Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00054

 

*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00245/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 27-ны өдрийн 658 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,
                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

     Нэхэмжлэлийн шаардлага: “...2 хүнд ногдох хувьд 46,666,000 төгрөг гаргуулах, дансанд байсан 5,857,000 төгрөгөөс 2 хүнд ногдох хувь 3,904,000 төгрөг, нийт 50,570,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

13,267,852 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******, нэхэмжлэгч *******, ******* нарын  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, багасгасан нэхэмжлэлийн шаардлага:

1.а. ...Бидний аав *******, дүү ******* бид нар 1991-2000 оныг хүртэл Улаанбаатар хотод Даа хүрээ зах дээр сэлбэг худалдах наймаа хийдэг байсан. Наймаа хийж 3 өрөө байр болон хадгаламжийг бий болгосон. 2000 онд Улаанбаатар хотод Дамбадаржаад *******гийн ихэр эгчээс 700,000 төгрөгөөр хашаа байшин худалдан авч, жил гаран хамт амьдарсан.

Аав маань Улаанбаатар хотын Гандангийн ойролцоо байдаг 2 өрөө байранд амьдарч байгаад 2002 онд Дархан Уул аймаг дахь ШУТИС зөвлөх багшаар ажиллахаар ирсэн.

Ингээд дээрх маргаан бүхий 3 өрөө байрыг 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгийг бидний зөвшөөрлөөр дундын данснаас гаргаж авсан. *******гаас нэг ч төгрөг гараагүй.

2002-2012 оныг хүртэл аав маань Дархан-Уул аймаг дахь ШУТИС-д хүндэт багш, зөвлөх багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх байрыг худалдаж авахад ганцхан аавын нэр дээр байсан. 2007 оноос 2018 оныг хүртэл 9 жил хугацаанд *******, ******* нарын 2 хүний нэр дээр байсан. 2018 онд ******* нь Энэтхэг улс руу явахаар болж байрыг зарахаар болсон. Бид Улаанбаатар хотод байсан болохоор *******ы нэр дээр шилжүүлсэн. Ингээд аав маань 2019 онд нас барж, жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ авах гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионд орж бичиг баримтыг хөөцөлдөж чадаагүй. Энэ хооронд ******* нь нотариат тай нийлж өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Энэ гэрчилгээний тухай нотариатч бидэнд огт мэдэгдээгүй.

Иймд 3 өрөө байрны 2 хүнд ногдох хувьд 46,666,000 төгрөг гаргуулах, дансанд байсан 5,857,000 төгрөгөөс 2 хүнд ногдох хувь 3,904,000 төгрөг, нийт 50,570,000 төгрөг гаргуулах,

1.б. 3 өрөө байрыг шинжээч томилж, үнэлгээ гаргасан байгаа. 3 өрөө байрны үнэ 63,000,000 төгрөгийг 3 хувааж нэг хүнд ногдох нь 21,000,000 төгрөг болоод, дүү бид хоёрт нийт 42,000,000 төгрөг, бидний дундын хадгаламж болох Хаан банкны ******* тоот дансанд 5,857,690 төгрөгийг 3 хувааж, хоёр хүнд ногдох нь 3,900,000 төгрөг, нийт 45,904,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж нэхэмжилж байна.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

...2000 оны 8 сард нэхэмжлэгч нарын аавтай танилцаж, 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан ёсны гэр бүл болж амьдарч эхэлсэн.

Анх бид 2 тусдаа гарахад талийгаачийн 2 хүүхэд байраа булаацалдаад бид Дамбадаржаагийн хашаа байшин миний эгчээс авч амьдарч байсан. Дарханд 2002 онд ирж 2,900,000 төгрөгөөр байрыг худалдаж авсан. Би ажилтай байсан тул манай нөхөр Дарханд үлдээд бүх бичиг баримтыг бэлдээд өөрийн нэр дээр авсан, дараа нь хоёр хүүхдийнхээ нэр дээр шилжүүлээд, дараа нь талийгаач өөрийн нэр дээр шилжүүлсэн. Энэ байрны мөнгийг миний охин хангалттай над руу шилжүүлсэн. Нөхрөөсөө байрны гэрчилгээг асуухад гэрчилгээг өөрийн нэр дээрээ болгосон байсан. Нөхрийгөө нас барсны дараа нотариатын газраас асуухад жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ гардаг. Жил хүлээдэг гэхээр нь хүлээсэн. Жилийн дараа нотариатын газраас яриад бүрдүүлж ирэх зүйлийг хэлж, бүх зүйлийг хуулийн дагуу л зохих журмаар нь авсан.

Надад өгөх 42,000,000 төгрөг байтугай 4,500,000 төгрөг ч байхгүй, би талийгаач нөхөртэйгөө 20 гаруй жил хамт амьдарсан. Гэр бүлийн баталгаатай тул өв залгамжлах бүрэн эрхтэй. Нөхрийнхөө хадгаламжийн 39,804,559 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Тэтгэврийг би авсан нь үнэн. Хүүхдүүдээс нь асууж байж хэрэглэсэн. Байрыг хуваахад татгалзаж байна. Манай нөхөр хүүхдүүддээ өгөх бүх зүйлийг өгсөн. Насны эцэст *******, ******* нар нь аавыгаа харж хандаж байсан зүйл байхгүй, би бүх зүйлийг зохицуулж ирсэн гэжээ.

3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Би 20 гаруй жил талийгаачтай хамт амьдарсан. Өв залгамжлах эрхийн хүрээнд хадгаламжийн 39,803,559 төгрөгийн өөрт ногдох 13,267,852 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбартаа:

...Энэ 39,803,559 төгрөгийн хадгаламж аав бид хоёрын дундын данс. Аавын нас барахад 5,000,000 төгрөг авч хэрэглэсэн. Дүү ******* нь 5,000,000 төгрөг авсан. Хаан банкны ******* тоот данс нь аав бид хоёрын дундын эзэмшиж байсан тул *******, ******* нарт огт хамаагүй хуваахгүй тул хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбартаа:

...Бид гурав аавыг өнгөрөхөд бүх эд зүйлийг 3 хуваах тухай ярилцаж байсан. 39,803,559 төгрөг нь аав, эгч хоёрын дундын дансны хадгаламж тул надад маргах зүйл байхгүй. Бид нар аавдаа байнга мөнгө өгдөг байсан. Бүх зүйл баримттай байгаа тул миний хувьд мөнгийг хуваахгүй... гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар хариуцагч *******гаас 11,495,800 төгрөг гаргуулан *******д, 11,495,800 гаргуулан *******т тус тус олгож, 6,967,259 төгрөгийг *******аас гаргуулан хариуцагч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 22,912,400 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,836,300 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 270,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 272,908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 224,290 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 126,426 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлээс 6,300,593 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Талийгаач өөрийнхөө ах дүүтэй ярьж байгаад хотод байсан хашаа байшингаа зараад ирсэн. Харин өнгөрөхөөсөө өмнө хэвтэрт байхдаа надад байрны гэрчилгээг өгөөд энийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авдаа, энэ байрны үнийг чи энэ хэдэн жил хийчихсэн гэж хэлж байсан. 19 жил би аавыг нь асарч тэтгэж ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 6,300,593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

8.  Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Би 10 гаруй наснаасаа өөрийн эгч *******тайгаа 1990-ээд оны дунд үеэс Да хүрээ зах дээр орос машины сэлбэгийн наймаа хийж эхэлсэн бөгөөд аав ******* маань бидний ажлыг дэмжиж сэлбэг худалдан авах мөнгө нэмж өгч байсан төдийгүй банкинд данс нээж хамтын орлогоо хуримтлуулан тэрхүү мөнгийг авч ажлынхаа хажуугаар ОХУ руу явж УАЗ 469, Зил 130 автомашины сэлбэг авчран бид тэдгээрийг нь борлуулж байсан.

...Аав маань 2019 оны 03 дүгээр сарын 29-нд Дарханы парк дээр явж байгаад гэнэт зүрх нь хаагдан нас барсан. Эгч бид хоёр оршуулгын зардалд тус бүрдээ 5 сая төгрөг гарган оршуулгын ажлыг голлон гүйцэтгэсэн бөгөөд баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх бидний тайлбарыг буруу ташаа тэмдэглэн маргаантай данснаас мөнгө авсан талаарх тайлбар мэтээр бичсэн.

