Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0529

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0529

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0501 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Б 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “Үнэлгээний хороо”-ны Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2 дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0501 дүгээр шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28 дугаар зүйлийн 28.7.4-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “Үнэлгээний хороо”-д холбогдуулан гаргасан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2 дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зарласан маргаан бүхий тендерт 5 компани оролцсоноос 2 компани шалгарсан ба “Х” ХХК .............. төгрөгийн үнийн саналтай, “Т” ХХК ........... төгрөгийн үнийн саналтай тус тус оролцож Үнэлгээний хорооны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт зааснаар хамгийн бага харьцуулах үнийн дүнтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гээд “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 дугаар шийдвэрээр сонгон шалгаруулсан.

Манай компаний зүгээс Сангийн яаманд гомдол гаргахад 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/3023 дугаар шийдвэрээр манай компанийг “...2015 онд хийсэн ажлын фото зураг, акт ирүүлээгүй, “Т” ХХК-ийг 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт, фото зураг ирүүлээгүй нь ТШӨХ-ийн 5.2 дахь заалтыг хангахгүй байна” гэж тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мэдэгдсэн.

Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар шийдвэртээ “...“Т” ХХК-ийн тендерийн бичиг нь ТШӨХ-ийн 5.2 “г” буюу сүүлийн 3 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний үүргийн биелэлтийг захиалагчийн техник, хяналт хийсэн хуулийн этгээдийн тодорхойлолтыг үндэслэн гэрээг хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд харгалзан үзнэ гэсэн заалтыг хангаж байна” гэж үнэлээд хариу ирүүлсэн нь Үнэлгээний хороо “Т” ХХК-ийн хуурамчаар бүрдүүлж өгсөн засвартай, хуурамч баримтыг бүрэн нягталж, хянаж үзэхгүйгээр сонгон шалгаруулсан нь тендерт ирүүлсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Шүүх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тухайн цахим тендерийн баримтуудыг цаасаар гаргаж ирүүлсэн нотлох баримтад эргэлзээтэй, засвартай, илт зөрүүтэй тодорхойгүй баримтууд байсаар байтал анхаарч, харьцуулж зөв дүгнэлт хийж чадаагүйн дээр шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Тухайлбал хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан “Г” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн /он засвартай/ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тендерийн материалд гаргаж өгсөн 231 дүгээр албан бичигт “...Хэнтий аймгийн Б суманд “Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хаягдлын далан байгуулах ажил”-ыг зураг, төсөв технологийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн ГУ/17-004 дугаартай актаар “Т” ХХК нь байнгын ашиглалтад хүлээлгэн өгснийг тодорхойлов” гэсэн албан тодорхойлолт байгаа юм, гэтэл хавтаст хэргийн 128 дугаар талд захиалагч “Г” ХХК, гүйцэтгэгч “Т” ХХК нарын Хэнтий аймаг Б суманд хаягдлын далан байгуулах ажил хүлээлцсэн барилга байгууламж хүлээлгэн өгсөн актад дээрх “ГУ/17-004” гэсэн дугаар огт байхгүй байдаг.

Хэнтий аймгийн Б сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 478 дугаар албан бичигт “...“Т” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Төмрийн хүдэр боловсруулах хаягдлын далан байгуулах ажил”-ыг байнгын ажиллагаанд хүлээн авахад тус сумын Засаг даргын Тамгын газраас оролцоогүй болно” гэсэн байдаг. Гэтэл “Т” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн “Барилга байгууламж хүлээлгэн өгсөн акт”-д “...уг барилга байгууламж хүлээн авсан талд Б сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Байгаль орчны улсын байцаагч Д.М гэх хүн оролцсон” гэж акт үйлдэн тендерийн материалыг олон янз үйлдсэн нь өрсөлдөгч талдаа эргэлзээ төрүүлж хуурамчаар бүрдүүлсэн гэж ойлгогдож байна.

