавтаст хэргийн материалыг нэг бүрчлэн, нарийн нягтлан судалж үзэхэд, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа, орон зайнд зөвхөн 3 этгээд буюу хохирогч гэх Р.Б, шүүгдэгч Н.М, гэрч О.Ц гэсэн 3 хүн л байсан билээ. Тиймээс шүүхийн байгууллага нь зөвхөн эдгээр 3 этгээдийн хэлж, ярьж буй мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтууд дээр үндэслэж, шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байна. Гэтэл дээр хэлсэнчлэн, Анхан шатны шүүх нь /шүүгч С.А нь/ зөвхөн хохирогч гэх Р.Б гэгч этгээдийн өгч байгаа, 100 хувь хуурамч худал мэдүүлгийг үндэслэж, шийдвэрээ гаргасан нь туйлын харамсалтай үйл ажиллагаа билээ.
Өмгөөлөгч миний хувьд одоогоос 29 жилийн өмнө МУИС-ийн ХЗС-ийг төгсөж, хуульч мэргэжлээр ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл олон зуун шүүх хуралд өмгөөлөгчөөр, шүүх хурлын нарийн бичгийн даргаар, мөн түүнчлэн шүүгчээр оролцож, олон зуун гэмт хэрэгтнүүдийн мэдүүлэг, тайлбарыг сонсож байсан. Гэтэл би нэг л зүйлийг ойлгосон бөгөөд хэзээ ч олон жил шоронгоор явсан, ял эдэлж байсан этгээдүүд нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг, тайлбарыг хэлдэггүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан билээ.
Давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ тохиолдолд хэлж ярих гэсэн зүйлээ бүрэн дүүрэн илэрхийлэх хүсэлтэй байна. Эцэст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид хууль сануулж 2 удаа мэдүүлэг, тайлбар авсан. Тэрээр мэдүүлэгтээ эрүүл мэндэд нь учирсан эрүү ясны далд хугарлыг хэн учруулсан талаар эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлдэг. Хохирогч Р.Б-ын мэдүүлэг нь шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт болон гэрч М, болон А нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч Н.М нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн урд байрлах хүлэмжид Р.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр эрүү хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Р.Б: “...гэрлүүгээ харих замдаа СБД-ийн 12 дугаар хороо Номин худалдааны төвийн замын хажууд хүлэмжний тэнд явж байсан чинь цагаан өнгийн портертой 2 залуу суулгац буулгаж байхаар нь би тухайн суулгацаас нь буулгаж өгөөд тухайн 2 дүүгээр гэр лүүгээ буулгуулъя гэж бодоод суулгацаас нь өргөсөн чинь нэг залуу нь үгийн зөрүүгүй миний баруун шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. ...Миний шанаа руу цохидог хүн цагдаа дуудаад яах юм бэ хоёулаа эндээ тохирчихъё гэсэн бөгөөд тухайн үед миний 2 шүд хөдөлсөн, амаа хааж чадахгүй шүлс гоожоод байхаар нь тухайн залууг цагдаа дуудчих гэж хэлсэн. ..Харин тухайн залуу цагдаад дуудлага өгөхдөө “хулгай хийсэн хүнийг барьчихлаа” гэж дуудлага өгсөн. ...Тэгээд намайг цохидог хүний ах нь “чи наад хүндээ пиво авч өгөөд гэрт нь хүргээд өгчих” гэж хэлсэн чинь намайг цохидог залуу намайг машиндаа суулгаад “Си Юү” орж пиво авч өгөөд гудамжинд буулгасан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 09-10/,
хохирогч Р.Б дахин: “..Автобусны ард цэцэг, мод зардаг газар мод буулгаж байсан залуус дээр очоод модноос нь зөөлцөж өгөөд 7 буудал руу гэр лүүгээ дөхүүлүүлэх гээд очоод “ах нь туслах уу” гээд модноос нь барих гээд тонгойход 1 залуу ирээд “чи муу яах гээд байгаа архичин бэ” гээд миний нүүр, эрүү хэсэг рүү цохисон. ..Тэгээд би “ахыгаа яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чи яах гээд байгаа юм бэ” гээд миний баруун талын доод 2 араа хөдөлчихсөн. .. Тэгээд би “цагдаа дууд” гэсэн чинь “чи өөрөө дууд” гэж тэр залуу хэлэхээр нь би “надад утас байхгүй чи залга гэсэн чинь” тэр залуу утас гаргаж ирээд цагдаа руу залгаад “энд нэг хүн мод хулгайлах гэж байхад нь барьчихлаа” гэж намайг зодсон залуу өөрөө утсаараа цагдаа руу ярьсан. ..Тэгээд би нөгөө залуутай уулзаад “ахдаа хэдэн төгрөг өгчих” гэсэн чинь намайг зодсон залуу “надад байгаа нь 20.000 төгрөг байна” гээд бэлнээр өгөөд, тэгээд дүү нь гэх залуу намайг хүргэж өгсөн. ...Намайг зодсон залуу өөрийнхөө утсаар цагдаа дуудсан, царайны ерөнхий төрхөөр нь сайн танина. ...Мөн намайг зодсон залуу 25-02 УНБ улсын дугаартай цагаан өнгийн портер руу мод зөөгөөд байсан өөрийнх нь юм шиг байна лээ. ...Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх 12/,
гэрч Э.М /хохирогчийн эхнэр/: “...Р.Б шөнийн 02 цагийн үед гаднаас бараг эрүүл шахуу 1 лааз пиво барьчихсан эрүүний баруун талдаа эрхий хурууны өндгөөр дарсан юм шиг хэмжээний хөхөрсөн, хавдчихсан хавдраасаа болоод нүд нь хаагдчихсан байхаар нь би “юу болов оо” гэхэд хүнд зодуулчихлаа гэхэд нь хаана цохиулсан юм бэ гэхэд “...32-ын тэнд портертой 2 залуу мод суулгаад байж байхад нь сайн уу ах нь буулгалцаад өгье гээд тэвшин дээрээс нь аваад эргэхэд нэг нь ирээд эрүү рүү цохисон. ...” гэсэн тэгээд босож ирээд “...яаж байгаа юм бэ. ...” гэхэд “. ...ах уучлаарай. ...” гээд цохисон нь пагдгар биетэй бор залуу байсан, “...уучлаарай ахаа таныг хулгай хийх гэж байгаа юм байх гэж бодлоо. ...” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх 44-45/,
гэрч Г.А /дуудлагаар очсон цагдаа/: “...Би дуудлагаар очоод Р.Б /хохирогч/ гэх согтуу залууг машиндаа суулгаад болсон зүйлийн талаар асуухад “М гэх залуу Б гэх хүнийг хулгай хийж байхад нь барьсан гэсэн чинь нөгөө хулгай хийсэн гэх Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай би хулгай хийгээгүй наадах чинь намайг цохисон гээд байсан хаана цохисон талаар асуухад нүүр лүү гэж хэлсэн. ...Тэгэхэд Н.М /шүүгдэгч/ надад “...бордоо хулгай хийгээд байхаар нь цохичихсон юм аа. ...” гэж хэлсэн. ...Б /хохирогч/ нь М /шүүгдэгч/ гэх залууд нүүр лүүгээ цохиулсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх 19/,
гэрч Г.А эхний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “..Шүүгдэгчээс юу болсон талаар асуухад “...тухайн үед нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байсан. ... ..хохирогчоос юу болсон талаах асуухад: “...нэг удаа цохисон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 10-11 дахь хуудас 1 хх 167-168/, мөн түүний 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт 1хх 239-240/,
гэрч О.Ц: “...Н.Мтэй хүлэмж буулгаад байж байхад нилээн олон бордоог танихгүй согтуу хүн /хохирогч Р.Б/ тэвэрч аваад эргээд явж байтал Н.М ах араас нь “...хөөе. ...” гэж очоод булааж авахад нөгөө залуу /хохирогч/ баруун талаараа газар унасан, босож ирээд амнаас нь цус гарсан байх шиг байсан. ...хойд талаараа өнхрөөд унасан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 17/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10705 дугаартай: “...Р.Бын биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамааран. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх 22-23/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон нараас: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, илтэд яллах талыг барьж зөвхөн хохирогч Р.Бын мэдүүлгийг үнэлсэн. ...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэж агуулгын хувьд давхардсан адил гомдол гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг бататган хамгаалсан бөгөөд Арванзургадугаар зүйлийн 2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрхтэй, 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж,
мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж,
мөн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” гэж заасны дагуу аливаа этгээд хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчихгүй байх үүргийг хүлээх ба хэрэв зөрчсөн бол үйлдэлдээ тохирсон ял, шийтгэлийг эдлэх нь хариуцлага гарцаагүй байх зарчим бодитой хэрэгжиж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ.
Өөрөөр хэлбэл, аливаа этгээд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хууль, тогтоомжоор /Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Олон улсын гэрээ/ хамгаалагдсан бусдын хууль ёсны эрх ашиг, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулиар хариуцлагыг хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргүүд нь хүний халдашгүй байдлын эсрэг хууль бусаар халдаж, хохирол учруулах гэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг тусгай мэдлэгийн хүрээнд тодорхойлсон /Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой/ бөгөөд энэхүү гэмтлийг шүүгдэгч Н.М учруулсан талаар тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтэл, халдсан этгээдийн талаар мэдүүлсэн хохирогч Р.Бын мэдүүлэг, мөн тухайн хэрэг маргаан болсны дараа дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Г.А-т хууль сануулж авсан мэдүүлэг, түүний анхан шатны шүүх хуралдаанд “...Шүүгдэгчээс юу болсон талаар асуухад “...тухайн үед нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байсан. ... ..хохирогчоос юу болсон талаах асуухад: “...нэг удаа цохисон” гэж хэлсэн. ...”, гэрч О.Ц: “...Н.Мтэй хүлэмж буулгаад байж байхад нилээн олон бордоог танихгүй согтуу хүн /хохирогч Р.Б/ тэвэрч аваад эргээд явж байтал Н.М ах араас нь “...хөөе. ...” гэж очоод булааж авахад нөгөө залуу /хохирогч/ баруун талаараа газар унасан, босож ирээд амнаас нь цус гарсан байх шиг байсан. ...хойд талаараа өнхрөөд унасан. ...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Р.Б-ыг цохиж, түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Н.М-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг мөрдөн шалгах эрхтэй эрх бүхий албан тушаалтан авсан нь хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан байх тул хууль бусаар мэдүүлэг авсан, хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг гэрч Г.А, Э.М, шинжээчийн дүгнэлт давхар нотолсон, баталсан эх сурвалжаа тодорхойлон заасан байгаагаас гадна хохирогчийн биед өөр этгээд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал, үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч Б.Цолмонгийн: “...хохирогчийг Г.А /дуудлагаар очсон цагдаа/ зодсон. ....” гэсэн тайлбартаа дурдсан үндэслэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгт авагдсан “....М цохисон, цохисноо хүлээн зөвшөөрсөн. ...” гэснээр няцаагдан үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
4. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон нараас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, илтэд яллах талыг барьж зөвхөн хохирогч Р.Бын мэдүүлгийг үнэлсэн. ...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Анхан шатны шүүх хохирогч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 400,000 төгрөгийг түүнд, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 3,202,362 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийг шүүгдэгч Н.М-эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хортой” холбогдох зохицуулалтыг Иргэн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хортой” холбогдох зохицуулалттай давхар баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг, мөн тогтоох хэсэгт “...хохирогч. ...” гэхийг “...хохиргч. ...” гэж, “...Бод. ...” гэхийг “...Батбод. ...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг тус тус зөвтгөн шийтгэх тогтоолд тусгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “...Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт. ...” гэсэн хэсгийг хасаж, “...хохиргч. ...” гэснийг “...хохирогч. ...” гэж, “...Батбод. ...” гэснийг “...Б. ...” гэж тус тус өөрчилж, уг заалтын бусад хэсэг болон шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