Гомдол гаргаж буй ******* тоот хадгаламжийн дансан дах 39,803,559,88 төгрөг болон бусад дансан дах мөнгө нь бидний бизнесийн эргэлтийн хөрөнгөөс бий болсон, ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарсан үед хэрэглэх, бизнес, ажил төрлийн хэрэгцээнд зориулагдсан аав, эгч бид гурвын дундын данс байсан.

Иймээс *******гийн давж заалдах гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

9. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

....Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот байр буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг аавын нэр дээр шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцвол дүү бид хоёрын өмч, хэрэв хүчинтэй хэмээн үзвэл талийгаач аавын минь хуваарьт өмч болох нь гэрч, баримттай байтал Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх гол гэрчүүдийг оролцуулалгүй, нотлох баримтыг тал бүрээс нь нягтлалгүй 2022 оны 04-р сарын 27-ны өдрийн 658 дугаартай шийдвэртээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дах заалтыг үндэслэн тус байрыг гэр бүлийн дундын өмч мэтээр үзэж хариуцагч *******д үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 50 хувь буюу 31,500,000 төгрөгийг өмчлүүлж, үлдсэн 50 хувийг *******, *******, бид гуравт хувь тэнцүүлэн хүн бүрт 10,500,000 төгрөг ногдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

10.1. Анхан шатны шүүхийн шүүх хурлын 726 тоот тэмдэглэлд бидний хэлсэн үгийн зарим хэсэг нь дутуу, буруу зөрүү ойлголт төрүүлэхээр бичигдсэн,

10.2. шүүгч шүүх хурал дээр манай зүгээс хэрэг маргааны бодит байдлыг тайлбарлах, мэтгэлцэх, үг хэлэх зэргээр эрхээ эдлэх боломжийг шууд хязгаарлаж харин хариуцагч талын хэлсэн үг, тайлбар, сөрөг нэхэмжлэлийг хэт харгалзан үзсэн,

10.3. Аавын оршуулгын зардалд *******, ******* тус бүрдээ 5 сая төгрөг гаргасан баримтыг шүүхэд өгсөн боловч анхан шатны шүүх бидний тайлбарыг буруу ташаа тэмдэглэн маргаантай данснаас мөнгө авсан талаарх тайлбар мэтээр бичсэн,

10.4. анхан шатны шүүх нэхэмжилсэн мөнгөнөөс 4,488,941 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

11. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

11.1. Дархан- Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх гол гэрчүүдийг оролцуулаагүй,

11.2. нотлох баримтыг тал бүрээс нь нягтлаагүй,

11.3. Анхан шатны шүүхийн 658 дугаартай шийдвэртээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дах заалтыг үндэслэн тус байрыг гэр бүлийн дундын өмч мэтээр үзэж хариуцагч *******д үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 50 хувь буюу 31.500,000 төгрөгийг өмчлүүлж, үлдсэн 50 хувийг *******, *******, бид гуравт хувь тэнцүүлэн хүн бүрт 10,500,000 төгрөг ногдуулсанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

12. Хариуцагч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Миний бие хуулийн дагуу эд хөрөнгөө өвлөж авсан. Нэхэмжлэг нар нь нотариат болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хуулийн хугацаа хэтрүүлсэн. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******, нэхэмжлэгч *******, ******* нарын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад талуудын давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******д холбогдуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, , тоотын 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хамтран эзэмшигчээр өөрсдийн нэр оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  маргаж буй орон сууц нь хариуцагчийн нэр дээр шилжсэн бөгөөд одоогийн зах зээлийн ханшаар тооцоход 70.000.000 төгрөг байгаа тул 2 хүнд ногдох хувь 46.666.000 төгрөг ХААН банкны ******* тоот дансанд байсан 5.875.000 төгрөгийн 2 хүнд ногдох хувь 3.904.000 төгрөг нийт 50.570.000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулж 13.267.852 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ХААН банкны ******* тоот дансанд байсан 39.803.559 төгрөгийн тал хувь буюу 19.901.779 төгрөг манай гэр бүлийн хөрөнгө, 2 хуваахад 9.950.889 төгрөг миний хөрөнгө үүнээс надад ногдох нь 3.316.963 төгрөг гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

5. Хэрэгт авагдсан баримтаар

5.1. Өвлүүлэгч ******* 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн  нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно.

5.2. Нэхэмжлэгч *******, ******* нар талийгаач *******ы төрсөн хүүхдүүд, хариуцагч ******* нь албан ёсны гэр бүлийн хүн буюу эхнэр нь тус тус мөн байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “ нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд ...” гэж зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй этгээдүүд мөн байна.

 5.3. Энэ талаар хэргийн 8-9 дүгээр талд авагдсан Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан төрөл садны лавлагаа, 50, 106 дугаар талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.

5.4. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, , тоотын 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ХААН банкны ******* тоот дансанд байсан 39.803.559 төгрөг, ******* тоот дансанд байсан 5.875.000 төгрөг нь өвлөгдвөл зохих эд хөрөнгө мөн байна.

5.5. Өвлөвөл зохих этгээд, өвлөгдөх эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй болно.

6. Өвлөгдвөл зохих маргаж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, , тоотын 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нар зах зээлийн ханш нь 70.000.000 төгрөг гэж тодорхойлдог бөгөөд тус байрны өнөөгийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

7. Шүүх нэхэмжлэгч нарын хүсэлтийг хангаж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2336 дугаартай захирамжаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийг үнэлгээчнээр томилсон байх ба үнэлгээчин нь тус байрны байршил, ашиглалтад орсон хугацаа, элэгдэл, засвар хийсэн байдал зэргийг тооцон судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар үнэлж, өнөөгийн бодит үнэлгээг 63.000.000 төгрөгөөр тогтоожээ.

8. Маргаж буй тус байрны хууль ёсны өмчлөгчөөр 2002 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс *******, 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс *******, ******* нар,  2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс *******, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр ******* тус тус өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр маргаж буй орон сууцыг өвлүүлэхээр 0021 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагч *******д олгожээ.

9. Анхан шатны шүүх өвлөвөл зохих этгээд болон өвлөгдвөл зохих эд хөрөнгийг зөв тодорхойлж, өвийг хуульд зааснаар адил хэмжээгээр өвлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Өөрөөр хэлбэл өвлөгдвөл зохих Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 1 дүгээр хороолол, , тоотын 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ХААН банкны ******* дугаартай дансны үлдэгдэл 5.875.690,41 төгрөгийг хариуцагч ******* өөрийн өмчлөл, эзэмшилд авсан болох нь, ХААН банкны ******* дугаартай дансны үлдэгдэл 39.803.559,88 төгрөгийг нэхэмжлэгч ******* захиран зарцуулсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх өвлөгч нарт ногдвол зохих хөрөнгийг хэн алинаас нь адил тэнцүү хэмжээгээр гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

10. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч оролцуулах тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаж, талуудын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хэргийг шийдвэрлэжээ.

11. Нэхэмжлэгч нар давж заалдах шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж, өмгөөлөгчөө сольсон бөгөөд тэдгээр нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй хэрэгт нотлох баримтаар авагдаагүй үйл баримтыг буюу Иргэний хуулийн 127, 129 зүйлээр зохицуулсан Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө, Гэр бүлийн гишүүний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох зэргийг үндэслэн давж заалдсан гомдлоо тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “...анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасныг зөрчсөн болохыг дурдаж байна.

 Иймд хариуцагч *******гийн хэрэгсэхгүй болгосон 6.300.593 төгрөг гаргуулах тухай болон нэхэмжлэгч *******, ******* нарын гол гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг нягтлаагүй, өвлөгдвөл зохих эд хөрөнгийг адил тэнцүү хуваасанд гомдолтой гэсэн агуулга бүхий гомдлуудыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 27-ны өдрийн 658 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, нэхэмжлэгч *******,******* нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гаас төлсөн 117.778 төгрөг, нэхэмжлэгч *******ээс төлсөн 86.773 төгрөг, *******аас төлсөн 279.904 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.БАЙГАЛМАА

                                            ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                            Л.АМАРСАНАА