Мөн шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлэгдсэн 2 компаний цахим тендерийн баримтуудыг шүүх үнэлж дүгнэхдээ хэт нэг талыг барьж дүгнэж байна. Тухайлбал “Х” ХХК-ийн тендерт ирүүлсэн ТШӨХ буюу ТОӨЗ-ны дагуу 2015, 2016, 2017 онуудад хийсэн ажлын тайлан, гэрээ, барилгын ажил хүлээлцсэн улсын комиссын акт холбогдох бусад баримтууд нь маш ойлгомжтой тодорхой эргэлзээгүй байсан.

Харин “Т” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтууд нь илт зөрүүтэй, засвартай, хуурамч гэх нотлох баримтууд байсаар байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан, зөв үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. “Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэг нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангана гэж үздэг.

Нэхэмжлэгч талаас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох “Т” ХХК-ийн Хэнтий аймгийн Б сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хаягдлын далан бариулах ажил”-ыг ,,,,,,,,,,, төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэх мөнгө шилжүүлсэн, мөнгө хүлээж авсан санхүүгийн баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс “Т” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд ,,,,,,,, төгрөгийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-д заасан хуваарын дагуу шилжүүлсэн санхүүгийн анхан шатны баримт, дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс “хэрэгт ач холбогдолгүй баримт шаардлаа” гээд хүсэлтийг хангахаас татгалзаж “гомдол гаргах эрхгүй” гэж заасан нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, мөн шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Учир нь “Т” ХХК-ийн Хэнтий аймгийн Б суманд хийж гүйцэтгэсэн хаягдлын далангийн ........... төгрөгийн мөнгөн шилжүүлгийн болон дансны хуулгын баримт нь тендерийн үнэлгээнд чухал ач холбогдол бүхий гол баримт болох байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан уг маргаан бүхий ажлын тендер сонгон шалгаруулалт нь шударга явагдаагүй, хуурамч баримтыг үнэлж “Т” ХХК-ийг шалгаруулж байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Үнэлгээний хорооны хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчим алдагдсаныг харуулж байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хянаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт зааснаар шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“Х” ХХК-иас Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлтийн тендер шалгаруулалттай холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас 2 хоногийн өмнө буюу 11-ний өдөр захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас уг тендерт шалгарсан “Т” ХХК-тай гэрээ байгуулсан, түүнчлэн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4401 дүгээр захирамжаар тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гэрээт ажлын гүйцэтгэл 50 гаран хувьтай, санхүүжилт мөн тэр хэмжээнд хийгдэж байгаа талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж нэхэмжлэлийн шаардлагаа анхнаас нь хэрхэн тодорхойлсон болох, мөн одоогийн шаардлагуудын нэг болох мэдэгдлүүд тендер шалгаруулсан шийдвэрт хамаарах эсэхийг тус тус тодруулсан боловч энэ хүрээнд давж заалдах гомдлоо шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б тухайд тендерт шалгарахдаа биш, гол нь шалгаруулалт илт хууль бус явагдсан болохыг тогтоолгохыг хүссэн гэх агуулгаар давж заалдах гомдлоо тайлбарласан тул эдгээр нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгүйгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2 удаагийн мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх”, 46.1.3-т “Захиалагч үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” чиг үүрэгтэй гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975, 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар албан бичиг нь тендер шалгаруулсан шийдвэрт хамаарахгүй.

Харин уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэснийг хэрэгжүүлэх зорилгоор “Х” ХХК-д тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн буюу үр дагавар үүсгээгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй болно.

Тэр тусмаа нэхэмжлэгчийн хувьд эхний буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж буй нь ойлгомжгүй, учир нь уг мэдэгдлийг хүлээн авснаар тендер шалгаруулалттай холбоотой Сангийн яаманд гомдол гаргах эрх үүссэний дагуу яамны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/3023 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг захиалагчид үүрэг болгосон байна.

Үндсэндээ дээрх мэдэгдлүүдээр тендер шалгаруулаагүй, харин Үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр зөвлөмжөөр “Т” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь, захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мөн оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2/1367 дугаар албан бичгээр тус компанид гэрээ байгуулах эрх олгосон нь, 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан нь тус тус тендер шалгаруулалттай холбоотой шийдвэрүүд болно.

Гэтэл нэхэмжлэгчээс тендер шалгаруулалттай холбоотой эдгээр шийдвэрийг хүчингүй болгуулах талаар ямар ч шаардлага гаргаагүй, дээр дурдсанчилан “Т” ХХК-тай нэгэнт гэрээ байгуулагдаж, ажил хийгдэж байгаа, мөн тендерийг анх 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нээснээс хойш тооцоход өдгөө уг тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах боломж цаг хугацааны хувьд байхгүй, цаашлаад үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлийг шүүхийн нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд тогтоох боломжгүй байх тул даалгах шаардлагыг шийдлийн хувьд хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа зөвхөн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулж гаргасан, өөрөөр хэлбэл захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох ямар ч шаардлага байхгүй, гэтэл тус газраас “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон төдийгүй гэрээ байгуулсан шийдвэр хүчинтэй байгаа энэ тохиолдолд зөвхөн Үнэлгээний хороонд тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах нь хууль зүйн хувьд биелэгдэх үндэслэлгүй.

Түүнээс гадна давж заалдах гомдлын хүрээнд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид ТШӨХ гэх/-ийн 5.3 (б)-д сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг хангаж буйг уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргах байдлаар илэрхийлэхийг тендерт оролцогчдод, харин 5.2.(г)-д энэхүү ижил төстэй ажлын гэрээний үүргийн биелэлтийг захиалагчийн техник, хяналт хийсэн хуулийн этгээдээс өгсөн тодорхойлолтыг үндэслэн гэрээг хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд харгалзан үзэхийг Үнэлгээний хороонд тус тус даалгасан байх тул “Т” ХХК-ийн 2017 онд “Г” ХХК-ийн Хэнтий аймгийн Б суман дахь төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хаягдлын далан байгуулах 855.412.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэснийг 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 17/г-27 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, Барилга, байгууламж хүлээлгэн өгсөн акт, “Г” ХХК-иас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 231 дүгээр тодорхойлолтод үндэслэж Үнэлгээний хорооноос шаардлагад нийцэж байсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Учир нь энэхүү ажил чанарын шаардлага хангасан эсэх, уг ажилд ....... сая төгрөг зарцуулсан эсэх, тендерийн баримт бичиг хуурамч эсэхийг Үнэлгээний хороо тогтоох эрхгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эргэлзэж буй баримтын болон дээрх далангийн гүйцэтгэлийн талаар шалгаж тодруулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах шүүхийн үүрэгт үл хамаарна.

Харин Хэнтий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 478 дугаар албан бичигт даланг байнгын ажиллагаанд хүлээн авахад Засаг даргын Тамгын газраас оролцоогүй болохыг л тодорхойлсноос бус “Т” ХХК-ийг уг ажлыг хийж гүйцэтгэснийг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн, иймд зөвхөн “Г” ХХК-ийн тодорхойлолтод оныг бичихдээ засварласан байгаагаар нь уг ажиллагааг хуурамч гэж шууд дүгнэж болохгүй, хэдийгээр даланг байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн гэх ГУ/17-004 дугаар акт тендерийн баримтад хавсаргагдаагүй ч энэ нь тендер шалгаруулалтыг дахин үнэлэх үр дагаврыг дангаараа бий болгохгүй.

“Т” ХХК-ийг тендерт хуурамч баримт бүрдүүлж оролцсон эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах нэхэмжлэгчийн эрхийг шүүхийн энэхүү шийдвэр, магадлал хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0501 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийг “1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулж гаргасан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан “Баруун уулын үерийн сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11.0 км/ НХОГ 2018-А-131-2” тоот тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975, 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар шийдвэрээр тус тус шалгаруулсныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг баримтлан “дээрх тендерийн үнэлгээг дахин хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, мөн ТОГТООХ хэсгийн 2, 3, 4 дэх заалтын дугаарыг 3, 4, 5 гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН