Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийниндекс:114/2016/0085/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг 4-12 дугаар байрны ******* тоотод оршин суух *******,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох

            “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх дутуу олгогдсон цалингийн зөрүүг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэх” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                                   Б.*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                 Г.Энхцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                  Б. Бат-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь төрийн албанд 26 жилийн хугацаанд тогтвор сууршилттай үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар тушаалаар мал үржлийн албаны дарга бөгөөд бэлчээр усан хангамж хариуцсан мэргэжилтэнээр 03 дугаар сарын 01-ний өдрөөс  ажиллахаар томилогдсон. 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар тушаалаар мал үржлийн албаны даргаар томилогдсон. Уг албан тушаалд томилогдсоноос хойш ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай биелүүлж жил бүр үр дүнгийн биелэлтийг 90-ээс дээш хувьтай дүгнүүлж байсан бөгөөд 2015 онд 94.6 хувьтай дүгнүүлж Монгол Улсын төрийн дээд шагнал алтан гадас одон, тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байгууллагын аварга болж байсан. Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ээлжийн амралтыг нэг хоног хэтрүүлэн амарсан, мөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Дархан Өргөө” политехник коллеж, Уул уурхайн эрчим хүчний политехник коллежийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зудын байдалтай байгаа малчдад хүргүүлсэн хандивыг хяналт тавьж, зөв зарцуулалгүй, холбогдох мэдээ, тайланг гаргалгүй албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан. Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалын холбогдох хууль зүйн болон бодит байдалд үндэслэлгүйгээр гарч Б.*******ийг үүрэгт ажлаас нь хууль бусаар албан тушаал бууруулсан байх тул Дархан-Уул аймаг дахь Хүнс хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулж, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх дутуу олгогдсон цалингийн зөрүүг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 23.1.2-д үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахаар заасан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх тухай заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд ээлжийн амралт түүний хугацааны талаар заасан. Харин ажилтан ээлжийн амралтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн амарсан тохиолдолд тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдэх ёстой. Гэтэл Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хөдөлмөрийн дотоод журмын 5-д  төрийн албан хаагчийн үйл ажиллагааг хориглох зүйлийн 5.1.3-д “2 өдөр ажил таслах” гэж зааснаас өөр зохицуулалт байхгүй. Мөн Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын дүгнэлт нь ээлжийн амралт нэг хоног хэтрүүлэн амарсныг зөрчил гэж үзэн тушаалынхаа үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай зүйлийн 27 дугаар зүйлийг дурьдсан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй. Иймээс ээлжийн амралтыг нэг хоног хэтрүүлэн амарсан гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Дархан Өргөө” политехник коллеж, Уул уурхайн эрчим хүчний политехник коллежийн оюутнуудаас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зудын байдалтай байгаа малчдад хүргүүлэх хандивыг хяналт тавьж зөв зарцуулаагүй, холбогдох тайлан мэдээг гаргалгүй албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр энэ сургуулиудаас ирсэн хандивыг хүлээж авахад Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Энхжаргал, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Бат-Эрдэнэ, мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет, нярав Баярмаа, мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарсоёл нар хүлээж авсан. Газрын дарга Ц.Энхжаргал тухайн албан бичиг дээр Б.*******өд хяналт тавьж зөв хуваарилах гэсэн цохолт хийж дээрх хандиваар ирсэн барааг газрын скаладанд оруулж, бэлэн мөнгөөр ирсэн  834450 төгрөгийг нярав Баярмаад хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Энхжаргал нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд энэ жил өнөтэй дулаан орсон учраас энэ хавар тараахгүйгээр ирэх өвөл хүйтний эрч чангарах урьдчилсан прогноз байгаа учраас тухайн үед тараах чиглэл өгсөн учраас Б.*******өд тухайн хандив тусламжийг дур мэдэн зарцуулах эрх байгаагүй. Ийм чиглэл өгсөн талаар Ц.Энхжаргал гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа. Тухайн үед хандив тусламжаар ирсэн 24 шуудай хэвгийг 8 айлд тараасан гарын үсэг бүхий баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Харин элгэвч, нэмнээ бээлий зэрэг  нь энэ жил тараагдахаар Хүнс хөдөө аж ахуйн газрын агуулахад хадгалагдаж байгаа. 2016 оны 11 дүгээр сард бээлий нь тараагдсан. Бэлэн мөнгийг газрын дарга Ц.Энхжаргал нь хүлээж аваад аймгийн Засаг дарга, иргэдийн хурлын дарга нартай Орхон сум, Дархан сум, Энхталын наагуур өвөлждөг айлуудаар мал төллөлт, хаваржилтын ажилтай танилцах явцдаа 400.000 төгрөгөөр гурил, 100.000 төгрөгөөр нь ургамлын тосыг малчдад тарааж үлдсэн мөнгөөр нь шатахуунд зарцуулсанаа мэдүүлсэн. Энэ талаарх тайлангаа гаргаж өгөөгүйгээ Сонгуулийн ажил болон 7 дугаар сард наадам зохион байгуулах комисст томилогдож Засгийн газрын тогтоолын дагуу хугацаатай тайлан мэдээ гаргах болсон, 8 дугаар сарын 04-ний өдрөөс Хэнтий аймаг руу онол практикийн бага хуралд явж ирээд 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халагдсан тухайгаа гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Хандив тусламжаар ирсэн барааг бүрэн гүйцэт тарааж дууссаны дараа зарцуулалтын тайлан гарах ёстой гэж үзэж байна. Гэтэл 2016 он дуусаагүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байж 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дээрх үндэслэлээр албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Бат-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Байгууллагын даргын тушаалд дурдагдсан асуудлын нэг нь Б.*******ийн өөрийн чиг үүрэгт хамааралтай мал аж ахуйн салбарт хамаарах Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумдуудад туслах үйл ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Дархан Өргөө политехник коллежийн нийт 93 багш, ажилтан, ажилчид 28 ангийн 430 оюутан, сурагчдын 513550 төгрөг, Уул уурхай эрчим хүчний политехник коллежийн коллежийн багш, ажилтан, ажилчид, суралцагч нар *******0900 төгрөг, малын элгэвч, нэмнээ 56 ширхэг, элгэвч 117 ширхэг, бээлий 78 ширхэг хивэг 24 шуудайг хандивласныг хүлээж авч, сургуулиудаас ирүүлсэн албан бичгэн дээр байгууллагын дарга Ц.Энхжаргал “ Хяналт тавьж, зөв хувиарлах” гэсэн цохолтыг хийсэн бөгөөд ямар нэг байдлаар цас зуд болоогүй учраас одоо тараах хэрэггүй, ирэх өвөл тараа гэдэг чиглэл өгөгдөөгүй байх бөгөөд өгсөн үүрэг даалгаврын дагуу тараагаагүй, байгууллагын санхүүгээр дамжуулаагүй, зарцуулсан ямар нэгэн баримт огт байхгүй, тухайн сургуулиудад эргэж мэдээлээгүй зэрэг нь төрийн захиргааны албан хаагчийн мөрдөх энгийн зарчмууд, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмууд, ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаагийн илэрхийлэл гэж үзсэн учраас хариуцлага тооцсон болно. Дээр дурдсан сургуулиудын удирдлагууд 2016 оны 02 дугаар сарын 18-нд тус байгууллага дээр өөрсдийн биеэр ирж бэлэн мөнгө 815.000 төгрөг, 24 шуудай хивэг, элгэвч нэмнээ зэргийг гардуулан өгсөн бөгөөд байгууллагын удирдлагууд хүлээн авч өөрийн байгууллагын вэйб сайтад зурагтайгаа байршуулан нийтэд мэдээлсэн боловч санхүүгийн ямар нэгэн дүрэм журмын хүрээнд ажиллаагүй байна. Энэ асуудлаар Б.******* надад огт хамааралгүй ажлын байрны тодорхойлолтод байхгүй гэж бичсэн байгаа нь дэндүү өрөөсгөл үйлдэл гэж үзэж байна.

Ажлын байрны тодорхойлолтод бүх ажлыг нэг бүрчлэн бичдэггүй тоймлон ерөнхий агуулгаар багтаах шаардлагатай байдаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтод Мал аж ахуйн хэлстсийн дарга МАА-н технологи, менежмент, маркетинг хариуцсан гэж томьёолсон байгаа. МАА-н салбартай холбоотой бүх ажил, үйлчилгээг удирдан зохион байгуулах гэсэн агуулга нь хадгалагдаж байгаа болно. Өмнөх жилүүдэд цас зудын байдалтай байсан жилүүдэд дотоод гадаадын, орон нутгийн байгууллагууд, олон улсын Хүмүүнлэгийн байгууллагуудаас удаа дараа зудын тусламж, дэмжлэгүүд ирж байсан бөгөөд уг ажлыг манай байгууллагын Мал аж ахуйн хэлтэс зохион байгуулан малчид, мал бүхий иргэдэд хүргэх ажлыг гардан зохион байгуулж тайлан мэдээг нэгтгэж байсан бөгөөд нэг ч мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтод байхгүй гэсэн  тайлбар гаргаж байгаагүй болно. Мөн нэхэмжлэлдээ уг ажлын байранд 2014 оны 02 дугаар сарын 28-нд томилогдсон гэжээ. Б.******* нь 2005 оноос тус байгууллагын Ерөнхий мал зүйч /албаны даргын эрх, үүрэгтэй Ерөнхий мэргэжилтэн/ , 2009 оноос тасралтгүй алба, хэлтсийн даргаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 8 жил орчим ажилласан байна. Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд 1.2-д “Даргын зөвлөлийн хурлын болон хэлтсийн дотоод зохион байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг танилцуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих” гэж байгаа бөгөөд 2016 оны 02 дугаар  сарын 22-ны өдрийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал дотор МАА-н хэлтсийн дарга Б.******* мэдээлэл хийхдээ хавдиваар ирүүлсэн мөнгөөр ургамлын тос худалдан авч тараах тухай дурдсан байгаа нь уг асуудлыг зохион байгуулахаар ярьж байсан нь нотлогдож байна.

