| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518004070596 |
| Дугаар | 2026/ДШМ/15 |
| Огноо | 2026-03-04 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/15
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/1487 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 25180040705*******6 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин бүртгэлтэй,
яллагдагч ******* нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын ******* дүгээр дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 201******* оны 04 дүгээр 02-ны өдрийн 13/02 дугаар “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх, жишиг үнийг батлах тухай” журмын 1 дэх хэсгийн 8-д “Орон нутгийн өөрийн өмчийн тухайн эд хөрөнгийг түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна”, *******-д "Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулна.", 2 дахь хэсгийн 1-д "Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна", 6-д "Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн 30 хувийг Орон нутгийн өмчийн газарт төвлөрүүлнэ. Үлдсэн төлбөрийн 70 хувийг орон нутгийн төсөвт оруулна" гэж заасныг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай тогтоолоор баталсан "Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх" журмын 2.3 "Орон нутгийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Орон нутгийн өмчийн газраар батлуулах бөгөөд шаардлагатай бол Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ”, 2.6 "Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн 30 хувийг нутгийн өмчийн газарт төвлөрүүлнэ. Үлдсэн төлбөр болох 70 хувийг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төсөвт оруулна" гэж заасныг тус тус зөрчин түрээсийн төлбөрийн хувь хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар тогтоолголгүйгээр, өөрөө дур мэдэн үнийн санал гарган тус сургуулийн урлаг зааланд бүжгийн дугуйлан хичээллүүлэх зорилгоор ******* харилцан тохиролцож түрээсийн орлого болох 2,500,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн охин *******-******* эзэмшлийн ХААН банкны ******* дугаарын дансаар авсан,
мөн тус сургуулийн хичээлийн анги танхим, урлаг заалыг "" дугуйлангийн үйл ажиллагаа явуулах зорилгоор харилцан тохиролцож түрээсийн орлогыг 10,450,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 15 удаагийн үйлдлээр 7,400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 3******* дугаарын дансаар, бэлнээр 700,000 төгрөг, 2,350,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн охин *******-******* эзэмшлийн ХААН банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 12,*******50,000 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 25180040705*******6 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч ******* болон түүний өмгөөлөгч нараас түрээсийн төлбөр болох 12,*******50,000 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх зарлагын баримтууд болон хүмүүсийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдээгүй, эх сурвалж тодорхойгүй баримтуудыг үнэлж яллагдагчийн эрхийг хязгаарлаж зөрчсөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр яллагдагч ******* нь түрээсийн мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан авсан үйлдлээ нуун далдлахын тулд холбогдох гэрчүүдтэй уулзаж “... шилжүүлсэн мөнгийг буцааж өгье, 2025 оны 08 дугаар сард өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан өрөө танхимын засвар үйлчилгээний тайлан санхүүгийн баримтыг гаргаж өгөөч...” зэргээр нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон. Мөн шүүх дүгнэхдээ “...хэрэгт авагдсан санхүүгийн баримтыг хэргийн газрын үзлэг хийж хураан авсан гэх боловч уг баримтуудыг гэрч гаргаж өгсөн байх тул уг баримтыг эх сурвалжийг магадлах шаардлагатай гэжээ.
Хавтаст хэргийн 232 дугаар талд хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын ******* дүгээр сургуулийн нягтлан бодогч байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл болох 37 хуудас материалыг байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажуулан мөрдөгчид хүлээлгэж өгснийг эд зүйл баримтыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 2-т заасан “Мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана..." гэх заалтыг зөрчөөгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хэрэгт авагдсан дансны хуулгаар дэлгүүрүүдээс энэ дурдсан эд зүйлүүдийг аваад ачдаа хэрэглүүлчихсэн үйл баримт тогтоогдож байгаа. Тэгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад, энэ үйл баримт тогтоогдонгуут урьдчилсан хэлэлцүүлэгт ирэхдээ баримт бүрдүүлж ирсэн. Тэгэхээр *******гийн үйлдэл нь , нарт анги танхим түрээслээд, авсан мөнгөөрөө өөрийнхөө зээг тэтгэн тэжээсэн, захиран зарцуулсан үйлдэл байна. Энэ хууль бус үйлдэл нь илрээд ирэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Үүнийг нь анхан шатны шүүх хүлээж аваад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1487 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэж эсэргүүцэл бичсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан сонгуульт буюу томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтыг үндэслэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1487 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Хэргийг цогцоор нь шийдэхийн тулд бүх талаас нь бүрэн бодитойгоор шалган тогтооё гэдэг шийдвэрийг анхан шатын шүүх гаргасан. Тийм учраас прокурор “...би шалгах ажиллагаагаа хугацаандаа хийгээд дууссан. Энэ хүний гаргаж байгаа хүсэлт, нотлох баримт худлаа. Үүнийг шалгах шаардлагагүй” гэж байгаа нь хэт нэг талыг барьж, хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах, түүнийгээ шалгуулах эрхийг зөрчигдөж байгаа үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатын шүүх үндэслэл бүхий шийдсэн учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******: Саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч ******* холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд хянан үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан “..1..яллагдагч ******* нь хууль бусаар олсон орлого болох 12*******50000 төгрөгийг өөрөө хэрэглээгүй сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан. Үүнийг гэрчлэх этгээдийн нэрийг дурдаж мэдүүлэг өгсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мөнгөний зарцуулалтын талаарх 18 хуудас баримт гаргаж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “хэрэгт авагдсан санхүүгийн баримтыг хэргийн газрын үзлэг хийж хурааж авсан” гэх боловч уг баримтуудыг гэрч гаргаж өгсөн болох нь тогтоогдож байна. Яллагдагч болон гэрч гаргаж өгсөн санхүүгийн баримтуудын эх сурвалжийг магадлах, сургуулийн үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэхийг эргэлзээгүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.
2. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, төлбөрийн хэмжээг тогтоох” тухай эрх зүйн акт нь захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн эсэх, тухайн жилийн эд хөрөнгийн тооллогын комиссын дүгнэлт, тайлангаар үндсэн эд хөрөнгө шинээр бүртгэгдсэн эсэх, эд хөрөнгө байгаа бол үзлэг хийж бэхжүүлэх, тухайн жилд ажиллаж байсан нярваас гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийг заажээ.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт яллагдагч ******* нь иргэн Д., Д. нарт ЕБС-ийн ******* дүгээр сургуулийн анги танхим, урлаг заалыг түрээсэлж түрээсийн орлогыг өөрийн Хаан банкны 3*******, өөрийн охин *******- Хаан банкны ******* дансаар авч байсан үйлдэл нь тогтоогдож байх ба тухайн орлогыг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх үйлдлийг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэж зааснаар яллагдагч *******гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 25180040705*******6 дугаартай хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, талуудын дүгнэлт, саналд үндэслэн нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол хор уршиг учирсан эсэхээс үл хамааран, үйлдлийн шинжээрээ төгсдөг гэмт хэрэг.
Яллагдагч ******* болон түүний охин *******- нар дансанд хийгдсэн орлогын гүйлгээ нь хэрхэн зарцуулагдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгууд, яллагдагч болон гэрч *******- нарын өгсөн мэдүүлгээр тодорхой харагдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд хийжээ.
Яллагдагч *******, өмгөөлөгч ******* нарын зүгээс гэмт үйлдэлдээ маргадаггүй ба шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг зайлшгүйгээр шалгах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ энэ хуулийн 6.16, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах эрх хэмжээ хуулиар анхан шатны шүүхэд олгогдсон.
Дээрх хугацаанд яллагдагч болон гэрчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын эх сурвалжийг шалгах, сургуулийн хэрэгцээнд авсан гэх эд зүйлс нь эд хөрөнгийн болон санхүүгийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх ажиллагааг зэргийг хийлгэх боломжтой, харин Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, төлбөрийн хэмжээг тогтоох” тухай эрх зүйн акт нь захиргааны хэм хэмжээний акт нь нийтэд илэрхий байх эрх зүйн акт байгааг шүүх анхаарах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 3 “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллагдагч ******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3*******.******* дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/1487 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