| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00469/И |
| Дугаар | 321/ШШ2026/00320 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 321/ШШ2026/00320
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух Г*******ийн А******* /******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух Д*******ын У******* /******* /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөрт 7,045,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Ланд Круйзер 300 маркийн 7865 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчин явах үед Хэнтий аймгийн Мөрөн сумын гүүрнээс зүүн тийш 1 км орчим газарт жолооч Д.У*******ийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 3649 ХЭН улсын дугаартай автомашин урдаа явж байсан том оврын ачааны машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, эсрэг урсгал руу орж ирэн миний машины зүүн хойд талын хаалга, дугуйны орчимд мөргөсөн. Ослын газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажилласан бөгөөд Д.У*******ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон.
Миний машинд Хэнтий аймгийн Бодит үнэлгээ ХХК-аар үнэлгээ хийлгэхэд нийт 12,587,740 төгрөгийн хохирол учирсан. Би Улаанбаатар хотод очиж М******* ХХК-д 9,575,640 төгрөгийн зардал гарган машинаа өөрөө засварлуулсан. Мөн үнэлгээнд туссан хуулга наах хөлс болох 2,470,000 төгрөгийн үйлчилгээг тухайн үед хийлгэх боломжгүй буюу будаг хийлгэснээс 3 сарын дараа наалгах шаардлагатай байсан тул 2026 оны 06 дугаар сард хийлгэхээр төлөвлөөд байна.
Учирсан хохирлыг барагдуулах талаар хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч сүүлдээ утсаа авахаа байж, үнэлгээ өндөр гарсан гэх шалтгаанаар үлдсэн хохирлыг барагдуулахгүй гэж хэлсэн. Жолоочийн хариуцлагын даатгалаас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөр эхнэр Г.Б******* ийн дансанд орсон.
Иймд хариуцагч Д.У*******аас өөрөөсөө гаргаж засвар үйлчилгээ хийлгэсэн 9,575,640 төгрөг, хуулга наах хөлс 2,470,000 төгрөг, нийт 12,045,640 төгрөгийн хохирлоос даатгалаас нөхөн төлбөрт олгосон 5,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 7,045,640 /долоон сая дөчин таван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Мөн нэхэмжлэгч Г.А******* 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...7,045,640 төгрөгийн нэхэмжлэлийн 1,035,640 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж 6,010,000 төгрөгийг хариуцагчаас гаруулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би А*******ын нэхэмжилсэн 6,010,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А******* нь хариуцагч Д.У*******ид холбогдуулан Гэм хорын төлбөрт 7,045,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.У******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Д.У******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У*******аас 55,555 төгрөгийг, улсын орлогоос 55,555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г.А*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.У*******ид холбогдох Гэм хорын төлбөрт 7,045,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.А******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,045,640 төгрөгөөс 1,035,640 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д.У******* нь үлдэх 6,010,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У*******аас 55,555 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.У******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН