Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01129

 

 

 

 

 

 

2022 06 13 210/МА2022/01129

 

М

ТББ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/01028 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МТББ-ын хариуцагч Ц.Б-д холбогдох 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцуулж, 109,959,000 төгрөг гаргуулах, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот, В1 давхрын В017 тоот талбайг тус тус албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Хариуцагч Ц.Б-тэй 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 7 үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тохиролцож, түүний эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 80,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 109,959,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр шудрага өмчлөгчөөр тогтоогдсон. Иймд гэрээг хүчингүйд тооцож, үлдэгдэл төлбөр 109,959,000 төгрөгийг гаргуулж, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайг тус тус албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шүүхийн үзлэгээр Ц.Б- маргаан бүхий талбайнуудыг эзэмшдэггүй тул талбай чөлөөлүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн. МТББ, “У”ХХК нь уг барилгын хамтран захиалагч, зарим хэсгийг “У”ХХК, зарим хэсгийг нь МТББ хариуцаж байсан. “Ю”ХХК нь төлбөрөө бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн тул шүүхээс маргаан бүхий 7 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон. Ц.Б- жинхэнэ хариуцагч биш юм. Өөрөөр хэлбэл 109,959,000 төгрөгийн төлбөр төлөгдөөд дууссан гэдгийг шүүх тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-д холбогдох 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцож, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайтай өрөөг албадан чөлөөлүүлж, гэрээний үүрэгт 109,959,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч МТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,945 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.    Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэргийн оролцогч биш этгээд болох “Ю”ХХК болон “У”ХХК-тай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан өмчлөх эрхтэй холбоотой шийдэгдсэн асуудлыг хариуцагчтай холбон тайлбарласан. Уг иргэний хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 10/03 дугаартай талбайн захиалгын гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.    Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3 хэсгээс бүрдсэн. 189,950,200 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг хүчингүйд тооцох, 7 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх, 109,959,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгсөн. Талууд 109,959,000 төгрөгийн хувьд маргасан. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.    Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.    Нэхэмжлэгч МТББ нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцуулж, 109,959,000 төгрөг гаргуулах, В1 давхрын В-017 тоот, 1 давхрын 1013, 1020 тоот, 2 давхрын 2005, 2013 тоот, 4 давхрын 4003, 4004 тоот талбайг тус тус албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10/03 тоот талбай захиалгын гэрээ байгуулагдаж, хариуцагч нь зоорийн давхарт 18 тоот 21.4 м.кв, 1 давхарт 13, 20 тоот 36.1 мкв, 2 давхарт 8, 13 тоот 38.84 м.кв, 4 давхарт 3, 4 тоот 37,4 м.кв нийт 133.74 м.кв талбайн үнэд нийт 189,959,200 төгрөг төлөх, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг гэрээнд заасан үүрэгтэй холбон ... хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 109,959,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний зүйл болох В1 давхрын В-017 тоот, 1 давхрын 1013, 1020 тоот, 2 давхрын 2005, 2013 тоот, 4 давхрын 4003, 4004 тоот талбайг тус тус албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарлажээ.

 

3.    Нэхэмжлэгч МТББ нь “Ю”ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 03 дугаартай талбай захиалгын гэрээгээр оффис, үйлчилгээний 13 давхар барилгын В1 давхрын В-017 тоот, 1 давхрын 1013, 1020 тоот, 2 давхрын 2005, 2013 тоот, 4 давхрын 4003, 4004 тоот талбайг “Ю”ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Ю”ХХК нь гэрээний үнэд 220,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

3.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 939 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдаж буй маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр “Ю”ХХК-ийг тогтоож, өмчлөх эрхийг “Ю”ХХК-д шилжүүлэхийг МТББ-д даалгаж шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 43-73/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь “Ю”ХХК болох нь тогтооогдсон гэж үзнэ.

3.б. Нэхэмжлэгч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч биш байх тул түүнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэшлээс шаардах эрх үүсэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.   Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлээс гэрээний үүрэгт 109,959,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.а. “Ю”ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэд нийт 220,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын удирдах зөвлөлийн дарга Н.Батцэрэнд шилжүүлсэн талаар өмнө дурдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаар шийдвэрт дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ төлөгдсөн байх тул хариуцагчид үүрэг үүсэхгүй юм.

 

4.б. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн талбай захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх боловч уг гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг “Ю”ХХК нэхэмжлэгчид төлсөн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. гэж заасан. Хариуцагч нь үүргээ гуравдагч этгээд болох “Ю”ХХК-аар гүйцэтгүүлсэн тул гэрээний үүрэг дуусгавар болсон болно.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримталсан нь зөв байна.

 

5.а. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн асуудал, эдгээр хөрөнгийн үнэ төлөгдсөнтэй холбоотой үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон боловч энэ хэргийн хувьд зохигчид нь өөр этгээд байна. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь нь иргэн Ц.Бархасбадид холбогдуулан нэхэмжлэл гаргасан, харин өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэргийн хувьд “Ю”ХХК, Угалз ХХК-ийн хооронд үүссэн маргаанд хамааралтай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/01028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777,945 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