Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00053

 

*******ын нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00510/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 06-ны өдрийн 542 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...Бид 2005 онд танилцаж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Уянга, 2012 оны 06 дугаар сарын 04-ны өдөр охин Намуун нар төрсөн.

 Хамт амьдарч эхэлснээс хойш нөхөр байнгын хэрүүл хийж намайг зодож гар хүрдэг байсан. Сүүлийн жилүүдэд байнгын архи ууж, элдэв янзаар харааж, учир утгагүй харддаг болсон. 2 охиноо бодож элэг бүтэн байг гэж өдийг хүртэл тэвчиж ирсэн боловч тайван байх аргагүй эрхэнд салах шаардлагатай байна. Бид 2021 оны 8 дугаар сараас хойш 2 тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд том охиндоо санаа зовж утасдаж байгаагүй. Эцэг хүний үүрэг хариуцлагыг хүлээдэггүй.

Иймд гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамждаа авна, бидний дундын өмч болох 3 өрөө байрыг зохих журмын дагуу хувааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

...Бид 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Энэ хүн хамтын амьдралын хугацаанд өөр хүнтэй харьцаж уулзаж байсан. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас манай гэрт маргаан гараад байдаг.

Эцэг эхийнхээ Дархан-Уул аймаг, Дархан сум ******* тоотыг зарж лизингээр Дархан-Уул аймаг, Дархан сум тоот 3 өрөө байрыг худалдаж авсан. Лизингийн 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаанд төлж дууссан. ******* нэг ч удаа лизинг төлж байгаагүй. 2 хүүхдээ бодоод ч болтугай гэрлэлтээ цуцлуулахгүйгээр  эвлэрүүлэн зуучлах хугацаа авмаар байна. 2 охины санал хүсэлтийг хуулийн дагуу авч өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 -т зааснаар Боржигин овгийн ******* *******, Эрхиймэргэн овгийн ******* *******/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин О.Уянгийг эх *******ын, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *******ыг эцэг *******ын асрамжид үлдээж,

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин *******д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлж,

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *******д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх *******аар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцсоныг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч намайг зоддог гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн өөрийгөө хүнд өвчтэй гэх боловч энэ талаар эмнэлгийн магадалгаа болон нотлох баримт хэрэгт байхгүй. Үнэхээр хүнд өвчтэй байвал эхнэрээсээ салахгүйгээр асрамжлах хүсэлтэй байна.

4.б. Анхан шатны шүүх гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэсэн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримт дутагдалтай гэж үзвэл өвчний түүхээ харуулна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаав.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ыг байнгын хэрүүл хийж зоддог, утга учиргүй хардаж, сэтгэл санаа тайван байх аргагүй болгодог нь салах болсон гол шалтгаан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч ******* нэхэмжлэгч *******ыг гэр бүлээс гадуур өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон, гэвч 2 охиноо өөрсдөөсөө салгаж өөр хүний царай харуулмааргүй байна, үр хүүхдүүдийг минь бодож, гэрлэлт цуцлах асуудлыг хойшлуулж, эвлэрэх боломжоор хангаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулснаас хойш 16 жил гэр бүлийн хамтын амьдралтай байсан, 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн том охин ******* 15 настай, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн бага охин О.Эгшиглэн 10 настай бөгөөд гэрлэгчид Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 249 тоотод амьдарч байсан болох нь хэргийн 3-10 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 10 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.

            Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 249 тоотын 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь 2 хүний буюу гэрлэгчдийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдоно.

4. Гэрлэгчид 2021 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбаруудаар тогтоогдож байна.

Тухайлбал нэхэмжлэгч ******* том охин О.Уянгын хамт, хариуцагч ******* бага охин *******ы хамт тус тусдаа амьдардаг болох нь талуудын тайлбар, хүүхдүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх гэрлэлт цуцалж, хүүхдүүдийн асрамжийн асуудал, гэр бүлийн дундын өмчийн маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч *******ын тайлбарт дурдсан мэдээллийн зарим хэсгийг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрч байгаа нь гэрлэлт цуцлах үндэслэл болно, хүүхдүүдийн ээнэгшин дассан орчныг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, хүүхдүүдийн саналыг үндэслэсэн, гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгөө хуваахаар харилцан тохиролцож болно гэж дүгнээд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байх бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн ээнэгшин дассан орчныг өөрчлөх боломжгүй нь ямар бичгийн нотлох баримтаар, хэрхэн тогтоогдсон нь, нэхэмжлэгч ******* хариуцагч *******ын ямар мэдээллийг хүлээн зөвшөөрсөн нь гэрлэлт цуцлах үндэслэл болсон нь тус тус тодорхойгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

6. Хариуцагч ******* гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөөч гэж шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа удаа дараа хүсэж, өөрийн хүсэл, санаа зоригоо илэрхийлж байсан, хүүхдүүдийн амьдрах, сурч боловсрох орчин нөхцөлийн талаар эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гаргуулаагүй, хүүхдийн нэр хэрхэн өөрчлөгдсөн болон гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн, яаж үнэлсэн нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэжээ.

7. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* бөөрний дутагдлын улмаас хүндээр өвчилж, 7 хоногт 2 удаа бөөрний аппаратад ордог талаар тайлбарласан, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй боловч талууд маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “... хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглоно” гэж заасан нь хууль тогтоогч хэдийгээр хариуцагч гэж тодорхойлсон боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч хүндээр өвчилсөн байхыг хамааруулан ойлгоход хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ”, 14.2-т “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна...”, 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж тус тус заасныг шүүх ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ аваагүй байна.

9. Гэрлэгчид 2021 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд өнөөдөр том охин Уянга ээж *******ын хамт, бага охин ******* аав *******ын хамт амьдарч байгаа болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хэргийн 6 дугаар талд авагдсан Төрсний бүртгэлийн лавлагаагаар Одбаярын Эгшиглэн гэж байгаа бөгөөд хэзээ, хэний, ямар шийдвэрээр ******* болж өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн гэж тодорхойлсон бөгөөд хүүхдийн ашиг сонирхлыг “төр” гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэх учиртай.

10. Анхан шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг болон Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3-т заасныг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иймд хариуцагч *******ын шүүх эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ аваагүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагч *******ын давж заалдсан гомдол хангагдсан тул гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 06-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.БАЙГАЛМАА

                                                         ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                               Л.АМАРСАНАА