 Мөн Б.******* Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан учраас энэ нь миний зөрчил гаргасан хугацаанаас хойш байгаа нь буруу байна гэжээ. Манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Энхсайхан ажлаасаа чөлөөлөгдөх болсонтой холбоотойгоор С.Өлзийг нягтлангаар томилохоор тушаал гарч уг шийдвэрийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажил хүлээлцэх явцад бэлэн  мөнгө, эд хөрөнгийн асуудал гараад тодруулсан боловч нягтлан Ц.Энхсайхан би мэдэхгүй, мэдэж байгаа хүмүүсээс тухайлбал Б.******* асуу гэж уурлаж уцаарлаж, харааж, бухимдаж орилж  хашгичаад байна яах вэ даргаа гэж танилцуулснаар уг хөрөнгийн холбоотой зөрчлийг анх сонсож мэдсэн болно. Иймээс энэ зөрчлийг илрүүлснээс хойш Б.*******өөс асууж тодруулсан боловч уурлан уцаарлаж харааж ерөөж ёс зүйгүй аашилсан учраас байгууллагын удирдлагын түвшинд ажлын хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн учраас Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” -н 11-д заасан “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан орж мэдсэн үеэс эхэлж тоолно” гэж заасан байдаг тул зөрчлийг илрүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тооцож арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрт нь мэдэгдэж албан тушаал бууруулах арга хэмжээг авсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 23.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно. 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 7-д Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.” гэж заасныг үндэслэн албан тушаалаас бууруулах нь сахилгын шийтгэл биш учир дээрхи хугацааг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна.

2. Амралтын хоногийг хэтрүүлж амарсан, ажил тасалсан тухайд. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх заалт “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан болон байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага тооцох үндсэн шалтгаан болно. Учир нь тус байгууллагын дарга Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 тоот тушаалаар томилогдсон 08 дугаар сарын 11-нд ажлаа хүлээн авсан ба ажил хүлээж авах өдрийн өглөө аймгийн Засаг даргад сайдын тушаалыг танилцуулан уулзаж ажлын чиглэлүүд авсан бөгөөд хамгийн гол асуудал 2016 -2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах Монгол Улсын Засгийн газрын *******2 тоот тогтоол аймгийн Засаг даргын 2016 оны 03 тоот албан даалгавар, ХХААХҮСайдын 2016 оны 01 тоот албан даалгавар, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2016 оны 01 тоот албан даалгаваруудын хэрэгжилтийг хангах, аймаг орон нутгийн удирдлагуудыг мэдээ мэдээлэлээр хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжийн амралтыг зогсоож үүрэгт ажлыг гүйцэтгүүлэх үүрэг өгөгдсөнөөс гадна байгууллагын дарга шинээр томилогдсон учраас байгууллагын үйл ажиллагаатай танилцах, нөхцөл байдлыг тодруулахад мэдээ, мэдээлэлээр хангагдах, асуудлыг тодруулах шаардлагатай байсан тул гар утсанд нь удаа дараа залгаад хаасан, холбогдоогүй зэрэг нь өөрийн хариуцсан салбарын ажлыг эзэнгүйдүүлсэн, ажлын байрны чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн аймгийн удирдах ажилтнуудын 08 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит зөвлөлгөөн дээр аймгийн Засаг даргын өгсөн чиглэл дээр ч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтануудыг ажилд нь нэн яаралтай оруулах үүрэг өгөгдсөний дагуу Б.*******тэй холбогдох оролдлого удаа хийсэн боловч холбогдох боломжгүй байсан. Б.*******ийн ээлжийн амралтын хуваарь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр байсан бөгөөд энэ хугацаанд ажилдаа ирээгүй 1 хоног хэтрүүлэн ажилдаа орсон. Манай байгууллагын ажлын байрны тодорхойлолтод ажилтнуудыг 24 цагаар утсаа унтраахгүй байх гэсэн тусгай шаардлагатай байдаг.

Тус байгууллагын бүтэц зохион байгуулалт орон тооны асуудлыг удирдах дээд байгууллага Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүрийн оны эхэнд  орон тоо бүтэц баталсан бүдүүвчээр манай байгууллагын хэлтсийн дарга нар давхар үүрэг гүйцэтгэн ажилладаг бөгөөд Б.*******ийн ажлын байрны тодорхойлолтод Мал аж ахуйн хэлтсийн дарга бөгөөд мал аж ахуйн менежмент, эрчимжсэн мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн гэсэн байгаа.Түүнээс хэлтсийн дарга гэсэн орон тоо байхгүй.Одоо тус хэлтсийн нэг мэргэжилтэн /С.*******/ -д хэлтсийн даргын үүрэг шилжсэн болохоос ажлын байрны үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа болно. Төрийн албаны Зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор хянан шалгах комисс томилох тухай тогтоолын дагуу ажлын хэсэг *******ийн гомдлыг хянаад маргаан хянан шалгах комиссын 04 тоот дүгнэлтийг гаргасан бөгөөд комиссын дүгнэлтийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолоор маргаан хянан шалгах комиссын 04 дүгээр дүгнэлтийг баталсан байна.

 Б.*******ийн албан тушаал бууруулахаас өмнө өөртэй нь уулзан ярилцан хурлаар хэлэлцэгдэх үед энэ ажилтай холбоотой ямар нэгэн баримт байгаагүй, гаргаж өгөөгүй. Шүүхээс үзлэг хийсний дараа баримт гаргаж өгч байгааг хүчинтэй баримт гэж үзэхгүй байна. Мөн бэлэн мөнгө 815.000 төгрөг, 24 шуудай хивэг, элгэвч, нэмнээг албан тоотоор хүлээн авснаас өөр ямар зарцуулсан, хадгалсан бичиг баримт тус байгууллага дээр байхгүй байсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.*******, нярав Нарангэрэл, нягтлан бодогт Өлзий, Бат-Эрдэнэ нарыг байцуулан тоолоход 250 ширхэг нэмнээний 139 ширхэг байсан бөгөөд үлдсэн нэмнээ нь огт байгаагүй. Үлдсэн нэмнээг зарцуулсан гэсэн нэг ч баримт байхгүй байсан. 80 ширхэг бээлийг 11 сард тараасан байсан. 24 ширхэг хивгийг зарцуулсан ямар нэгэн баримт байхгүй болно. Б.*******ийн тайлбараар 8 хүнд тараасан гэж байна. Тухайн үеийн жижүүрийн тэмдэглэлийг шүүж үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн тэмдэглэл дээр тухайн үеийн газрын дарга Ц.Энхжаргалын нөхөр Батцэнгэл 3 шуудай хивэг хоёр удаа авч явсан. Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет 3 шуудай, Хүнс газар тариалангийн хэлтсийн дарга О.Нэмэхбат 3 шуудай, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ 3 шуудай, үйлчлэгч Г.Отгонбулаг 1 шуудай  хивэг авсан нь харагдаж байна. Б.******* 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Даргын зөвлөлийн хурал дээр “24 шуудай хивэг хулгана мэрсэн, эн тэндээсээ гоожсон, доод жижүүрүүд муухай үнэртээд байна гэхээр албан хаагчдадаа тараасан” тухай ярьсан нь тус газрын албан хаагчдад биш нэн тэргүүнд тусламж шаардлагатай байгаа малчдад жигд хүргэх ажлыг зохион байгуулах ёстой байсан боловч удаан хугацаагаар тараалгүй, эзэнгүйтүүлж хадгалснаас чанарын хувьд доголдуулж хулганд идүүлж арга буюу байгууллагын албан хаагчдад тараасан байх магадлалтай, малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж тус байгууллагад хүлээлгэн өгсөн элгэвч, нэмнээ зэргийг эзэнгүйдүүлж байгууллагын агуулах, өрөө тасалгаагаар байсныг албан тушаал бууруулах хариуцлага тооцсоны дараа Б.******* цуглуулан агуулахад бөөгнүүлэн оруулж одоо хариуцах эзэнтэй няравд хадгалагдаж байгаа боловч санхүүгийн дүрэм журмын хүрээнд тоо, баримтаар тулган нягтлагдаагүй байна гэв.

Гуравдагч этгээд С.*******гаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтэс нь 3 мэргэжилтэнтэй байсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын чиглэлд Мал аж ахуйн хэлтсийн даргын ажлыг аль нэгэн мэргэжилтэн нь давхар хариуцан ажиллана гэж заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар Б.******* даргаар томилогдон ажиллаж байгаад миний бие Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны Б/18 тоот тушаалаар Мал аж ахуйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд малын генетик нөөц, эрчимжсэн мал аж ахуйн, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болно.

            Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 01/1497 тоот удирдамжийн дагуу тус газрын бүтэц шинэчлэгдэн батлагдаж Мал аж ахуйн хэлтэс нь Мал аж ахуйн алба болж өөрчлөгдөж 3 мэргэжилтэнтэй байж, аль нэг мэргэжилтэн нь албаны даргын ажлыг давхар хариуцан ажиллахаар туссан ба Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээлэлийн сан, сүлжээ, Малын эмнэлэг, үржлийн тасаг, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байна. Учир нь албаны дарга нь ТЗ-7 ангилалаар цалинжих тул хуулинд зааснаар АТГ-т урьдчилсан мэдүүлэг гаргах шаардлагатай болдог. Иймд тус байгууллагын Мал аж ахуйн хэлтсийн дарга бөгөөд уламжлалт мал аж ахуйн менежмент маркетинг хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй шүүх хуралд тус газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тул миний бие уг шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.******* нь “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх дутуу олгогдсон цалингийн зөрүүг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Б.******* нь 2005 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс Дархан-Уул аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий мал зүйчээр,  2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Мал үржлийн албаны дарга бөгөөд бэлчээр, усан хангамж хариуцсан мэргэжилтэнээр, 2014 оны 02 дугаар сарын 12-ний өдрөөс мал аж ахуйн хэлтсийн дарга бөгөөд мал аж ахуйн менежмент, эрчимжсэн мал аж ахуй хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байсан байна.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4,  23 дугаар зүйлийн 23.1.1 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтад заасныг  тус тус баримтлан Б.*******ийн тус газрын Мал аж ахуйн хэлтсийн даргын  албан тушаалаас нь бууруулж, Уламжлалт мал аж ахуйн технологи, менежмент, маркетинг хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргажээ.

            1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар” ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд

             Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу  өвөлжилт хүндэрсэн сумдуудад туслах үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймаг дахь “Дархан Өргөө” политехник коллежийн нийт 93 багш, ажилтан, ажилчид 28 ангийн 430 оюутан, сурагчдын 513550 төгрөг, Уул уурхай эрчим хүчний политехник коллежийн багш, ажилтан, ажилчид, суралцагч нар *******0900 төгрөг бэлнээр, малын элгэвч, нэмнээ 70 ширхэг,Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилтан, суралцагчдаас нэмнээ 60 ширхэг, элгэвч 120 ширхэг, бээлий 80 ширхэг,  24 шуудай хивэг тус тус хандивласныг Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь политехник коллежийн 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 15, 41 дүгээр, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 13 дугаар албан тоотуудаар, хэргийн оролцогчдын тайлбар, сайтад тавигдсан фото зургаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгчээс хандив тусламжинд хяналт тавьж, зөв зарцуулах, холбогдох тайлан мэдээг гаргах нь миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй, гүйцэтгэх чиг үүрэгт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Б.*******ийн тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилгын 2-д “мал аж ахуйн чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль тогтоомж, журам, дүрэм заавар болон эрх бүхий дээд байгууллагаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах”, ажлын байрны  1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.2-д “Даргын зөвлөлийн хурлын болон хэлтсийн дотоод зохион байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг танилцуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих” гэж тодорхойлогдсон, байгууллагын дарга Ц.Энхжаргалаас “ Б.*******-д хяналт тавьж, зөв хуваарилах  П/18” гэж цохолтыг хийсэн, нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн газрын даргын зөвлөлийн хурал дээр  “83409 төг 24 ш хивэг нэмнээ зэрэг ирүүлсэн мөнгөөр ургамлын тос зэрэг авч малчдад өгнө” гэж хэлж байсан зэргээс үзэхэд Б.******* нь дээрх хандиваар ирсэн зүйлсийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумын малчдад  хуваарилах, хүргүүлэх захиран зарцуулах ажлыг зохион байгуулж хяналт тавьж ажиллах, удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлж ажиллах эрх бүхий албан тушаалтан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Хандивийн хүрээнд бүгд 834450 төгрөг, элгэвч нэмнээ 250 ширхэг, бээлий 80 ширхэг, 24 шуудай хивэг цугларсан байх бөгөөд 834450 төгрөгийг газрын даргаар ажиллаж байсан Энхжаргал нь сумдын малчдад хүнсний зүйл авч өгч, шатахуунд хэрэглэсэнээ мэдүүлж байгаа боловч одоо хүртэл тайлан баримтуудыг нь шаардаж аваагүй, элгэвч нэмнээ, бээлий зэргийг нь хэдийд, хэн, ямар байдлаар яаж зарцуулагдсан нь тодорхойгүй, холбогдох баримтууд нь байхгүй  нотлох баримтуудаар нотлогдохгүй  байна.Түүнчлэн 24 шуудай хивгийг цаг тухайд нь малчдад хүргээгүйгээс чанарын хувьд муудан үнэр орж, албан хаагч, ажилчдын танил талуудад тараагдсан, одоо байгууллагын агуулахад  нэмнээ 103 ширхэг, 9 хос бээлий байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, газар дээр нь очиж үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, байгууллагын жижүүрийн рапортын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгчээс малын тэжээл тараасан жагсаалтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч хүлээн авсан огноо, гарын үсгийг дараа нь нөхөн зуруулсан гэдгээ нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр тайлбарласан болно. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь бууруулсан шийдвэр нь үндэслэлтэй байна.

            2.”Ээлжийн амралтыг 1 хоног хэтрүүлэн амарсан” гэх тухайд

             Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийг хүртлэх хугацаанд ажлын 26 хоногоор ээлжийн амралттай байх ёстойгоос амралтаа хэтрүүлэн 1 хоног  ажлаа тасалж 09 дүгээр сарын 07-ний өдөр ажилдаа орсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 дугаар тушаалын хавсралт, ажлын цагийн тооцоо, цагийн бүртгэл зэргээр нотлогдож байгаа боловч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 5.1.3-д “...2 өдөр ажил таслах , зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажилласан тохиолдолд хоцорсон минутаас хасч тооцох” гэж зохицуулснаас үзэхэд хариуцлага тооцох үндэслэл болохгүй байна. Гэхдээ нэхэмжлэгчийн ажил тасалсан нь тус газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.2.1-д “Өргөсөн тангараг, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон дотоод журмыг чанд сахин төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг ямагт эрхэмлэн дээдлэх” гэсэн албан хаагчийн үүрэг, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн  албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан төрийн жинхэн албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн байна.

 

            Хариуцагч нь тушаалынхаа  үндэслэл хэсэгт   Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх” гэснийг баримталсан нь хуульд нийцээгүй байх бөгөөд энэхүү хуулийн заалт нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг зохицуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь Б.*******ийг албан тушаалаас нь бууруулах шийдвэр гаргахдаа тухайн бодит байдлыг тогтоох ажиллагааг хийж, тухайн албан тушаалтантай уулзаж  тайлбар авах, холбогдох нотлох баримтуудыг тодруулж шаардан, сонсох ажиллагааг явуулж, тэмдэглэл хөтөлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна

           

            Иймд нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх дутуу олгогдсон цалингийн зөрүүг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,  106.3.14 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн “Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх дутуу олгогдсон цалингийн зөрүүг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                                                           

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА